Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Хамгаалагч залуусын дараалсан үхлүүд

      Эдгээр зүйлс нь бодит болсон явдал тул дээр дурьдсан хүмүүсийн нэрийг нь хэлэхээс цээрлэж мөн нутаг усны нэрийг дурьдалгүй өнгөрсөн болно.

    Миний энд өгүүлэх үйл явдал одоогоос арав гаруй жилийн өмнө төвийн бүсийн нэгэн аймагт болсон юм. Тодруулбал, нэгэн банкинд хамгаалагч хийдэг гурван залуу дараалан амиа алдсан /хорлосон/ явдал л даа. Тэдгээр залуусын аль нь ч өөрийгөө хорлочихно гэж хэний ч санаанд багтахааргүй зөв зөөлөн сэтгэлтэй,  төлөв төвшин хүмүүс байсан гэлцдэг. Ингээд болсон үйл явдалыг учир начиртай ярихын тулд хэсэгхээн зүйлсийг тодруулая. 
    Манайх тэгэхэд аймгийнхаа төвөөс 120-иодхон км-ийн зайд байрлах нэгэн суманд амьдардаг байлаа. Тухайн үед арилжааны банкнууд ид хүчээ авч, орон нутаг дахь салбар, нэгжүүдийнхээ тоог нэмж, үйл ажиллагаагаа тэлж эхэлж байсан цаг үе. Ээж маань ч бас нэгэн банкны тооцооны төвд ажилладаг байлаа. Малчид, ард иргэдэд зээл олгох зэрэг ажлын шугамаар суманд маань ирсэн ээжийн маань найз нөхөд нь гэх банкны хүмүүс манайхаар их орж гарна. Тэдний нэг нь гэхэд аймгийн төвд нэгэн арилжааны банкинд эдийн засагч хийдэг эгч байв. Ээж “соц” нийгмийн үед нэгдэлд ажилладаг байхдаа дөнгөж сургуулиа төгсөж ирээд байсан тэр эгчид ажил төрлийг нь зааж өгөх зэргээр ихээхэн тусладаг байж л дээ. Түүнээсээ хойш тэд үй зайгүй нөхөрлөж, дотно эгч дүүс болцгоосон гэдэг. Хожим нь тэр хүн аймгийнхаа төвд ирж суурьшиж л дээ. 
    Нэг удаа ээж аймгийн төв ороод тэднийхээр зочилсон юмсанж. Гэтэл яг тэр үед түүний ажилладаг банкны хамгаалагч залуу амиа хорлосон хорлосон тухай хуучлан ярьжээ. Тус залуу нь басчгүй сайхан барилдаж ноцолдчихдог, аймгийнхаа наадамд хүртэл түрүүлж байсан “аймгийн арслан” цолтой бөх байсан аж. Гэвч тэрбээр ямар нэгэн тодорхойгүй шалтгааны улмаас гэртээ ганцаараа байх үедээ өөрийгөө буудан хөнөөжээ. Цагдаа нарыг ирэхэд тэр байрныхаа үүдийг дотроос нь түгжсэн байсан бөгөөд хаалгыг нь эвдэн ороход орон дээрээ суусан байдалтайгаар өөрийгөө буудсан байж. Мэдээж хөдөөгийн жижигхэн хотод болсон уг хэрэг хэсэгтээ л шуугиан тарьсан нь лавтай. Түүнийг эхнэртэйгээ муудалцсан байх эсвэл өр ширэнд орсон гэх зэргээр янз бүрийн яриа таамгууд хүмүүсийн аманд шогширч байжээ. Гэвч юм бүхэн элэгдэж хуучирдаг хойно тус хэрэг тэгэсгээд намжмал талруугаа болж байтал дахин нэг хэрэг манджээ.
    Нар халуунаар төөнөх хэдий ч аль байдгаараа гоёж чимсэн, хүүхэд залуус инээж хөхрөлдөн асар тойрон хөлхөж байв. Яг энэ үед суманд маань наадам болж буй нь энэ. Бөхийн барилдаан ч мөдхөн эхлэлээ. Гэтэл миний хувьд урьд нь харж байгаагүй хагас өмсгөлтэй өндөр бор залуу барилдахаар өрж эхлэх нь тэр. Түүнийг бөхийн өмсгөлөө бүрэн өмсөөгүй байхаас нь дүгнэхэд наадамд барилдана гэж зорьж ирээгүй нэгэн бололтой. Гэвч наадмын эхний өдрийн барилдаан шувтархад өнөөх залуу шөвгөрч үлддэг байна шүү. Тэгээд орой нь тэр залууг хэн болох тухай хүмүүсийн амнаас сонсохнээ аав ээж нь манай сумын гаралтай хүмүүс болж таарав. Тэрбээр ажлаар аав, ээжийнхээ нутагт ирээд байхад нь наадам таарсан учир угийн багаас барилддаг, сумын цолтой бөх болохоор хорхой нь хөдлөөд ийнхүү зодоглосон аж. Маргааш нь шөвгөрсөн бөхчүүд барилдаж эхлэхэд өнөөх залуу маань байсангүй. Хүмүүс түүнийг яав ийв хэмээн сураглахад ажлаас нь дуудаад аймгийн төв рүү яаран буцсан тухай дуулдав. Гэвч түүнгүйгээр наадам болдогоороо болоод л өнгөрлөө. Харин тэгтэл түүнээс хойш 10-аадхан хоногийн дараа өнөөх залууг өнгөрчихсөн тухай яриа аймаг, сум даяар тархлаа. Гэтэл тэр эхнэртэйгээ аар саархан зүйлээс болж маргалдаад орой нь эхнэрийгээ ирэхэд өөрийгөө боомилон нас баржээ. Хачирхалтай нь тэрбээр урьдны амиа хорлосон гэх залуугийн ажиллаж байсан банкинд хамгаалагчийн ажилд ороод удаагүй байжээ. Ийнхүү хоёр ч ажилтан нь дараалаад амиа хорлочихсон болохоор тус банкны зарим ажилчид жигшиж зэвүүцсэндээ ч тэр үү өөрсдийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байсан гэдэг. Гэвч хэрэг явдал ингээд дууссангүй. 
    Дараа жилийнх нь хавар тус банкны хэдэн ажилчид сумдынхаа салбаруудад мөнгө хүргэхээр замд гарчээ. Гэтэл тэдний замд “гай” таарч хотруу зорчигч тээвэрлэж явсан машинтай мөргөлдчихжээ. Харин аз болж хүний амь эрсдсэнгүй. Гэвч хүмүүс л болсон хойно айж цочирдцоосон нь мэдээж. Тэрхүү ослоос болж зорчигчид тээвэрлэж явсан машин илүүтэй эвдэрч, сүйджээ. Үүнд уурссан жолооч нь банкны тэргийг барьж явсан хамгаалагч залуу руу хараалын үгс чулуудсан нь “дайр нь дээр давс нэмнэ” гэгч болжээ. Өөрийгөө хүн алчихлаа ч гэж буруугаар ойлгосон хамгаалагч залуу машинаасаа яаран бууж, ойрхон харагдах мод руу гүйн оржээ. Хэсэг хугацааны дараа буун дуу ч тас хийн дуугархад хамт явсан хүмүүс нь яарч сандралдан өнөөх ойг самнаж явсаар түүнийг олж очиход өөрийгөө буудан хороосон байжээ. 
    Ийнхүү нэгэн байгууллагад ажилладаг үе тэнгийн шахам гурван залуу харамсалтайгаар амиа алдсан нь юуны нэхэл байж, ямар гээч хорлолд өртсөн нь одоо ч нууц хэвээрээ. Ямартай ч дээрх гурван залуугийн хэргээс хойш тус банкинд ахин тиймэрхүү хэрэг гарсан гэж ер сонссонгүй. Хачирхалтай зүйлсээр дүүрэн л хорвоо ажээ. Магад бидний яриад байдаг чөтгөр шүгэлсэн газар гэдэг л энэ байх даа.
    Эдгээр зүйлс нь бодит болсон явдал тул дээр дурьдсан хүмүүсийн нэрийг нь хэлэхээс цээрлэж мөн нутаг усны нэрийг дурьдалгүй өнгөрсөн болно. 
     

    Энэхүү болсон явдлыг хичээнгүйлэн бичиж ирүүлсэн @Charalbaa гишүүндээ баярлалаа. 

    Edited by Evangelista Lennox

    • Таалагдлаа 2
    • Шок 1
    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэ магадгүй тохиолдол байх . Манайх нэг хэсэг нийтийн байр түрээслэж байлаа. Тэгтэл нэг хижээл насны ах ганцаараа суун гээд нэг өрөөнд орж билээ , сар ч дуусаагүй байтал тэр ах ажил дээрэй өөд болсон. Үүний дараа бас ойролцоо насны ах яг тэр өрөөнд орсон мөн л сар ч хүрэлгүй өөд болсон гэхдээ гадуур ууж харих замдаа манай гудамжид шонгын мод түшээд ,,,,,,,,,,.
    Тэрнээс хойш тэр өрөөнд юу ч болоогүй . Энэ нь шиг тохиол гэж бодож байна.

    Share this comment


    Link to comment
    Бусад сайтуудруу түгээх


    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×