Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Жинхэнэ чөтгөр Сэлхэд л бий

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Дамбадаржаагийн эцэст Бэлх, Сэлх гэх ихэр хоёр газар буй. Ерээд оноос өмнө тэнд нэг чайл байгаагүй юм. Ерээд оны дундаас зуслан болон өргөжиж, 2000 он гэхэд жигдэрсэн билээ. Тэр цагаас жил ирэх тутам тэлсээр байв. Өдгөө зуслан бус бүр хотын, тэр дундаа Сүхбаатар дүүрэг, Дамбадаржаагийн ердийн нэг үргэлжлэл болжээ. Өөрөөр хэлбэл, 2010 он хүртэл зуслангийн автобус явж байснаа, тэр цагаас хотын жирийн нийтийн тээврийн унаа явдаг болсноос үзсэн ч тэр юм. Бэлх, Сэлх одоо бүр баячуудын хороолол болжээ. Бараг тэр чигтээ 1 3 давхар байшин, хаус болсон газар харагдана. Тэндхийн иргэдийн ярих нь ихэнх нь “хурган” баячуудынх гэнэ. Ганц нэг гэр энд тэнд байх нь тэндхийн уугуул иргэд бололтой. Аж ахуйтай айлууд ч зөндөө. Үхэртэй айлууд цөөнгүй. Гахай, тахиатай айлууд ч үзэгдэнэ. Хашаандаа мод, бут, сөөг, цэцэг, ногоо тарьсан айлууд бишгүй байх юм. Ер нь нүдэнд дулаахан харагддаг газар байна лээ. Хотын нэгэн компани, эсвэл хувь хүн Сэлхийн эхэнд нэлээд том газар авч блокон хашаа барьж байгаа юм. 

    Тэрхүү хашаагаа мөн л хотын нэгэн ТББ аар бариулж байна. Тус байгууллагын хорин залуу тэнд ажиллаад хориод хонож буй. Нэгэн хагас, бүтэнд сайн, хүүхдийн баяр давхцсанд ажилчдаа түр амраан, хоёр нөхрийг сахиулаар орхисон аж. Мэдээж хоол, хүнс ч хангалттай орхисон байж таарна. Олуулаа бужигнаж байхдаа тамхилсан ч, бие зассан ч хамтдаа байсан нь ойлгомжтой. Шөнө морь харахаар бол заавал тэр хол орших жорлон явах хэрэг гарахгүй л дээ. Хоёр сахиул үлдээд дураар дургисан нь гарцаагүй. Нийтийн хоол нэг “тийм” шүү дээ. Хангалттай материалтай үлдсэн болохоор бууз, хуушуур л гэнэ биш үү? Буулаа, буулаа гэхэд цуйван, айн? Нийтээр байхдаа өглөөний цай, өдөр, оройн хоолтой байсан бол хоёулахнаа үлдсэн тул өдрийн гурван хоолтой болсон байгаа юм. Энэ их ачааллыг хүний өчүүхэн ходоод гэдэс яахин даах билээ. 
    Тэнд үлдсэн хоёрыг Батаа, Эрдэнээ гэх. Мань хоёрын гэдэс эвгүйрхсэн байгаа юм. Аргагүй биз дээ. Хоол нь хэтэрсэн хоёр төдөлгүй гүйлгэж эхэлжээ. Тэгсхийгээд зогсчих болов уу гэсээр орой болгосон тул эмийн сан ч хаажээ. Шөнийн аптек орох гэхээр заавал хотын төв, наанадаж л гучин хоёрын тойрог явах хэрэг байдаг. Нэгд, залуу. Хоёрт, бүдүүн баараг эрчүүд тул залхуураад больжээ. Тэгээд ч халдварт өвчин шиг ойр ойрхон гүйлгэсэн биш юундаа ч тэвдэх билээ. Тэгсээр үдэш болжээ. Харуй бүрий нөмрөх дөхсөнд хоёулаа нэг сайн бие засаж аваад хэвтэцгээв. Болохгүй бол шөнө энэ хавьдаа аргалъя. Тэр холын жорлон яваад яахав хэмээн тохирчээ. Ингээд эхлээд Батаа бие хөнгөлөхөөр одсон байна. 

    Батаа жорлонд суугаад тухалжээ. Нэг сайн шавхчихвал шөнө гайгүй биз хэмээн бодож суутал жорлон дотор ч юм шиг, гадаа ард нь ч юм шиг хүн дуугарчээ. Бүр ярьсан байна. Эрдэнээ ирж байгаа юм болов уу, өөр хүн ч байж болох юм даа гэсэн шүү юм бодоод хоолойгоо засч чимээ өгсөн байна. Тэгэвч нөгөө нөхөр бүр дэргэд нь шахуу ярьж гарчээ. “Хөөе, чи яах гээд байгаа новш вэ?” гэх шиг болсон байна. Бушуухан босоод жорлон руу харвал хэн ч алга. Гараад эргэн тойрноо ажвал мөн л хэн ч байсангүй. Бүр гайхаад, би  халуурч байгаа юм болов уу, хий юм сонсов уу гэх зэргээр бодсоор харьжээ. Тэр эргэн эргэн харсаар явсан авч хэн нэгэн харагдсангүй. Тэр энэ талаар Эрдэнээд ам нээсэнгүй. Төдөлгүй Эрдэнээ бие засахаар оджээ. Мөн л жорлонд ороод тухалжээ. Гэнэт дэргэд нь хүн дуугарчээ. “Хөөе, бушуухан гараад ир дээ” гэх шиг болж. Өө, Батаа л биз гэж бодоод “Хүлээж бай. Одоохон гарлаа. Эсвэл чи тамхи авч байх юм уу?” гэсэн ч хэн ч хариулсангүй гэнэ. Гэтэл дахиад л “Новш оо, хурдан гараад ир” гэжээ. Босоод гарав. 

    Хэн бэ? Хаана, ямар хүн байна аа? гэсэн ч хэн ч эс хариулав. Бүр гайхаад, гайхаад жорлон тойрч үзэв. Хүн байтугай амьтан ч үзэгдсэнгүй. Түүнийг гэртээ орж ирвэл Батаа ороо засаж байв. Эрдэнээ: 
    Батаа, чи бие засахдаа нэг юм анзаарав уу?
    Юу тэр билээ?
    Намайг бие засаж байтал хүн дуудаад байх юм. Гараад харсан чинь хэн ч алга. 
    Өө, тэгэв үү? Надтай ч бас ярьсан юм. Би хий юм сонссон байх гэж бодоод чамд хэлээгүй. Жигтэй сонин юм болж байна шүү. Шөнө хэн нэг нь гарах бол хоёулаа шалгацгаая гэж тохироод хэвтээд өгчээ. Шөнө дунд “Батаа, Батаа” хэмээн дуудав. Сэрээд өндийвөл Эрдэнээ дуудаж байлаа. “Хоёулаа явж бие засах уу? Би хүндэрмээр байна. Бас нөгөө “юм” аа хамт ажиглая” гэжээ. Тэгээд хамтдаа явав. Асаагуурын гэрлээр гэрэлтүүлээд зэргэлдээ жорлонд зэрэгцэн оржээ. Ингэсхийгээд тухлаж суутал “Хүүе, хоёр оо. Гараад ир” хэмээн бараг дороос нь шахуу дууджээ. Үс өрвөсхийсэн ч хоёрын хоёр эр хүн тул хоолой нийлүүлэн засаад бие биедээ чимээ өгөн сатаарав. Тэгээд зэрэг гараад жорлон руу гэрэлтүүлэн харсан боловч хэн ч байсангүй. Хэн ч байх билээ дээ. Хоёулаа хариут саяын явдлын талаар ийн ярилцжээ. 

    Сонин юм даа. Яах аргагүй хүн дуудсан даа. 
    Тэгсээн. Хоёулаа ч сонслоо. Нэг нэгээрээ ч сонсов. Гарцаагүй л хүний хоолой байлаа. 
    Хоёул хоёулаа хий юм сонсоно гэж байхгүй дээ. 
    Буг чөтгөр юм болов уу?
    Магадгүй. Гэхдээ дүрс байдаггүй. Хий үзэгдэл байсан бол ядаж хэн нэгэнд маань харагдмаар юм. 
    Маргааш өдөр шалгана байгаа. 
    Өдөр чи бид хоёр ганц, ганцаараа хэд хэдэн удаа бие зассан ш дээ. Юу ч сонсогдоогүй биш үү?
    Нээрээ, тийм л дээ. 
    Нөгөөдүүлийг ирэхээр хэлэх үү?
    Хэрэггүй байх аа. Тэдний хэн нэг мэдвэл бүр батлагдах юм биш үү?
    Тэгье. Тэд ийнхүү тохирчээ. Үүрээр хоёулаа дахин бие зассан ч жорлон явалгүй тэр хавьдаа аргалжээ. Нэгд, жорлон хол байв. Хоёрт, айхгүй ч гэсэн аягүй байсных биз. Маргааш нь хамгийн түрүүнд эмийн сан онгойнгуут гэдэсний эм авч уув. Тэгээд цай, цүү болоод өглөөний хоолоо хийжээ. Тэр хоёр өдөр хэд хэдэн удаа бие зассан ч хэнд нь ч юу ч тохиосонгүй. Үүнээс үзвэл дээрх буг өдрийн бус шөнийн “гүйдэлтэй” бололтой. Ингэсхийгээд үдээс хойш тэр хоёрын гүйлгэх нь ч тогтжээ. Гэхдээ үдшийн бүрий болоход нэг сайн бие засаж авахаар хамт явжээ. Харуй бүрий тасарч байсан тул өнөө явдал яг л зүй ёсоороо давтагдсан байна. Тэр хоёр нөхдөө хүлээв. 

    Амрахаар явсан нөхөд нь ч ирэв. Олуулаа бужигнаад, бие зассан ч, тамхилсан ч хамт байх тул эхэндээ ямар нэг юм болсонгүй. Бүгдээрээ залуу улс болохоор давсаг чанга, ганц нэг нь шөнө шээвч хол орших жорлонг зорих хэрэг байсангүй. Хашаанаасаа гараад л болох нь тэр. Ийм маягтай хэд хонов. Тэгтэл нэг нөхөр үдшийн 22.00 цагийн алдад бие засангаа тамхилахаар тийш явжээ. Жорлонд тухлан тамхилж суусан байна. Гэнэт жорлон дотроос “Хөөе, гараад ир” гэх шиг болжээ. Цочсон ч эхлээд юу болсныг сайн ухаарсангүй. Төдөлгүй манайхны нэг нь л шоглож байна даа хэмээн боджээ. Ингээд тамхиа дахин сортол, нэлээд хахирган хоолойгоор “Хөөе, новш оо. Сонсож байна уу? Гараад ир гэж байна” хэмээсэн байна. Хамаг биенийх нь үс босоод ирэх шиг л болжээ. Хам хум “ёслоод” босон харайжээ. Нэг мэдэхэд жорлон тойроод явж байлаа. Түүнтэй хүн байтугай хүн дүрстэй амьтан ч таарсангүй. Гайхаж цөхсөн тэрбээр байрандаа хар гүйхээрээ ороод иржээ. 
    Жорлонд… жорлонд… гээд ээрэв. 
    Яасан бэ? Юун жорлонд болоод байна аа?
    Жорлонд хүн байна. Биш ээ, хүн намайг дуудаад байсан. 
    Ха, ха, ха. Чи солиорчээ. Тэнд хэн байх билээ. Хий юм сонсохгүй юу. Яг энэ үеэр Батаа, Эрдэнээ хоёр ярианд оролцов. 

    Манай жорлон тийм болчихоод байгаа юм аа. Бид хоёр бүр хоёр ч шөнө сонссон шүү. Гараад харахаар хэн ч байдаггүй юм. 
    Ямар сонин юм бэ? Бүгдээрээ очиж үзэх үү? Тэгье. 
    Тэд очив. Хэн ч тэднийг дуудсангүй. 
    Тээр, хэн ч байхгүй л байна шүү дээ. Та нар хий юм сонссоноос зайлахгүй. За, явцгаая. Амарцгаая. 
    За, та нар явцгааж бай. Бид хоёр “хүндэрчихээд” очъё. Хоёр нь үлдэв. Бусад нь хариад ороо засацгааж байлаа. Үлдсэн хоёр тухлан суужээ. Гэнэт хаа нэгтэйгээс “Хөөе, хоёр оо. Гараад ир” гэх сонсдов. Нөгөө хоёр ч агдгасхийгээд явчихжээ. Хөөе, зэрэг гарна шүү. 
    Тэд зэрэг гараад хавь ойрыг нэгжээд юу ч олсонгүй. Очоод бөөн шуугиан тарьжээ. Хэрэгт дуртай хоёр нөхөр яваад нүд нь орой дээрээ гарчихсан амьтад иржээ. Тэд ярилцаад энд юу болоод байгааг тэндхийн байнгын оршин суугчдаас асуухаар шийджээ. Ажиглаад байхад өдөр яах ч үгүй мөртлөө үдшийн бүрийгээс үүр цайтал байдаг бололтой юм. Маргааш нь ажилчдын ахлагч нэг нөхрийн хамт тэр хавийн айлуудаар явав. Бүгд л харанхуйд тийшээ очдоггүйгээс тийм явдалтай учраагүй. Та нараас л сонсож байна гэжээ. 
    Тэгсээр яваад тэнд нэлээд удаж байгаа бараг уугуул гэж болохоор нэгэн настай эмэгтэйтэй уулзжээ. Эмгэн эхлээд нэлээд уцаарлангуй байснаа сүүлдээ зөөлөрч ийн ярив. 

    Гурван жилийн өмнөөс л тийм болчихсон юм. Айл амьтан айчих болов уу гээд бид хэлдэг ч үгүй. Залуус анзаардаггүй бололтой. Бид айх, гайхах зэрэгцээд тийшээ зүглэхээ байсан. Энүүхэн хажуудаа хувьдаа жорлон ухаж авсан даа. Гурван жилийн өмнө яг өдийд тэр жорлонгийн дэргэдээс 40 гаруй насны эрэгтэй хүний цогцос нэг өглөө олдсон юм. Цагдаа нар ирээд л бидний хэл амыг сугалахаа шахсан. Бид яаж мэдэхэв. Үнэнээ л хэлсэн. Тэгэхэд энд цөөн айл байлаа. Одоо энэ олон айл түүнээс хойш ирсэн юм шүү дээ. Ихэнх нь өдөр ажилтай. Тэгээд ч энэ жорлон айлуудаас нэлээд алслагдмал болохоор харанхуйд хүн очихгүй л дээ. Танайханд л харьцангуй ойрхон юм. Энд суурьших гэж байгаа бол эртхэн аргыг нь хайлгахгүй юу. Энүүхэн дор Дамбадаржаагийн хийд гэж бий. Сайн, сайн лам олонтой юм гэнэ билээ. Хожим сонсохнээ, тэр цогцос гадны нөлөөтэй байсан гэсэн байх шүү. Архидацгаасан бололтой, архины шил хэд хэд гарсан гэнэ лээ. Түүнийг боогоод, дараа нь хутгалан хөнөөсөн байж гээд л үнэн, худал нь мэдэгдэхгүй их шуугицгаасан даа. Одоо ч бараг мартагджээ. Та нар л сэргээчихлээ гэсэн байна. Тэгээд тэд байрандаа ирээд зөвлөлджээ. 
    Одоо бүгдээрээ яах вэ?
    Харин ээ. Тэр хийдээс нь лам урьж ирэх үү?
    Бараг тэр нь дээр байх. Гэхдээ үдээс хойш урья. 
    Яагаад?
    Нэгд, ажил тарах дөхчихнө. Хоёрт, үдэш гарч ирдэг цагт нь аргална гэх байх.

    Номынх нь ханш хэдэг байдаг юм бол?
    Бүгдээрээ дундаасаа гаргая. 
    Тэгье. Ахлагч нэгэнтэй нь яваад лам урина биз. 
    Тэр нь дээр байх. За, бүгдээрээ ажлаа хийцгээе. Үдээс хойш лам руу явжээ. 
    Дамбадаржаагийн хийдийн лам нар хурж байлаа. Удтал хүлээсний эцэст урьдаас товлосон нэгэн өвгөжөөр ламд хандан учраа хэлжээ. Лам эхлээд зурхайчтай уулзахыг зөвлөжээ. Зөвлөсөн ёсоор нэгэн залуухан лам зурхайчтай уулзав. Зурхайч шоо хаян, зоос гүйлгэж 41 чулуу таслан нэлээд няхуур үзжээ. Тэгээд: 
    За, хэцүүхэн л юм болж дээ. Хэрэг гардаг газарт таван хүн байж. Архи ууцгаасан байна. Хохирогч тэдний нэгтэй түнжин нэлээд муутай байжээ. Их л өмнөөс санасан өс байсан бололтой. Бараг зориуд тийшээ дагуулж явсан юм уу даа. Ер нь л тэгжээ. Архиа уугаад дуусахын алдад маргацгаажээ. Тэгээд зодоон болжээ. Нөгөөх нь эхэлж муужруулаад, дараа нь мэс хэрэглэжээ. Эзэн холбогдогчид нь баригдаж, зохих ялаа аваад эдэлцгээж байгаа юм байна. Хохирогчийн сүнс бүрэн явалгүй буг болжээ. Алтан хайрцгийг нь нээлгүй, ёс горим барилгүй оршуулснаас болсон байна. Хойдохыг нь ч уншаагүй юм байна. Сүнс нь яаж явахав. Үдшийн бүрийгээр хөөлгө, манайхаас хоёр лам авна биз. Өөрсдөө сонговол сонго. Эсвэл би туслая даа гэжээ. 

    Ламаа өөрсдөө сонгох биш өнөө өвгөжөөр ламыг нэг залуу ламтай урьж аваачсан байна. Лам нар бэлтгэлээ базаасаар байтал бүрэнхий ч болжээ. Ингээд хөгшин, залуу хоёр лам мөнөөх газар очин гүрэмдэж гарчээ. Унзад хоолойгоор ном уншин, хонх дамар дуугарган их л сүртэй юм болсон гэнэ билээ. Тэгж, тэгж арайхан нэг юм сүнсийг нь дуудан ирүүлж, “Барьж авсан” байна. Тэнүүлч сүнсийг хөөхийн тулд эхлээд дуудан ирүүлээд дараа нь хөөдөг ажээ. Тэр ёсоор болгожээ. Залуус нийлэн лам нарын гарыг цайлгаад хүргэж өгчээ. Тэр оройноос хүмүүс амар тайван бие засах болсон гэхэд хилсдэхгүй. Гэхдээ л айхгүй ч аягүйн үлгэрээр нэг хэсэгтээ л үдэш орой ганцаар очиж чаддаггүй байсан гэнэ билээ. Энэ бол яг өнөө үеийн бодит чөтгөр бүлгээ. Чөтгөр гэхээсээ амилсан буг ч гэсэн болохоор юм. Хүмүүсийн ам дамжин яригддаг, хааяа сонинд бичигддэг зүйл үнэн байж шүү дээ. Буг, чөтгөр, ад, ороолон зэргийг аль болох эрт илрүүлэн дарвал амархан арилдаг ажээ. Яг л хорт хавдар өвчин шиг гэхэд болно. Буг юунаас болсныг зурхайч эхлээд тогтооно. Тэгээд лам нар номын хүчээр дарна гэж ойлгож болох юм. Аль алиныг нь чаддаг хүн ч бий гэх. 


    Эх сурвалж wikimon.mn

     

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×