Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'кинг'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 3 results

  1. Гэнэт цочсон Элизабет социологийн сурах бичгийнхээ дээгүүр өнгийж , ногоон өнгийн элэгдсэн хүрэмтэй нэлээн доожоогүй байрын залуу эрийг олж харав. Энэ агшинд тэр залууг өмнө нь мэддэг байсан мэт нэг л танил санагдав. Тэр залуу ойролцоогоор түүнтэй ижилхэн өндөртэй, туранхай, бас санаа зовсон шинжтэй аж. Залуу хөдөлгөөнгүй зогсож байгаа ч нүүрнийх нь арьс татвагнан хөдлөнө. Үс нь хар өнгөтэй, сэгсгэр. Тэр бараан бор нүдийг нь том болгож харагдуулах зузаан хүрээтэй харааны шил зүүжээ. Шил нь халтар харагдаж байв. Үгүй ээ, Элизабет түүнийг өмнө нь хэзээ ч харж байгаагүй гэдэгтээ итгэв. “Чи мэдэж байгаа” гэж Элизабет хэлээд “Би үүнд чинь эргэлзэхгүй байна” “Чамд гүзээлзгэнэтэй мөхөөлдөс хэрэгтэй. Зөв үү?” Элизабет түүн рүү нүдээ цавчлан харав, үнэн хэрэгтээ тэр энэ үгэнд цочжээ. Тэр үнэхээр мөхөөлдөсний талаар бодож байсан билээ. Тэр Оюутны холбооны гуравдугаар давхарын номын санд улсын шалгалтандаа бэлдээд сууж байжээ. “Зөв үү?” гэж залуу хэлээд, инээмсэглэв. Элизабетад “cute буюу аятайхан” гэсэн үг тохирдог, гэвч залуучууд түүнийг залхаахад энэ үг тийм ч сайхан санагддаггүй. Залууг инээмсэглэх үед өмнө нь тэдний нэг зогсож байгааг ойлгов. Түүнд сэтгэгдэл төрүүлэхийн тулд жилийн хамгийн тохиромжгүй цаг хугацааг сонгосон хачин хувцастай тэр залууд Элизабет цагаа дэмий үрэх хэрэггүй байв. Тэр Социологийн үндэс сурах бичгийнхээ арван зургаа дахь бүлэгт хэдийн хүрсэн байлаа. “Үгүй, баярлалаа” гэж тэр хэлэв. “Алив л дээ, чи илүү удаан ном шагайвал толгой чинь өвдөх болно. Чи завсарлага авалгүй хоёр цаг суусан байна” “Чи үүнийг яаж мэдэж байгаа юм бэ?” “Би чамайг ажиглаж байсан” гэж тэр яаран хэлэв, гэвч энэ үед түүний маасайсан инээмсэглэл нь Элизабетыг бүүр үргээж орхив. Элизабетын толгой хэдийн өвдөж эхлэллээ. “Тэгэхээр чи болих хэрэгтэй” гэж Элизабет эрсхэн хэлэв. “Хүмүүс намайг ширтэхэд би дургүй” “Намайг уучлаарай” Элизабет гэр оронгүй нохдыг өрөвддөг шигээ залууг бага зэрэг өрөвдөв. Тэр элэгдсэн ногоон хүрмэндээ дарагдсан мэт үзэгдэнэ…тиймээ, тэр бас хоёр хөлөндөө ижил биш оймс өмсчээ. Нэг нь хар, нэг нь бор. Элизабет албаар инээмсэглэв. “Би шалгалттай” гэж тэр эелдгээр хэлэв. “Ойлголоо” гэж залуу хэлэв. “Зүгээр дээ” Элизабет түүний араас хэсэг хугацаанд бодлогоширон ширтлээ. Дараа нь харцаа ном руугаа чиглүүлэв, гэвч санаанд нь “гүзээлгэнэтэй мөхөөлдөс” гэсэн үг бодогдсоор байв. Түүнийг оюутны байрандаа буцаж очиход 11:15 болсон байлаа. Алис орон дээрээ хэвтээд, Нейл Даймондыг сонсонгоо “0 ийн нууц” ном уншиж байв. Алис босов. “Мэдлэгийн хүрээ маань өргөжиж байна, хонгор минь…Лиз?” “Хмм?” “Чи миний юу хэлж байгааг сонсч байна уу?” “Үгүй ээ, уучлаарай, би…” “Чи ядарсандаа үхэх гэж байгаа юм шиг л харагдаж байна” “Би өнөө орой нэг залуутай уулзсан. Маш инээдтэй” “Тийм үү, хэрэв тэр чамайг хайртай сурах бичгээс чинь хөндийрүүлж чадсан бол түүнд ямар нэг зүйл байх ёстой” “Түүний нэрийг Эдвард Жэксон Хамнер гэдэг. Өсвөр насны. Намхан. Туранхай. Тэр үсээ бараг Вашингтоны төрсөн өдрөөс хойш угаагүй юм шиг харагдаж байсан. Өө тийм. Бас хоёр өөр оймс өмсчихсөн байсан. Нэг нь хар. Нэг нь бор. Би оюутны холбооны гуравдугаар давхарт хичээлээ давтаад сууж байсан юм. Тэгтэл тэр ирээд надаас мөхөөлдөс идэх үү гэж асуусан. Би түүнд үгүй гэж хэлсэн. Гэвч түүнийг мөхөөлдөсний талаар яриснаас хойш би энэ тухай бодохоо зогсоож чадахгүй байсан. Тэгээд би бууж өгөхөөр шийдэж, хэсэг завсарлага авахаар доош буутал тэр тэнд хоёр гартаа гүзээлзгэнэтэй том мөхөөлдөс барьчихсан зогсож байсан” “Би төгсгөлийг нь сонсоод айсандаа чичрэх байхдаа” Элизабет нирхийтэл инээв. “Би үгүй гэж хэлж чадахгүй. Тэгээд тэр суугаад, өнгөрсөн жил Профессор Браннерын социологийн хичээлд сууж байсан гэж ярьсан” “Миний гайхаш хэзээ ч зогсохгүй бололтой” “Сонсооч, энэ үнэхээр гайхалтай. Чи намайг энэ курст хөлсөө урсган суралцаж байгааг мэднэ” “Тийм ээ. Чи нойрондоо хүртэл энэ тухай ярьдаг” “Миний үнэлгээ далан найм. Гэтэл би тэтгэлэгээ хадгалж үлдэхийн тулд ная авах хэрэгтэй. Энэ нь би эцсийн шалгалтад дор хаяж наян дөрөв авах шаардлагатай гэсэн үг. Эд Хамнер профессор Браннер жил бүр бараг ижилхэн шалгалт авдаг гэж хэлсэн. Эд бүх зүйлийг санаж байгаа гэсэн” “Чи тэрнийг гоц санах ойтой гэх гээд байна уу?” “Тийм ээ. Энийг хар даа”. Тэр социологийн сурах бичгээ нээгээд дүүрэн зүйл бичсэн гурван хуудас цаас гаргаж ирэв. “Энэ бол Браннерийн эцсийн шалгалтын материал гэж Эд хэлсэн” Алис тэдгээрийг харснаа “Би үүнд итгэхгүй байна” гэж эрсхэн хэлэв. “Гэхдээ…” “Үүнд битгий итгэ. Тэр бол ердөө л тагнуул” “Тэр тагнуул биш. Түүнийг тэгж битгий дууд” “За за. Тэр жижигхэн залуу чамд зөвхөн үүнийг л цээжилчих, хичээл давтах шаардлагагүй гэж арай хэлээгүй биз дээ?” “Мэдээж хэрэг үгүй” гэж Элизабет тайван биш өгүүлэв. “Хэрэв энэ жинхэнэ шалгалтын материалтай адилхан байвал чи үүнийг ёс зүйтэй явдал гэж бодох уу?”. Алис мөрөө хавчаад, номоо ахин дэлгэв. Түүний царай нь болгоомжтой төвийг сахисан харагдана. “Энэ миний хэрэг биш. Гэхдээ чи яагаад сурах бичгээ уншихгүй байгаа юм бэ…аюулгүй байдлын үүднээс?” “Мэдээж би уншина” Гэвч Элизабет Эдвард Жэксон Хамнерын өгсөн шалгалтын материалыг түлхүү судлав… Шалгалтын дараа Элизабетыг лекцийн танхимаас гарч ирэхэд Эд үүдний өрөөнд өөрт нь томдсон цэргийн элэгдсэн ногоон хүрмээ өмсчихсөн сууж байлаа. Тэр босоод Элизабет руу инээмсэглэв. “Ямаршуухан байв даа?” Элизабет түүний хацар дээр үнслээ. Элизабет ийм сэтгэл тайвширсан мэдрэмжийг урьд нь мэдэрч байснаа санахгүй байв. “Би даваад гарчихсан гэж бодож байна” “Үнэхээр үү? Гайхалтай. Бургер идэцгээх үү?” “Дуртайяа” гэж Элизабет гайхашран хэлэв. Тэр шалгалтын талаар бодсоор л байлаа. Шалгалтын материал Эдийн түүнд өгсөн материалтай ижилхэн байсан юм. Гамбургер идэцгээж байхдаа Элизабет түүнээс өөрийнхөө шалгалтуудыг хэрхэн өгсөн талаар нь асуув. “Ямар ч шалгалт өгөөгүй. Би хүндэтгэлийн онцгой эрх авсан, хэрэв хүсэхгүй бол шалгалтаа өгөх шаардлагагүй” “Тэгвэл яагаад чи энд байгаа юм бэ?” “Би чамайг шалгалтаа хэрхэн өгсөнийг чинь харах гэсэн юм, болохгүй гэж үү?” “Эд, тэгэх хэрэггүй. Энэ гайхалтай, гэвч…”. Эд түүн рүү санаа зовсон шинжтэй харав. Элизабет өмнө нь ийм харцыг харж байсан. Тэр бол хөөрхөн охин. “Эд, би маш их талархаж байна. Чи миний тэтгэлэгийг аварсан гэж би бодож байна. Гэхдээ би найз залуутай” “Жинхэнэ ёсоор уу?” гэж Эд хөөрхийлөлтэйгээр асуув. “Тийм” гэж Элизабет хариулаад “Бараг л дурласан” “Тэр залуу өөрийгөө азтай гэдгээ мэддэг болов уу? Тэр өөрийгөө хэр их азтай гэдгээ мэддэг болов уу?” “Би ч бас азтай” гэж Тони Ломбардын тухай бодонгоо Элизабет өгүүлэв. “Бет” гэж Эд гэнэт хэллээ. “Юу?”. Элизабет цочин асуув. “Хэн ч чамайг ингэж дууддаггүй, тийм үү?” “Үгүй ээ…” “Тэр залуу хүртэл?” “Үгүй”. Тони түүнийг Лиз гэж дууддаг. Заримдаа илүү дор Лиззи гэж дуудах нь бий. Эд урагш тонгойв. “Гэхдээ Бет бол чиний хамгийн дуртай нэр, тийм үү?” Элизабет өөрийн сандарлаа нуухын тулд инээв. “Ямар ч байсан хамаагүй” “Зүгээрээ, санаа зоволтгүй”. Эд маасайтал инээв. “Би чамайг Бет гэж дуудаж байя. Энэ нь илүү дээр. Одоо гамбургерээ ид” …Элизабетийн дунд курсын жилүүд дуусч, тэр Алист баяртай гэж хэлэх болжээ. Тэд бага зэрэг хөндий байцгаав. Элизабет гэмшиж байлаа. Тэр өөрийн гэм бурууг тааварлаж байв. Социологийн шалгалтын дүн гарах үед тэр бага зэрэг хөөрөв. Тэр хамгийн өндөр оноо буюу наян долоо авсан байсан юм. Элизабет нисэх онгоцны буудал дээр нислэгийн цагаа хүлээж зогсохдоо энэ бол ахархан хугацаанд их юм уншиж судлахаас нэг их илүү гараад байх ёс суртахуунгүй явдал биш гэж бодов. Богино хугацаанд их юм унших нь эцсийн эцэст жинхэнээсээ суралцаж байгаа явдал биш: цээжилсэн зүйлс шалгалт дуусмагц л мартагдаж алга болдог шүү дээ. Тэр хэтэвчнээс нь цухуйх дугтуйг хуруугаараа тэмтрэв. Түүний ахлах курсын тэтгэлэг болох хоёр мянган долларын тухай мэдэгдэл иржээ. Тони тэр хоёр энэ зун Майнигийн Бүүфбайд хамтдаа ажиллахаар болсон билээ. Бас тэр Эд Хамнерт талархаж байлаа. Энэ зун үнэхээр сайхан зун болох байхдаа. Далбаат завиар хийх аялал гээд л… Гэвч энэ бол түүний амьдрал дахь хамгийн золгүй зун байсан юм. Зургадугаар сарын турш бороо орж, шатахууны хомсдол жуулчдад зориулсан худалдаа наймааг сулруулж, Элизабетын олж буй цайны мөнгө Бүүфбайд дунд зэргийн дэн буудалд байрлахад хүрж байв. Түүнчлэн Тони гэрлэлтийн талаарх сэдвээр түүнийг яаруулах болов. Энэ санаа түүнийг баярлуулахаас илүү айлгаж байгаад Элизабет гайхаж байлаа. Ямар нэг зүйл буруу байсан юм.Тэр юу гэдгийг нь мэдэхгүй байлаа, гэхдээ ямар нэг зүйл алга болж буй мэт мэдрэмж төрнө. Хар дарсан зүүд найман сарын эхээр зүүдлэгдсэн юм. Элизабет онгорхой булшны ёроолд хөдөлж чадахгүй хэвтэнэ. Цагаан тэнгэрээс орох бороо түүний нүүрэн дээр дусална. Шар өнгийн хамгаалалтын малгай өмссөн Тони түүний дэргэд сууж байх аж. “Надтай гэрлээч, Лиз” гэж тэр түүний дээрээс ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүй өнгийн хараад хэлэв. “Надтай гэрлэ, эсвэл…”. Элизабет зөвшөөрч байна гэж хэлэхийг оролдов. Хэрэв Тони түүнийг энэ айдас төрүүлэм шавар шалбаагтай нүхнээс гаргавал тэр ямар нэг зүйл хийх болно. Гэвч Элизабет мэдээ алдсан мэт хөдөлж чадахгүй байлаа. “За яахав” гэж Тони хэлэв. “Үгүй бол…” Тэр яваад өгөв. Элизабет хөдлөхийг оролдов, гэвч чадсангүй. Дараа нь тэр бульдозерын чимээ сонсов. Хормын дараа тэр нойтон хөрсийг сэндийлсээр ойртон ирж буй аварга том бульдозерыг олж харлаа. Тонигийн өршөөлгүй царай онгорхой бүхээгнээс цухуйж үзэгдэнэ. Тэр түүнийг амьдаар нь оршуулахаар ирж явна. Элизабет хөдөлж ч чадахгүй, бас дуугарч ч чадахгүй зөвхөн харж чадаж байлаа. Шороо нүхрүү бага багаар унаж эхлэхэд нэгэн танил хоолой хашгирах сонстов. “Зайл! Түүнийг одоохон орхи! Зайл!” Тони бульдозероос бүдчин гараад, гүйгээд явчихав. Элизабетэд тайвширсан мэдрэмж төрөв. Тэр хашгирав. Гэтэл түүний аврагч булшны ирмэг дээр яг л сүмийн дуганч шиг зогсож байлаа. Энэ бол ногоон өнгийн элэгдсэн хүрэмтэй, өрвийсөн үстэй Эд Хамнер байсан юм. Тэр түүн рүү гараа сунгав. “Босоорой” гэж тэр зөөлхөн хэлэв. “Би чамд юу хэрэгтэйг мэддэг. Алив босоорой. Бет” Элизабет босов. Тэр тайвширсандаа болоод мэгшин уйллаа. Тэр түүнд баярласнаа хэлэх гэж оролдов. Эд зөөлхөн инээмсэглээд толгой дохив. Элизабет Эдийн гараас атгаад доош харав. Дараа нь тэр ахин дээш хартал эргэлдсэн улаан нүдтэй, хурц шүдээ зуун шүлсээ савируулж буй чонын аварга саврыг атгасан байлаа… Элизабет орон дээрээ өндийн суугаад гэнэт сэрэв. Түүний унтлагын хувцас хөлсөнд нь нэвт норж, бүх бие нь чичрэх аж. Дараа нь тэр бүлээн шүршүүрт орж, нэг аяга сүү уугаад тайшрахыг оролдов. Тэр гэрлээ асаалттай унтлаа. Нэг долоо хоногийн дараа Тони нас барсан юм. Элизабет Тониг байх гэж найдан хаалгаа онгойлготол Тонигийн хамтран ажиллагч Денни Килмерийг олж харав. Денни бол хөгжилтэй залуу, Элизабет Тони хоёр Денни болон түүний найз охинтой нь хамтдаа цагийг өнгөрүүлдэг байсан билээ. Хоёр давхарын сууцны үүдний хаалганы өмнө зогсож буй Денни бодлогоширсон бас өвчин туссан мэт харагдана. “Денни?” гэж Элизабет хэлэв. “Юу болоо вэ?” “Лиз” гэж тэр хэлэв. “Лиз, чи сэтгэлээ барих хэрэгтэй. Чи…Ээ бурхан минь!” Тэр хаалганы тотгыг чангаар цохив. Элизабет түүнийг уйлж байгааг нь харлаа. “Денни, энэ Тонитой холбоотой юу? Ямар нэг зүйл болоо юу?” “Тони үхчихсэн” гэж Денни хэлэв. “Тэр…” Гэвч тэр ганцаараа ярьж байлаа. Элизабет хэдийн ухаан алдаад уначихсан байв. Дараагийн долоо хоног зүүдэлж буй мэт л өнгөрөв. Денни шар айраг уунгаа Харбор дэн буудалд түүнд ярьж өгсөн түүх, бас сонинд гарсан гунигтай товчхон мэдээнээс тэр бүхнийг олж мэдэв. Тэд 16 дахь зам дээр усны хоолой засварлаж байжээ. Нэг жаалын жолоодож байсан улаан өнгийн Фиат машин толгодын зүгээс уруудаад ирж байв. Тони түүн рүү дохисон боловч, жаалхүү хурдаа хассангүй. Тони ачааны машины дэргэд зогсож байсан бөгөөд хойшоо ухрах газар байсангүй. Фиат машинтай жаал толгойдоо шарх авч, гар нь хугарчээ. Тэр цочролд орсон бөгөөд цоо эрүүл байжээ. Цагдаа нар хэт их халснаас болж тоормосны шугам хайлж хэд хэдэн цоорхой гарсныг олж илрүүлсэн байна. Хүүгийн жолооны зэрэглэл A 1 байсан бөгөөд тэр зогсох ямар ч боломжгүй байжээ.Тони маш ховорхон тохиолддог автомашины гэмтлийн хохирогч болжээ. Элизабетын цочрол, гуниг гутрал гэмшсэн сэтгэлээр солигдов. Хувь заяа түүний Тонигийн талаар хийх ёстой байсан шийдвэрийг хийгээд өгчээ. Тэр сэтгэлдээ нууцхан баярлаж эхлэв. Учир нь тэр Тонитой гэрлэхийг хүсдэггүй байсан…тэр нэг шөнийн зүүднээс хойш… Тэр гэртээ харихын өмнөх өдөр сэтгэлээ барьж чадалгүй уйлж эхлэв. Тэр хадан цохион дээр сууж байлаа. Уй гашуу эргэн иржээ. Тэр гэдсээ базалтал, толгойгоо өвдтөл уйлав. Уй гашуу алга болоход тэр илүү зүйлийг мэдэрсэнгүй, эцэст нь тэр өөрийгөө туйлдаж ядарсан, бас хоосорсон мэт мэдрэв. Энэ бүхэн Эд Хамнер “Бет?” гэж хэлэхэд болсон юм. Элизабет цочин эргэн тойрноо харав, түүнд зүүдэнд нь байсан архирч буй чоныг харах байх гэсэн айдас төрөв. Гэвч энэ нь элэгдсэн хүрэм, цэнхэр жинсээ өмсөөгүй бас наранд борлосон, өөрийгөө хамгаалж чадахгүй мэт төрхтэй харагдах Эд Хамнер байсан юм. Тэр ясархаг өвдөгнөөс нь дээгүүр татах богино улаан шорт, далайн сэвшээ салхинд намирах далбаа мэт туранхай цээжинд нь томдсон цагаан өнгийн богино цамц өмсч, эрзээнэн бүс зүүжээ. Тэр инээмсэглээгүй байсан бөгөөд нүдний шилэн дээр нь тусах нарны туяа нүдийг нь харах боломж олгохгүй байв. “Эд?” гэж Элизабет итгэлгүй хэлэв. “Энэ үнэхээр чи гэж үү?” “Тиймээ, би байна” “Яаж…” “Би Сковхеганы Лэйквүүд театрт ажиллаж байгаа. Би чиний өрөөний хамтрагчтай уулзсан…Алис, энэ түүний нэр мөн үү?” “Тийм” “Тэр надад юу тохиолдсоныг хэлсэн. Би тэгээд хүрээд ирлээ. Хөөрхий Бет минь”. Тэр толгойгоо бага зэрэг хөдөлгөхөд нарны туяа түүний нүдний шилнээс холдож, Элизабет нүднээс нь ямар ч чоно, араатны шинж тэмдэг олж харсангүй, зөвхөн дулаахан хайр энэрэлийг олж харав. Элизабет ахиад уйлж эхлэхэд Эд түүнийг тэвэрлээ. Тэд 25 милийн зайд орших Вотервиллийн “Чимээгүй эмэгтэй” д оройн хоол идэхээр болов. Магадгүй Элизабетэд тэндээс холдох нь дээр байсан байх. Тэд Эдийн шинэ машин болох Корветтод сууцгаав. Элизабетын хүсч байснаар Эд замдаа юу ч ярилгүй, машинаа чадварлагаар жолоодож байлаа. Элизабет ярихыг бас хэн нэгэн түүнийг тайвшруулахыг оролдоосой гэж хүсэхгүй байсан юм. Эд энэ бүхнийг нь мэдэж байх шиг санагдав, тэр хүлээн авагчаа асааж намуухан хөгжим дээр тавив. Бас тэр Элизабетыг хэлээгүй байхад далайн хоол захиалав. Элизабет өөрийгөө өлсөөгүй гэж бодож байсан ч хоол ирэх үед ямар их өлссөн болохоо ойлгов. Элизабет хоосолсон тавгаа хараад санаа зовсон шинжтэй инээмсэглэлээ. Эд тамхи татангаа түүнийг ажиглан харах аж. “Уй гашууд автсан үедээ залуу эмэгтэйчүүд маш их иддэг” гэж Элизабет хэлэв. “Чи намайг аймаар харагдаж байна гэж бодож байгаа байхдаа” “Үгүй дээ” гэж Эд хэлэв. “Чи хүч тамираа буцааж олж авах хэрэгтэй. Чи яг л өвдсөн мэт байгаа” “Тийм ээ” “Одоо дахин сэргэх цаг болсон, Бет” “Тийм гэж үү?” “Тийм ээ” гэж Эд хэлэв. “Надад хэлээч. Өөрийнхөө төлөвлөгөөний талаар?” “Би маргааш гэр лүүгээ явна. Харин дараа нь…би мэдэхгүй байна” “Чи сургуульдаа явна биз дээ?” “Би сайн мэдэхгүй байна. Энэ бүх явдлын дараа сургуульд явах нь ялихгүй зүйл мэт санагдах боллоо. Миний бүх зорилго энэ бүхэнтэй хамт алга болчихсон юм шиг л санагдаж байна” “Зорилго мөрөөдөл чинь эргээд ирнээ. Одоохондоо үүнд итгэх нь чамд хэцүү л байгаа байх. Гэхдээ энэ үнэн шүү. Зургаан долоо хоногийн турш хүлээ, тэгээд хар. Чи өөр илүү зүйл хийх шаардлагагүй ” “Энэ үнэн байх. Гэхдээ…Би тамхи татаж болох уу?” “Бололгүй яахав. Гэхдээ энэ тамхи гаатай” Элизабет нэгийг авав. “Чи намайг гаатай тамхинд дургүй гэдгийг яаж мэдсэн юм бэ?” Эд мөрөө хавчив. “Зүгээр л чи дургүй юм шиг харагдсан. Би таасан юм” Элизабет инээмсэглэв. “Чи маш инээдтэй гэдгээ мэдэх үү?” Эд төвийг сахисан байдалтай инээмсэглэв. “Би хэн нэгнийг харахыг хүсэхгүй гэж бодож байсан. Гэхдээ чамайг ирэхэд би их баярласан, Эд” “Заримдаа чамтай ямар ч холбоогүй хүнтэй хамт байх нь аятайхан санагддаг” “Тийм ээ”. Элизабет хэсэг дуугаа хураав. “Чи хэн юм бэ, Эд? Чи үнэндээ хэн юм бэ?”. Элизабетэд гэнэт энэ тухай мэдэх нь чухал мэт санагдав. Эд мөрөө хавчлаа. “Онц гойд юм байхгүй. Гартаа ном бариад сургуулийн эргэн тойронд явж байдаг хөгийн харагддаг залуусын л нэг” “Эд, чи хөгийн харагддаггүй” “Үгүй ээ, би тэгж харагддаг” гэж Эд хэлээд инээмсэглэв. “Ахлах сургуулийн батганы асуудлаас хэзээ ч ангижирч үзээгүй, залуусын клубт хэзээ ч явж байгаагүй, олон нийтийн дунд хэзээ ч тодорч байгаагүй ердөө л гайгүй сурдаг нуугдмал залуу. Дараа хавар сургууль дээр том корпорацийн ярилцлага болно. Би магадгүй тэнд элсэж Эд Хамнер үүрд үзэгдэхээ болино” “Энэ маш ичгүүртэй байх болно”. Элизабет аяархан хэлэв. Эд гашуунаар инээмсэглэлээ. “Хамаатан садныхаа талаар яриач?” гэж Элизабет асуув. “Чи хаана амьдардаг? Юу хийх дуртай гээд л?” “Дараа нь” гэж Эд хэлэв. “Би чамайг хүргэж өгөхийг хүсч байна. Чи маргааш маш урт нислэгтэй” Орой нь Элизабет Тонигийн үхлийн дараа анх удаа сэтгэлээ шаналгалгүй амрахаар хэвтлээ. Тэр унтах нь амархан гэж бодож байсан ч тийм байсангүй. Асуултууд толгойд нь эргэлдэнэ. Алис надад хэлсэн…хөөрхий Бет Гэхдээ Алис Сковхеганаас наян милийн зайд Киттерийн зусланд амарч байгаа шүү дээ. Тэр тоглолттой тохиолдолд л Лайквүүдэд байх ёстой. Корветт, энэ жилийн загвар. Маш үнэтэй. Лайквүүд театрын арын албанд ажиллаж олсон мөнгө үүнийг авч дийлэхгүй. Түүний эцэг эх нь баян юм болов уу? Тэр түүний захиалах байсан хоолыг захиалсан. Бас гаатай тамхи. Үнсүүлэхийг хүсэх үед нь Эд түүнийг үнссэн. Бас –Чи маргааш урт нислэгтэй гэж хэлсэн. Түүнд хэлсэн учраас тэр түүнийг гэр лүүгээ явна гэдгийг мэдэж байсан. Гэхдээ тэр онгоцоор явна гэдгийг нь яаж мэдсэн юм бол? Энэ бүхэн Элизабетын санааг зовоож байв. Бас тэр Эд Хамнертай дотносох харилцааныхаа талд нь явж байгаадаа санаа нь зовов. Би чамд юу хэрэгтэйг мэднэ. Дээрх үгс түүнийг унтах үед нь сонстов. Эд нисэх онгоцны буудал дээр түүнийг харахаар ирсэнгүй. Онгоц хүлээж зогсохдоо Элизабет сэтгэл нь гонсойж байгаагаа анзаарав. Тэр яг л мансууруулах бодист донтсон хүн шиг нэг хүнээс хэт их хамааралтай болж эхэлж байлаа. Тэр тайван байхыг хичээв.“Элизабет Роган” гэсэн дуу гарав. “Тантай хүн утсаар холбогдсон байна” Тэр утасны бүхээг рүү яаран очив. Утасны цаанаас Эдийн хоолой сонстов. “Бет?” “Эд! Чамайг сонсоход сайхан байна” “Би чамтай уулзах уу?” Тэр инээв. “Гэхдээ би чамд хэрэг болохгүй. Чи бол маш зоригтой охин. Бас үзэсгэлэнтэй. Чи нислэгийг өөрөө давж гарна. Би чамтай сургууль дээр уулзах болов уу?” “Тиймээ…Би тэгж бодож байна” “Сайн байна”. Хэсэг чимээгүй байснаа Эд дуугарлаа. “Би чамд хайртай. Би чамайг анх хараад л хайртай болсон” Элизабетын хэл гацав. Тэр ярьж чадахгүй байлаа. Маш олон бодол түүний ухаан санаанд эргэлдэнэ. Эд ахиад намуухнаар инээв. “Хэрэггүй дээ, юу ч битгий хэл. Гэхдээ одоохондоо. Би чамтай уулзана. Цаг хугацаа зөндөө байна. Сайн яваарай, Бет. Дараа уулзъя ” Эд утсаа тавихад Элизабет гартаа утсаа барьсан хэвээр байлаа. Эмх замбараагүй олон бодол, асуултууд толгойд нь эргэлдэнэ. 9 р сар Мэдээж тэрээр буцаад Алистай 1 р курсээсээ хамт амьдарсан шигээ амьдарцгааж эхэллээ. Тэд хоорондоо ерөнхийдөө таарч тохироод байж болдог байсан хэдий ч сонирхол болон хувь хүнийхээ хувьд ялгаатай хүмүүс ажээ. Алис Элизабетийг бодвол хичээлдээ сайн, химийн мэргэжлээр суралцдаг нэгэн бол харил Элизабет илүү нийгэм талдаа, төдийлөн номтой зууралдаад байдаггүй бөгөөд мэргэжлийн хичээлийн хажуугаар математик үздэг. Энэ зунаас тэр 2 н хооронд үл ялиг хүйтэн харицаа үүсээд байдаг болсон хэдий ч урьдых шигээ таарамжтай хэвээрээ болоод л байв. Зун болоод өнгөрсөн явдал яг л зүүд шиг санагдаж эхэлсэн ба хамгийн инээдтэй нь Тони зүгээр л их сургуульд таньдаг байсан хөвгүүн шиг л санагдах болжээ. Болсон явдал болон Тониг бодох бүрд тэр маш их санаж шаналж байсан ба Алисийг тэр талаар асуух тоолонд няцаан сэтгэлээ нууцалж байсан хэдий ч цаанаа зүгээр нэг ил шархны өвдөлт биш бүр гүн хууч сэтгэл санааны гүн шарх болон үлдсэн байлаа. Хамгийн сэтгэл зовниулж байсан зүйл нь Эд Хамнерийн гайхмаар дуудлага байлаа. 1 долоо хоног, 2 долоо хоног маш хурдан өнгөрч аль хэдийн 10 р сар гарчихлаа. Элизабет сургуулиасаа оюутны бүртгэл авч түүний нэрийг хайсан хэдий ч нэрнийх нь ард зөвхөн Милл гудамж л гэсэн мэдээлэл байх ба тэрхүү Милл гудамж нь мааш урт гудамж ажээ.Тиймээс тэрээр хүлээхээр шийдэж болзоонд урьсан хэмбэгуайд ч татгалзаж гомдоож байсан нь зургаан 7 хоногийн турш химийн хичээлдээ бэлдэж орой болгоныг шахуу номын санд өнгөрөөж байсан Алисийн нүдийг орой дээр нь гарган гайхуулж байсан хэдий ч тэрээр чимээгүй өнгөрөөж байлаа. Элизабет өрөөнийхөө хамтрагч нь хэн нэгнээс урт цагаан дугтуйтай зүйл долоо хоногт 1, хааяа 2 г хүлээн аваад байгааг анзаарсан хэдий ч төдийлөн тоосонгүй. Гэвч тэрхүү дугтуйн дээр буцах хаяг байхгүй байгааг гэнэт олоод харчихаж. Өрөөний холбооны систем дүнгэнэн дуугарах үед Алис хичээлээ хийгээд сууж байв. “Лиз, очоорой. Магадгүй чамтай холбоотой байх”. Элизабет холбооны систем рүү очив. “Сонсож байна” “Нэг залуу үүдэн дээр ирээд байна, Лиз” Ээ бурхан минь. “Хэн байдаг билээ?” гэж тэр уурлан асуув. Гэнэт тархиар нь хатган өвдлөө. Холбооны системийн охин инээн “Түүний нэрийг Эдвард Жэксон Хамнер гэж байна. Өсвөр насны залуу”. Охины хоолойгоо намсгаад “Түүний оймс нь ижил буруу юм байна” гэж шивнэв. Элизабет халаадны товчоо яаран тайлж эхлэв. “Ээ бурхан минь” “Түүнд намайг одоохон буугаад очлоо гэж хэл. Үгүй ээ, түүнд нэг минутын дараа намайг очно гэж хэл. Үгүй ээ, хоёр минут” “Ойлголоо” гэж охин эргэлзсэн шинжтэй дуугарав. “Битгий л цус харвачихаарай даа” Элизабет хувцасны шүүгээгээ онгойлгож богино жинсэн юбкагаа олж өмсөв. Үсэнд нь пигүүж зүүлттэй байгааг гэнэт анзаараад дуу алдав. Элизабет тэдгээрийг мулт татаж эхэллээ. Алис юу ч ярилгүй энэ бүхнийг тайван ажиглан харж байлаа. Гэвч Элизабетыг гарсны дараа Алис хаалганы зүг ямар нэг зүйлийн учрыг олох гэсэн мэт удаанаар ширтэн харсаар хоцров. Эд хуучинтайгаа яг адилхан харагдаж байв. Тэр өөрт нь хоёр дахин томдсон мэт харагдах ногоон өнгийн элэгдсэн хүрмээ өмсчээ. Нүдний шилнийхээ нэг талын хугарсан тогтоогчийг цахилгаан утасны лентээр холбож наажээ. Бас нэг нь ногоон, нөгөө нь бор өнгийн хоёр өөр оймс өмссөн байв. Элизабет Эдийг хараад түүнд дурласан болохоо ойлгов. “Чи яагаад над руу өмнө нь утасдсангүй вэ?” гэж Элизабет асуув. Эд хүрэмнийхээ халаасанд гараа шургуулаад, ичсэн шинжтэй инээмсэглэнэ. “Би чамд өөр залуустай болзох цаг өгөх хэрэгтэй гэж бодсон юм. Өөр залуустай болз. Бас чи юу хүсч байгаагаа ойлгохыг хичээ” “Би юу хүсч байгаагаа мэднэ гэж бодож байна” “Сайн байна. Тэгвэл чи кинонд явахыг хүсч байна уу?” “Бололгүй яахав” гэж Элизабет хэлэв. Энэ явдал болсноос хойш өдөр хоногууд урсан өнгөрч, энэ хугацаанд Элизабет өөр хэнтэй ч уулзсангүй. Тэр өөрт нь юу хэрэгтэй байсныг сайтар ойлгосон мэт санагдах аж. Тэдний хүсэл сонирхол гайхалтай нийлж байв. Тони “Загалмайлсан эцэг” мэтийн кинод дуртай байсан бол Эд тиймэрхүү төрлийн биш хөнгөн инээдмийн кинонд илүү дуртай юм шиг Элизабетэд санагдав. Эд нэг орой Элизабетыг цирк рүү дагуулж явсан бөгөөд тэд тэнд маш гайхалтай хөгжилтэй цаг хугацааг өнгөрөөцгөөв. Бас тэд хамтдаа бүжгэнд явцгаах үед Эд өөртэй нь адилхан хуучны бүжгэнд илүү сайн болохыг Элизабет ойлгов. Хамгийн чухал нь түүний хүслийг Эд харгалзан үздэг нь гайхалтай. Тэр түүнийг хүчилж, бас яаруулдаггүй, Элизабет өмнө нь учирч байсан залуусын хэнээс нь ч ийм мэдрэмжийг авч байгаагүй билээ. Тэд болзооныхоо эхний өдрийн үдэш үнсэлтээр “эхэлж”, арав дахь өдрийн үдэш нь найз нараасаа түр зээлдсэн сууцанд “төгсгөл” болдог сексийн тогтсон хуваарьтай мэт байдаг байсан. Милл гудамжин дахь сууц зөвхөн Эдийнх байсан юм. Тэд үргэлж тийшээ очицгоох болсон бөгөөд тэнд Элизабет өөрийгөө Дон Жуаны хайрын өргөөнд байгаа мэт мэдэрдэг байв. Эд хэзээ ч яаруулдаггүй. Тэр зөвхөн түүний хүслийг харгалздаг, түүний юу хүсч байгааг мэдэрдэг. Бүх зүйл үргэлжилсээр л байлаа. Сургуулийн улирлын амлалт эхлэх үед Алис ямар нэг зүйлд санаа зовсон мэт харагдах боллоо. Хэд хэдэн удаа Элизабет Эдтэй хоол идэхээр явахын өмнөхөн өрөөний хамтрагч нь ширээн дээрх бор цаасан дугтуйг хөмсөг зангидан ширтэж байхыг олж харжээ. Элизабет нэг удаа энэ талаар бараг асуухаа дөхсөн боловч ингэх хэрэггүй юм байна гэж шийдэв. Магадгүй ямар нэг шинэ төсөл төлөвлөгөө л биз… Эд түүнийг дотуур байранд нь хүргэж өгөх үед гадаа цас лавсан орж байлаа. “Маргааш?” гэж Эд асуув. “Манайд очицгоох уу?” “Болох л юм. Би попкорн аваад очьё” “Гайхалтай” гэж Эд хэлээд түүнийг үнсэв. “Би чамд хайртай, Бет” “Би ч бас чамд хайртай” “Сайхан нойрсоорой, хонгор минь” “Чи ч бас” Тэр Алисыг сэрээхгүйн тулд өрөөнд чимээгүй алхалсаар орж иртэл Алис сэрүүн байснаар барахгүй ширээний ард сууж байлаа. “Алис, чи зүгээр үү?” “Би чамтай ярих хэрэгтэй байна, Лиз. Эдийн талаар” “Түүний талаар юу ярих гэсэн юм?” Алис маш болгоомжтойгоор хэлэв. “Намайг ярьж дууссаны дараа бид найзууд байхаа болих байх гэж санаж зовж байна. Миний яриаг битгий таслаарай. Би чамайг анхааралтай сонсоосой гэж хүсэх байна ” Элизабетын уур хүрэв. “Чи Эдийг мөрдөөд байгаа юм уу?” Алис зөвхөн түүний зүг ширтэх аж. “Чи бидэнд атаархаа юу?” “Үгүй дээ. Хэрэв би чамд бас чиний болзоонуудад атаархдаг байсан бол энэ өрөөнөөс хоёр жилийн өмнө л нүүчихсэн байх байсан” Элизабет түүний зүг айсан шинжтэй харлаа. Алис үнэн хэлж байгааг тэр ойлгов. Гэнэт сэтгэл нь түгшиж эхэллээ. “Эд Хамнерын талаар хоёр зүйл миний сэтгэлийг зовоож байна” гэж Алис хэлэв. “Нэгдүгээрт, чи Тонигийн үхлийн талаар надад бичсэн захиандаа намайг Лейквүүд театрт Эдтэй тааралдсан нь азтай хэрэг болсон гэж бичсэн байсан. Тэр шууд л Бүүфбайд очиж, чамд тусалсан гэсэн. Гэвч би Эдийг хэзээ ч хараагүй. Бас би өнгөрсөн зун Лейквүүд театрын ойролцоо байгаагүй” “Гэхдээ” “Тэр яаж Тонигийн үхлийн талаар мэдсэн юм бол? Надад ямар ч таамаг алга. Гэхдээ тэр энэ тухай надаас сонсоогүй гэдгийг л мэдэж байна. Нөгөө нэг зүйл нь гэвэл түүний эрхэлдэг бизнес. Бурхан минь, Лиз, тэр ямар оймс өмссөн болохоо ч санаж чаддаггүй биз дээ! ” “Энэ чинь ямар ч хамаагүй зүйл” гэж Лиз шийдэмгий хэлэв. “Эд Хамнер өнгөрсөн зун Лас Вегаст байсан” гэж Алис аяархан өгүүлэв. “Тэр долоон сарын дундуур буцаж ирээд Пемакүүдийн зочид буудалд өрөө захиалсан. Энэ бол Бүүфбайтай маш ойрхон газар. Тэр чамд хэрэг болох цагаа хүлээж байсан” “Энэ чинь тэнэг хэрэг! Тэгээд ч чи Эдийг Лас Вегаст байсныг яаж мэдэж байгаа юм бэ?” “Би хичээл эхлэхээс өмнөхөн Ширли Антониотой уулзсан юм. Тэр Лас Вегаст тоглоомын газрын эсрэг талд байрлах Пайн ресторанд ажилладаг. Тэр хэлэхдээ Эд Хамнер шиг харагддаг хэн нэгнийг өмнө нь харж байгаагүй гэсэн. Эд чамд зарим зүйлсийг худлаа ярьсан. Би аав дээрээ очиж энэ тухай хэлэхэд тэр надад зөвлөгөө өгсөн” “Ямар?” гэж Элизабет эргэлзсэн шинжтэй асуув. “Хувийн мөрдөгч хөлсөл гэсэн” Элизабет шийдэмгий хэвээрээ байв. “Гүйцээ, Алис, ахиад ярих хэрэггүй”. Автобусанд суугаад Эдийн гэрт очиж, өнөө оройг тэнд өнгөрүүлье. Тэгээд энэ тухай өөрөөс нь асууна. Тэгээд л болоо… “Чи энэ тухай мэдэх хэрэгтэй” гэж Алис хэлэв. “Дараа нь чи шийдвэрээ гаргаарай” “Би түүнийг сайхан сэтгэлтэй, сайн залуу гэдгээс өөр зүйл мэдэх шаардлагагүй гэж бодож байна” “Дурлал сохор байдаг юм” гэж Алис гашуунаар хэлэв. “Магадгүй би чамд бага зэрэг хайртай байх, Лиз. Чи өмнө нь энэ талаар бодож байсан уу? ” Элизабет Алисыг удаанаар ширтэв. “Хэрэв тийм бол чи үүнийгээ маш инээдтэй аргаар илэрхийлж байна” гэж тэр хэлэв. “Үргэлжлүүл. Магадгүй чиний зөв байх” “Чи Эдийг өмнө нь мэддэг байсан” гэж Алис аяархан хэлэв. “Би… юу гэнээ?” “Коннектикут, Бриджпорт, 119 р гудамж” Элизабет маш их гайхав. Тэр эцэг эхтэйгээ хамт Бриджпортод зургаан жилийн турш амьдарсан билээ. Түүнийг хоёрдугаар ангиа төгссөний дараа жил тэд Бриджпортод нүүж ирцгээсэн бөгөөд 119 р гудамжинд амьдардаг байжээ. “Чи түүнийг санаж байна уу?” “Үгүй ээ, мэдээж үгүй!”. Гэхдээ тэр Эдтэй анх уулзах үед түүнийг өмнө нь мэддэг байсан мэт мэдрэмж төрсөнөө эргэн саналаа. “Үзэсгэлэнтэй хүмүүс царай муутайчуудыг хэзээ ч санадаггүй гэж би боддог юм. Чи түүнтэй нэгдүгээр ангид хамт байсан. Лиз. Магадгүй тэр өрөөний хамгийн ард суугаад чамайг ширтдэг байсан байх. Эсвэл тоглоомын талбай дээр. Нүдний шилтэй бяцхан жаалхүү, чи түүнийг санаж чадахгүй байх нь аргагүй, харин тэр чамайг санаж байгаа гэдэгт би мөрийцсөн ч болох байна” “Өөр зүйл байна уу?” гэж Элизабет асуув. “Мөрдөгч энэ тухай олж мэдсэн. Тэр олон хүнтэй уулзаж ярилцсан. Харин дараа нь түүний олж авсан мэдээллүүд дотор ойлгож боломгүй зарим зүйлс байсан. Зарим нь айдас төрүүлэм ” “Энэ чинь харин сонирхол татаж эхэлж байна шүү” гэж Элизабет ёсорхогоор хэлэв. “Эд Хамнерын аав мөрийтөй тоглоомын хорхойтон байжээ. Тэр Нью Йоркийн нэгэн зар сурталчилгааны агентлагт ажиллаж байгаад дараа нь Бриджпортод нүүж ирсэн байна. Мөрдөгч түүнийг покертой холбоотой маш их мөнгөний асуудалд орсон байсан гэж хэлсэн. Эдийн аав Бриджпортод ирээд ахиад л асуудалд орсон. Энэ нь бас л мөрийтэй тоглоомтой холбоотой байсан бөгөөд тэр маш их хэмжээний өрөнд орсон. Тэр мөн энэ үеэр хөл гараа хугалсан нь жирийн осол биш энэ хэрэгтэй холбоотой байсан байж магадгүй мөрдөгч хэлсэн. “Тэр 1961 онд Лос Анжелест ажиллах болсон байна. Энэ нь Лас Вегастай тун ойрхон байсан тул тэр тэнд амралтын өдрүүдээ мөрийтэй тоглож өнгөрүүлэх болжээ. Тэгээд хожигдож эхэлсэн…Харин дараа нь тэр өөрийнхөө хүүг авчирч тоглох болсон бөгөөд гайхалтайгаар хожиж эхэлсэн…” “Чи бүгдийг санаанаасаа зохиогоо юу?” Алис түүний өмнө бор цаастай дугтуйг тавив. “Энд бүх зүйл байгаа, Лиз. Эдгээрийн зарим нь шүүхэд бүртгэгдээгүй. Гэхдээ мөрдөгч түүнд энэ талаар ярьсан ганц ч хүнд худлаа хэлэх шалтгаан байгаагүй гэж хэлсэн. Эдийн аав хүүгээ “азтай увидастан” гэж нэрлэдэг байжээ. Хэдий казинод жаахан хүү дагуулж ирэх нь хууль бус явдал байсан боловч хэн ч эсэргүүцдэггүй байсан. Түүний аав маш их мөнгө хожих болсон. Дараа нь тэр зөвхөн рулет, ред блэк л тоглох болжээ. Жилийн эцсээр хүү бүх казиног хоосолж гүйцсэн байв. Харин аав нь шинэ төрлийн мөрийтөй тоглоомонд оролцох болсон. “Ямар?” “Хувьцааны зах зээл. Хамнерынхан 1961 оны дундуур Лос Анжелест нүүж ирцгээх үед тэд сарын ерэн долларын түрээстэй байранд амьдарч, ноён Хамнер 52 оны Чевролет унадаг байсан. 1962 оны эцсээр буюу ердөө арван зургаан сарын дараа ноён Хамнер ажлаа орхиж, тэд Сан Жосе дахь өөрсдийн хувийн байшинд амьдрах болсон. Ноён Хамнер шинэ загварын Тундербёрд, харин хатагтай Хамнер Волксваген унах болсон. Чи ойлгож байна уу, Невадагийн казинод жаахан хүү байх нь хууль бус явдал.Гэвч хэн ч хувьцаануудыг түүнээс буцааж авч чадаагүй” “Чи Эдийг гэж хэлэх гээд байна уу…Алис, чи галзуурчихаж!” “Тэр магадгүй аавд нь юу хэрэгтэйг мэддэг байсан байх” Би чамд юу хэрэгтэйг мэднэ Дээрх үгс Элизабетын чихэнд сонстох шиг болоход түүний дотор жихүүцэв. “Хатагтай Хамнер дараагийн зургаан жилийг сэтгэл мэдрэлийн эмнэлэг дамжиж өнгөрүүлсэн. Тэр сэтгэцийн өөрчлөлтөд орсон бөгөөд хүүгээ ад чөтгөрийн хамсаатан гэж хэлдэг байжээ. 1964 онд тэр хүүгээ хайчаар гэмтээсэн. Түүнийг алахыг оролдсон. Тэр…Лиз? Лиз, энэ ямар учиртай юм бол?” “Сорви” гэж Элизабет аман дотроо бувтнав. “Бид сарын өмнө сургуулийн бассейн руу сэлэхээр явцгаасан юм. Түүний мөрөн дээр нь маш гүн, хонхойсон сорви байсан…энд”. Тэр цээжнийхээ дээхэн хэсэгт гараараа заав. “Тэр хэлэхдээ…”. Элизабетын бөөлжис цутгахад тэр цааш үргэлжлүүлж ярилгүй хэсэг хугацаанд дотор нь зүгээр болохыг хүлээлээ. “Тэр жаахан байхдаа хашааны гадсанд гэмтээсэн гэж хэлсэн” “Би яриагаа үргэлжлүүлэх үү?” “Бүгдийг нь ярь” “Түүний ээж 1968 онд Сан Воллейгийн сэтгэл мэдрэлийн эмнэлэгээс гарсан. Хамнерын гэр бүлийн гурав салхинд гарахаар явцгаасан бөгөөд тэд Рутийн 101 р зам дээр хээрийн хоол идэхээр түр зогсоцгоожээ. Хүүг түлээ цуглуулж байх үед аав ээж хоёр нь машинтайгаа далайн дэргэдэх хадан хавцлын ирмэгээс унацгаасан байна. Энэ үед ээж нь машиныг жолоодож байсан бөгөөд магадгүй Эдийг дайрах оролдлого хийж байгаад ийм зүйл болжээ. Энэ үед тэр арван наймтай байсан. Эд тэр жилдээ зүүн зүгт ирж, хагас жилийн дараа энэ сургуульд элссэн. Миний ярих зүйл ингээд дуусч байна” “Шүүгээн дэхь араг яснуудын тухай ярихгүй юм уу? ” “Лиз энэ чамд хангалтгүй байна гэж үү?” Элизабет босч зогсов. “Эд гэр бүлийнхээ тухай дурсахыг хүсдэггүй байсанд нь гайхаад байх юм алга. Харин чи дэмий зүйл ухаж төнхөөд байгаа юм биш үү? ” “Чи ухаанаа алдсан байна” гэж Алис хэлэх үед Элизабет цуваа өмсөж байлаа. “Чи түүн дээр очих гэж байна, тийм үү?” “Тийм ээ” “Учир нь чи түүнд хайртай” “Тийм ээ” Алис Элизабетын араас очиж гарыг нь шүүрч авав. “Чи бодоод үзээч! Эд Хамнер бидний зөвхөн мөрөөдөж л чадах зүйлсийг хийж чаддаг. Тэр аавыгаа рулетын бооцоонд ялуулж, бас хувьцааны зах зээлд амжилттай тоглуулж чадсан. Магадгүй тэр оюун санааны ховсдогч эсвэл далдыг харагч байх. Би мэдэхгүй байна. Лиз тэр чамайг өөртөө албаар дурлуулсан гэж санагдахгүй байна уу?” Лиз түүн рүү удаанаар эргэж харав. “Би амьдралдаа хэзээ ч ийм хөгийн юм сонсч байсангүй” “Энэ хөгийн байна гэж үү? Тэр аавдаа рулетын самбар дахь зөв тоог зааж өгдөг байсантайгаа яг адилхан аргаар чамд социологийн тестийг хэлж өгсөн! Тэр хэзээ ч социологийн курст явж байгаагүй! Би шалгасан. Тэр үүнийг зөвхөн чиний анхаарлыг татахын тулд л хийсэн!” “Боль!” гэж Лиз хашгирав. Тэр гараараа чихээ дарлаа. “Тэр тестийг мэдэж байсан, Тонигийн үхлийн талаар бас чамайг гэр лүүгээ онгоцоор явна гэдгийг ч мэдэж байсан! Тэр өнгөрсөн аравдугаар сард чиний амьдралд нэвтэрч орох тулд ямар ид шидийн арга хэрэглэхээ мэдэж байсан” Элизабет Алисаас гараа татаж аваад, хаалга онгойлгов. “Гуйя” гэж Алис хэлэв. “Гуйя, Лиз, намайг сонсооч. Би түүнийг хэрхэн энэ бүхнийг хийгээд байгааг мэдэхгүй байна. Тэр чамд ямар нэгэн хор хөнөөлтэй зүйл хийж магадгүй, гэхдээ тэр үүнийг хэдийн хийсэн. Тэр чиний хүсдэг, чамд хэрэгтэй зүйлүүдийг чинь мэдэх замаар чамайг өөртөө дурлуулсан. Энэ хайр биш. Энэ бол хүчээр хийсэн явдал! ” Элизабет хаалга саван гарч, шатаар доош уруудлаа. Тэр хот руу явах сүүлчийн автобусанд суув. Гадаа цас улам хүчтэй лавсан орж, автобус цасан хунгар дундуур гэмтсэн цох хорхой шиг сажлан явна. Элизабет зургаа долоон зорчигчтой автобусны хамгийн арын суудалд суугаад явж байлаа. Оюун санаанд нь олон бодол эргэлдэнэ. Гаатай тамхи. Хувьцааны арилжаа. Ээжийнх нь богино нэрийг Диди гэж мэдэж байсан явдал. Ангийн хамгийн арын суудалд суугаад бяцхан хөгжилтэй охиныг цоо ширтэх жаалхүү. Би чамд юу хэрэгтэйг мэднэ. Үгүй. Үгүй. Үгүй. Би түүнд хайртай! Тэр үнэхээр Эдэд хайртай гэж үү? Эсвэл тэр ердөө л түүнийг дуртай кинонд нь дагуулж явж, хүссэн зүйлийг нь захиалдаг, явахыг хүсээгүй газар руу нь явдаггүй, хийхийг хүсээгүй зүйлийг нь хийдэггүй хэн нэгэнтэй хамт байгаадаа сэтгэл хангалуун байдаг юм болов уу? Хэрэв Эдэд түүний хүсч байгаа зүйлийг харуулдаг далдыг харагч толь байдаг бол яахав? Тэр үргэлж л зөв бэлгээ сонгож түүнд бэлэглэдэг. Гадаа гэнэт бороо орсон үед үс хатаагч хэрэг болоход нь хэн түүнд үүнийг авчирч өгдөг билээ? Мэдээж, Эд Хамнер. Тиймээ, Лизэд энэ бүхэн таалагддаг. Энэ хайр биш. Энэ бол хүчээр хийсэн явдал! Элизабет Милл гудамжны булангаар алхаж явахад өөдөөс нь салхи үлээж байлаа. Автобус тачигнан дуугарсаар холдов. Автобусны арын гэрэл цастай үдшийг хэсэгхэн хором гэрэлтүүлээд алга боллоо. Тэр амьдралдаа хэзээ ч өөрийгөө ингэж ганцаардаж байгаагаа мэдэрч үзээгүй билээ. Эд гэртээ алга байлаа. Элизабет хаалгыг тогшиж таван минутын турш зогссон боловч хариу өгсөнгүй. Эд түүнтэй хамт байхгүй байх үедээ юу хийдэг талаар ямар ч төсөөлөл түүнд байсангүй. Магадгүй тэр покер тоглоомон дахь мөрийгөө нэмээд сууж байгаа биз. Гэнэт тэр нэг зүйлийг санаж хаалганы тотгон дээрээс илүү түлхүүрийг авахаар өлмий дээрээ зогсов. Эд түлхүүрээ тэнд хадгалдгийг тэр мэддэг байв. Тэр хуруугаараа хаалганы дээд талын тотгыг тэмтэртэл коридорын шалан дээр түлхүүр жингэнэн унах дууг сонслоо. Элизабет түлхүүрийг аваад, хаалгыг онгойлгов. Сууц нь Эдээс ялгаатай харагддаг, маш сайхан загвартай, яг жүжгийн тайз шиг. Өөрийнхөө гадаад төрхөнд бага анхаардаг Эд сууцныхаа харагдах үзэмж, цэвэр цэмцгэр байдалд анхаарал тавьдаг нь Элизабетыг баярлуулдаг байсан. Бараг л тэр өөртөө биш Элизабетэд зориулж сууцаа тохижуулсан юм шиг. Тэд зурагт үзэх үедээ сууцгаадаг сандал Элизабетэд маш их таалагддаг. Тийм ч хатуу биш, бас тийм ч зөөлөн биш. Яг таарсан. Түүний сонирхол үргэлж л Эдийнхтэй нийцдэг байсан. Зочдын өрөөнд хоёр хаалга байдаг. Нэг нь гал тогооны өрөө рүү ордог бол нөгөө нь унтлагын өрөө рүү. Элизабет унтлагын өрөө рүү ороод ор луу ширтэв. Ор тийм ч хатуу биш, бас тийм ч зөөлөн биш, яг таарсан. Гэтэл нэгэн нуугдмал хоолой инээн хэлэх сонстов. Энэ бараг л төгс биш гэж үү?Элизабет номын шүүгээнд дөхөж очоод, номнуудын гарчгийг гүйлгэн харав. Нэг ном түүний анхаарлыг татахад, тэр номыг шүүрэн авлаа. Тавиад оны бүжгийн хэв маяг Уг ном дэлгээтэй байсан бөгөөд “Строл бүжиг” гэсэн гарчгийг улаан тосон харандаагаар дугуйлан зурж, дэргэд нь БЕТ гэж том үсгээр бичсэн байлаа… Би одоо эндээс явах хэрэгтэй гэж Элизабет өөртөө хэлэв. Хэрэв Эд одоо буцаад ирэх юм бол би түүний царайг ахиж харж чадахгүй болно, тэгээд Алис ялна. Гэвч Элизабет зогссонгүй. Элизабет шүүгээнд ойртон очиж, хаалгыг нь татав. Шүүгээний хаалга цоожлогдсон байлаа. Элизабет ахин өлмий дээрээ зогсож, шүүгээний дээд талыг тэмтрэн нэг түлхүүр оллоо. Тэр түлхүүрийг авах үед толгой дотор нь нэгэн хоолой сонстох шиг болов. Битгий үүнийг хий Тэр “Цэнхэр сахалт” үлгэрийн талаар бодов. Цэнхэр сахалтын эхнэр буруу хаалга онгойлгосон болохоо дараа нь ойлгодог. Гэвч тэр үүнийг үргэлжлүүлж хийхгүй бол учрыг нь олж чадахгүй. Элизабет шүүгээний хаалгыг онгойлгов. Тэгээд тэр энэ бүх хугацааны турш дахь жинхэнэ Эд Хамнерын хачин жигтэй нууцыг олж мэдсэн юм. Шүүгээ элдэв замбараагүй зүйлсээр дүүрсэн байлаа. Хувцасны эмжээрнүүд, эвдэрхий теннисний цохиур, хуучирч урагдсан теннисний гутал, санд мэнд тараан тавьсан хуучин шалгалтын материал болон илтгэлүүд, уутнаасаа асгарсан Боркамын гаансан тамхи гээд л. Элэгдсэн ногоон хүрмээ шүүгээний мухарт хаяжээ. Элизабет нэг ном авч, гарчгийг нь тогтоон харав. Алтан гишүү. Бусад номнууд нь…Эртний ёслол, Орчин үеийн нууцууд, Гайтигийн илбэ. Хамгийн сүүлчийнх нь арьсан хавтастай, байнга гараараа хүрснээс гарчиг нь элэгдэж бүдгэрсэн, муудсан загас шиг үнэртэх нэг ном байлаа . Үхлийн ёслол.Элизабет уг номыг санаадгүй нээж хараад, уулга алдан номыг хойш шидэв. Элизабет тайван байхыг хичээж, элэгдсэн ногоон хүрмийг сөхөхөд нэг зүйл доор нь байхыг олж харав. Жижигхэн төмрөн хайрцаг… Элизабет хайрцгийг гартаа авч сэгсэрэхэд дотор нь ямар нэг зүйл шажигнан дуугарах сонстов. Энэ хайрцганд тэр магадгүй өөрийн үнэт зүйлсээ хадгалдаг байх. Хайрцагны ёроолд товгор үсгээр “Бриджпортын чихрийн үйлдвэр” гэж бичигдсэн байлаа. Элизабет хайрцгийг онгойлгов. Хайрцагны дээд талд нэг хүүхэлдэй байлаа. Элизабеттай адилхан хүүхэлдэй. Элизабет хүүхэлдэйг олж хараад, дагжин чичирж эхлэв. Хүүхэлдэйг түүний хоёр юмуу гурван сарын өмнө гээж алга болгосон улаан өнгийн нилон хүзүүний ороолтны өөдсөөр хувцаслажээ. Тэр үед тэр Эдтэй кинонд явсан…Хүүхэлдэйний гарыг гаанс цэвэрлэгчээр хийж, цэнхэр хөвд шиг харагдах бөс даавуугаар ороожээ. Магадгүй булшны хөвд байх… Хүүхэлдэйний толгой дээрх үс нэг л өөр харагдав. Хүүхэлдэйний ягаан өнгийн баллууран толгой дээр хонгор шаргал өнгийн зөөлхөн үс тогтоосон байлаа. Түүний өөрийнх нь үс элсэн шаргал өнгөтэй, бас үүнээс бүдүүн ширхэгтэй билээ. Энэ чинь түүний жижигхэн охин байх үеийнх нь үс байна шүү дээ.Элизабетын хоолойд нэг зүйл тээглэх шиг боллоо. Олон жилийн өмнө нэг жаалхүү түүний ардуур сэмхэн эргэлдэж, гартаа барьсан жижиг хайчаар үснээс нь хайчилж авч байгаа дүр зураг түүнд дүрслэгдэв. Элизабет хүүхэлдэйг хажуу тийш тавьж, хайрцаг руу ахин харлаа. Тэнд дээр нь улаан өнгийн бэхээр хачин жигтэй зургаан талт дүрс зурсан покерын цэнхэр хясаа байв. Бас ноён болон хатагтай Хамнер нарын үхлийн талаар эмгэнэл бичсэн хуучин сонингийн тасархай байв. Тэдний гэрэл зурган дээрх инээмсэглэсэн царай дээр хар өнгийн бэхээр нөгөө зургаан талт дүрсийг зуржээ. Бас ахиад нэг нь эрэгтэй, нэг нь эмэгтэй хоёр хүүхэлдэй… Тэдний царай сонингийн гэрэл зурган дээрх царайтай гарцаагүй адилхан байлаа. Элизабет хайрцаг доторхийг чичирсэн хуруугаараа ахин тэмтэрч үзлээ. Гэтэл нэг зүйл дуугарах чимээ түүнийг айлгав. Энэ бол эрэгтэй хүүхдүүд дэлгүүрээс худалдаж авч цуглуулдаг машины тоглоомон загвар байлаа. Уг загвар улаан өнгөтэй Фиат машиных байв. Тоглоомон машины урд талд тогтоосон даавууны өөдөс Тонигийн цамцтай адилхан харагдана. Элизабет тоглоомон машиныг эргүүлж хартал, хэн нэгэн нь машины доод хэсгийг эвдэж, хэдэн хэсэг болгожээ. “Тэгэхээр чи үүнийг олжээ, хүний тусыг үл мэдэгч гичий минь” Элизабет хашгираад тоглоомон машин болон хайрцгийг газар унагав. Эдийн “бохир үнэт зүйлс” шалаар нэг тарлаа. Эд үүдэн дээр зогсоод түүнийг ширтэж байв. Элизабет хэзээ ч хэн нэгнийг ингэж үзэн ядсан харцаар харж байгаагүй билээ. Элизабет Эд рүү хараад “Чи Тониг алсан” гэж хэлэв. Эд маасайтал инээв. “Чи үүнийг баталж чадна гэж бодож байна уу?” “Энэ хамаагүй” гэж Элизабет гайхмаар тайван хоолойгоор өгүүлэв. “Би бүгдийг мэдсэн. Би чамайг ахиж харахыг хүсэхгүй байна. Хэзээ ч…” Эдийн царай хачин жигтэй муруйв. “Чи надад талархах хэрэгтэй. Би чиний хүссэн болгоныг чинь өгдөг байсан. Өөр залуусын хийж үл чадах зүйлс. Үүний хүлээн зөвшөөр. Би чамайг төгс аз жаргалтай болгосон” “Чи Тониг алсан!” Элизабет түүн рүү хашгиран хэллээ. Эд өрөөнд алхаж орлоо. “Тиймээ, би үүнийг чиний төлөө хийсэн. Харин чи Бет? Чи хайр гэж юу байдгийг мэдэхгүй. Би чамайг анх хараад л дурласан, арван долоон жилийн өмнөөс. Тони чамд ингэж хэлж байсан гэж үү? Чи маш үзэсгэлэнтэй. Чамд хэзээ ч юу хүсч байгаагаа, юу хэрэгтэй байгаагаа, бас ганцаардал гэж юу болох талаар бодох шаардлага байгаагүй. Чамд энэ бүхнийг хайх шаардлага байгаагүй. Чамд хэрэгтэй зүйлс өөрсдөө л ирдэг. Гэтэл би хэзээ ч хүссэн зүйлээ авч чадаж байгаагүй. Намайг хичээгээгүй гэж чи бодож байна уу? Би аавдаа тусалдаг байсан. Тэр зөвхөн илүү их мөнгө л хүсдэг байсан. Би түүнийг баян болгохоос өмнө тэр хэзээ ч намайг үнсэж, бас тэвэрч байгаагүй. Миний ээж ч бас адилхан. Би түүнд гэрлэлтийг нь буцааж өгсөн, гэтэл түүнд энэ хангалттай байгаагүй. Тэр намайг үзэн ядсан! Тэр надад ойртдог ч үгүй байсан! Тэр намайг хэвийн бус гэдэг байсан! Би түүнд сайхан зүйлсийг өгөхийг оролдсон гэвч…Бет, үүнийг битгий хий! Битгий!…” Элизабет шалан дээр хэвтэх өөртэй нь адилхан хүүхэлдэй рүү алхаж очоод, гутлын өсгийгөөрөө дээрээс нь дэвслэв. Одоо тэр Эдээс айхгүй. Тэр бол ердөө л залуу эрийн биеэн доторх жижигхэн жаалхүү. “Одоо чи надад ямар нэг зүйл хийж чадна гэж би бодохгүй байна, Эд” гэж Элизабет хэлэв. “Би буруу ярьж байна уу?” Эд цаашаа эргэж харав. “Үргэлжлүүл” гэж тэр сул дорой хоолойгоор хэлэв. “Тэгэхдээ миний хайрцгийг зүгээр орхи” “Би хайрцгийг үлдээнэ. Гэхдээ хайрцаг дотор байсан зүйлсийг бол үгүй”. Элизабет Эдийн хажуугаар алхаж гарав. Эдийн мөр татганан хөдөлж байв. Магадгүй тэр Элизабетыг шүүрэн авахыг хүсэж байсан байх. Гэвч тэр тэгсэнгүй. Элизабет шатаар уруудан хоёр давхарт хүрэх үед Эд шатны дээрээс өнгийн түүний араас чанга дуугаар хашгирав. “Чи надаас хойш ямар ч залуутай сэтгэл хангалуун байж чадахгүй! Тэд чиний хүсч байгаа зүйлийг өгч чадахгүй болоход чи намайг хүсэх болно!” Элизабет шатаар уруудсаар, эцэст нь гадаа гарав. Гадаа хүйтэн байлаа. Сургууль хүртэл хоёр миль алхах шаардлагатай байсан ч тэр үүнд ер санаа зовсонгүй. Тэр алхахыг бас хүйтэн цасыг хүсч байлаа. Цас түүнийг угааж цэвэрлэхийг тэр хүсч байв. Хачирхалтай нь тэр Эдийг дотроо өрөвдөж байлаа. Хүмүүсийг тоглоомон цэрэг шиг байлгаж, барьж байхыг хүсдэг жаалхүү. Хэрэв тэд түүнд захирагдахаа больвол тэр тэднийг нухчин дардаг. Бүх зүйл Эдийн буруу биш, бас түүнээс өөрөөс нь шалтгаалсан бол яахав? Тэр Алисыг эсэргүүцэж байснаа эргэн санав. Тэд чиний хүсч байгаа зүйлийг өгч чадахгүй болоход чи намайг хүсэх болно!…Би чамд юу хэрэгтэйг мэднэ. Элизабет үнэхээр өөртөө юу хэрэгтэйг жаахан ч гэсэн мэддэг гэж үү? Гуйя, Бурхан минь, үгүй. Элизабет сургууль хот хоёрын хоорон дахь гүүрэн дээр зогсоод Эд Хамнерын илбэ шидийн зүйлсийг хэсэг хэсгээр нь гүүрнээс шидэв. Хамгийн сүүлд улаан өнгийн тоглоомон Фиат машин хунгарласан цасанд шигдэн унаж, нүдэнд нь харагдахгүй болоход Элизабет цааш үргэлжлүүлэн алхлаа.
  2. 1 р сарын 26 Далайн давалгаа намайг энэ эрэг дээр гаргаж хаяснаас хойш хоёр өдөр өнгөрлөө. Өнөө өглөө би арлыг бүхэлд нь тойрч үзсэн. Арал ч гэж дээ… Хамгийн өргөн газраа зуун ерэн алхам, нэг үзүүрээсээ нөгөө үзүүр хүртлээ хоёр зуун жаран долоон алхам урт. Надад харагдсанаар бол энд идчихэж болох зүйл огт алга. Намайг Ричард Пайн гэдэг. Харин энэ бол миний өдрийн тэмдэглэл. Намайг эндээс оллоо /хэзээг нь бүү мэд/ гэж бодоход тэмдэглэлээ хялбархан устгачихаж чадна. Шүдэнзнээс их юм алга. Шүдэнз бас героиноос их юм алга. Юу л байна энэ хоёр л байна. Аль алиных нь төлөө амиа золиослон байж энд ирэх хэрэггүй байж дээ, ха ха. За ингээд ямар ч байсан би тэмдэглэл хөтлөх болно. Их бага ямар нэг хэмжээгээр цаг нөгцөөхөд тус болох байх. Нэгэнт л бүгдийг, бүгдийг гэснээс яагаад болохгүй гэж гэж? Надад юу л байна цаг зав байгаа болохоор бүгдийг бичихээр шийдсэн болохоор би бол Нью Йоркийн Бяцхан Италид төрсөн Ричард Пинцетти байна гэдгээс эхлэх хэрэгтэй. Эцэг маань Европоос ирсэн. Би мэс засалч болохыг хүсдэг байлаа. Харин эцэг болохоор намайг шоолж, солиотой амьтан гэж дуудчихаад ахиад нэг стакан дарс аваад ир гэдэг байлаа. Тэрээр дөчин зургаатай байхдаа хорт хавдраар нас барсан юм. Би ч ингэсэнд нь баярлсан шүү. Сургуульд байхдаа америк хөл бөмбөг тоглодог байлаа. Би чинь сургуулийнхаа түүхэнд гарч байсан хамгийн шилдэг хөл бөмбөгчин байлаа шүү дээ. Хамгаалагч. Сүүлийн хоёр жилд нь хотын шигшээд тоглосон. Би уг нь хөл бөмбөгийг үзэн яддаг байсан. Гэхдээ чи итали гаралтай, дээр нь коллежд сурахыг хүсч байгаа бол цорын ганц боломж нь спорт байдаг хойно яая гэхэв. Тэгээд л би тоглож, спортын боловсрол олж авч байлаа. Коллежид үе тэнгийхэн минь академик боловсрол авч байхад би хөл бөмбөг тоглож байлаа. Ирээдүйн эмч шүү. Төгсөхөөс зургаан долоо хоногийн өмнө эцэг маань нас барсан юм. Ёстой сайхан байсан шүү. Тайзан дээр дипломоо авахаар гарчихаад тэр муу бүдүүн гахайг сууж байгааг харахыг хүсдэг байсан гэж та нар арай бодоогүй биз дээ? Таны бодлоор загасанд борооны цув хэрэгтэй юу? Би оюутны нэгэн байгууллагад элсэж орлоо. Пинцетти чиг гэх шиг овогтой над мэтийн хүнийг элсүүлж байсан болохоор тийм ч сайн байгууллага биш нь ойлгомжтой ч оргүйгээс юу гэдэг билээ дээ… Би яагаад энэ бүгдийг бичээд байгаа юм бол? Миний амьдралд болж өнгөрсөн бүхэн бараг л зугаатай гэмээр юм даа. Үгүй ээ, биш. Үнэхээр, жинхэнэ зугаатай. Аугаа их эмч Пайн гуай унтлагын хувцасны өмд, богино ханцуйтай цамц өмсөчихсөн арал дээр, алгын чинээ умгар, эзгүй арал дээр суучихаад өөрийнхөө түүхийг бичиж байна. Өлсөж байна шүү. Гэхдээ, энэ хамаагүй ээ. Нэгэнт л хүссэн болохоор балай түүхээ бичих л болно. Идэх юмны тухай бодлоос сатаарахад тус болж л таараа. Би эмнэлгийн коллежид орохоосоо өмнө овгоо Пайн болгоод өөрчилчихсэн юм. Тэгсэн чинь зүрхийг нь зүссэн юм хийлээ ч гэх шиг эх гуай үглээд л байсан. Ямар зүрхнийхээ тухай ярьж байсан юм бол доо? Өвгөнийг хадан гэр рүүгээс явсны маргааш нь шахуу л гудамжны адагт байдаг хүнсний дэлгүүрийн эзэн еврей эрийг хоргоогоод гүйж байсан юм даг. Овгоо дээдэлдэг дээдэлдэг гэхэд Штейбургер болгон солих гэж эх гуай арай л дэндүү яарчихсан юм. Миний цорын ганц мөрөөдөл бол мэс засал байлаа. Сургуульд байхаасаа л мөрөөддөг байсан. Тийм болохоор тэр үеэс л би тоглолтын өмнө үргэлж бээлийн өмсөж, дууссаных нь дараа гараа дэвтээдэг байсан юм. Үүнээс болж зарим хөвгүүд намайг дэгдээхэйний сангас гэж дооглоно. Тэглээ гээд би тэдэнтэй хэзээ ч зодолдож байгаагүй. Хөл бөмбөг тоглоно гэдэг тэртээ тэргүй асар их эрсдэл. Гэхдээ надад өөр бас бус арга байлаа. Хоу Плоцки гэдэг батга царайлсан, том биетэй, мангар юм намайг хамгийн их өддөг байлаа. Би бага зэрэг мөнгөтэй. Ганц хоёр хүн таньдаг, тав гурван үг сольдог байсан. Гудамжинд ингэлгүйгээр хол явахгүй шүү. Яавал үхэхээ захын тэнэг л мэднэ. Тэгэхээр яаж амьд гарав вэ гэдэгт л асуудлын гол нь байдаг юм. Ойлгож байгаа биз дээ. Тэгээд яахав манай сургуулийн хамгийн том биетэй залуу Рикки Браццитай уулзаад Хоу Плоцкийн амыг нь таглаад өг гээд мөнгө төлсөн, арван доллар. Дээр нь цөм цохиод авчирч өгсөн шүд болгоныг нь тус бүр нэг доллараар худалдаж авна гэж хэлсэн юм. Рикки надад цаасанд боочихсон гурван шүд авчирсан даа. Хоуг эд бад хийж байхдаа Рикки хоёр ч хурууныхаа ясыг гэмтээсэн байсан болохоор энэ ажил миний гар хуруунд ямар их аюултай байсан нь ойлгомжтой болж байгаа байх. Анагаахын коллежид гоожуурууд хувцасны тамтаг өмсчихөөд кафенд зөөгч хийж, гудамжинд зангиа зарж, шал угаангаа завсар зайгаар нь хичээлээ цээжлэх гэж үйлээ үзэж байхад би тун ч дажгүй амьдардаг байлаа. Хөл бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээний бооцоо, мөрийтэй тоглоом. Хуучин найз нартайгаа харьцаагаа таслаагүй байсан хэрэг. Тийм ч болохоор коллежид муугүй байсан. Гэхдээ л дадлагад гарснаараа ёстой нэг жаргасан даа. Нью Йоркийн хамгийн том эмнэлгүүдийн нэгэнд ажилладаг байсан юм. Анхандаа бол зөвхөн эмийн хоосон жор дээр ажилладаг байлаа. Найз нарынхаа нэгэнд нь зуун ширхэг хоосон жор зарна, тэр надаас аваад дөч тавин эмчийн гарын үсгийг дуурайлгаж зурна. Дуурайлгаж зурах эхийг нь бас л надаас худалдаж авна. Тэгээд дараа нь гарын үсэгтэй жороо гудамжинд нэг бүрийг нь арав, хорин доллараар зардаг. Тийм жор худалдаж авах гэсэн малууд захаас авахуулаад л мундахгүй. Тун удалгүй эм, бэлдмэлийн агуулах маш муу хараа хяналттай байдгийг олж мэдлээ. Агуулахад хэр их эм бэлдмэл орж, гарч байдгийг хэн ч сайн мэддэггүй. Хар тамхийг шуудайлах нь шахуу аваад гардаг хүмүүс ч байсан. Би бол тэгдэггүй. Угийн л болгоомжтой хүн. Хэзээ ч гэнэдэж, гарцаагүй байдалд орж байгаагүй хүн дээ би. Хэт тайвширч, азын тэнгэр нүүр буруулах хүртэл л дээ. Гэхдээ зүгээрээ, эргээд сэхэх цаг ирнэ. Үргэлж л сэхэж байсан юм чинь. Харин одоо ахиад бичиж чадахгүй нь. Гар чилж, харандаа мохчихлоо. Яагаад түгшээд байгаагаа мэдэхгүй юм. Удалгүй намайг эндээс олж авах байх. 1 р сарын 27 Завийг өчигдөр урсгалаар аваад явчихаж. Арлын хойд хэсгээс арван футын зайтай живчихсэн байна. Трос хаанаас олох вэ? Тэнгисийн цохио мөргөчихсөн болохоор завьны ёроол нь швейцар бяслаг шиг бөөн цоорхотой болчихсон байгаа. Дээр нь байсан хэрэгтэй гэсэн болгоноо би авчихсан байсан юм. Дөрвөн галлон цэвэр ус. Оёдлын иж бүрдэл. Эмийн сан. Уг нь бол хөлгийн бүртгэл хөтлөх ёстой байсан дэвтрийг авсан нь одоо ингээд миний өдрийн тэмдэглэл болчихоод байж байна. Хачирхалтай юм гэж бас байх юм даа. Дотроо хүний урманд ганц грамм ч хүнсгүй аврах завь гэж бас байдаг гэнэ ээ. Энэ хөлгийн бүртгэлийн дэвтэр дээр 1970 оны 8 р сарын 8 нд хамгийн сүүлд тэмдэглэл хийжээ. Аан, тийм бас нэг мохой, нэг маш иртэй хутга, эвхэгддэг халбаг сэрээ. Өнөө орой хоол идэхэд хэрэг болно доо. Хоол нь шарсан хад. Ха ха. За за, ямар ч байсан харандаагаа үзүүрлэчихлээ. Шувууны сангасанд дарагдсан энэ хадан дээрээс мултрахаараа хамгийн эхэнд тээврийн компанитай учраа ололцож шүүхэд өгнө дөө. Үгүй ядаж зөвхөн үүний төлөө л амь явсан ч болохоор шүү дээ. Харин би бол амьд явна гэж бодож байгаа. Эндээс мултарна гэж бодож байгаа. Тэгэхээр намайг хялбархаан буугаад өгчихөнө гэж бүү горьд. Эндээс мултарна даа. /хэсэг хугацааны дараа/ Завин дээрээс авсан юмныхаа жагсаалтыг гаргаж байхдаа Нью Иоркийн гудамжны үнээр гурван зуун тавин мянган орчим долларын үнэтэй хоёр килограмм дээд зэргийн героиныхаа тухай бичихээ мартчихаж. Харин энд бол сохор зоосны ч үнэ хүрэхгүй. Инээдтэй байгаа биз. Ха ха. 1 р сарын 28 Ямар ч л байсан хооллочихлоо. Хоол ч гэж дээ. Арлын төв хэсгийн нэг хадан дээр цахлай суучихсан юм. Тэр хэсгийн хад, асга нь замбараагүй овоороод, сангасанд битүү хучигдсан нуруурхуу юм үүсгэдэг. Би тэндэс гарт эвтэй чулуу олж байгаад зоригоо хүрэх газар цахлайнд гэтэж очлоо. Цахлай хадан дээр суучихаад гялалзсан хар нүдээрээ намай ширтэж байсан. Миний гэдэсний хуржигнан дуугарах чимээнээс үргээд нисчихээгүй нь сонин. Чулуугаа чадал мэдэн шидсэн чинь бөөрөнд нь оночиховоо. Цахлай чанга орилоод нисэх гэж оролдсон ч би баруун далавчийг нь хугалчихсан. Тэгээд тэр надаас зугатаад, би араас нь хөөж эхэлсэн. Цус нь цав цагаан өдийг нь даган урсаж байгаа би харж байсан шүү. Чөтгөрийн шувуу чинь миний үйлийг нэлээд үзсэн. Төв хадны нөгөө талд нь гарч яваад хөлөө хоёр чулуун завсар хавчуулаад золтой л шагайгаа хугалчихаагүй. Тэгэж тэгэж цахлайг цуцахаар нь арлын зүүн хэсэгт гүйцээд авсан. Усанд хүрч, хөвөх гэдэг байна шүү. Сүүлнээс нь бариад авсан чинь эргэж хараад намайг тоншоод авсан. Тэгэхээр нь нэг гараараа хөлнөөс нь, нөгөө гараараа хүзүүнээс нь барьж байгаад мушгичихсан. Хугарч байгаа хүзүүний чимээ надад тун их таашаал хүртээсэн дээ. Эрхэм ээ, хоол бэлэн боллоо. Ха ха. Олзоо «отог» тоо аваачсан. Гэхдээ цахлайны өдийг зулгааж, гэдэс дотрыг нь цэвэрлэхэсээ өмнө тоншуулсан шархаа йодолсон. Надад одоо халдвар авах л дутаад байж гэнэ. Шувууны хошуу үй түмэн нянтай шүү дээ. Барих нь ч яахав барьчихсан. Гэтэл харамсалтай нь болгож чадаагүй. Давалгаанаар эрэг дээр шидэгдсэн нэг ч мөчир, нэг ч банз байдаггүйн дээр ганц завь байсан нь живчихсэн. Тэгэхээр түүхийгээр нь идэхээс өөр арга байсангүй. Ходоод гэдэс маань шувууны махыг нэн даруй буцааж гаргахыг хүслээ. Би ходоод гэдсээ ойлгож байсан ч зөвшөөрч чадахгүй байлаа. Тэгээд дотор муухайрахыг нь болих хүртэл уруу тоолж эхэлсэн. Ингэхээр зүгээр болчихоод байдаг юм. Новш чинь миний шагайг хугалаахаа шахаад, бас гарыг минь тоншчихсон шүү. Хэрэв маргааш ахиад нэгийг барих юм бол нэлээд зовоох юм шүү. Энэ удаад ч яахав хурдан үхэх боломж олгочихлоо. Одоо ч гэсэн юм бичиж байхдаа эндээс доошоо харахад л элсэн дээр хэвтэх шувууны тасархай толгойг харж болж байна. Хар нүдэнд нь үхлийн манан татчихаад байхад л намайг даапаалаад байх шиг санагдаад байх юм. Цахлайнд ер нь тархи гэж байдаг болов уу? Байдаг бол идэж бодлог болов уу? 1 р сарын 29 Өнөөдөр ходоодны мухарт шидчих юм байдаггүй ээ. Нэг цахлай надаас холгүй хадны ирмэг дээр суусан ч намайг «чанх урдаас нь оновчтой дамжуулалт» өгч амжихаас өмнө нисээд явчихсан, ха ха. Сахал ургаад эхэллээ. Аймаар загатнаж байна. Хэрэв цахлай эргээд ирвэл барьж байгаад алахаасаа өмнө нүдийг нь ухаж авна даа. Ний нуугүй хэлэхэд би маш сайн мэс засалч байсан юм шүү. Муусайн юмнууд л мэргэжлээрээ ажиллахыг минь хорьчихсон болохоос. Гэхдээ нээрээ, бүгд л үүнийг хийдэг байж нэг нь баригдмагц л гэв гэнэт ариун амьтад болчихдог, инээд хүрмээр шүү. Намайг ч ёстой нэг баллаж өгсөн дөө. Дадлагын эмчийн дүрд тоглож байхдаа есөн шидийн адал явдалд орооцолдсоор залхаад сүүлдээ Парк Авенюд өөрийн гэсэн эмнэлэг нээсэн дээ. Надтай «мэргэжил нэгтэй» зарим юмнуудын адилаар баян аав, өндөр ивээн тэтгэчийн ачаар бус бүгдийг өөрийн гараар, өөрийн зүтгэлээр нээсэн юм шүү. Эмч хийх эрхгүй болох үед аав гуай ядуусын оршуулгын газар нойрсоод есөн жил болж байлаа. Эх гуай намайг лицензээ хураалгахаас жилийн өмнө өөд болчихсон. Тун ч эвгүй байдалд орсон доо. Би Ист сайдын долоо найман эмийн санч, хоёр том эм нийлүүлэгчээс гадна багаар бодож хориод бусад эмч нартай хамтран ажиллададаг байлаа.Би тэдэн рүү өөрийнхөө үйлчлүүлэгчдийг, тэд над руу өөрсдийнхийгөө явуулна. Хагалгаа хийчихээд өвчин намдаахад шаардлагатай бүх эмийн жорыг нь бичээд өгчихнө. Хагалгаа болгон заавал шаардлагатай байгаагүй ч, өвчтөний зөвшөөрөлгүйгээр нэг ч хагалгаа хийгээгүй юм шүү. Бас миний бичсэн эмийн жорыг хараад «Надад ийм эм хэрэггүй» гэж хэлсэн нэг ч өвчтөн байгаагүй юм. Жишээлэхэд, 1970 онд хэдэн өвчтөндөө бамбай булчирхайн хагалгаа хийлээ гэж бодоход, тэд намайг зөвлөвөл өвчин намдаагч эмийг ахиад тав, эсвэл арван жилийн турш уудаг байсан юм. Заримдаа би үнэхээр тэг гэж зөвлөдөг байлаа. Тэгээд ч ингэдэг эмч нь би ганцаараа биш нь мэдээж. Цаашилбал, бага зэргийн мэс ажилбарын дараа өвчтөн нойрондоо муу болжээ гэж бодъё. Эсвэл тураах эм уусныхаа дараа хэт цочимтгой болж гэе. Тэгвэл энэ бүхнийг аргалах шиг амар юм байхгүй. Нэг хоёрын гурваа, гүйцээ. Хэрэв би тэдэнд хэрэгтэй юмыг нь өгөхгүй юм бол өөр эмчээс л очоод авчихна шүү дээ. Тэгэж байтал татварын албаныхан дарамтлаад эхэлсэн, Лоуэнталийг. Муу ухныг дээ. Тэгээд таван жил хорьно гээд айлгаадахсан нь нөгөөх нь амиа авч үлдэх гээд арваад нэр хэлээд өгчихгүй юу. Тэд намайг нэг их удаан мөрдөж мөшгөөгүй ч бариад авах үед нь би таваас илүү жилээр сууж магадгүй болчихсон байсан. Гарын үсэгтэй жорын хоосон маягт зарахаас эхлээд хэд хэдэн хэрэг байсан. Тэр хоосон жорын маягтыг бодохоор инээд хүрээд байдаг юм. Тийм жижиг наймаа хийх ямар ч шаардлага байгаагүй мөртлөө сурсан зангаараа л зараад байсан байгаа юм даа. Сул мөнгөнөөс татгалзаж чадахгүй л байхгүй юу. Тэгээд яахав би ганц хоёр хүн мэддэг байлаа. Ийш тийш нь чимээ тавьж байгаад хоёр гурван хүнийг чононуудад хаяж өгсөн дөө. Дан надад таалагддагүй хүмүүсийг. Бүгдээрээ өөдгүй новшнууд байсан юм. Бурхан минь ямар их өлсөж байн аа. 1 р сарын 30 Өнөөдөр цахлай байдаггүй ээ. Жижиг наймаачид тэргэнцэр дээрээ «Өнөөдөр улаан лооль байхгүй» гээд биччихсэн явдаг шиг юм болж байна даа. Хурц хутгаа аваад цээжээ хүртэл усанд орж зогслоо. Халуун наран доор ийм байдлаар хөдөлгөөнгүй дөрвөн цаг зогсож үзэв. Хоёр ч удаа одоо унах нь уу даа гэж бодож байсан ч эвгүйцэнгүйт нь гайгүй болох хүртэл нь уруугаа тоолоод байсан. Ингэж зогсохдоо нэг ч загас олж харсангүй. Нэгийг ч шүү. 1 р сарын 31 Анхныхтайгаа адил аргаар бас нэг цахлай аллаа. Дэндүү өлсгөлөн байсан болохоор занаж байсан шигээ зовоох тэвчээр байсангүй. Гэдэс дотрыг нь цэвэрлэж байгаад идчихсэн. Дараа нь гэдэс дотроос нь хамаг сангасыг нь шахаж байгаад бас идчихсэн. Эргээд тэнхээ орж байгаагаа мэдрэх сонин байсан шүү. Би бүр бага зэрэг айгаад эхэлчихсэн байсныг хэлэх үү. Арлын төв хэсгийн мундаг том хадны сүүдэрт хэвтэж байхад хүмүүсийн дуу хоолой сонсогдох шиг болсон. Эх, эцэг, хуучин эхнэрийн дуу сонсогдоод. Хамгийн муухай нь Сайгонд надад героин зарсан нөгөө хужаагийн дуу байсан. Юу гэж байгаа нь мэдэгдэхгүй шулагнаад л, магадгүй хэлнийхээ талыг огтлуулчихсан байсан болохоор тэгдэг байсан биз. «За алив, амсаад үз» гэж хий дуу нь хадаад. «Жаахан амсаад үзчих. Тэгвэл чи өлсөж байгаагаа ч мартана. Сайхан эд шүү…» Би харин энэ мэтийн заваан юм бүү хэл нойрсуулах эм ч ууж байгаагүй юм. Лоуэнталь амиа хорлсон гэж би хэлж байгаагүй билүү? Муу ухныг дээ. Хуучин ажлынхаа өрөөнд боомилоод үхчихсэн. Тэгснээрээ олон хүнд буян үйлдсэн гэж би боддог. Би эмчийнхээ лицензийг буцааж авахыг хүссэн юм. Ганц хоёр хүнтэй уулзсан чинь болно, гэхдээ их мөнгө хэрэгтэй гэцгээсэн. Миний төсөөлж байснаас ч их мөнгө юм гэнэ. Миний сейфэнд дөчин мянган доллар байсан л даа. Тэгээд азаа үзэж эргэлдүүлэхээр шийддээ. Эргэлдүүлж байгаад хоёр, эсвэл бүр гурав нугалаад авна гэж. Ронни Ханеллитэй уулзлаа. Бид хоёр коллежд хөл бөмбөг тоглодог байсан юм. Цагтаан би дүүд нь туслаж байсан юм. Роннийг хуулийн ангид сурдаг байсан гээд бод доо. Инээд хүрмээр юм. Бид хоёрын хамт өссөн гудамжинд мань хүнийг Зодоонч Ронни гэдэг байлаа. Мань хүн бөмбөг, цохиураар тоглодог бүх тоглоом, бас хоккейг шүүдэг гэж байгаа. Шүүлт нь таалагдахгүй бол дуугүй өнгөрөх, эсвэл ясаа тоолох гэсэн хоёр боломж л чамд бий. Пуэрторикочууд мань хүнийг Гоймон Ронни гэж дуудаг. Үүнд мань хүн дургүй ээ. Тэгээд ийм хүн сургуульд ороод, дараа нь хуулийн коллежд элсээд өмгөөлөгчийн шалгалтыг оромдож өгчихөөд манай тэнд, яг баарнаас өөдөөс харсан байранд контороо нээчихэж байгаа юм даа. Цагаан «Континенталь» даа суучихсан манай гудамжаар яаж явж байгаа нь нүдэнд харагдах шиг болдог юм. Тэндэхийнхээ хамгийн том буруу гарын бизнесмен. Роннид надаар хийлгэх ажил байгааг нь би мэдэж байлаа. «Аюултай л ажил даа» гэж мань эр хэлсэн. «Гэхдээ чи хэзээд амиа аваад гарчихаж чадна. Дээр нь эвгүйтвэл чамайг хоёр хүнтэй танилцуулж өгнө өө. Нэг нь төрийн албан хаагч байгаа юм». Дараа нь надад хоёр нэр хэллээ. Лут том биетэй Генри Ли Цу гэдэг хужаа, Солом Нго гэдэг вьетнам. Нго нь химич. Чамлахааргүй их хөлсөөр хужаагийнх нь нийлүүлсэн барааг нь шалгадаг. Хужаа нь байсхийгээд л элдэв янз болдог болохоор л тэр. Яадаг вэ гэхээр гялгар уутанд нь тальк, угаалтуур угаадаг нунтаг, цардуул хийгээд өгчихдөг байхгүй юу. Ингэж маяглаж байгаад нэг өдөр амиа алдана даа гэж Ронни надад хэлж байсан. 2 р сарын 1 Онгоц нисч өнгөрлөө. Яг арал дээгүүр. Би хадан дээр гарч дохио өгөхийг оролдсон юм. Гэтэл хөл чулуун завсар орчихдог байгаа. Анхны шувууг алж байхдаа хөлөө хийчихдэг яг тэр чөтгөрийн завсарт. Тэгээд шагайгаа хугалчихсан. Давхар хугаралт. Яг л буудаж байгаа юм шиг дуу гарсан. Аймаар өвдсөн. Дуу алдахдаа тэнцвэрээ алдчихав. Тэнцвэрээ олох гэж нисэх нь үү гэлтэй гараа савчуулсан болов ч чадалгүй унаад, унахдаа толгойгоороо хад мөргөөд ухаан алдачихсан. Бүрэнхий болсон хойно л ухаан орлоо. Толгойны шархнаас бага зэрэг л цус гарсан байна лээ. Шагай харин машины дугуй шиг пэмбийж хавдасны дээр хамаг бие наранд аймаар түлэгдчихэж. Нар ахиад ганц цаг илүү туссан бол хамаг бие цэврүүтэх байсан байна шүү гэж. Догонцсоор ийшээ ирээд бэмбэгнэтэл чичирсэн амьтан өвдөлт, арчаагүй байдалдаа бухимдаж шөнөжин уйлсан. Толгойн, баруун тал, чамархайн хэсэг дээрх шархаа ариутгаад чадлынхаа хэрээр сайн боочихсон. Арьсны өнгөц шарх бас миний бодож байгаагаар тархины бага зэргийн доргилт. Харин шагай… Хоёр, эсвэл бүр гурван ч газраа хугарснаас зайлахгүй. Одоо яаж цахлайны араас гүйх болж байна аа? «Каллас» аас амьд үлдсэн хүмүүсийг хайж байгаа эрлийн онгоц заавал байх ёстой доо. Далайн давалгаа намайг онгоц живсэн газраас олон бээрийн хол аваачсан байж болох юм. Тэгвэл тэд ийшээ ирэхгүй ч байж болзошгүй. Шагай ямар их өвдөж байна аа, бурхан минь гэж. 2 р сарын 2 Би аврах завьны живсэн газраас холгүйхэн, арлын урд хэсгийн эргийн дагуу тэмдэг өрөөд тавьчихлаа. Ингэх гэж хэд хэдэн удаа завсарлаж, сүүдэрт амарч байж бүтэн өдөр зарцууллаа. Амарсан мөртлөө л хоёр удаа ухаан алдсан. Би дийлэнхдээ шингэний дутагдлаас болж багцаагаар хорин фунт орчим жин алдаж. Гэхдээ одоо бол би эндээс, сууж байгаа газраасаа өдрийн турш бичсэн үсэгнүүдээ харж болж байна. Цагаан элсэн дээр хар чулуугаар «Туслаарай» гэж бичсэн. Үсэг бүр нь дөрвөн футын өндөртэй. Дараагийн онгоц намайг заавал анзаарч харна даа. Гэхдээ дараагийн онгоц нь үүгээр нисвэл шүү дээ. Хөл байнга өвдөх юм. Бүр ч илүү хавагнаад, хугарсан газар нь сэжиг бүхий толбо гараад ирчихэж. Толбо нь томроод байх шиг байна. Цамцаараа чанга барьж боохоор өвдөлт нь багар зэрэг намдах ч аймаар хүчтэй өвдөж байгаа болохоороо би унтах гэхээсээ илүү ухаан алдалтын байдалтай байх шиг байна. Тайрах хэрэг гарч магадагүй талаар бодох боллоо. 2 р сарын 3 Шагай бүр ч илүү хавдаад толбоны хэмжээ ч томроод байна. Хагалгаа хийх хэрэгтэй болвол өөрийгөө чадна гэж бодож байгаа. Надад хурц хутгыг ариутгах чүдэнз бий, оёдлын иж бүрдлээс авсан утас зүү бий. Цамцыг боолт болгоод урчихна. Бас надад хоёр кило өвчин намдаагч, өвчтөнүүддээ бичиж өгдөг байснаас арай өөр хэлбэрийн өвчин намдаагч байна. Гэхдээ миний өвчтөнүүдэд олддог байсан бол тэд ч энэ өвчин намдаагчийг хэрэглэх л байсан. Мөрийцсэн ч бэлэн байна. Тэр муусайн үсээ будсан чавганцууд эргээд сэргэх боломжтой л гэвэл дезодорант ч амьсгалахад бэлэн байгаа. Надад итгээрэй. 2 р сарын 4 Би хөлөө тайрахаар шийдлээ. Дөрвөн өдөр юу ч идсэнгүй. Энэ мэтээр цаг алдаад, өлсгөлөнгөөс болж шоконд ороод байвал хагалгааны үеэр ухаан алдаад цус алдсаар үхэж магадгүй. Харин би ямар ч муухай байсан хамаагүй амьдармаар байна. Анатомын хичээл дээр Мокриж бидэнд юу гэж ярьдаг байсныг би санаж байна. Бид түүнийг Хөгшин Мокки гэж дууддаг байлаа. Эрт оройгүй нэгэн цагт гэж тэр ярьдаг байлаа. – Анагаахын оюутан болгон сургалтынхаа явцад нэг асуулттай заавал тулгардаг. Хүн хэр хүчтэй гэмтлийн шокийг тэсч гарч чадах вэ? гээд анатомын хүснэгт дээрх элэг, бөөр, зүрх, дэлүү, гэдсийг ээлжлэн заангаа, хуруугаа чад хийн дуугаргадаг байсан. Энэ асуултын хариу нь жентельменүүдээ гэж тэр яриагаа үргэлжлүүлнэ.- хариу нь үргэлж өөр нэгэн асуултанд тулдаг. Тэр нь хүн тэсч гарахыг хэр их хүсч байна вэ вэ? гэсэн асуулт. Би хагалгааг амжилттай хийж чадна гэж бодож байна. Үнэхээр тэгэж бодож байгаа. Зайлшгүй тулгарах зүйлийг бага ч гэсэн хойшлуулах гэсэндээ энэ бүхнийг бичиж байгаа байх гэж бодож байна. Гэхдээ би яаж яваад энд ирсэн тухайгаа гүйцэд яриагүй байгаагаа саналаа. Хагалгаа амжилтгүй болж магадгүй тул гүйцээсэн нь дээр байх. Энэ нэг их цаг авахгүй болохоор дуусахад үед нь хагалгаа хийж болохуйц гэгээтэй байна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд ч миний цаг одоо дөнгөж өглөөний ес болж байгааг зааж байна. Ха. Сайгонд би жуулчны дүрээр нисч ирсэн. Хачин сонсогдож байна уу? Огтхон тийм биш юм шүү. Никсоны өдөөсөн дайныг үл харгалзан энэ орныг үзэх гэж ирдэг мянга мянган хүн байдаг. Хуучин машины сэг, азарган тахианы зодоон мэтийн зүйлийн үзэх гэж ирдэг хүмүүс байж л байдаг биз дээ. Хужаа найз маань надад бараагаа өглөө. Нөгөөхийг нь Нгод аваачиж үзүүлэхэд, дээд зэргийн чанартай бараа байна гэж мэдэгдэв. Тэгээд дөрвөн сарын өмнө Ли Цу ээлжит удаагаа маягласных нь дараа эхнэр нь «Опель» ийнхээ түлхүүрийг түлхээд дэлбэрсэн гэж надад хэлэв. Тэр явдлаас хойш элдэв маяг, янз ахиж ахиж гаргаагүй юм байх. Би Сайгонд би гурван долоо хоног болсон юм. Намайг Сан Францискод хүргэх ёстой байсан аяллын «Каллас» хөлөг онгоцны тасалбарыг захиалж авсан. Нэгдүгээр өрөө. Бараатайгаа онгоцонд ороход асуудал гарсангүй. Нго нь гаалийн хоёр ажилтанд хахууль өгчихсөн болохоор нөгөө хоёр нь миний ачааг үзсэн төдий дүр үзүүлээд өнгөрсөн. Бараа болохоор тэдний тоож ч хараагүй гялгар уутанд хэвтэж байсан юм. «Америкийн гаалиар гарах нь хавьгүй хэцүү юм болно доо» гэж Нго надад хэлсэн. «Гэхдээ энэ бол та нарын асуудал». Би барааг америкийн гаалиар авч гарах гээгүй байлаа. Ронни Ханели нь нэгэн маш хүнд ажлыг гурван мянган доллараар гүйцэтгэж өгөх усанд шумбагчийг хөлсөлсөн юм. Би тэр хүнтэй Сан Францискод «Сент Режис отель» нэртэй хямдхан буудалд уулзах ёстой байв /миний тооцолсноор энэ уулзалт хоёр өдрийн өмнө болох ёстой байсан/. Төлөвлөгөө ёсоор бол барааг ус нэвтэрдэггүй саванд хийнэ. Тэгээд саванд нь улаан будагтай уутанцар бас цаг бэхлэж өгөх ёстой байв. Хөлөг онгоцыг зогсоолд орохын өмнө савыг ус руу шидэх ёстой байсан юм. Бэлэн мөнгөнд дуртайн дээр дараа нь илүү юм чалчаад байхааргүй сэргэлэн, эсвэл дүнхүүдүү өрөөний үйлчлэгч, туслах тогоочийг яг хайж байтал «Каллас» живчихсэн. Яаж, яагаад гэдгийг нь бүү мэд. Давалга өндөр байсан ч онгоц зүгээр л байх шиг санагдаж байсан. Хорин гуравны оройн найман цагийн орчим тавцангийн доор, хаана ч юм бэ бүү мэд дэлбэрэлт болсон юм. Би энэ үед «Каллас» ын гол тасалгаанд байж байсан бөгөөд онгоц шууд л зүүн тал руугаа хазайгаад эхэлсэн. Хүмүүс орилолдон ийш тийш гүйлдэж эхэллээ. Бааран дахь лонхнууд тавиур дээрээсээ унан хага үсэрч байлаа. Доод талын тавцангаас нэг эр гуйвж дайвсаар гараад ирсэн. Цамц нь шатаад арьс нь улайчихсан. Аялал эхлэхийн өмнө өгсөн заварчилгааны дагуу өөр өөрийн харъяалагдах аврах завь руу очихыг чанга яриагчаар тушаалаа. Гэвч зорчигчид замбараагүй гүйлдсээр л… Зааварчилгаанд суух талаар бодсон хүн нь тун цөөн байсан юм чинь аргагүй л дээ. Харин би бол зүгээр нэг суугаагүй эртхэн шиг очоод хамгийн эхний эгнээнд суусан юм. Өөрийнхөө амь насанд шууд холбоотой юм болгонд би ямагт маш анхааралтай ханддаг. Өрөөндөө орж героиноо хоёр хуваан халаасандаа хийсэн. Тэгээд аврах завь №8 –ийг зүглэн явлаа. Шатаар давцан дээр гарч байх зуур ахин хоёр дэлбэрэлт болж, онгоц бүр ч илүү хазайгаад эхэлсэн. Давцан дээр ч жинхэнэ хөл толгой нь олдохгүй юм болж байлаа. Хүүхэд тэвэрсэн хүүхэн улам бүр хазайх тавцан дээгүүр муухай орилон хурд авсаар миний хажуугаар өнгөрсөн юм. Хүүхэн тэр эрчээрээ гүйсээр бариуланд тээглээд ус руу уначихсан. Агаар дээр хоёр бүтэн эргэчихээд гурав дахиа эргэж байхыг нь харж амжсан ч гүйцэд харж амжаагүй. Нүүр, гар нь аймшигтай түлэгдсэн, тогоочийн цагаан хувцастай хүн замдаа таарсан юм болгоныг мөргөн «Надад туслаарай. Би юу ч харахгүй байна. Туслаарай. Би юу ч харахгүй» гэж орилоод л… Үймээн сандраан нь багийн гишүүдээс зорчигчдод яг л халдварт өвчин шиг халдаж, бүгдийг хамарсан даа. Гэхдээ «Каллас» дээр эхний дэлбэрэлт гарснаас бүрэн живэх хүртэл ердөө хорь орчим минут л болсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Зарим аврах завийг орилж хашгичсан хүмүүс бүчэн авсан байхад, зарим хов хоосон. Миний суух ёстой 8 тоот завь онгоцны хазайсан талд байсан бөгөөд бараг хүнгүй шахуу байсан юм. Дэргэд нь үхлүүд цонхийсон, цоохор нүүртэй усан цэрэг бид хоёроос өөр хүн байгаагүй. Усан цэрэг эр нүдээ аймшигтайгаар эргэлдүүлэн «Энэ муу чөтгөрийн тэвшийг усанд буулгая» гэсэн. «Хараал идсэн савангийн хайрцаг чинь яг одоо живэх нь». Аврах завийг буулгах механизм нь уг нь бол тун хялбар зүйл байсан ч нөгөөх эр тэвдэж, тэнэгтэж байгаад өөрийнхөө талын бүх олсыг орооцолдуулчихдаг байгаа. Завь доошоо зургаан фут орчим нисээд унжчихлаа. Унжих унжихдаа хошуу нь бөгснөөсөө хоёр фут доогуур унжчихсан. Нөгөө усан цэргийг орилоод ирэхээр нь туслахаар дөхсөн юм. Тэтэл мань эр орооцолдоог өөрөө гаргаж чадсан ч гараа араанд хавчуулчихсан. Олс хэсэг зуур утаа савсуулж, арьсыг нь хуу татан алган дээгүүр нь гулгаад яах ийхийн зуургүй ус руу татагдаад орчихсон доо. Би ч олсон шат буулгаж байгаад үтэр түргэн завиндаа суугаад унжлага олсноос нь салгаж авсан. Тэгээд сэлүүрдэж эхэлсэн дээ. Цагийн сайханд найзуудынхаа зусланд очихдоо зугаагаа гаргах гэж сэлүүрддэг байсан бол одоо амиа аврахын тулд сэлүүрдэж байлаа. «Каллас» ын живэх газраас аль болох холдохгүй л юм бол эргүүлгэ нь намайг чирээд орно гэдгийг би сайн ойлгож байсан юм. Онгоц ч таван минутын дараа усан дор далдарлаа. Харин би эргүүлэг үүсэх бүсээс нь хангалттай гарч амжагүй байсан юм. Тэгээд ядаж ухралгүй нэг газраа тогтох гэж хамаг хүчээ шавхан сэлүүрдэхээс өөр аргагүй болсон. «Каллас» ч яах хийхэн зуургүй живсэн дээ. Онгоцны хошуун дээрх бариулаас барьсан хэдэн хүмүүс муухай орилолдоод л байсан. Яг л сүрэг сармагчин шиг. Далайн давалгаа улам хүчээ авсан. Би нэг сэлүүрээ алдсан ч нөгөөхтэйгээ үлдсэн байлаа. Тэр шөнө яг л зүүд зэрэглээ шиг манараад өнгөрсөн дөө. Завиар дүүрэх усыг хутгаж байгаад сэлүүрээ авч галзуурсан мэт сэлүүрдээд, дараа нь ахиад л давалгаанд цохиулан усаар дүүрээд ирэхээр нь хутгаад… Тэгэж байтал хорин дөрвөний өглөө, нар мандах үеэр давалгаа завийг түрж эхэлсэн. Завь ч урагшаа улаан галзуу хурдлаад. Энэ аймшигтай байсан ч бас давхар сэтгэл гижигдээд сайхан байсан. Гэнэт завины мод тачигнаад хугарч эхэлсэн ч живж амжаагүй байхад нь давалгаанаар энэ бөөн хадан дээр шидэгдэн амьд гарсан юм. Би хаана байгаагаа ч мэдэхгүй байна. Ямар ч баримжаа алга. Би ч баримжаалахдаа тааруу л даа. Ха ха. Гэхдээ би хийх ёстойгоо мэдэж байна. Энэ бол сүүлчийн боломж ч гэлээ бүх юм бараг болчих байх гэж бодож байна. Өмнө нь би үргэлж мултардаг л байсан юм чинь. Орчин үеийн хиймэл хөл гэдэг чинь гайхамшигтай юм болсон гээд биз дээ? Тэгэхээр би өрөөсөн хөлтэйгээ ч сайхан амьдраад байж чадна. Өөрийгөө төсөөлж явсан шигээ тийм мундаг хүн үү үгүй юу гэдгийг шалгах цаг ирлээ. Амжилт хүсье, залуу минь. хад өвдөлт нь бүх биеэр минь давалгаална. Би тэр шувууг хэзээ л нэг нисээд явчих бол доо гэж хүлээж байсан. Гэвч шувуухай нисдэггүй ээ. Цээжээ түхийлгэж байгаад жагсаалын үзлэг хийж байгаа нисэхийн генерал шиг л наашаа цаашаа чухал байдалтай алхалж гарсан. Үе үе жижигхэн, сэжиг хүрмээр нүдээрээ над руу харах болгонд нь хөдөлгөөнгүй хөшиж байгаад дахин алхалж эхлэх хүртэл нь уруу тоолоод байсан. Далавчаа дэвэх тоолонд нь зүрх зогсчих шиг болно. Миний шүлс зогсолтгүй асгарч байлаа. Яагаад ч нэмэргүй. Яг л жаахан хүүхэд шиг. Хэр удаан гэтсэн юм бол бүү мэд. Магадгүй цаг, хоёр цаг болсон байх. Ойртох тусам зүрх хүчтэй цохилж, цахлай улам амттай харагдаад. Тэгсээр сүүлдээ энэ цахлай намайг даапаалж, чулуу шидэх зайнд дөхөнгүүт л нисээд явчих гэж байгаа юм шиг санагдаад. Хөл гар салаглаад эхэлсэн. Ам хув хуурай. Мухар маань аймшигтай өвдөхийг яана. Хар тамхины шарталт эхэлчихсэн юм биш байгаа гэсэн сэгжиг төрлөө. Ийм хурдан уу? Долоо хоног хүрэхтэй үгүйтэй хугацаанд л героин татсан шүү дээ би. За энэ ч хамаагүй ээ. Надад хэрэгтэй юм чинь. Цаана нь зөндөө байгаа. Хэрэв дараа нь, Америкт очсон хойно эмчилгээ хийх хэрэг гарвал Калифорний хамгийн сайн эмнэлгийг сонгож авна даа, дуртайяа сонгож авна. Тэгэхээр одоо бол энэ асуудал биш. Тийм биз? Чулуу шидэх зайнд мөлхөж хүрсэн ч шидсэнгүй. Онохгүй чинь баталгаатай юм байна гэсэн бодол гэнэт намайг зовоогоод эхэллээ. Бүр ч ойртох хэрэгтэй. Тэгээд яахав би чулуугаа атган, толгойгоо гэдийлгэж байгаад үргэлжүүлэн мөлхлөө. Миний үйлээ үзсэн биенээс хөлс гол мөрөн шиг л цутгалж байна. Чамд би хэлээгүй билүү, миний шүд өгөрөөд эхэлсэн гэж? Мухар сүсэгтэй байсан бол ч идсэн юмнаас л болж байна гэж бодох байсан байх даа. Идсэн юм нь болохоор… Би зогтуслаа. Одоо бол өмнөх цахлайнуудад ч ойртож байгаагүйгээр ойртчихож. Тэгсэн атлаа л шидэх зориг хүрдэггүй. Хуруугаа цайтал нь чулуугаа атгасан мөртлөө л шидэж чадсангүй. Яагаад вэ гэвэл алдах л юм бол юу намайг хүлээж байгааг сайн мэдэж байсан юм. Барааг дуусгасан ч хамаа алга. Би муусайн юмнуудаас бултаж чадна аа. Үлдсэн амьдралыхаа туршид ёстой сайхан, аз жаргалтай амьдарна. Уртаас урт үлдсэн амьдралынхаа туршид. Тэр мууг хаднаас нисээгүй бол чулуугаа барин мөлхсөөр бүр тулж очих байсан байх гэж бодож байна. Сэм мөлхөж очоод хоолойг нь боож алах байсан. Гэвч далавчаа ганцхан дэвээд л нисчихсэн. Би мухай орилон өвдгөн дээрээ өндийж байгаад хамаг чадлаараа чулуугаа шийдчихсэн. Тэгээд … тэгээд оночихсон. Шувуу хачин битүү дуу гаргаад хадны нөгөө тал руу унаад өгөв. Амандаа юм үглэн, инээд алдангаа мухраараа чулуу цохиж байгаа ч мэдрэхээ байгаад хадны орой дээр гарч, нөгөө тал руу нь бууж эхэллээ. Тэнцвэрээ алдаад толгойгоороо чулуу цохичихсон. Мундаг том овоосон ч гэлээ тухай үедээ л бол би анзаараагүй. Би шувууг оночихсон, одоо шувууг авах хэрэгтэй гэхээс өөр зүйлийг анзаарах, мэдрэх сөхөөгүй байлаа. Гайхамшигтай амжилт. Яг далавчинд нь. Цахлай хугарсан далавчаа чирэн эрэг рүү сажилж байлаа. Гэдэс нь тэр чигтээ цус болчихож. Би араас нь мөлхөж чадах дээд хурдаа мөлхөж байсан ч шувуу надаас хурдан явж байлаа. Тахир дутуучуудын уралдаан. Ха ха. Бидний хоорондын зай богиноссоор бариад авчихвал авчих л байсан, миний хоёр гар хэрэггүй байсан бол. Миний гар надад ахиад хэрэг болно оо. Гараа гэмтээхгүйг зөндөө хичээсэн ч гэлээ далайг эрэг хүрэх үед миний алга цул шарх болчихсон. Дээр нь би цагаа халны ирмэгэнд цохиод хагалчихсан. Цахлай муухай орилсоор усанд пүл хийн ороход нь би барьж авах гээд зүтгэлээ. Гэвч миний гарт сүүлнийнх нь хэсэг өд л үлдсэн. Дараа нь би унаад ус залгилж, золтой л живчихээгүй. Гэвч би дахиад мөлхсөн. Бүр араас нь сэлэх гэж үзсэн. Мухрын маань боолт мултраад уначихсан. Живж эхэлсэн дээ. Ядарч туйлдаснаасаа болж чичирч салагалан, өвдөлтөөсөө болж галзуурахаа шахсан амьтан чөтгөрийн муу шувууг хараан зүхэж, уйлж, орилсоор эрэг дээр арай гэж гарч ирсэн. Муу шувуу харин эргээс бага багаар холдсоор усны мандал дээр удаан гэгч нь санжигнан хөвсөн. Харж тэвчилгүй, нэг мэдэхнээ эргээд ирээч гэж гуйгаад байсан уу яасан, сайн санахгүй байна. Гэхдээ тэнгисийн гүний хаданд тулж очих үед миний бодлоор цахлай үхчихсэн байсан байх. Ямар шударга биш юм бэ. Дараа нь отго дээрээ хүрэх гэж бараг бүтэн цаг болсон. Тэгээд героиноосоо ахиухан татсан ч гэлээ муу цахлайд уур хүрсээр л байсан. Тэртээ тэргүй баригдахгүй л байсан юм бол намайг тэгэж өдөх хэрэг юу байна аа? Яагаад эхнээсээ шууд нисээд явчихаагүй юм бэ? 2 р сарын 9 Би зүүн хөлөө тайраад мухрыг нь өмдөөрөө боочихлоо. Хагалгааны явцад шүлс тасралтгүй гоожсон. Гоожуулаад л байсан. Яг тэгэхэд, цахлайг хараад гоожуулж байсан шигээ. Яагаад ч зогсоох боломжгүй гоожуулсан. Тэгсэн атлаа би орой хүртэл хүлээж тэвчсэн шүү. Зуугаас тэг хүртэл уруугаар нь хорь, гучин ч удаа тоолчихов уу яав. Ха ха. Тэгэж тоолохдоо… Би байнга л хүйтэн шарсан мах, хүйтэн шарсан мах гэж амандаа үглээд л байсан, үглээд л байсан. гөх. Өдрийн хагасыг героинд мансуурч өнгөрүүлж байна. Үлдсэн хагаст нь мухар хөлнийхээ өвдөлт, загатнааг мэдэрдэг. Ядаж байхад чийгнээс болоод өвдөлт, загантаа нь улам нэмэгдэх юм. Гэхдээ би бууж өгөхгүй ээ. Тангараглаж байна. Яасан ч бууж өгөхгүй. Энэ бүхэн ямар ч хэрэггүй байна гэж байх ёсгүй. 2 р сарын 11 /?/ Сүүлийн хоёр өдөр бороо орлоо. Хүчтэй салхитай. Дотор нь мөлхөөд орчихож болох нүх гаргах гэж төв хадны ойролцоох хэдэн том чулууг зайчилж дөнгөлөө. Нэг жижигхэн аалза олсон. Зугатаж амжихаас нь өмнө чимхэж барьж аваад… тэгээд идчихсэн. Ямар гоё амттай юм бэ. Шинэ мах. Дээр байгаа чулуунууд толгой дээрээс нураад ороод ирж магадгүй юм байна гэж бодлоо. Нурвал нурж л байг. Шуурга дуустал нүхэндээ бүглээ. Магадгүй бороо хоёр биш гурван өдөр орсон байж болох юм. Эсвэл бүр ганцхан өдөр. Гэхдээ бороо дуустал хоёр удаа шөнө болсон шиг санагдаад байна. «Тас үсрэх» дуртай болчихоод байгаа, би. Өвдөлт ч тэр, загтнаа ч тэр мэдрэхгүй сайхан юм. Амьд гарна гэдгээ би мэдэж байн аа. Ийм их зовлонг хүн ямар ч хэрэггүй туулж гарна гэж юу байхав. Хүүхэд байхдаа нэг сүмд очдог байлаа. Тэнд нь там, бузар нүглийн тухай цэцэрхэх дуртай нэг атигар лам мөргөл уншдаг байсан. Там, бузар нүглийн талаарх цэцэрхэх дуртайг нь яана гээ. Мань хүний бодлоор бол бузар нүглийг яаж ч цайруулах боломжгүй юм гэнэ. Тэгсэн чинь өчигдөр шөнө мань хүнийг зүүдэлдэг байгаа. Хар өмсгөл, живэр сахалтай Хэйли ламтан. Хуруугаа ёрдойлгож ирээд л «Чи ямар ичдэггүй юм бэ, Риччард Пинцетти гуай…. бузар нүгэл… чи хараагдсан шүү хүү минь… үеийн үед» гэх юм. Би шоолоод инээчихсэн. Энэ там биш юм бол өөр юуг там гэх юм бэ? Тэгээд ч байж болох цорын ганц бузар нүгэл бол бууж өгөх. Өдрийн хагасыг героинд мансуурч өнгөрүүлж байна. Үлдсэн хагаст нь мухар хөлнийхээ өвдөлт, загатнааг мэдэрдэг. Ядаж байхад чийгнээс болоод өвдөлт, загантаа нь улам нэмэгдэх юм. Гэхдээ би бууж өгөхгүй ээ. Тангараглаж байна. Яасан ч бууж өгөхгүй. Энэ бүхэн ямар ч хэрэггүй байна гэж байх ёсгүй. 2 р сарын 12 Ахиад л нар гарлаа. Сайхан өдөр. Найз гэгддэг хэдэн юмнуудыг хөлдөж үхэх гээд сууж байгаа байх гэж найдаж байна. Энэ арал дээр аз гээч юм байдаг бол өнөөдөр миний хувьд тун азтай байлаа. Тэнгэр муудсан үед халуураад байсан нь намдчих шиг боллоо. Нүхнээсээ мөлхөн гарч ирж байхдаа сульдаж, салаганасан амьтан байсан бол халуун элсэн дээр хоёр, гурван цаг хэвтэснийхээ дараа бараг л эргээд хүн болчих шиг боллоо. Мөлхсөөр арлын урд хэсэгт очиж, шуурганаар эрэг дээр шидэгдсэн мод олсны дотор миний аврах завьны хэдэн банз байлаа. Банзнуудын зарим нь замганд хучигдчихсан байсан. Тэгэхээр нь хусч аваад идчихлээ. Амт гэж хэрэг алга. Нейлонон хөшиг идэж байгаа юм шиг л. Гэхдээ л энэ өдөр хамаагүй сайхан байна. Олсон модоо хатаахын тулд эргээс аль болох хол чирж авчирлаа. Нордоггүй чүдэнзтэй сав надад одоо хүртэл байгаа шүү дээ. Намайг хайж байгаа бол дохионы түүдэг асаана. Үгүй бол дээр нь хоол хийж идэж болно. Харин одоо бол унтлаа, би. 2 р сарын 13 Хавчтай таарсан. Алаад бяцхан түүдэг асааж байгаад шараад идчихлээ. Энэ орой би бурханд бараг л итгэсэн шүү. 2/14 Тусламж хүссэн миний үсэгний дийлэнхийг нь давалгаа арилгачихсан байгааг өнөө өглөө л анзаарлаа. Шуурга чинь гурав хоногийн өмнө дууссан биз дээ? Энэ бүх өдрүүдэд би тэгтлээ манарчихсан байсан юм байхдаа? Байдлыг анхааралдаа авч, тунгаа багасгах хэрэгтэй юм байна. Тасарчихсан байх хооронд хөлөг онгоц хажуугаар өнгөрөөд явчихвал яана? Би үсэгнүүдээ ахиад шинээр өрчихлөө. Ингэх гэж бүтэн өдөр зарцуулсан болохоор их ядарч байна. Өмнөх хавч баригдсан газраас хавч хайж үзсэн ч юу ч олсонгүй. Үсэг өрж байхдаа чулуунд гараа эсгэчихсэн болохоор ядарч байсан ч шархаа тэр даруй йодлож ариутгалаа. Би гараа арчлах хэрэгтэй. Яаж ч байсан гараа арчилна шүү. 2/15 Цахлай хадны орой дээр суулаа. Чулуу шидэх зайнд мөлхөж хүрэхээс өмнө нисээд явчихсан. Муу шувууг бодолдоо тамруу илгээлээ. Тэнд очоод үеийн үед Хэйли ламтаны нүдийг нь ухаж байг. Ха ха. Ха ха Ха. 2/17 (?) Баруун хөлөө өвдөгнөөс нь доогуур огтлож авлаа. Гэхдээ цус их алдчихлаа. Героин татаж байгаа ч өвдөлт нь нэмэгдээд байна. Надаас өөр хүн байсан бол ч гэмтлийн шокоос болоод аль хэдийн үхчихсэн байгаа даа. «Өвчтөн тэсч гарахыг хэр их хүсч байна вэ?» гэсэн асуултанд «Өвчтөн амьдрахыг хэр их хүсч байна вэ?» гэсэн асуултаар хариулахыг минь зөвшөөрнө биз дээ. Гар салагалаад байна. Хоёр гар минь л болохгүй бол би өнгөрлөө л гэсэн үг. Намайг тэгэж хөөдөх эрх энэ хоёр гаранд байхгүй. Байх ч ёсгvй. Би энэ хоёрыг бүх насаараа л хамгаалж байсан. Арчилж байсан. Тэгэхээр намайг хөөдөх гэж оролдохгүй байсан нь дээр. Үгүй бол харамсана даа. Одоохондоо ч яахав би өлсөөгүй байна. Завьнаас үлдсэн банзнуудын нэг нь дундуураа цуурчихаж. Нэг үзүүр нь хурц үзүүртэй. Би дээр нь шорлож байгаад … хоолоо… Шүлс аймаар гоожиж байсан ч тэвчээр заагаад хүлээсэн. Тэгээд дараа нь нөгөө юу… махны тухай. Торон дээр том хэрчмээр нь шардаг байсан махны тухай бодож эхэлсэн. Уилл Хаммерсмитэд дээр нь бүтэн гахай шарж болох том тортой эдлэн газар Лонг Айлендэд байсан юм. Бид нар дүүрэн стаканаа дvvргэж барьчихаад саравчинд нь суунга мэс засал, гольф, эсвэл өөр зүйлсийн талаар ярилцдаг байсансан. Шарсан гахайны сайхан үнэр салхинд хөөгдөн хамар цоргиод л… Шарсан гахайн махны сайхан үнэр шүү, чөтгөр аваасай билээ. 2/- (?) Нөгөө хөлөө өвдөг хүртэл нь тайрчихлаа. Өдөржин нойр хүрээд. «Эмч ээ, энэ хагалгааг заавал хийх ёстой байсан юм уу?» Ха ха. Гар хөгшин хүнийх шиг л салаглах юм. Үзэн ядаж байна энэ хоёр гарыг. Хумсан дороо цустай. Новшнуудыг дээ. Доторх нь нэвт харагддаг ходоодтой үзүүлэн эмнэлгийн коллежд байсныг санаж байна уу? Би яг л тийм болчихлоо. Харагдаад байх зvйл алга. Нэг тиймэрхүү л. Миний хам Дом л голдуу ингэж ярьдаг байсныг санаж байна. Клубынхээ гонжоомыг өмсөчихсөн гудамжны булангаас эхлээд л бүжиглэсэн шиг ойртоод ирдэгсэн. Тэгээд за яасан Дом хамаа, хүүхэнтэйгээ хэр байв даа? гэж асууцгаана. Тэгэхээр Дом «Нэг тиймэрхүү» гэж хариулна. Дом хамаа гэж. Хуучин найз нарынхаа дунд, өөрийнхөө гудманд үлддэг байж дээ. Гэхдээ би зөв эмчилгээ, сайн протезтэй бол дөнгөж төрсөн юм шиг л болно гэдэгтээ итгэлтэй байгаа. Ийшээ эргэж ирээд «Энд шүү дээ. Энд болсон юм» гэсэн шиг хүмүүст яриад байж байна даа. Хахаха 23 2(?) Үхсэн загас оллоо. Өмхий, илжирчихсэн. Тэгсэн ч гэлээ идчихсэн. Бөөлжмөөр байсан ч тэсээд гарсан. Би тэсч гарнаа. Эндэхийн үдэш мөн ч сайхан шүү. 2 р сар Хийж зүрхлэхгүй байгаа ч заавал хийх ёстой. Гэхдээ гуяны артерийн цусыг яаж тогтоодог билээ. Энэ түвшинд артери гэдэг чинь тоннель шиг л том байдаг шүү дээ. Хийх ёстой. Ямар ч аргаар хамаагүй. Зүсэлт хийх шугамыг гуян дээрээ гаргачихлаа. Энэ хэсгээрээ бас ч гэж гайгүй махтай байна. Шугамыг яг энэ харандаагаараа гаргасан юм шүү. Шүлс асгарахаа больдоггүй юм байх даа. 2 Би… өнөөдөр… түр амсхийх…. бүрэн эрхтэй шүү…. тун удахгүй…. босоод гарч… «Макдональдс» орно доо… давтсан мах хоёр… сүмс… салат… давсалсан өргөст хэмх… сонгино… талхтай… Ня ня ня няяаааа ня ня 2 Өнөөдөр усанд өөрийнхөө тусгалыг харлаа. Арьсаар бүрсэн гавлын яс. Ингэхэд би ер нь солиорсон болов уу яасан бол? Сонин юм. Тийм л байх аа даа. Би эрэмдэг мангас болж хувирчээ. Жинхэнэ эрэмдэг мангас. Хавч. Тас үсэрсэн хавч. Нээрээ, цаадуул чинь өөрсдийгөө ингэж нэрлэдэг болчихсон байсан уу үгүй юу? Хөөе, залуу хөөрхий хавчинд ганц цент хайрлаач. Хахахахаха Хэн юу иднэ яг тийм болдог гэцгээдэг. Yнэхээр тийм л юм бол би ОГТХОН Ч ӨӨРЧЛӨГДСӨНГҮЙ. Бурхан минь гэмтлийн шок гэмтлийн шок. ГЭМТЛИЙН ШОК ГЭДЭГ ЮМ ОГТ БАЙДАГГҮЙ ЮМ БАЙНА. ХА 2/40? Зүүдэндээ эцгийгээ үзлээ. Согтохоороо англиар ганц үг ч хэлж чадахаа байчихдаг юм. Хэлээд байх үг ч байхгүй байсан юм чинь дээ. Хөлдүү мал. Хөлдүү мал минь ээ, чиний гэрээс явахдаа мөн их баярлаж билээ би, аав гуай. Явна гэдгээ би мэдэж байсан юм. Тийм ч болохоор чамаас яваа биз дээ, айн? Гар дээрээ гарч явсан. Гэвч хоёр гаранд минь өөр огтлох зүйл үлдсэнгүй дээ. Өчигдөр хоёр чихээ огтолчихсон. Баруун гараар хийсэн нүглийг зүүн гар угаадаг болохоор баруун гарын чинь юу хийж байгааг зүүн гарч чинь мэдэхгүй байж байг нэг хоёр гурав нэгэн зэрэг алхаад хахахаха Энэ гар байна уу, тэр гар байна уу ер нь ямар хамаа байна аа. мах бол хамгийн сайхнаас сайхан хоол шүү. Бурхан минь баярлалаа чамдаан. Чи минь бидэндээ үргэлж сайхан ханддаг шүү хурууны амт, амт нь гэвэл үнэндэ бол яахав дээ л юм.
  3. Таныг зорьж ирсэн шалтгаан бол би танд өөрийн түүхээ ярихыг хүссэн юм гэж Харпер эмчийн буйдан дээр сууж буй эр хэлэв. Тэр эрийг Лестер Биллингс гэдэг бөгөөд Коннектикутын Вотербаригаас иржээ. Сувилагчийн тэмдэглэл дээр бичсэнээр тэр хорин найман настай, Нью Йорк хотын нэг аж үйлдвэрийн пүүсэд ажилладаг, эхнэрээсээ салсан, гурван хүүхдийн эцэг аж. Хүүхдүүд нь бүгд нас баржээ. “Би Католик шашинтан биш учраас санваартан дээр очиж чадахгүй. Бас одоогоор надад хуулийн зөвлөгөө шаардлагагүй байгаа болохоор би хуульч дээр очиж чадахгүй. Би хүүхдүүдээ бүгдийг нь алчихлаа. Нэг дор нь. Тэднийг бүгдийг нь алчихсан”. Харпер эмч дуу хураагчаа асаав. Биллингс буйдан дээр хөлөө эгцээр нь сунган суужээ. Өмднийх нь үзүүрээс хөл нь цухуйж үзэгдэнэ. Зайлшгүй доромжлолыг тэвчиж буй эрийн дүр зураг. Хоёр гараа цээжин дээрээ зөрүүлэн тавьжээ. Түүний царай нь маш анхааралтай харагдах бөгөөд цагаан өнгийн таазан дээр ямар нэг үзэгдэл тоглогдож мэт тааз руу ширтэх аж. “Та тэднийг үнэхээр алчихсан хэрэг үү, эсвэл” “Үгүй”. Нөгөө эр тэвчээр алдан гарын сарвуунуудаа шаг шаг дуугаргав. “Гэхдээ би маш их хариуцлагатай байсан. Денни 1967 онд, Ширл 1971 онд, харин Энди энэ жил. Би танд энэ талаар ярихыг хүсч байна” Харпер эмч юу ч хэлсэнгүй. Биллингс наснаасаа илүү хөгшин, ядрангуй харагдаж байна гэж эмч дотроо бодов. Түүний үс нь шингэрч, царай нь цонхийж, нүдэнд нь золгүй нууц агуулагдаж буй мэт үзэгдэнэ. “Тэд алуулсан, ойлгов уу?” Гэвч хэн ч үүнд итгэдэггүй. Хэрэв тэд итгэсэн бол бүх зүйл зүгээр байх байсан. “Яагаад?” “Яагаад гэвэл…” Биллингс гэнэт үгээ тасалж, тохойгоо нудраад, өрөөний цаад хэсгийг ширтэв. “Тэр юу вэ?” гэж Биллингс хашгирав. Нүд нь нарийсан жижгэрчээ. “Тэр гэдэг чинь юу вэ?” “Тэр хаалга” “Ханын шүүгээ” гэж Харпер эмч хэлэв. “Би дотор нь цуваа өлгөж, гуталнуудаа хийдэг юм” “Онгойлго, би харахыг хүсч байна” Харпер эмч олон үг хэлэлгүй босч, өрөөний цаад хэсэгт хүрээд, ханын шүүгээг онгойлгов. Шүүгээн доторх дөрөв таван хувцасны өлгүүрийн нэгнээс нь арьсан борооны цув өлгөжээ. Шүүгээний доод хэсэгт шилбээр татсан урттай борооны гутал байв. Нэг гутлан дотор нь хуйлсан Нью Йорк Таймс сонин чихжээ. Ингээд л гүйцээ. “Болсон уу?” гэж Харпер эмч асуув. “Тийм ээ” гэж Биллингс хариулаад тохойгоо нугалан, буцаж түрүүчийн байрлалдаа оров. “Та ярьж байсан” гэж сандал дээрээ буцаж суусан Харпер эмч хэлээд “хэрэв таны гурван хүүхдийн алуурчин нотлогдвол таныг зовоож буй бүх зүйл төгсгөл болно.Энэ чинь юу гэсэн үг вэ?” “Би шорон руу явна” гэж Биллингс шуудхан хэлэв. “Амьдралын төлөө. Бүх өрөөн дотор шорон байдгийг харж болно. Бүх өрөө.” Тэр чимээгүйхэн инээмсэглэв. “Хүүхдүүд чинь хэрхэн алуулсан юм бэ?” “Битгий намайг яаруул!” Биллингс татвагнан хөдлөөд, Харпер луу хорсолтойгоор ширтэв. “Би танд ярих болно, санаа зоволтгүй. Би таны Наполеон болж баашилдаг эсвэл ээж маань намайг хайрладаггүй учраас би хар тамхины хорхойтон болсон гэж ярьдаг этгээд өвчтөнүүдийн чинь нэг биш шүү. Таныг надад итгэхгүй гэдгийг чинь би мэдэж байна. Гэхдээ би үүнд санаа зовохгүй байна. Энэ асуудал биш. Зөвхөн ярих нь л надад хангалттай ” “Би сонсч байна” Харпер эмч гаансаа авав. “Би Ритатай 1965 онд гэрлэсэн. Тэр үед би хорин нэгтэй, Рита арван наймтай байсан. Тэр жирэмсэн болсон байв. Тэгээд Денни төрсөн”. Биллингс уруулаа мурийлган, айдас төрүүлэм инээмсэглээд, нүдээ ирмэв. “Би коллежаа орхиж, ажилд орох хэрэгтэй болсон, гэвч би санаа зовохгүй байв. Би тэр хоёрт хайртай байсан. Бид маш аз жаргалтай байлаа” “Рита Денниг төрсөнөөс хэсэг хугацааны дараа ахин жирэмсэлж, 1966 оны 12 сард Ширл төрсөн. Харин 1969 оны зун Эндийг төрөхөд Денни хэдийн нас барчихсан байлаа. Энди төрсөн нь алдаа байсан. Рита хэлэхдээ тэр жирэмснээс хамгаалах зарим нэг зүйлс хэрэглэж байсан боловч үйлчлээгүй гэсэн. Харин би үүнийг алдаанаас илүү зүйл байсан гэж үздэг. Хүүхдүүд эр хүний эрх чөлөөг хязгаарладаг гэдгийг та мэднэ. Эмэгтэйчүүд эр хүн тэднээс илүү ухаантай байхад дуртай. Энэ үнэн гэж та боддоггүй гэж үү?” Харпер инээмсэглэв. “Энэ асуудал биш байсан. Би Эндийг хайрласаар л байсан”. Тэр хүүхэддээ хайртай байсан ч эхнэрээ үзэн ядсан мэт үүнийг бараг л хорсолтойгоор хэлэв. “Хэн хүүхдүүдийг чинь алсан юм бэ?” гэж Харпер асуув. “Бүүгиймен” Лестер Биллингс шуудхан хариулав. “Бүүгиймен тэднийг бүгдийг нь алсан. Шүүгээнээс гарч ирээд л тэднийг алчихсан”. Тэр татвагнан хөдлөөд, маасайтал инээв. “Та намайг галзуурсан гэж бодож байгаа. Гэхдээ би санаа зовохгүй байна. Би танд бүгдийг ярихыг хүсч байна” “Би сонсож байна” гэж Харпер хэлэв. “Энэ бүхэн Деннийг хоёр настай, харин Ширлийг дөнгөж төрөөд байх үед эхэлсэн юм. Рита Деннийг ор луу нь аваачих үед тэр уйлж эхэлдэг болов. Манайх хоёр унтлагын өрөөтэй байсан. Ширл бидний өрөөнд хүүхдийн орон дээр унтдаг байлаа. Рита үүний төлөө битгий асуудал үүсгэ гэдэг байв. “Гэвч энэ бол хүүхдүүдийн зан ааш эвдэрч эхэлж байна гэсэн үг. Чи тэдэнд юу ч хийж болохыг нь зөвшөөрч, тэднийг эрхлүүлдэг. Дараа нь тэд чиний зүрхийг өвтгөнө. Зарим охид жирэмсэлж, зарим нь хар тамхинд донтож эхлэнэ. Эсвэл хүүхдүүд аймхай хулчгар нэгэн болдог. Зарим өглөө сэрэхдээ та өөрийнхөө хүүхдийг олж харна гэж төсөөл, таны хүү, тэр айсан шинжтэй таныг ширтэж байвал? “Хэсэг хугацааны дараа Денни энэ бүхнээ зогсоогоогүй учраас би түүнийг ор луу нь өөрөө аваачдаг болов. Хэрэв тэр уйлахаа болихгүй бол би түүнийг алгаддаг байв. Дараа нь Рита Денни “гэрэл” гэж олон дахин давтан хэлээд байгааг надад хэлэв. Би юу ч мэдэхгүй байлаа. Хүүхдүүд жаахан байна, тэд юу хэлж байгаагаа сайн мэдэхгүй. “Рита шөнийн гэрэл өрөөнд нь тавихыг хүсэв. Би үүнийг зөвшөөрсөнгүй. Хэрэв хүүхдүүд жаахан байхдаа л харанхуйгаас айхаа болихгүй бол хэзээ ч айхаа болихгүй. “Ширлийг төрсөний дараах зун Денни нас барсан юм. Тэр шөнө би түүнийг ор луу нь аваачих үед тэр бас л уйлж эхэлсэн юм. Тэр үед түүний юу хэлсэнийг би сонссон. Тэр шүүгээ рүү гараараа заагаад “Бүүгиймен” гэж хэлсэн. “Ааваа, Бүүгиймен” “Би өрөөний гэрлийг унтраагаад өөрийнхөө өрөөнд очиж Ритагаас хүүхэддээ яагаад энэ үгийг зааж өгсөн юм бэ гэж асуув. Би Ритаг алгадаж, сануулга өгөхийг хүсч байлаа. Гэвч би тэгээгүй. Тэр Деннид хэзээ ч энэ үгийг зааж өгөөгүй гэдгээ хэлэв. Би түүнийг хараал идсэн худалч гэж дуудав. “Энэ бол миний хувьд маш муухай зун байсан. Миний олж чадсан ганц ажил бол Пепси Колаг барааны агуулах руу зөөх явдал байв. Би цаг үргэлж л ядарч эцсэн байдалтай байдаг байлаа. Ширл шөнө болгон сэрж уйлахад нь Рита түүнийг орноос нь авч тэврэнгээ, нусаа татна. Заримдаа би тэднийг хоёуланг нь цонхоор гаргаад шидчихмээр санагддаг байв. Христос минь, хүүхдүүд заримдаа чамайг галзууруулах шахдаг. “Тэр өглөө Ширл намайг төлөвлөгөөнийхөө дагуу гурван цагт сэрээв. Би угаалгын өрөө рүү хагас сэрүүн байдалтай явахад Рита надаас Денниг шалгаад ирэхгүй гэж асуув. Би түүнд өөрөө үүнийг хий гэж хэлээд буцаж ор луугаа явав. Ритаг хашгирах үед би бараг л буцаад унтчихсан байлаа. “Би босоод Деннигийн өрөө рүү явав. Денни дээшээ хараад үхчихсэн хэвтэж байлаа. Бие нь гурил шиг цагаан болчихсон байв. Түүний нүд нь томоор нээлттэй, бас задгай зуухан дээрх хандгайн толгойг харсан мэт гөлийчихсөн байсан. Яг зүүн Азийн хүүхдүүд шиг. Америк хүүхдүүд ингэж хардаггүй. Тэр нуруугаараа дээш харан үхчихсэн хэвтэж байлаа. Түүнийг өмдөндөө шээгээд байсан тул сүүлийн хоёр долоо хоногийн турш өмсгөх болсон живхтэйгээ үхчихсэн хэвтэж байсан. Аймшигтай, би энэ хүүхдэд хайртай байсан” Биллингс толгойгоо удаанаар сэгсрээд, ахиад л айдас төрүүлэм маасайтал инээмсэглэв. “Рита орь дуу тавин хашгирч, Денниг тэврэн бүүвэйлж, сэрээхийг оролдов. Гэвч би түүнд үүнийг зөвшөөрсөнгүй. Цагдаагийн оффицерүүд нотлох баримтанд гар хүрэхэд дургүй байдаг шүү дээ” “Дараа нь та энэ бол Бүүгиймен байсан гэдгийг мэдсэн хэрэг үү?” гэж Харпер тайвнаар асуув. “Өө, үгүй дээ. Дараа нь биш. Гэвч би нэг зүйлийг харсан. Би энэ бүхэн ямар учиртай болохыг ойлгоогүй, гэвч би оюун ухаандаа хадгалсан” “Юу байсан юм бэ?” “Шүүгээний хаалга онгорхой байсан. Бага зэрэг. Гэвч би хаалгыг хаалттай орхисон байсан гэдгээ мэдэж байв. Шүүгээнд хуурай цэвэрлэгээний цүнхнүүд байдаг байсан. Хүү маань тэдгээрийн нэгээр нь тоглодог байсан юм. Та үүнийг мэдэх үү?” “Тийм ээ. Дараа нь юу болсон бэ?” Биллингс мөрөө хавчив. “Бид түүнийг оршуулсан” “Мөрдөн байцаалт явагдсан уу?” “Тодорхой”. Биллингсийн нүд ёжтойгоор гэрэлтэв. “Гартаа чагнуур барьсан, хар цүнхтэй нэг мулгуу этгээд хүрч ирээд нярай хүүхдэд тохиолддог гэнэтийн үхэл гэж тодорхойлсон. Та өмнө нь ийм тэнэг зүйл сонсч байсан уу? Хүү маань гурван настай байсан ” “Хүүхэд төрөөд эхний нэг жилийн хугацаанд л энэ үхэл элбэг тохиолддог” гэж Харпер болгоомжтой хэлэв. “Гэвч энэ үхэл таван нас хүртэл нь тохиолдож болох юм гэсэн онош гарсан” “Хараал идэг!”гэж Биллингс хараав. Харпер дахин гаансаа асаалаа. “Бид оршуулгаас хойш сарын дараа Ширлийг Деннигийн хуучин өрөө рүү нүүлгэв. Рита байдгаараа эсэргүүцсэн боловч би эцсийн шийдвэрийг гаргасан юм. Энэ надад хэцүү байсан, гэхдээ л би үүнийг хийсэн. Исус минь, би бидэнд байсан бүх хүүхэддээ хайртай байсан. Гэвч чи үүнээс илүү хамгаалалтыг хийж чадахгүй байх байсан. Намайг бага байхад ээж намайг далайн эрэг рүү аваачаад дараа нь сөөнгө дуугаар хашгирдаг байлаа. “Битгий хол яваарай! Тийшээ битгий яв! Далайн түрлэгт ойртож болохгүй! Чи цагийн өмнө хоол идсэн! Толгойг чинь давсан усанд битгий ор!” гээд л. Эцэст нь юу болов? Би усны ойролцоо явж чадахаа байсан. Тиймээ энэ үнэн. Одоо би далайн эрэгт ойртож очих үед л айсандаа гэдэс базалдаг. Амьдрал үргэлжилсээр. Ширл Деннигийн унтдаг байсан ор луу шилжсэн юм. “Нэг жил өнгөрөв. Нэг шөнө би Ширлийг орон дээр нь аваачихад тэр орилж, уйлж эхлэв. “Бүүгиймен, ааваа, Бүүгиймен, Бүүгиймен!” “Тэр над руу үсрэн ирээд тэврэв. Яг л Денни шиг. Би шүүгээний хаалганы талаар санаж эхлэв. Бид Денниг олох үед шүүгээ бага зэрэг онгорхой байсан. Би Ширлийг шөнийн турш өөрсдийн өрөөнд байлгахыг хүслээ””Та юу?” “Үгүй”. Биллингс гараа ажиглан харснаа, дараа нь нүүр нь татвасхийв. “Би яаж Рита дээр буцаж очоод миний бурууг байж гэдгийг хүлээн зөвшөөрөх болж байна? Би хүчтэй байх хэрэгтэй байсан. Рита үргэлж л загас шиг байдаг…бид гэрлээгүй байхад л тэр надтай цуг нэг оронд орсон” Биллингс хөшсөн мэт болсноо Харперын зүг толгойгоо эргүүлэв.”Та ухаантай залуу байх гэж хичээдэг үү?” “Үнэндээ бол үгүй” гэж Харпер хэлэв. “Би энд өөрийн нууцаа ярих гэж ирээгүй. Өөрийн түүхээ ярих гэж ирсэн. Хэрэв та хүлээж байгаа бол би өөрийн сексийн амьдралынхаа талаар ярих гээгүй. Рита бид хоёрын сексийн амьдрал жирийн байсан, ямар ч бохир зүйл байгаагүй. Би зарим хүмүүст энэ талаар ярих нь хэцүү байдгийг мэднэ, гэхдээ надад энэ талаар санаа зовох зүйл ер байхгүй ” “Ойлголоо” гэж Харпер хэлэв. “Сайн байна”. Биллингс хямсгараар хэлэв. Тэр бодож байсан зүйлээ мартчихсан мэт харагдах бөгөөд нүд нь шүүгээний хаалган дээр тэнүүчлэнэ. “Та шүүгээний хаалгыг онгойлгохыг хүсч байна уу?” гэж Харпер асуув. “Үгүй!” гэж Биллингс түргэн хариулав. Тэр санаа зовсон шинжтэй инээмсэглэв. “Би таны борооны гутлыг харахыг хүснэ гэж үү?” “Бүүгиймен Ширлийг ч бас авсан” гэж Биллингс хэлэв. Тэр дурсамжаа сэргээх гэсэн мэт духаа маажив. “Нэг сарын дараа. Гэхдээ энэ бүхний өмнө зарим зүйлс тохиолдсон юм. Нэг шөнө би нэг чимээ сонсов. Дараа нь Ширл хашгирав. Би өрөөнийх нь хаалгыг хурдан онгойлгож, гэрэл асаалаа…тэр хүүхдийн орон дээр суугаад уйлж байв. Гэтэл шүүгээний ойролцоо, сүүдэрт ямар нэг зүйл хөдлөв. Ямар нэг зүйл мөлхөж байсан” “Шүүгээ онгорхой байсан уу?” “Бага зэрэг”. Биллингс уруулаа долоов. “Ширл Бүүгийменээс болж хашгирч байсан. Тэр “сүүгээ” гэж хэлэв. Рита шатаар уруудан бууж ирээд юу болсоныг асуув. Би түүнд Ширл таазан дээрх мөчирний сүүдэрнээс айсан байна гэж хэлэв” “Сүүгээ гэнээ?” гэж Харпер хэлэв. “Аан?” “Сүүгээ…шүүгээ. Тэр магадгүй “Шүүгээ” гэж хэлэхийг оролдсон байх” “Магадгүй” гэж Биллингс хэлэв. “Магадгүй тэгж хэлсэн байх. Гэвч би энэ талаар бодоогүй”. Тэр ахин шүүгээний хаалгыг ширтэв. “Та шүүгээн дотор юу байгааг харсан уу?” “Тиймээ”. Биллингс цээжиндээ гараа зөрүүлэн тэвэрчээ. “Тэнд ямар нэг зүйл байсан уу? Та…” “Би юу ч хараагүй!” Биллингс гэнэт хашгирч эхлэв. Түүний сэтгэл дэхь бөглөө онгойсон мэт үгнүүдээ ар араас нь урсгаж эхлэв. “Би түүнийг олох үед тэр үхчихсэн байсан. Ойлгож байна уу. Тэр бүхэлдээ хар өнгөтэй болчихсон байсан. Түүний бие нь бүхэлдээ негр хүн шиг хар өнгөтэй болж, хэлээ хазаад, над руу ширтэж байсан. Нүднүүд яг л амьд бөмбөлөг мэт аймшигтайгаар над руу ширтэж, ааваа та намайг алсан, та түүнд намайг алахад тусалсан гэж хэлж байх шиг санагдсан…” Тэр үгээ гэнэт таслав. Маш том, чимээгүй нулимсан дусал хацрыг нь даган урслаа. “Энэ тархины татвалзах өвчин байсан гэсэн. Хүүхдүүд заримдаа өвчилдөг. Бид Хартфордод очиход тэд түүнийг татвалзах өвчнөөс болж хэлээ хазсан байна гэж хэлсэн. Би гэр лүүгээ ганцаараа буцаж явлаа, учир нь тэд Ритаг тайвшруулах эмчилгээнд явах хэрэгтэй гэсэн. Түүний ухаан санаа нь самуурсан байсан юм. Би тэгээд тэр зүйл дотор нь байгаа байшиндаа ганцаараа буцаж очсон”. Тэр шивнэв “Би буйдан дээр унтсан. Гэрлээ асаагаад…” “Ямар нэг зүйл тохиолдсон уу?””Би зүүдэлсэн” гэж Биллингс хэлэв. “Би харанхуй шүүгээн дотор байж байсан…тэнд миний харж чадахгүй ямар нэг зүйл байсан. Тэр зүйл нэг чимээ гаргаж байсан. Энэ надад хүүхэд байхдаа уншиж байсан нэг зурагт комикс номыг санагдуулж байв. “Нууцат өгүүллэлүүд” та үүнийг мэдэх үү? Грахам Ингл нэртэй нэг залуугийн бүтээл.Тэр дэлхий дээрх аймшигтай муухай зүйлсийг зурдаг байсан. Түүний түүхүүдийн нэгэнд нь нэг эмэгтэй нөхрөө усанд живүүдэг. Санаж байна уу? Нөхрийнхөө хөлнөөс цементэн хавтангууд уяаад уурхайн цооног руу унагаадаг. Гэвч нөхөр нь буцаж ирдэг. Тэр өмхийрч ялзран хар ногоон өнгөтэй болж, үсэнд нь замаг наалдан, нэг нүдийг нь загас идсэн байдаг. Тэр буцаж ирээд эхнэрээ алдаг. Би шөнө дунд сэрэх үед тэр миний дээрээс өнгийж байгааг харсан. Савартай…урт савартай” Харпер эмч ширээн дээрх электрон цагаа харав. Лестер Биллингс бараг цаг гучин минут ярьжээ. “Эхнэр чинь гэртээ буцаж ирэхэд танд хандах хандлага нь ямар байсан бэ?” гэж Харпер асуув. “Тэр надад хайртай хэвээрээ байсан” гэж Биллингс бахархалтайгаар өгүүлэв. “Миний түүнд хэлсэн болгоныг тэр хийхийг хүссэн хэвээр байсан. Энэ эхнэр хүний үүрэг биш гэж үү? Хүний амьдралд хамгийн чухал зүйл бол өөрийн байрь сууриа мэддэг байх явдал” “Амьдралд эзлэх байр суурь?” “Тиймээ, яг наадах чинь” Биллингс хуруунуудаа тас хийн дуугаргав. “Эхнэр хүн нөхрийнхөө үгийг дагах ёстой. Тэр гэртээ буцаж ирсэн эхний дөрөв таван сарын турш бүүр цонхийчихсон байсан. Дуу аялахаа больж, телевиз үзэхгүй, бас огт инээхээ больсон. Түүнийг энэ бүхнийг давж гарна гэдгийг нь би мэдэж байлаа. “Тэр ахиад хүүхэдтэй болохыг хүссэн” гэж Биллингс баргар царайлан нэмж хэллээ. “Би түүнд энэ тийм ч сайхан санаа биш гэж хэлсэн. Би түүнд бүх зүйлсийг мартаж, бие биенээ зугаацуулж эхлэх цаг болсон гэж хэлсэн. Бидэнд өмнө нь энэ бүхнийг хийх боломж байгаагүй. Хэрэв чи кинонд явахыг хүсвэл хүүхэд асрагчийг гуйх хэрэгтэй болно. Хэрэв хамаатан садангууд чинь хүүхдүүдийг чинь харахыг зөвшөөрөхгүй бол чи хот руу Америк хөл бөмбөгийн тэмцээн үзэхээр явж чадахгүй. Учир нь манай ээж бидэнд энэ талаар туслахыг хүсдэггүй. Бид гэрлээд удаагүй байхад Денни төрсөн гэж хэлсэнийг санаж байна уу? Ээж маань Ритаг ердөө л нэг тэнүүлчин гэж хэлдэг байсан. Ердөө л буланд зогсогч биеэ үнэлэгч гэдэг байсан. Ээж мааньРитаг үргэлж булангийн биеэ үнэлэгч гэж нэрлэдэг байсан. Энэ хөгжилтэй биш гэж үү? Нэг удаа ээж маань намайг урдаа суулгаад хэрэв чи биеэ үнэлэгч рүү яваад байх юм бол өвчин тусна гэж хэлсэн. Ээж бидний хуриманд ирээгүй ” Биллингс хуруугаараа цээжээ цохив. “Ритагийн эмч түүнд IUD гэж нэрлэгддэг хамгаалах хэрэгсэл суулгасан гэж хэлсэн. Энэ бол гарцаагүй баталгаатай гэж эмч хэлж байсан. Хэрэв энэ хэрэгсэл түүний дотор байгаа тохиолдолд үр тогтох ёсгүй. Гэвч чи тэр зүйл дотор нь байгаа эсэхийг мэдэхгүй шүү дээ ”. Биллингс тааз руу хараад, гашуунаар инээмсэглэв. “Хэн ч тэр зүйл дотор нь байгаа эсэхийг мэдэхгүй. Тэгээд дараа жил нь тэр ахиад л жирэмсэлсэн ” “Жирэмснээс хамгаалах аргууд төгс биш” гэж Харпер хэлэв. “Үрлэн эм гэхэд л зөвхөн 88%-ийн найдвартай. Харин IUD онцгой тохиолдолд гэдэсний базлалт, хүчтэй сарын тэмдгийн үед гадагшлах нь бий” “Тийм байж” “Энэ боломжтой” “Дараа нь юу болсон бэ гэж үү? Рита жижигхэн зүйлс нэхэж, шүршүүрт дуулж, давсалсан ногоо галзуу юм шиг идэх болсон.Миний өвөр дээр суугаад энэ бүхэн бурхны хийж буй зүйл гэсэн. Чөтгөр алгад” “Хүүхэд Ширлийг үхсэний дараа жилийн эцсээр төрсөн үү?” “Тиймээ зөв. Хүү байсан. Рита түүнийг Андрю Лестер Биллингс гэж нэрлэсэн.Нэр өгөхөд нь би оролцохыг хүсээгүй. Гэвч би шинэ хүүгээ хайрлаж эхэлсэн. Учир нь тэр надтай маш адилхан харагддаг байсан, Денни ээжтэйгээ, харин Ширл хэнтэй ч адилхан биш байсан. Гай болж зөвхөн Энди л намайг хуулбарласан байсан ” “Би ажлаасаа ирээд л түүнтэй тоглодог байлаа. Тэр миний хуруунаас шүүрч аваад, инээд алдан шулганадаг байсан. Найман долоо хоногийн настай хүүхэд аав руугаа хараад маасайтал инээдэг байсан. Та үүнд итгэж байна уу?” “Нэг шөнө би эмийн сангаас нэг хөдөлдөг тоглоомтой ирээд хүүхдийн орноос өлгөсөн. Хүүхдүүд баярлалаа гэж хэлж чадах хангалттай том болох хүртлээ өгсөн бэлгийг үнэлдэггүй гэж би үргэлж үздэг байсан. Гэвч би түүнд инээдтэй наймаалжан тоглоом худалдаж авч байх үедээ түүнд маш их хайртайгаа ойлгосон. Энэ үеэр би өөр ажил олсон, илүү дээрийг. Тэгээд бид Ватербари руу нүүцгээсэн. Хуучин байшин маань маш олон таагүй дурсамжийг хадгалж байсан. Бас маш олон ханын шүүгээ” “Дараа жил нь бидний хувьд хамгийн сайхан үе байсан. Тиймээ, Вьетнамын дайн үргэлжилсэн хэвээр, хиппичүүд гадуур хувцасгүй гүйлдэцгээж, хар арьстнууд орилолдоцгоосоор л байсан. Гэвч юу ч миний сэтгэлийг үймүүлэхгүй байлаа. Бид аятайхан хөршүүдтэй чимээгүй гудамжинд амьдардаг болов. Бид жаргалтай байсан. Би нэг удаа Ритагаас санаа зовохоо больсон уу гэж асуусан. Рита Энди бол онцгой хүүхэд гэдэг байсан. Тэр хэлэхдээ бурхан Эндийг хамгаалдаг гэсэн ” Биллингс тааз руу доогтойгоор харав. “Гэвч сүүлийн жил тийм ч сайн байгаагүй. Байшинд зарим зүйлс өөрчлөгдөж эхэлсэн. Би түрийтэй гутлаа үүдний өрөөнд тавьдаг байлаа, учир нь би шүүгээний хаалгыг онгойлгох дургүй байсан. Би дотроо бодлоо хадгалсаар л байлаа. Хэрэв шүүгээнд тэр байвал яана? Шүүгээний хаалгыг онгойлгоход тэр над руу дайрах болов уу? Тэгээд би хар ногоон өнгөтэй нойтон ямар нэг зүйл шүүгээн дотор хөдөлж буй чимээг сонсож байна гэж төсөөлөх болов. “Рита хуучин байсан үе шигээ намайг дэндүү их ажиллаж, бас муухай аашилдаг боллоо гэж хэлэв. Би тэднийг үлдээгээд ажил руугаа явах үед гэдэс базалдаг болов. Гэвч би бүх зүйл илэрхий болсонд баяртай байлаа. Би ойлгож эхэлсэн, биднийг нүүх үед тэр биднийг алдчихсан. Тэгээд тэр хайж эхэлсэн, шөнө гудамжаар гэтэн, магадгүй бохир усны сувгаар мөлхсөн ч байж болох юм. Бидний үнэрийг мөрдсөөр, тэгээд эцэст нь биднийг олсон. Тэр буцаж ирсэн. Тэр Эндиг бас намайг хүсдэг. Хэрэв чи нэг зүйлийн талаар байнга бодоод байвал тэр зүйл чинь үнэхээр биелдэг. Магадгүй бидний хүүхэд байхдаа айдаг байсан бүх мангасууд, Франкенштейн, хүн чоно, мумми бүгд бодит байх. Магадгүй…Биллингс удаан хугацааны турш чимээгүй болов. Дараа нь тэр гэнэт хэлэв: “Энди хоёрдугаар сард үхсэн. Тэр үед Рита байгаагүй. Аав нь түүн рүү залгасан. Түүний ээж нь шинэ жилийн дараа машины осолд орж, цаашид амьдрах найдваргүй болсон байв. Рита тэр шөнөдөө автобусанд суугаад явсан” “Түүний ээж нь үхээгүй, гэвч тэр хоёр сарын турш эгзэгтэй байдалд байсан. Би Эндийг өдрийн турш харах маш сайн эмэгтэй олов. Би байшингаа харанхуйгаас хамгаалж, шүүгээний хаалгануудыг онгорхой байлгахгүйн тулд анхаарал тавьдаг байсан” Биллингс уруулаа долоов. “Хүү маань надтай цуг нэг өрөөнд унтдаг байсан.Түүнийг хоёр нас хүрэхэд нь Рита надаас түүнийг өөр өрөө рүү шилжүүлэх үү гэж асууж билээ. Хүүхдүүд эцэг эхтэйгээ нэг өрөөнд унтах нь муу зүйл гэж ярьцгаадаг. Учир нь тэдэнд эцэг эхийнх нь сексийн харилцаа муугаар нөлөөлнө гэж ярьцгаадаг. Гэвч бид хүүгээ унтаагүй байхад нь хэзээ ч энэ зүйлийг хийж байгаагүй. Би хүүгээ өөр өрөөнд нүүлгэхийг хүсэхгүй байлаа. Би Денни, Ширл хоёрын үхлийн дараа айж эхэлсэн байв ” “Гэвч эцэст нь та түүнийг нүүлгэсэн, тийм үү?” гэж Харпер эмч асуув. “Тиймээ” гэж Биллингс хэлээд гунигтайгаар инээмсэглэв. “Би тэгсэн” “Би тэгэх ёстой байсан!” гэж тэр эцэст нь орилов. “Би тэгэх хэрэгтэй байсан! Ритаг тэнд байхад бүх зүйл зүгээр байсан, гэвч Ритаг явсаны дараа тэр илүү овсгоотой болсон. Тэр хөдөлж эхэлсэн… ”. Биллингс нүдээ эргэлдүүлэн Харпер руу харж, шүдээ ярзайлган галзуу мэт инээлээ. “Та үүнд итгэхгүй. Би таныг юу бодож байгааг мэдэж байна. Та үүнийг ердөө л таны өвчтөний тэмдэглэл дэхь бас нэг тэнэглэл гэж бодож байгаа. Гэвч та тэнд байгаагүй шүү дээ “Нэг шөнө байшин дахь бүх хаалга салхинд үлээгдсэн мэт томоор онгойсон байв. Өглөө нь би сэрээд үүдний өрөөнд үүдний хаалганаас хувцасны шүүгээ хүртэл шавхайн мөр гарсан байхыг олж харав. Тэр хүрээд ирлээ гэж үү? Дотогш ороод ирчихэж? Би мэдээгүй! Исүс минь, би мэдээгүй! Пянзнууд зурагдаж, шавхайд будагдан, тольнууд хагарсан байсан…бас тэр дуу чимээ…дуу чимээ… Биллингс гараараа үсээ зулгаав. “Чи өглөө гурван цагт сэрээд, харанхуй руу харсаныхаа дараа хамгийн түрүүнд энэ ердөө л цагны дуу байж гэж хэлнэ. Гэвч чи ямар нэг зүйл сэмээрхэн хөдөлж буй өөр чимээг бас сонсоно. Гэхдээ тийм ч сэмээрхэн чимээ биш, учир нь тэр чамд сонстохыг хүсч байгаа. Аяархан гулсах чимээ гал тогооны өрөөний усны хоолойн тэндээс сонстоно. Эсвэл хумсаараа шатны бариулыг самардаж байгаа мэт чимээ. Тэгээд чи нүдээ нээж чимээ гаргаж байсан зүйл муу зүйл болохыг олж мэднэ. Хэрэв чи түүнийг харвал шүү дээ…” “Дараа нь тэр чиний нүүр рүү харж инээмсэглээд, яг муудсан байцаа мэт агаараар чам руу амьсгалан, хоолойг чинь багалзуурдах болно” Биллингсийн царай хувхай цайж, дагжин чичрэв. “Тэгээд л би Эндиг нүүлгэсэн. Тэр Энди дээр ирнэ гэдгийг би мэдэж байсан. Учир нь Энди илүү сул дорой. Тэгээд тэр ирсэн. Энди шөнө дунд хашгирахад би сэрж, өрөөнд нь орсон. Тэр орон дээр суугаад, хашгирч байлаа. “Бүүгиймен, ааваа, Бүүгиймен” Биллингсийн хоолой бараг гурав дахин чанга болж хүүхэд шиг орилов. Нүд нь маш томоор нээгдэж, сууж байсан буйдандаа айсан мэт шигдэв. “Гэвч би чадаагүй” гэж хүүхэд мэт хоолойгоор үргэлжлүүлэн хэлээд “Би чадаагүй. Нэг цагийн дараа хашгирах дуу гарсан. Хүүхдийн хашгирах дуу. Би хүүдээ хэр их хайртайгаа мэддэг байсан, тэгээд би гүйсэн. Гүйгээд л байсан. Исүс, Гэгээн Мэри минь, тэрэнд хүү минь байсан. Тэр түүнийг бариад сэгсэрч байсан, яг л даавууны өөдөс барьчихсан сэгсэрч байгаа мэт. Тэгээд би түүний мануухай шиг толгойг харсан, бас түүнээс үхсэн хулгана шиг үнэр үнэртэж байсан…Бас түүнийг сонссон…” Биллингсийн хоолой эргээд насанд хүрсэн хүнийхтэй адил болов. “Би түүнийг Эндигийн хүзүү хугарах үед сонссон юм”. Биллингсийн хоолой хүйтэн, үхмэл сонстож байв. “Тэр яг л өвөл мөсөн цөөрөм дээр тэшүүрээр гулгах үед мөс зүсэгдэж байгаа мэт сонстсон” “Дараа нь юу болсон бэ?” “Би гүйсэн” гэж Биллингс үхмэл хоолойгоор хэлэв. “Би шөнийн турш ажилладаг хоолны газар луу явсан. Энэ хамгийн хулчгар явдал биш гэж үү?” “Би тийшээ гүйж очоод, зургаан аяга кофе уусан”. Дараа нь би гэртээ буцаж очсон. Хэдийн үүр цайж эхэлсэн байлаа. Би шатаар дээш өгсөхийн өмнө цагдаа дуудсан. Энди шалан дээр хэвтээд над руу ширтэж байсан. Намайг зэмлэсэн мэт. Чихнийх нь ойролцоо цусны толбо байсан. Тун өчүүхэн. Шүүгээний хаалга онгорхой байв, гэхдээ бага зэрэг” Биллингс ярихаа зогсооход, Харпер электрон цаг руу харав. Тавин минут өнгөрчээ. “Сувилагчтай дараагийн уулзалтыг тохироорой” гэж тэр хэлэв. “Мягмар гаригуудад эсвэл Пүрэв гаригуудад” “Би энд зөвхөн өөрийн түүхээ ярих гэж ирсэн” гэж Биллингс хэлэв. “Энэ миний сэтгэлийг өвтгөдөг.Би цагдаа нарт худлаа ярисан. Би тэдэнд хүү маань шөнө хүүхдийн орноосоо буух гэж оролдсон байх гэж хэлсэн…тэд үүнд итгэсэн. Мэдээж тэд итгэсэн. Үнэхээр тийм юм шиг л харагдаж байсан. Яг л бусад золгүй явдлуудтай адил. Гэвч Рита мэдсэн. Рита эцэст нь …мэдсэн” Биллингс нүдээ гараараа дараад уйлж эхлэв. “Ноён Биллингс, энэ тухайгаа ярисан чинь сайн хэрэг” гэж Харпер эмч хэлэв. “Бид таны сэтгэлдээ тээж буй гэмшлийг чинь арилгана гэдэгт би найдаж байна. Гэхдээ юуны өмнө та үүнээс ангижрахыг хүсэх ёстой” “Та надад итгэхгүй байна уу?” Биллингс уйлан хэлээд, нүднээсээ гараа авав. Нүд нь улайж, норсон байлаа. “Хараахан үгүй” гэж Харпер намуухан хэлэв. “Мягмар гаригуудад эсвэл Пүрэв гаригуудад?” Хэсэг хугацаанд чимээгүй байснаа Биллингс аман дотроо бувтнав. “Хараал ид гэж. За яахав” “Сувилагчтай дараагийн уулзалтаа тохироорой, ноён Биллингс. Сайхан амраарай” Биллингс инээмсэглээд, эргэж харалгүй өрөөнөөс гарав. Сувилагчийн байрь хоосон байлаа. Ширээн дээрх жижиг цаасан дээр дараах үгсийг бичжээ. “Минутын дараа ирнэ үү” Биллингс буцаад эмчийн өрөө рүү оров. “Эмчээ таны сувилагч…” Өрөө хоосон байлаа. Гэвч шүүгээний хаалга онгорхой байв. Зөвхөн бага зэрэг. “Маш таатай байна” гэж шүүгээн дотроос нэг хоолой хэлэв. “Маш таатай”. Дээрх үгнүүд яг л ялзарсан далайн замаг дүүрэн чихсэн амнаас гарч буй мэт сонстов. Биллингс хөдөлж чадахгүй хөшиж орхив. Шүүгээний хаалга онгойлоо. Тэр өөрийгөө “норгосноос” өмд нь бүлээн оргихыг мэдрэв. “Маш таатай байна”. Бүүгиймен хөлөө чирэн алхангаа хэлэв. Тэр ялзарч өмхөрсөн нэг гартаа Харпер эмчийн багийг барьсан байлаа. Хүмүүсээ анхаарлаа хандуулна уу! Зохиолын сүүлийн өгүүлбэрийг өөрчилсөн шүү. Эхэндээ Mask гэдэг үгийг би баг гэдэг утгаараа арай л орохгүй болов уу гэж бодоод нүүр гэж биччихсэн юм. Харин зохиолын товч агуулгыг олж уншаад, учрыг нь ойлгоод засчихлаа. Харпер эмчийн багны цаана Бүүгиймен нуугдаж байсан юм байна. Өөрөөр хэлбэл Бүүгиймен Харпер эмчийн дүрээр Биллингсийн яриаг сонсож байжээ!
×