Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Амьтан болж хувирдаг, алга болдог ид шидтэй ламын тухай

    Энэ хачирхалтай явдал гучаад оны хэлмэгдүүлэлтийн үед болсон гэдэг. Хүрээ хийдэд олон жил шавилан суусан Гэпил гэдэг лам ер бусын ид шид, увидасыг эзэмшсэн хүн байжээ. Тэрбээр хийдийнхээ толгой лам нарын нэг байсан тул “До” яамныхан хамгийн түрүүнд Гэпилийг хэдэн том лам нарын хамт барьж хар гэрт хорьсон байна. Гэпил гавж ардын засгийг үзэн яддаг байсны учир гэвэл мань хүний хөдөөд байсан олон зуун малыг хувьсгалчид хураан авч ядууст тараан өгсөнөөр Гэпил гавж ердөө л таван ханатай гэр, хэдэн баринтаг номтойгоо хоцорчээ. “До” яамныхан хар гэрт хоригдож байсан том лам нарыг ээлж дараалан байцааж буудан хороосоор Гэпил гавжийн ээлж болжээ. Гэпил гавж нөхөддөө “Би ч яахав, Утай, Гүмбэнд хэдэн жил далдын ид шид сурсныхаа ачаар амьд мэнд гарчихна. Та нар минь л хайран байна даа. Энэ ид шидийг та нарт зааж өгөх цаг хугацаа даанч алга даа” гэж халагладаг байжээ. Ингээд нэгэн өдөр буутай цэрэг ирж Гэпил гавжийг До яамны мөрдөн байцаагч руу туусан байна. Байцаалт авч байсан гэр нь хар гэрээс нэлээд зайтай ажээ. Гэпил гавж зориуд удаан явж, өөрийгөө бясалган тарнидаж эхэлсэн байна. Буутай цэрэг түүнийг хурдан яв гээд бууныхаа бөгсөөр ёворчээ. Эхний удаа ёвроход бууны үзүүрт Гэпилийн махан бие мэдрэгдэж байв. Гэпил гавж зориуд орхимжоо толгой дээгүүрээ нөмөрч удаан явсаар байв. Хөдөлж цөхөх Гэпилийг өнөөх цэрэг дахин бууныхаа амаар ёвроход үнэхээрийн гайхалтай юм болж гавжийн махан бие мэдрэгдсэнгүй, бууны үзүүрт Гэпил гавжийн лам дээл, орхимж хоёр нь өлгөгдөн хоцорсон байна. Гэпил гавж ийнхүү далдын ид шид, тарни бясалгалынхаа хүчээр дээл, орхимжоо үлдээгээд гэнэт алга болжээ. Өнөөх цэрэг жигтэйхэн сандарчихсан амьтан До яамны төлөөлөгч дээр гүйж ирэн болсон явдлыг ярьж, өөрөө том толгой ламыг алдсан хэрэгтээ баахан банга хүртэж, хэд хоног хар гэрт хоригдлоо. Удалгүй ямар ч гэм буруугүй өнөөх цэрэг “Хувьсгалын эсэргүү том ламтай хуйвалдсан, түүнийг зориуд оргуулсан, японы тагнуул, ардын дайсан, хувьсгалын эсэргүү” энэ тэрээрээ баахан дуудуулж байгаад арван жилийн хорих ялтайгаар шорон руу цөлөгдсөн байна. Тэгэхнээ Гэпил гавж номынхоо ид шидээр ийнхүү хэдэн өдөр алга болоод долоо хоногийн дараа нутгийнхаа нэгэн айлд ном айлдан, цай хоолоор дайлуулаад сууж байхад нь улаан коммунист нэгэн эвлэлийн гишүүн тааралджээ. Тэр эвлэлийн гишүүн тэр дороо “До” яамны төлөөлөгчид энэ тухай давхин очиж дуулгахад төлөөлөгч буутай хоёр цэрэг дагуулсаар яаравчлан давхиж ирсэн байна. Морьдын төвөргөөнийг алсаас сонссон Гэпил гавж гэрийн эзэнд “За хө, миний эрлэгүүд намайг баривчлахаар ирж явна. Үтэр түргэн явах минь” гэлээ. Гай болж тэр айлд уналгын бэлэн морь байсангүй. Хүү нь ганц морио унаад хониндоо явсан байжээ. Гэпил гавж гэрээс гаран хойд уулын энгэр рүү хар гүйхээрээ алхлаа. Гэрийн эзэн, эзэгтэй хоёр гавжийн араас маань уншин залбирч “Хөөрхий минь сайн лам байсан юмсан. Ингээд эрлэгүүдийн гарт орж бурханы оронд одох хувьтай байж дээ” гэлцэн зогсож байв. “До” яамны төлөөлөгч хоёр цэргийнхээ хамт тээр холоос “Зогс, буудлаа шүү” гэж хашгирсаар Гэпилийн араас ухасхийв. Гавжийг айлгах санаатай толгой дээгүүр нь хоёр ч удаа хий буудлаа. Гэпил гавж тэдний буудахыг юман чинээ тоолгүй цааш хурдлан алхсаар байв. Нэхүүл гурав ч хар хурдаараа давхисаар Гэпил гавжид зуугаад метр ойртоод байтал үнэхээрийн гайхалтай юм болж, гэрийн эзэд, хөөж яваа гуравыг харсаар байтал гавж гэнэт тарвага болж хувираад нэгэн нүх рүү гүйгээд орчихов. Хөөж явсан гурав ч мэл гайхаж, цэл хөхөрсөн байна. Тэд тарваганы нүхийг баахан сахиж байгаад аргаа баран явж одсон байна. Гэпил гавж ийнхүү алга болох, амьтан болж хувирах ид шидээ хэрэглэж явсаар энэ их эрдмийг эзэмшсэн Утай, Гүмбэндээ очиж өндөр наслаад бурханы орондоо одсон гэдэг.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×