Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Хээр хаягдсан эвдэрхий машины сэгэн дотор хонон чөтгөр шулмастай учирсан түүх

    Хар замд ойрхон буусан Эрдэнэхүү бүрий тасрахаас өмнө машинд дайгдая гэж санасан ч бүтсэнгүй. Тиймээс цасан шуурга өтгөрч удалгүй гзранхуй болох тийшээ хандахад “Яадаг ч байсан айлын бараатай эолгоё” гэж бодон утасны шонгоор баримжаалан сумын төвийн зүг зaлжээ. Хаврын сар гарсан ч гэсэн цасан шамарганд удвал осгож болзошгүй шинжтэй байв. Нойтон цас хүзүү, хоолой, энгэр заамаар  нь орж жихүүцүүлэн хайрна. Харанхуй улам нөмөрч, нүдэн баримжаа алдагдахын үед замаас холгүйхэн онхолдсон хуучин машины кабин харагдсан аж. Эрдэнэхүү юу ч болсон түүний нөмөрт сууж жаахан дулаацъя гэж бодоод очвол хоёр хаалга нь хэвээрээ, дээвэр нь бүтэн, дөрвөн дугуй, моторыг нь аваад явчихсан болохоос биш арьс нь бараг хэвээрээ шахуу машины сэг байх нь тэр. Эрдэнэхүү шууд нөмөр талынх нь хаалгыг татан онгойлгоод дотор нь орж суувал гадаа байснаас хамаагүй дулаахан санагджээ. Тиймээс тэр тамхи асаангаа “Энэ дотор сууж байхад хээрийн амьтан чоно, нохой ч хавьтахгүй биз. Дулаахан зузаан хувцастай гарсан нь онож, энэ машины хуучин сэг таардаг нь ч бас яамай. Тэнгэр онгойтол дотор нь сууж байгаад гардаг хэрэг ээ” гэж санаад яйжийсан төмөр суудалд нь шигдэн хирдээ л тухалжээ. Хэдийгээр цонхгүй ч гэсэн хаалга дээвэр нь бүтэн машины кабин түүнийг салхи шуурганаас найдвартай нөмөрлөх аж. Тамхиа татчихаад үстэй хүрмэндээ хошуугаа наан нугдайн суутал зүүрмэглэж орхижээ. Нэг мэдсэн чинь хачин дулаахан машины арын суудал дээр толгойгоо гилжийлгэн унтаж явах юм гэнэ. Жолооны ард сахалтай хижээл эр бүрх малгай нүд рүүгээ даран сууж, хажууд нь энгэр заамаа задгайлсан 19 20 орчим насны бүсгүй гартаа янжуур бариад өвдгөө зөрүүлэн суугаа нь харагдсан байна. Машин нэлээд хурдтай яваа бололтой замын өө сэв, бартаа жирэлзэнэ. Эрдэнэхүү “Би хаана байна, та хоёр хаа хүрч яваа улс вэ?” гэж асуусан боловч цаадуул нь түүнийг хүн байна гэж хайхарсангүй. Харин ч хоорондоо дуугаа өндөрсгөн хэрэлдэж явав. Хүүхэн нь “Тэр мөнгийг чинь би цааш нь дамжуулчихсан. Одоо харин чи миний авах ёстой хувийг л өгчих” гэхэд жолооч эр “Чи бид хоёр анхнаасаа тэгж тохиролцоогүй шүү дээ. Хүрэх газраа хүрч, хийх ёстой юмаа хийж дуусгаад л мөнгө төгрөгөө өгч авна” гэх нь сонсогдов. Тэгтэл хүүхэн тачигнатал инээснээ “Тэгвэл энэ ард яваа хүнийг олоход би туслаагүй гэж үү. Чи түүнийг ганцаараа дийлэхгүй байх байсан шүү” гээд хойшоогоо зааж байх аж. Эрдэнэхүү өөрийг нь хэлж байна даа гэж бодон давхийсэн ч хөл дор нь хоёр гарыг нь ард нь баглачихсан өөр нэг нөхөр хэвтэж байх нь тэр. Харин тэдний хэн нь ч өөрийг нь огтхон ч анзаарахгүй явааг ойлгоод нэлээн гайхжээ. Энэ зуур жолооч эр “Наадах чинь одоо өндийж чадахгүй ээ. Гэхдээ нуусан газраа хэлэхгүй гүрийвэл чи бид хоёр мөнгөтэй болж чадахгүй шүү дээ” гэхэд хүүхэн “Тэр ч гайгүй байна аа. Харин чи л газар дээр нь очоод зангаа хувиргах гэж байгаа биз. Чамд одоо ч гэсэн хуваах ёстой дундын мөнгө байгаа шүү дээ” хэмээн тас намжирдаж байв. Ийнхүү тэр хоёр ямар нэгэн мөнгөний тухай ярьж, хоорондоо маргасаар явтал машин гэнэт замаасаа гарч энхэл донхол бүхий эвгүй замаар оржээ. Хэсэг явсны эцэст машин зогсоход жолооч түрүүлж бууснаа хойдох хаалгыг онгойлгон хүлээстэй эрийг гуд татан газар унагасан байна. Харин Эрдэнэхүүг хүн байна чинээ огтхон ч тоосонгүй. Машины гадаа тэд хоорондоо “Одоо нөгөө мөнгөө нуусан газраа зөв зааж өгөөрэй”, “Мөнгө биш алт байгаа шүү дээ”, “Тэр тусмаа сайн” хэмээн хоорондоо ярилцах сонсогдож байснаа удалгүй хөлийн чимээ машинаас нилээн холдоод таг болцгоожээ. Эрдэнэхүү гарч араас нь харъя гэж бодсон боловч өөрөө нэг л нойрмог хачин байдалд орчихсон хөдөлж чадахгүй байх нь тэр. Тэгтэл ч удалгүй ахиад хөлийн чимээ гарч түрүүчийн хүүхний дуу тодхон сонсогджээ. Тэр “Хохь нь, наадах чинь замдаа хуваах ёстой мөнгөө нарийлаад байсан гээч. Аягүй бол чи бид хоёрыг алж булчихаад явчихаасаа тоохгүй хүн” гэхэд хариуд нь хүнгэнэсэн бүдүүн хоолой “Би ч бараг хүлээсээ тайлаад хутгаа сугалчихсан байсан л даа” гэж хэлснээ хаалга гуд татан нээв. Энэ удаа шалан дээр түрүүчийн сахалтай жолоочийн цус болсон биеийг оруулж хаясан байна. Өмнө нь хүлээстэй явсан занхгар эр “Би машин барихдаа муу шүү. Чи барьсан нь дээр” гэж хэлээд урд талын суудал дээр залрахад хүүхэн жолооны ард орж ирэн суужээ. Тэгснээ “Энийг тэгээд хаана хаях юм бэ?” гэхэд нөгөө эр “Ойрхон нэг гүнзгий жалга байдаг юм. Тийшээ шидчихээд явъя” хэмээн хэнэг ч үгүй хэлэх зуур машин ассан байна. Занхгар эр амандаа дуу аялангаа даавуунд ямбай гэгч нь боосон зүйл гаргаж ирээд кабины дээд талын дээврийн цоорхой руу хийж байгаа нь Эрдэнэхүүд тун тод харагдаж байв. Гэтэл хүүхэн гэнэт “Хүүе энэ тоормоз нь болохгүй байна. Зогсдоггүй ээ” гэж уулга алдсанаа үгээ дуусгаж чадсангүй муухай бархираад явчихжээ. Машины урд хамар 200 метрийн гүнзгий ангал руу цоройн гарч ирмэгц эрын суудал дээр суусан Эрдэнэхүү ч бас муухай орилжээ. Ингээд нүдээ нээтэл тэрбээр цас дарсан машины эвдэрхий кабин лотор сууж байжээ. Үүр ч бараг хаяарч гүйцсэн харагджээ. Тэр “Ямар сонин зүүд зүүдлэв ээ” гэж бодсоноо кабины дээд талын дээврийн цоорхойг хараад гараа шургуулан үзье гэж бодоод цоорхой руу гараа лавхан шургуултал хурууных нь үзүүрт даавуунд боодолтой хатуу зүйл тэмтрэгдэх нь тэр. Татан гаргаж ирвэл зүүдэнд нь үзэгдсэн нөгөө эрийн барьж байсан ууттай зүйл мөн байв. Даарч бээрсэн гараараа чичрэн 5айж задалбал тав зургаан ширхэг цул алтан хурууд шиг гулдмай гялтагнан гарч иржээ. Хэзээ осолд орж ямбийсан нь үл мэдэгдэх машины сэгэн дотор унтаад, хачин зүүд зүүдэлж, сэрмэгцээ гэв гэнэтхэн алт эрдэнэс олсондоо Эрдэнэхүү бараг солиорох шахсан гэдэг. Ийнхүү хээрээс олсон алтаа зарж гайгүй хөлжсөн ч гэсэн Эрдэнэхүү удалгүй хоёр ч удаа автын осолд орж хүндээр бэртэн тэрнээсээ хойш нэг их өөдлөөгүй гэж учир мэдэх хүмүүс ярьдаг юм.

     

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×