Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Чингис хаан болон дэлхийн долоон жанжны ялагдашгүй нууц

    1. Чингис хаан /1162 1227/

    image.jpg.8e1d66f37b9d93821a7963817b3f7b8e.jpg

    Чингис хаан

    Есүхэй баатрын ахмад хөвгүүн. Монголын тархай бутархай олон аймаг улсыг нэгтгэж Монголын нэгдсэн төрийг байгуулжээ. 1206 онд хаан ширээнд суусан.

    2. Македоны Александр /МЭӨ 356 323/

    alexanderthegreatconfrontsdariusiii1361336441219.jpg.07b48ceb5a270de2b8a4701399d8b0cc.jpg

    Македоны Александр

    Филипп хааны хүү, Аристотелийн шавь. МЭӨ 336 онд Македоны хаан суухдаа 20 настай байв.

    З. Ганнибал /МЭӨ 247 эсвэл 246 183/

    Hannibal-crossing-Alps-elephants.jpg.c2a369308e657304efbcee943d19fba5.jpg

    Ганнибал

    26 настайдаа Испанийн цэргийн жанжнаар сонгогдож Ромтой байлдав. Цэргийн жанжин төдийгүй эрдэм билэг төгс төрийн зүтгэлтэн.

    4. Гай Юлий Цезарь /МЭӨ 102 эсвэл 100 44/

    Caesar6.jpg.54dea25f2eca5cea3b984abecd62e8cc.jpg

    Гай Юлий Цезарь

    Эртний Ромын улс төрийн зүтгэлтэн, цэргийн жанжин, зохиолч, Ромын хэмжээгүй эрхт эзэн байв.

    5. II Фридрих /1712 1786/

    6451348-22-Fridrikh_II.jpg.cbaca85620d2325d7ce73c4de681b1bc.jpg

    II Фридрих

    1740 онд Пруссийн эзэн хаанд өргөмжлөгдсөн. Түүнийг хаан ширээнд байх үед Пруссийн газар нутаг бараг хоёр дахин нэмэгджээ.

    б. XII Карл /1682 1718/

    poltava_karl.jpg.7a21f5d652198cba41602fab8a6d1ef4.jpg

    XII Карл

    1697 онд Шведийн хаан болсон. Орос, Польшийн эсрэг олонтаа дайтаж байв.

    7. Александр Васильевич Суворов /1730 1800/

    258080.jpg.9e635b85f1f928fcb8868bcc45c649a1.jpg

    Александр Васильевич Суворов

    Оросын цэргийн урлагийг үндэслэгчдийн нэг. Генералиссимус. Цэргийн онолын хэд хэдэн ном бичжээ.

    8. Наполеон Бонапарт /1769 1821/

    Napoleon_Bonaparte.png.592437b20c2a17a122e5bb0043636d6e.png

    Наполеон Бонапарт

    1804 1814 он, 1815 оны 3 6 дугаар сард Францын эзэн хаан байв.

    Тэдний ялагдашгүй нууц Улс орон бүхэнд сургуулийн хүүхэд түүхийн хичээлээр андахгүй болсон алдартай жанжин олон байдгаас дэлхий нийтээрээ заримыг нь илүүд онцолдог бөлгөө. Чингис хаан бол тэднээс огт дутуугүй харин ч илүү, цэргийн урлагийн түүхэнд хувь нэмрээ оруулсан нэрт жанжин байлаа.

    gandhi-indira-politikerin-indien-nehru-ihrem-vater_d029de20-b25d-11e6-a440-4c379adbb6c0.jpg.b940141de9db90a139b03e4aecd53def.jpg

    Жавахарлал Неру охинтойгоо

    Ж.Неру шоронгоос охин Индира Гандидаа түүхийн хичээл зааж бичсэн цуврал захидалдаа “Түүний /Чингисийн/ дэргэд Их Александр, Юлий Цезарь хоёр юу ч биш” гэжээ. Дэлхийн нэрт жанжингууд эцэг хаадаас өвлөж, эсвэл эрх тушаал ахихын хэрээр их цэрэг захирч авъяас нь тодорсон байдаг. Македоны Александр эцгийнхээ байгуулсан их армийг 20 насандаа захирч 13 жилийн турш дэлхийг анх байлдан дагуулав. Ромын Гай Юлий Цезарь, Францын Наполеон, Шведийн XII Карл бүгд аян дайнд туршлагажсан арми гардан авч, албан тушаал, эрх мэдэл ахихын хэрээр алдаршиж цооров. Харин Чингис хаан Боорчи, Зэв, Зэлмэ, Мухулай, Сүбээдэй зэрэг нөхөр, дүү нар, хэдхэн өтгөс боолоос бүрдсэн багахан хүрээнээс улс төр, цэрэг дайны бэрх зам туулж дэлхийг цочоосон хүчирхэг их цэрэг /арми/ байгуулан билээ. Эл байнгын цэрэг нь монголын нэгдсэн төр, улсыг байгуулан мандуулахад тулгуур хүч болж, нэг ч ялагдал хүлээгээгүй онцлогтой. Чингис хаан шилмэл цомхон цэргийнхээ хувийн бэлтгэл, сэтгэл санааны байдал, зэвсэглэл, алба хаан журамд онцгой анхаарч, гаргууд сургаж, байлдах чадвар сайтай байлгаж чадсанаараа цэргийн том зүтгэлтэн, авъяаслаг зохион байгуулагч болжээ. Хишигтэн, торгон цэргийн харъяат мянгат нь тэдгээрийн уналга зэвсэг, хүнсийг алба хаах хугацаанд нь даах зарлигтай байв. Энэ нь ардууд цэргээ дутагдсан зүйлээр нь хангаад зогсохгүй, цэргийн албанд бүх талаар анхаарах холбоо болсон аж. Цэрэг ч ардынхаа хамгаалагч үүрэгтээ чин үнэнч зүтгэж албаа нэр төртэй хааж байжээ. Наполеон хожим энэ зарчмын үндсэн дээр “өөрийн армийг тэжээдэггүй ард түмэн өрөөлийн армийг хооллоно” гэсэн алдарт үгээ хэлжээ.

    100618_gettyimages486777243.jpg.bc007939ce1e67c37c1e77fc4bb6bce6.jpg

    Чингис хаан

    Цэргийн хатуу цааз зарлиг, алба хаах журмыг тогтоон мөрдүүлж байлдах чадвар, бэлэн байдлыг эрс сайжруулан сахилга зохион байгуулалтыг нь бэхжүүлж шинэ маягийн арми байгуулснаараа Пруссийн жанжин ван II Фридрих Чингис хаантай төстэй юм. Алдарт жанжингуудаас эзэн хаан, ванд өргөмжлөгдөж төрийн хэргийг илүү анхаарах болсон ч Цезарь, II Фридрих, XII Карл, Наполеон нар томхон аян дайныг заавал биечлэн удирддаг байв. Чингис хаан болоод ч Татаар, Хэрэйд, Найман аймаг, Алтан улс, Тангуд, Сартуулын дайныг удирдсан байдаг. Ер нь алдарт жанжингуудын авъяас билиг залуугаасаа тодорч шалгарчээ. Наполеон их бууг байлдаанд ашиглахдаа галын маневрыг тухай бүр шилжүүлэх тактикийг сайтар боловсруулж 24 насандаа бригадын генерал болсон. Чингис 27 насандаа хамаг монголын хаан болж түүхийн тавцанд гарч иржээ.
    Монголыг нэгтгэх сүүлчийн байлдаан Найманыг дарсан тулалдааны өмнө дахин цэргээ зохион байгуулж “чэрби” томилон, төмөр морьт цэрэг бий болгож, “явахдаа харгана мэт нягт, байрлахдаа нуур мэт бат, байлдахдаа цүүц мэт хурц” чанарыг олгож эхлэв. Чухам энэ үеэс монгол цэргийн аян дайны стратеги /сөрөг хүчний эвсэл, холбоо бүрэлдэж болох эсэх, холын аянд цэргийн хүнс, агт морьдын өвс бэлчээрийг таслахгүй хангах нөхцөл, мянгат, түмэнтэй шуурхай холбоо барьж, харилцан туслах боломж, дайсны гол хүчний бүлэглэлийг нэгдэхээс өмнө хэсэгчлэн цохих сөрөг маневр /тактик/, дайсны цэргийн байлдах чадвар, зэвсэглэлийн байдал, байлдаанд цаг агаар, зам харилцаа, морьдын тарга хүч хэрхэн нөлөөлөх байдлыг харгалзан байлдаан хийх олон аргыг тухайн нөхцөлд тохируулан зөв сонгох, тэгэхдээ гэнэтийн ажиллагааг голчлох баримтлал тов тодорхой боловсрон бүрэлджээ. Үүнд Чингис хааны байлдааны туршлага, тогтоосон зарлиг, журам гол үүрэг гүйцэтгэсэн.
    Хэдийгээр Наполеонд алдартай маршал генерал олон байсан ч тэд голдуу түүний хамт тулалдаж явснаас бие дааж томоохон аян дайныг тэргүүлж, улс орныг байлдан дагуулсан удаагүй. Тэр том тулалдаанд дуртай, ганц цохилтоор бүхэл бүтэн арми, улсыг буулгаж авахыг эрмэлздэгтэй энэ нь холбоотой байж магадгүй. Чингис хаан олон гарамгай жанжин сонгож сургаж, тодруулсан. Тэдний зарим нь алс тив туулан асар олон цэрэг бүхий улс орныг дагуулж атар газар анхны шан татсан мэт түүхийн хуудаснаа мөрөө дурайтал үлдээж байлаа. Орост ялагдсаны нь дараа Наполеоныг бүр мөсөн сүйрэлд оруулсан хүн бол түүний маршал Нэй юм. Ватерлоод цагаа олж туслахаар ирсэн Пруссийн маршал Блюхерын гялалзсан маршийн хүчинд Лорд Веллингтон ялалт байгуулаагүй. Англи, Бельгичүүд өвөр эгнээгээ санаатайгаар 100 алхам ухраасанд маршал Нэй гэнэдэж морин цэргээ явган цэргийн дэмжлэггүй давшилтанд оруулсан нь Наполеон сүүлчийн хариуцлагатай тулалдаанд ялагдах нэг гол шалтгаан болов. Ром, Карфаген хоёрын 3 удаагийн Пунийн дайнд Карфагены нэрт жанжин Ганнибал эх орон, ар талаасаа далай тэнгисээр алслагдсан мөртлөө Ромчуудыг ялсаар явлаа. Байлдаанд заант цэрэг, тэр ч байтугай сургагдсан арсланг ашиглаж дайснаа дарж явсан хэрнээ 15 жилийн турш дийлээд байсан нөгөөх ромчууддаа нэгэнтээ сүрхий цохиулаад дахин тэмцэх тэнхэлгүй болжээ. Аугаа их Аристотелийн шавь, ердөө 33 насласан Македоны Александр Перс, Ахменидынхны улсыг мохоож, Инд мөрөн хүрсэн их эзэнт гүрэнг зэвсгээр байгуулсан ч эх орноосоо алс дайтсаар үхмэгц улс нь задарч унажээ. Түүний нэрнээс өөр юм үлдсэнгүй. Чингис хааны төр улс нь түүний дараа хүчирхэгжиж, зөвхөн газар нутгийн хувьд гэхэд 2 дахин тэлсэн түүхтэй.

    Египетээс Бага Азид маш шуурхай хүрч Ромын эзэнт улсыг эсэргүүцсэн бослогыг дараад сенатад “Вени, види, вичи /ирлээ, үзлээ, яллаа/” гэсэн гурван үгтэй алдарт мэдээ өгч байсан Ю.Цезарь бас сайн зохиолч байлаа. Сенатад аян дайныхаа тухай дэлгэрэнгүй тайлагнасан “Галлид хийсэн аян дайн” хэмээх бичиг нь зохиол мэт байдаг аж. Гэвч түүний улс төрийн байр суурь ганхан, армид дэмжлэг алдаж төв талбайдаа хуйвалдагчдад хутгалуулж үхжээ. Тэр Юлийн он тооллыг мөрдүүлсэн бөгөөд уг тооллыг одоо хүртэл мөрдөж байна. Наполеон ч үзэн яддаг Англичууддаа олзлогдож, Ариун Еленагийн аралд цөлөгдөн далайн давалгаанд чулуу долоолгон шидэж гунигтайяа суусаар нас барав. Ганнибал ч мөхөж доройтсоор эцэстээ хор ууж үхэв. Чингис хаан дээрх жанжингуудтай адил тааруухан төгсгөл үзээгүй, дайны талбарт өштөн Тангудыг дагуулах аян дайныг тэргүүлж яваад таалал төгссөн. Чингис хүч мөхөс дайсныг тамыг нь цайтал дарангуйлж сөнөөдөггүй. Дагаар орвол дайнаа хэзээ ч зогсооход бэлэн байсан. XII Карл бас дайснаа нэгэнтээ ялбал нэгмөсөн сөнөөх гэж улайрдаггүй, давуу байдлаа бардам хадгалсаар найрамдахад бэлэн байсан. Энэ бол цэрэг, армиа хайрлах жанжин хүний мөс юм. XII Карл ялагдашгүй армиа Оросын Полтав хэмээх газар бут цохиулаад Шведийн олон нийтийн хилэнгээс дайжижТуркийн Султаны дэргэд толгой хоргодож, 36 насандаа Норвегид дайтаж яваад амь үрэгдсэн юм. Тэр Шведийг хүчирхэг гүрэн болгохын тулд тэмцэж, улсдаа ч шинэчлэлт нэлээд хийсэн. Алдарт ван, нэрт жанжнаасаа хойш Швед, аян дайнд оролцохоо татаж, улмаар төвийг сахисан улс болсоор эдүгээ хүрчээ. Александр, Цезарь, Наполеон нар алдар нэр, асар их эрх тушаалд дурлаж түүнийхээ төлөө харгислаж хэрцгийлж байв. Тиймээс өөртэйгөө эн зэрэгцсэн улс, цэргийн зүтгэлтэнд дургүйцэж дайн байлдаанаар заналхийлдэг байлаа. Чингис хаан шинэ залуу монгол улсыг дэлхийн бусад том гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх, улсынхаа тусгаар байдлыг гадаад, дотоодод бататгахын тулд аргагүй дайтсан. 1189 1204 оны хооронд 15 том тулалдаанд ялж алдарт жанжин болон тодров. Умард Хятад, Тангуд, Их Хорезм, Иран, Энэтхэгийн зарим хэсэг, Зүүн Халифатыг мохоож олон хаан, жанжинг буулган авчээ. Түүний байлдах, ялах урлаг бусдад сургамж, туршлага болсон. Оросын жанжин А.Суворов капралаас генералиссимус болтлоо цэрэгт  алба хаахдаа  нэг ч  ялагдал  үзээгүй.  Рымникт Туркийн  5 дахин илүү цэргийг санаандгүй газраас цөөн хүчээр гэнэт уулгалан довтолдог Монгол цэргийн аргаар цочирдуулан ялж, гүн цол шагнуулж байлаа. Суворовын ялалтууд Монгол цэргийн ялалттай их төстэй. Тэр Турк, Францын цэрэгтэй халз тулалдсан нь олон мөртлөө Крымийн татаруудад улстөр, дипломатын аргыг голлосон. Лав Монгол, татаарын морин цэргийн байлдааны тактикийг сайн судалсан хүн байсан биз ээ. Тиймээс тулалдаанд шийдвэрлэх эгзэгтэй үүргийг Оросын казак, халимагуудад өгөх дуртай байсан болов уу. Суворов орос цэрэгт тэсвэр хатуужил олгох, эцсээ хүртэл тулалддаг зориг суулгахад их нөлөө үзүүлсэн. II Фридрих Пруссийн нутгийг 2 дахин тэлж, их ялалт байгуулж байхдаа ч оросын армитай базаахгүй тулалдаж байв. Тэгээд ч тэр үү, “орос цэргийг эхэлж буудаад, дараа нь жадлаж, эцэст нь гараараа түлхэхгүй бол унахгүй” гэж Суворовынхны тухай хэлсэн гэдэг. Суворов нэн зориг тэсвэртэй, багадаа сул биеэ чийрэгжүүлэх гэж борооноор морьтой давхидаг байв. Өндөр настай хойноо Туркуудтай дайтаж яваад хүзүүндээ шархтаж, асартаа хүргүүлээд эмч ирэхэд хиатайгаа шатар тоглож байсан удаатай. Гайхамшигт жанжин бүтэлгүй явдлаа мартах гэж тэгсэн байж магадгүй. Тэр мөн л хүндэтгэл, өргөмжлөл үзэлгүй нас нөгчсөн юм. Ерөөс алдарт жанжнууд дотор өвөрмөц зан ааштай хүн цөөнгүй байсан. Карл байлдаанд цэрэг шинель өмсч сахлаа хусдаггүй, Наполеон дандаа хөх шинель, гурвалжин малгай өмсдөг, тулалдааны ид үед “Муу мэдээ ирэхгүй бол бүү сэрээ” гэж тушаагаад унтаад өгдөг байжээ. Их Александр дуулгандаа адууны сүүл хоёр салаалж сагсайлгадаг, үүнээсээ “хоёр эвэрт” гэдэг хочтой болжээ. Монголчууд ч түүнийг Сулхарнай буюу хоёр эвэрт гэж домог үлгэртээ оруулжээ. Дундад зуунд жанжин байлдаанд байраа зөв сонгох их үүрэгтэй. Чингис хаан байлдааныг бүхэлд нь удирдахуйц байрлал эзэлдэг байв. Харин дохио өгмөгц цэргүүд анхны байрлалдаа эргэж ирэх зарлиг гаргасан. Зарлигийг зөрчвөл цаазаар авдаг байв. Байлдааны хүнд үед эхний байрлалдаа эргэж ирэх нь хүчээ дахин бүлэглэх, дайсны гол цохилтыг сарниулах, хамгийн гол нь цэргийн удирдлагагүй болж үймж сандрах, байлдаанаас овтойгоор сугарч гаралгүй ум хумгүй зугатахаас сэргийлсэн хэрэг байв. Магадгүй энэ зарлигийн хүчээр Монгол цэрэг олон ялалтад хүрсэн байж мэднэ.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×