Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Бэлтрэгээ алдсан чонын сүнс үхсэн хойноо ч гэсэн анчин эрээс салсангүй

    Батсайхан нийслэлийн нэгэн сургуульд физикийн багшаар ажилладаг аж. Тэр 2001 оны өвөл сурагчдын амралтаар Өвөрхангай аймгийн Хархорин суманд байх аавынхаа дүүгийнд зочилжээ. Түүнийг очоод удаагуй байтал тус нутагт чонын бэлтрэг өндөр үнээр авна гэсэн гадаадын хэдэн хүн иржээ. Хархоринд Эрдэнэ Зууг үзэхээр ирсэн гадаадын жуулчдын дийлэнх нь хориотой ан агнаж явдаг гэдгийг энэ дашрамд дурдъя. Тэгтэл угийн анд хорхойтой авга ах нь тогтож суухаа болин Батсайханыг ятгаж “Хоёулаа явж хийморио сэргээнгээ хэдэн бэлтрэг суйлж гадаадынханд заръя” гээд салахаа байжээ. Тэгэхээр нь Батсайхан зөвшөөрөн ахтайгаа бэлтрэг суйлахаар морьтой явсан аж. Тэр хоёр явсаар Архангай аймгийн Батцэнгэл сумын нутгаас нэг чонын үүр олж бэлтрэгийг нь суйлсан байна…

    Тэгэхдээ ах нь “Дөрвөн бэлтрэг байна. Нэгийг нь үлдээе. Тийм ёстой юм” гэж байсан ч Батсайхан их идсэн ч өмхий, бага идсэн ч өмхий гээд тоолгүй дөрвүүлэнг нь шуудайлаад хөдөлжээ. Ойр хавьд нь айл амьтангүй зэлүүд газар явж байсан учир ах нь жаахан жийрхэн “Чи бид хоёрыг гичий чоно дагах вий. Нэгийг нь үлдээдэг л байсан юм” гэж халаглаж явжээ. Тэгтэл ч удалгуй шөнө дундын үед ойр зайд чоно уртаар ульжээ. Үүнийг сонссон ах нь Батсайханд хандан “Хоёулаа тэр хадыг бараадан бууя. Гичий чоно бэлтрэгнийхээ араас яах аргагуй ирж” гэсэн байна. Тэгээд тэр хоёр ойролцоох хоёр том хадны нөмөрт буун гал түлээд гичий чоныг отжээ. Тэгтэл ч удалгуй сүүтийсэн хоёр амьтан тэднийг тойрч эхэлжээ. Сайн ажиглавал томоос том азарган чоно дагуулсан гичий чоно нааш цааш холхиж байж. Хоёр чоно сүүлдээ бур ойртон ирээд гичий чоно үе үе оцойн сууж гаслантайгаар ульж, азарган чоно араа шүдээ ярзайлган архираад эхэлж. Энэ үед айж сандарсан Батсайхан тэсгэл алдран шуудайн дотор гийнаж байсан бэлтрэгнүүдийг бууныхаа бөгсөөр гаслуулан чарлуулан цохиж гарчээ.

    Тэгтэл ч азарган чоно тэдэн руу дүүлэн ирсэн байна. Энэ үед буугаа бэлдэн анаж суусан авга ах нь түүнийг ганц буудаад л унагачихаж. Тэгсэн чинь гичий чоно мөн архираад дайрчээ. Тэгэхэд нь түүнийг Батсайхан сохор азаар буудаад алчихжээ. Ингээд тэр хоёр бэлтрэгний олзтой, хоёр чонын арьстай харьсан байна. Удсан ч үгүй Батсайхан буцах болж өөрийн алсан гичий чонын арьсыг аваад гэртээ иржээ. Тэр ирэнгүүтээ нөгөө арьсаа том өрөөнийхөө хананд хадаж их л бахдалтайгаар хэрхэн алснаа найз нөхөдтэйгөө балга тагш юм уухдаа ярьж хөөрцөглөсөн аж. Тэгээд тэр хамт ажилладаг хэдэн хүнээ урьж хоол цай хийн бяцхан найр хийгээд шөнийн хоёр цагийн үед хэвтжээ. Тэгтэл шөнө дундын үед ямар нэгэн амьтан яг л чихнийх нь хажууд архирах шиг болжээ. Цочиж сэрсэн Батсайхан өндийн харвал юу ч байсангүй. Харин хананд өлгөөтэй чонын арьсны нүд цог шиг улайран гэрэлтэж харагдсан аж. Юу болоод байгааг ойлгоогүй Батсайхан орноосоо босвол яг ард нь яах аргагүй чоно архирах шиг болжээ. Тэгснээ өрөөн дотуур нь ямар нэг амьтан сүр cap хийн гүйх шиг болж. Энэ үед Батсайханын дотор давчдан хүйтэн хөлс нь чийхарч ирсэн ч “Би согтож дээ” гэж бодон буцаад унтсан байна. Үүнээс хойш гурав хоногийн дараа Батсайхан нэлээд оройхон харьж явтал яг түүний өмнүүр нэг том саарал нохой гүйн өнгөрснөө жаахан зайдуу очоод оцойн суугаад ульжээ. Батсайханд яагаад ч юм өнөө гичий чоно биш байгаа гэсэн бодол төрсөн ч өөрийгөө бараг шоолсоор харьсан аж. Тэгтэл тэр шөнө тэдний коридорт мөн л чоно улих чимээ гарсан байна. Тэр үед Батсайхан эхнэртэйгээ жижиг өрөөндөө унтаж байж. Тэр шөнөдөө түүний нойр хүрсэнгүй. Өглөө босоод хартал коридорынх нь хананы цаасыг ямар нэгэн амьтан самардаад хаячихсан мөр байжээ.

    Харин дараагийнх нь шөнө Батсайхан нөгөө гичий чонынхоо арьсыг балкон дээрээ гаргаж тавиад унтжээ. Тэгтэл мөн л шөнө дундын үед балкон дээр нь чоно улих чимээ гарчээ. Тэгэхээр нь Батсайхан босч балкон руугаа харвал цонхны нь цаана сэрвээнийх нь үс сэгсийгээд босчихсон нэг чоно араа шүдээ арзайлгаад, цог шиг улаан нүдээр цоо ширтээд сэгсийтэл байж байсан байна. Үүнийг харсан Батсайхан бараг ухаан алдах шахан ор луугаа зутгэвэл цонх нь тар няр хийн хагарч өнөөх чоно яах ийхийн зуургүй түүнийг даран унажээ. Батсайхан ч айсандаа аймшиггайгаар бархирч, эхнэр нь ч сэрж гэрлээ асаан харвал өрөөнд юу ч байсангүй. Тэгсэн хэрнээ цонх нь юу ч үгүй хагарчихсан байж. Эхнэр нь айж салгалсан Батсайханыг тэр шөнөдөө эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд тэр байн байн “Тэр чонын арьсыг шатаа” гэж орилоод байжээ. Тэрээр удалгуй эмнэлгээс гарч ажилдаа орсон юм. Үнэхээр ч мөнөөх арьсыг үгүй хийснээс хойш түүнд ямар нэг юм сонсогдож харагдахаа байсан аж. Үрийнхээ хойноос гансран тэмцээд алуулсан өлөгчин чонын сүнс үхсэн ч Батсайханаас салахгүй арьсаа даган ирж зовоож өшөө хорслоо авахаар тэмүүлсэн бололтой.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×