Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Алмас – Хүн гөрөөсний тухай баримтууд

    Хүний үүсэл хөгжлийн талаар эрдэмтэд өнөөг хүртэл судалсаар ирсэн билээ. Түүний дотор алмас буюу хүн гөрөөсний тухай ам дамжсан яриа хөөрөө дэлхийн олон улс оронд байдаг билээ. Алмасны тухай эрт эдүүгээгийн олон ном сударт дурдагдсан байх юм.  Алмас бол хүн үүссэг цагаас эхлэн хүнтэй зэрэгцэн амьдарч, байгалийн урт хугацааны шалгарлын явцад дэлхий дээр устан үгүй болж буй хүн төрхт нэгэн зүйлийн  зэрлэг садан төрөл юм гэсэн таавар эрдэмтдийн дунд байдаг.  Эртний дорно дахины судар шастирт алмасыг ” сан шин” ” рийдэг саншин” гэж тэмдэглэсэн байх ба энэ нь хүн гөрөөс гэдэг утга илэрхийлдэг байна.  Хадны сүг зурагт алмасыг аргаль, янгир, буга, гөрөөс даган явж буй байдлаар дүрсэлсэн байх нь олонтаа.

    Монголчууд эртнээс л хүн гөрөөс алмасны талаар мэддэг ард түмэн байжээ.  Алмасыг монголчууд хүн гөрөөс, өвөг гөрөөс, хүн хар баавгай, хүн хар гөрөөс, хүн аюу, хар авхай, загийн шар эмгэн гэх мэтээр заавал хүнтэй холбон нэрлэдэг байсан байх юм.  Монголд алмас хэмээх хүн гөрөөсийг хайж дорвитой судалгаа хийсэн хүн бол Равжирын Равжир юм. Тэрээр алмасын мөрөөр Монгол Алтайн нуруугаар 1340 хоног аялж олон арван домог, хууч яриануудыг цуглуулж, хэд хэдэн удаа алмасны мөрийг олж хэвжүүлж буулган авсан байдаг бөгөөд тэрээр гурванч удаа алмасыг харсан гэдэг.  Равжир өөрийн судалгааны ажилын үр дүнгээ нэгтгэн “Алмас сурвалжилсан тэмдэглэл” ” Энэ хүн мөн үү” хэмээх ном хэвлүүлсэн байдаг.  Түүний Алтайн нуруунд явуулсан судалгааны ажлыг БНМАУ ын ШУА түүн дотор академийн ерөнхийлөгч Б. Ширэндэв, Б. Ренчин, доктор Д. Майдар гуай нар ил далдуур дэмжиж, горьдлого тавьж байжээ.  Алмасыг барихын тулд бүр Сайрын уулыг цэргээр бүслүүлэхийг хүртэл оролдож байсан гэдэг яриа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хөгшчүүлийн дунд байдаг.

    1973 оны 7 р сард Равжир Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян Өлгий аймгийн Толбо сумын нутгийн заагт орших Сайрын уулнаас алмасны мөр олж, түүнийгээ хэвжүүлж, зургийг нь аваад ШУА, болон Б. Ренчинд захидлаар илгээсэн байдаг. Энэ явдлаас нилээд хэд хоногийн дараа Ренчин гуайгаас түүнд ” Та эрэлдээ гарсан эхний өдөртөө алмасны мөр, үс ноос зэргийг олж дээжээ хүргүүлсэн явдал бол та алмасыг амьдаар нь барих түмэн өлзийтэй сайхан үйлсийн эх бизээ…Таны явуулсан гөлтгөнө хэвийг Польшийн эрдэмтэн Флавенскийд явуулав.  Гэрэл зургийг Белгийн хүн судлалын доктор Хайбалмансад явууллаа. Тэр хүн бүх насаараа хүний өвгийг судлах ажлын төлөө хүчин зүтгэж яваа хүн юм.  Танд шинэ, шинэ амжилт хүсье.”  гэсэн захидал иржээ.

    Энэ явдлаас хойш хориод хоногийн дараа Равжирт нэгэн захидал ирсэн нь Хайбалмансын захидал, захидалд уг захиаг монголчлон хавсаргасан байв. Айбалманс бичихдээ: ” Хэрвээ Равжир та Америкт жуулчлаагүй бол үзээгүй байх.  Өмнөд америкт миний үзсэн нэгэн агуйн шалны шаварт хэдэн мянган жилийн өмнө гишгэдэн дагтаршиж үлдсэн неандарталь хүний мөртэй таны олсон мөр хэлбэр хэмжээний хувьд тун адилхан байна.  Үүнээс үзэхэд Монгол Алтайд алмас одоог хүртэл амьдарч байгаа юм биш үү гэсэн сэтгэгдэл төрж байна.  Хэрэв та Алтайн нуруунаас алмас баривал саран дээр хүн бууснаас дутахгүй нээлт болно шүү. Тийм нээлт хийхийн даваан дээр байгаа танд тун шургуу ажиллаж амжилт олохыг хүсье” гэжээ.  Доктор Хайбалманс 1974 онд бичсэн өөрийн номондоо ” Монгол Алтайгаас Равжирын Равжирын олсон алмасны мөр 36,5 см урт байгаа нь хэрвээ түүнийг хүн байна гэж үзвэл 2 метр 24 см өндөр нуруутай байх бөгөөд түүнд гутал өмсгөвөл 52 54 размерын гутал таарах ёстой” гэж бичжээ.

    XVIII зууны дунд үед амьдарч байсан Өвөрлөгч хошууны найман вангийн хүү Жамбалдорж маарамба гэгч

    этгээд ” Омон түмбий”гэдэг ном бүтээж, номондоо алмасны зургийг зурж, алмасны цөсийг эмэнд хэрэглэдэг “Лха эрдэнэ” гэдэг гэж тэмдэглэн үлдээжээ.  Лха Эрдэнэ хэмээх алмасны цөсийг хүний шарх, цус алдалтанд эрхэм тустай гэжээ.  Омон Түмбий хэмээх энэ судар Монгол Улсын төв номын санд хадгалагдаж байдаг тухай яриа бий…үүнийг шалгаж нягтлан үзэх хэрэгтэй юм.

    1921 1924 онд ардын журамт цэргийн эмчээр ажиллаж байсан маарамба Далай байлдаанд шархдаж цус их алдсан цэргийн хэлэн дээр хаш хайрцаганд нандигнан хийсэн морчгор бор зүйлээр ум үсэг зурж өгдөг байжээ.  Түүнийгээ” Лха Эрдэнэ” гэдэг байжээ. Ум үсэг зуруулсан цэргийн шарх маш хурдан эдгэрдэг байсан тул шардсан цэрэг байтугай эрүүл цэргүүд хүртэл маарамба Далайгаар хэлэн дээрээ ум үсэг зуруулахыг хүсдэг байв.  Хожим түүний нууц тайлагдаж хүн гөрөөсний цөс байсан гэдэг нь мэдэгджээ. Ум үсэг зурахад тэр эмийн тун хэмжээ нь таардаг байжээ.

    Өөр нэгэн сонирхолтой баримт бол алмасны арьсыг хадгалж байсан үүх түүх юм.  1892 онд Эрдэнэ Бишрэлт хамба Галсанчой гэгчид Далай ламаас бэлэг иржээ.  Түүний бэлгэн дунд алмасны арьсан чихмэл  байсан бөгөөд уг чихмэлийг хүрээнийолон бурхадын адагт залжээ.  Уг чихмэл 1930 аад оныг хүртэл тус хийдэд хадгалагдаж байгаад 1939 онд хийдийг тараахад устаж алга болсон тухай яриа байдаг.  Үүнээс гадна 1837 онд Үзэмчний алтан үүрэгт бадарчин гэж алдаршсан Лувсандоной бадарчин Лхас ороод буцаж явахдаа Цэнхэр номингийн говиос заган дунд үхсэн байсан эрэгчин хүн гөрөөс олжээ.  Тэрээр түүнийгээ өвчиж арьс, цөсийг нь аваад Богдын хүрээнд ирсэн байдаг.  Тухайн үед зөв хатаасан хүн гөрөөсний цөс маш үнэтэйд тооцогддог байжээ.  Маарамбууд түүгээр хүнд анагаадашгүй өвчнийг эмчлэх эм хийхэд хэрэглэдэг байв.  Лувсандоной бадарчин алмасны цөсөө Богдын эмч Луу маарамба гэгчид чигчий хуруу дайтай алтаар зарсан байдаг.  Мөн хүн гөрөөсний давсалсан арьсаа Галбын улаан сахиусны хийдэд өргөл болгон өгчээ.  Хийдийн урчууд түүгээр чихмэл хийсэн бөгөөд уг чихмэл 2 метр орчим өндөр, цээж өргөн, бөгс шувтан, урт гартай, хамрынхаа угт ойрхон улаан нүдтэй, ганц хуруу орчим өргөн духтай, зулайгаараа хавтгай, хойшоо гээдэн, толгойдоо азарганы дэл мэт үстэй, биеэрээ улаан саарал ноолуурхаг үстэй, суга цавиараа нимгэн үстэй, цүрдгэр гэдэстэй, нүүрэндээ хөмсөг, сормуус, сахлаас өөр үсгүй, хөлийн эрхий хуруу, долоовор хуруу нь том, палбагар өргөн тавхайн нь тэмээний тавхайтай адил зузаан эвэрлэг сайртай байсан тухай Лувсандоной бадарчин хуучилжээ.  Энэ хүн Төв аймгийн Баянзүрх сумын харъяат, 1974 онд 72 настай хүн байжээ.  Энэ чихмэл мөн 1939 онд Галбын хийдийг буулган үрэн таран хийхэд алга мөн л алга болжээ.

    Энэ мэт алмастай холбоотой олон баримт мэдээ сэлт байдаг ч энэ бүхэнд итгэхгүй байх шалтгаан бидэнд бас байхгүй.  Алмасын талаархи домог ярианууд зөвхөн монголчуудын дотор л байдаг уу гэвэл бас үгүй ээ.  Дэлхий нийт бүгдээрээ алмасыг мэддэг, эртнээс л сонирхон судалж холбогдох мэдээ сэлтүүдийг цуглуулсан байдаг. Алмас үзсэн  харсан, бүр кино хальсанд ч буулгасан тохиолдлууд ч байдаг байх юм. Түүнийг нэрлэдэг нэр ч өөр өөр байна.  Алмасыг Америкт бигфут / big foot/,  Канадад сасквач, Хойд кавказад каптар, Түвдэд ети / yetti/, Орост снежный человек  гэж нэрлэдэг байна.   Тэдний цуглуулсан баримт мэдээллүүд ч гэсэн монголчуудын дунд байдаг алмас буюу хүн гөрөөсний төрх байдалтай адил байгаа нь энэ амьтаныг үнэхээр байдаг гэдэг итгэл үнэмшилийг өөрийн эрхгүй төрүүлнэ.  Энэ олон хүн үгсэн нийлж худал домог зохиох боломжгүй юм.

    1950 иад онд ЗХУ д Шинжлэх ухааны академи сурвалжлагч гишүүн В.Л. Обручевийн санаачлагаар алмасын мөрөөр мөшгих судалгааны багийг байгуулж 1958 онд Памирт судалгааны экспедицийг зохион байгуулж олон баримт мэдээллийг цуглуулсан байна. Алмасын тухай хамгийн шуугиан тарьсан нэгэн явдал 1967 оны 10 р сарын 20 ний өдөр АНУ хойд Калифорнийн уулс Блаф Крикийн хөндийд болжээ.  Хээрийн судалгаа хийж байсан судлаач Рожер Паттерсон, Роберт Гимлин нар алмастай тулгарч түүнийгээ кино хальсанд буулгасан байдаг.  Энэхүү кино хальсанд буусан бичлэгийн үнэн худал, зохиомол зүйл байсан уу гэдэг нь одоог хүртэл хүмүүсийн дунд маргаантай хэвээрээ байдаг.  Та бүхэн энэ кино хальсыг үзэхийг доорх видеоноос үзээрэй

    Мөн ОХУ ын Уулын Алтайн Хойд Чуйскийн нуруунаас Сергей Семенов гэгч уулчин эр нэгэн хүн дүрст амьтаны мөсөн дор маш сайн хадгалагдсан хүүрийг олжээ.  Тэрээр энэ газраа ихэд нууцалж байгаа бөгөөд энэ талын судалгаа хийдэг ШУА уудтай холбогдож нарийвчилсан судалгаа хийхийг хүсч байгаа нэгэн. Хэрэв үнэхээр энэ хүүр алмасынх гэдэг нь батлагдвал их хэмжээний мөнгө олох боломжтойг ойлгосон хүн юм шиг байгаа юм.  Харин энэ бүхнийгээ үнэн болохыг нь баталж нэг хөлийг таслан авч ирсэн байдаг. Мөн зарим нэг холбогдох судалгаануудыг хийж интернетэд тавьсан байдаг.  Үүнийг судлах судлаачид олдох байлгүй дээ. Тэр цагт ч….нэг юм дуулганаа.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×