Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Харь гараг, сансарын 10 сонин хачинаас

    10. Дэлхийтэй төстэй гурван гараг


    “Супер дэлхий” гараг
    Эдгээр гараг 42 гэрлийн жилийн зай дахь алтан загаснууд болон уран зураач хэмээх од эрхсэд орших HD40307 оддыг тойрон эргэлддэг байна. Европын өмнөд одон орон судлалын ажилтнууд “NARPS” дуран авайн тусламжтайгаар бүхэл бүтэн гарагийн аймгийн оддын нэгний зэргэлдээгээс дэлхийтэй төстэй огторгуйн биет илрүүлжээ. “Супер дэлхий” гэгдсэн эдгээр нь дэлхийгээс хүнд бөгөөд далай ван, тэнгэрийн вангаас ч жингээр том аж. “Сүүлийн жилүүдэд бид HD40307 одын хурдыг хэмжисний дүнд гурван гараг байгааг баталгаажуулсан” гэж судалгааны авторуудын нэг, Женевийн одон орон судлалын ажилтан Мишель Мейер ярьжээ.

    9. Эрт цагт огторгуй царцанги байсан

    Балар цагт сансрын уудам ямар байсан бэ гэдэг асуудал эрдэмтдийн анхаарлыг татсаар ирсэн. Сүүлийн үед компьютер, математик загварчлалын аргаар энэ тухай сонирхолтой онол олныг боловсруулсны нэг нь ч батлагдаагүй билээ. Тэгвэл хамгийн сүүлд хөгжүүлсэн загвар огторгуй дахь энерги, материйн 70 хувиас бүрддэг хар эрчим хүчийг судалж, эл хүч 11.5 тэрбум жилийн тэртээ сансрын уудмыг бүхэлд нь царцааж байсан ба энэ үед огторгуй өнөөдрийнхтэй харьцуулахад дөрөв дахин бага байсныг мэдээлжээ. Судалгааг удирдсан шинэ загвар Вандербилтийн их сургуулийн судлаач Суриш Дутта, Роберт Щеррер, Орегоны их сургуулийн физикч Стефен Хсу, төгсөх ангийн оюутан Дэвид Рийб нарын хамтын бүтээл аж. Хоёр их сургуулийн эрдэмтэд судалгаагаа сансар огторгуйн шилжилтийн үе буюу “мөстлөгийн эрин” гэж нэрлэсэн байна.

    Р.Щеррерийн тайлбарлаж буйгаар хар эрчим хүчийг судлах ажил үе үеийн эрдэмтдээс нөр их хөдөлмөр шаардсаар ирсэн ба тэдний зохион бүтээсэн дээрх загвар энгийн материудтай харилцан үйлдэл хийж чаддагаас мэдэгдэхүйц үр дүнд хүрчээ. Тэрбээр энэ онол өнөө цагийн олон үзэлтэй зөрчилдөж буй ч огторгуй судлалыг өргөжүүлж, шинэ гарц нээсэн бодит ажил боллоо хэмээн онцолжээ. Тэдний онолоор огторгуйн атомын жижиг хэсгүүдийн дундах өндөр энергийн импульсууд хар эрчим хүчийг хөгжүүлж, микро тэсрэлтүүдийг үүсгэснээр шинэ бичил хэсгүүд бүрэлддэг байна. Энэ нь дээрх санааг дэвшүүлсэн анхны судалгаа аж. Мөн шинэ судалгаагаар вакуум энергийн хэрэглээг гаргаж, огторгуй доторхи эрчим хүчээ өөрөө бий болгодог гэсэн санааг дэвшүүлжээ.

    Судалгааны багийнхны тэмдэглэснээр огторгуй дахь бичил атомын идэвхжил хар эрчим хүчний гол нөөц болдог төдийгүй огторгуйн өөрчлөлтийг тогтоох үндсэн хүчин зүйл болж байгаа аж. үүнээс үндэслээд сансар огторгуй эдүгээ 11.5 тэрбум жилийн тэртээгээс дөрөв дахин томорсон ч эрт цагт их хэмжээний хар эрчим хүч огторгуйг хөлдөнги байдалд барьж байжээ гэж дүгнэхэд хүрчээ. Матери болон энерги сансрын уудмыг тэлэх гол материал болсон гэж тэд үзэж байна.

    8. Нейтрон одод ган төмрөөс 10 тэрбум дахин бат бөх

    Хүний илрүүлсэн хийгээд бүтээсэн ямар ч зүйл оддын цөм болон гадарга шиг хатуу, бат бөх биш гэнэ. Компьютерийн нарийвчилсан тооцоогоор нейтрон од гэгддэг одой гарагуудын гадарга одоогоор судлагдаад буй огторгуйн бүх биетээс хамгийн бат бөх нь аж. Судалгааг хийсэн АНУ ын Индианагийн их сургуулийн эрдэмтэд Чарльз Хоровицийн тайлбарласнаар нейтрон одод хар нүхний дараа орох огторгуй дахь хамгийн нягт биет юм. Нейтрон одны цайны халбага дүүргэх төдий хэлтэрхий 100 сая орчим тонн жин татна. Астрономичдын үздэгээр нейтрон одод жирийн одтой харьцуулахад хэд дахин бат бөх ч соронзон орон нь дэндүү хүчирхэг тул гадаргуу дээр нь цууралт үүсэх тохиолдол бий. Мөн татах хүчний нөлөөгөөр толгод мэт товгор үүсдэгийг ажигласан Ч.Хоровицийн баг тэдгээрийг уулс гэж нэрлэжээ. Нейтрон оддын уулсыг ажигласны дүнд компьютерийн нарийвчилсан загвараар дээрх судалгааг гаргасан тэрбээр хамгийн хатуу нейтрон одыг тодруулахаар ажиллаж байна.

    7. Бархасбадийн ”дээрэм” давтагдана

    12 жилийн турш дэргэдээ байлгасан сүүлт одоо Бархасбадь гараг 60 жилийн өмнө “сулласан” ыг судлаачид олон жилийн өмнө тогтоосон. Харин саяхны судалгаагаар эрдэмтэд тэрхүү явдал ирэх хэдхэн жилийн дотор давтагдах магадлалтайг нээжээ. Мэргэжилтнүүдийн 147Р/Кушида Мурамацу хэмээн нэрлэсэн сүүлт одыг аварга Бархасбадь гарагийн татах хүч 1949 онд өөртөө урвуулж, 1961 он хүртэл тойрог замдаа байлгасан аж. Энэхүү хачирхалтай хөдөлгөөнийг 1993 онд нээсэн Кацухито Оцукагийн ахалсан олон улсын багийн тооцоогоор 400 метр өргөн 147Р/Кушида Мурамацу сүүлт од судлаачдын нээлтээс өмнө хоёр, гурван ч удаа Бархасбадийн эрхшээлд байсан бололтой.

    Сансрын биет Бархасбадь гарагийн нөлөөнд автах явцыг эрдэмтэд ганц л ажигласан нь Гуталчин Леви 9 хэмээх сүүлт од уг гарагтай 1994 онд мөргөлдсөн явдал юм. Мөргөлдөөний нөлөөгөөр Гуталчин Леви 9 олон хэсэг болон бутарчээ. Өнгөрөгч долдугаар сард Бархасбадийн гадаргаас ажиглагдсан хэд хэдэн ор, гарагийг тойрон эргэлдэгч жижиг биетүүд тэрхүү мөргөлдөөний ул мөр байх талтай. Барбасбадийн татах хүчинд автсан ихэнх биетээс ялгаатай нь 147Р/Кушида Мурамацу сүүлт од хүчирхэг гарагийн тойрог замаас мултарснаараа судлаачдын анхаарлыг татсан байна. 147Р/Кушида Мурамацу өдгөө Ангараг, Бархасбадь гарагийн хоорондох солирын бүсийн тойрог замд эргэлдэж буй аж.

    Энэхүү сүүлт одоос гадна 111Р/ Хелин Ром Крокетт хэмээх сүүлт од 2068 2986 онд мөн Бархасбадийн хүчинд автан бүтэн жарны турш дагуул нь болох төлөвтэй байна. Харин энэхүү судалгаатай холбогдуулан манай гараг Бархасбадийн адил дагуулынхаа тоог нэмэх боломжтой эсэхийг судалсан эрдэмтэд дэлхий лав ойрын хэдэн зуун жилдээ хоёр сартай болохгүй гэж үзжээ. Манай гараг бусад жижиг биетийг өөртөө татахаас илүү аварга биетүүдэд татагдах магадлал нь хавьгүй илүү аж.

    6. Дэлхийтэй төстэй, устай гаpaг олдов

    Дөч орчим гэрлийн жилийн цаанаас одон орон судлаачид дэлхийгээс зургаа дахин том, ус ихтэй, уур савссан гараг нээснээ зарлалаа. Амьдрал орших аргагүй халуун ч гадаад үзэмжээрээ дэлхийтэй төстэй тэрхүү гарагийн гадаргын 75 хувь ус гэнэ. Мэргэжилтнүүдийн дүгнэснээр агаар мандалтай нь тодорхой, тэнгис далайтай тэр гараг манай нарны аймгаас гадна олдсон гарагуудаас дэлхийтэй хамгийн төстэй нь аж. Супер дэлхий гэгдсэн шинэ гараг Тэнгэрийн ван, Далайн ван гарагийн хооронд оршдог чулуурхаг гарагуудын дунджаас хоёр дахин жижиг бөгөөд GJ1214 эх гараг нь нарнаас 3000 дахин бүдэг одой улаан хэмээх гараг. Эх нар нь болсон улаан одойтой ойр тул супер дэлхийн хэм цельсийн +200 орчим гэнэ. Улаан одой гарагаас ердөө 1.3 сая бээрийн зайд оршдог супер дэлхий тэнхлэгээ 38 цагт нэг эргэж, нараа бүтэн жилд нэг тойрдог. “MEarth” төслийн хүрээнд Америкийн Харвардын их сургууль болон Смитсонианы хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн хамтарсан баг 16 инчийн голчтой найман дурайн авиагаар нарны аймгаас гадна оршдог 2000 орчим одой гарагийг судлах явцдаа GJ1214 од болон гарагуудыг нээсэн нь энэ аж. Улаан одой нь Тэнгэрийн заадас дахь гарагуудын хамгийн түгээмэл хэлбэр юм. Супер дэлхийн нар GJ1214 гарагийн дөрөвний гурав нь ус, мөснөөс, үлдсэн дөрөвний нэг нь чулуулгаас бүтжээ. Дэлхийтэй төстэй гэгдсэн бусад гарагаас ялгаатай нь GJ1214 ийн аймаг дахь гарагууд дэлхийтэй ойр тул НАСА гийн “Hubble” зэрэг хиймэл дагуулууд супер дэлхийн агаар мандалыг судлах бүрэн боломжтой.

    5. Вайоманавтууд вайом руу хөөрнө

    Сансарт ниссэн хүмүүсийг сансрын нисгэгч юмуу одон оронч гэж өнөөдрийг хүртэл нэрлэж ирсэн. Оросуудыг сансарт нисэхэд космонавты /сансрын нисгэгчид/,америкчуудыг нисэхэд астронавты / одон орончид/ нислээ гэдэг. Харин хятадууд өөрсдийн төлөөллөө сансарт нисэхэд тайконовты/ нууц нисгэгчид/ хэмээн нэрийдсэн. Тэгвэл удахгүй вайоманавты гэсэн бас нэгэн шинэ нэртэй нисгэгчид бий болох нь. Энэтхэгчүүд өөрсдийн нисгэгчээ ийн нэрлэх бөгөөд 2015 онд вайоманавтчууд сансрыг зорих юм байна. Вайоманавт гэсэн нэрийн үндэс нь санскрит хэлнээс гаралтай бөгөөд “вайома” (үyoma)- нь сансар болон тэнгэр огторгуй гэсэн утгыг агуулдаг аж. Тэгэхээр энэтхэг нисгэгчийн нэр тэнгэрээр аялагч гэсэн утгыг агуулжээ. Сансрын нисгэгчдээ хайрласан энэтхэгчүүдийн нэр чихнээ сонсголонтой, сайхан утгатай зөв сонголт байна гэдгийг Нью Дели их сургуулийн санскрит хэлний мэргэжилтэн, профессор Чодури Упендер Рао онцлон тодотгосон байна. Энэтхэгийн сансрын байгууллага The Indian Space Research Organisation (ISRO) нь 2015 оны анхны нислэгтээ одооноос бэлтгэж эхэлсэн бөгөөд нэр дэвшсэн 200 нисгэгчээс сонгон шалгаруулалт хийх юм байна. Энэхүү 200 нисгэгч нь бүгд цэргийнх бөгөөд эдгээрээс зөвхөн хоёр нисгэгч шалгарч, гурван хүний суудалтай вайомийн хөлгөөр вайомийг зорих ажээ.

    4. Хоёр дахь дэлхийг энэ онд илрүүлнэ. Британийн Дээдсийн шинжлэх ухааны нийгэмлэгийн хурал дээр английн эрдэмтэд шуугиант мэдээллийг түгээлээ.Дээдсийн шинжлэх ухааны нийгэмлэгийн энэ удаагийн их хурал SETI/ харь ертөнцийн ухаантны эрэлд гарч анхны туршилт явуулсны (Search for Extra Terrestrial Intelligence)/ 50 жилийн ойн хүрээнд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. 1960 онд Корнеллийн их сургуулийн одон оронч Фрэнк ДрейканхТау Кит оддоос Эпсилон Эридина одод хүртэл дамжих радио дохиоллыг суурилуулж ажиглаж эхэлсэн байна. Тухайн үед сансрын эл биес дэлхийтэй төстәй гарагуудыг дагуулсан, хоёр дахь дэлхий болох хамгийн өндәр магадлалтай нэр дэвшигч хэмээн тооцогддог байж. өнөөдөр SETI ийн хүрээнд асар том, хүчирхэг радио дуран Аллена (АТА) Калифорни хотноо сансрын радио эфирийг мөрдөн ажиллаж байна. өдгөө сансрын жингүйдэлд 42 антенн байгаа бөгөөд ойрын ирээдүйд 350 антенн болгон ихэсгэх төлөвлөгөөтэй байгаа аж.

    Энэ хурлын үеэр Женевийн их сургуулийн профессор Мишель Майор нэгэн шуугиант мэдэгдлийг хийсэн тухай Би би Си мэдээлжээ. Тэрээр, нарны аймгийн хязгаар дахь дэлхийтэй жин, бүтцээрээ тун адилхан анхны гарагийг 2010 оны сүүлээр илрүүлэх болно гэж мэдэгдсэн байна. “Амьдрал үүсэх боломжтой бүхий л нөхцөлийг бүрэн хангасан, дэлхийн “ихэр” гарагийг илрүүлж олох шинэ төслийг бид боловсруулсан. Ийм итгэлтэйгээр хэлж байгаа маань сүүлийн 15 жилийн техник, технологийн үсрэнгүй хөгжлийн ач” гэж профессор Майор онцолсон байна.

    Эрдэмтэн Майор 1995 онд хамтрагч Дидье Квелоцийн хамт анхны экзогараг 51 Пегаса b ийг илрүүлж байсан. Эл гараг нь нар шиг Герцшпрунг Расселийн диаграммын үндсэн дараалалд оршдог. Эдгээр оддын энергийн үүсвэр устөрөгчөөс гаралтай халуун, хүйтний цөмийн нийлэгжил. Харин ийм төрлийн хамгийн сүүлийн нээлтийг 2009 оны арванхоёрдугаар сард Америкийн эрдэмтэд хийсэн. Тэд нартай гайхалтай төстэй гарагуудийн системийг илрүүлсэн билээ. Эл шинэ систем нь дэлхийгээс таван мянган гэрлийн жилийн зайд оршдог. Оддын эргән тойронд нарны ихэр хоёр том хийн бөмбөлөг эргэлдэн үүсч буй агаад Санчир, Бархасбадь гарагууд үүсч байхдаа ч иймэрхүү байдалтай байсан. Энд үнэхээр амьдрал үүсч болох болов уу гэдэг том асуулт өдгөө тулгараад байна. Эл систем нарнаас хавьгүй жижиг бас харанхуй, хүйтэн. Ер нь бол одон орончид сүүлийн 50 жилд 100 орчим үлэмж том гарагийг илрүүлж чадсан. Гэвч тэдний нэг нь ч орчин үеийн төсөөллөөр амьдрал үүсэх боломжтой гарагийн тоонд багтаж чадаагүй. Учир нь эл хийн үлэмж биетүүдийн зарим нь хэмжээгээрээ Бархасвадиас хэд дахин том. Түүнээс гадна тэдгээрийн зарим нь өөрийн одтойгоо хэт ойрхон эсвэл хэт хол эргэлддэг аж. Тэгэхээр энэ онд одон орончид үнэхээр хоёр дахь дэлхийг илрүүлж чадах эсэхийг хүлээгээд л сууж байя.

    3. Нисдэг тавгууд Англид хэдэн зуугаар үзэгдсэн Британийн үндэсний архивын албан ёсны сайт тав дахь нууц материалаа дэлхий дахинаа дэлгэсэн байна. Уг нууц материалын хэмжээ хэдэн зуун мегабайт.Нууц материалд цэрэг, цагдаагийн ажилтнууд болон удирдах албаны тусгай ажилтнуудын харсан, сонссон, тулгарсан харь гарагийнхны тухай баримт мэдээллүүд багтжээ. Энэ нь англичууд харь гарагийг үндэслэлтэйгээр судлан, дэлгэдгийг харуулж байгаа юм. Түүнээс гадна тус улсын нутаг дэвсгэр дээгүүр нисдэг тавгууд хэдэн мянгаараа эргэлдэж байсан нь ч илэрч байгаа юм.

    Харь гарагийн нисдэг тавгийг харсан хүмүүс харсан зүйлээ зураглан, цаг хугацаагаар нь бичин тэмдэглэж хувийн архивтаа хадгалж байсан байна. Нисдэг тавгууд янз бүрийн хэлбэртэй байснаараа онцлог байж. Гэхдээ бүгд хүний гараар бүтсэн нь тодорхой байсан гэнэ. Магадгүй харь гарагийнхан дотроо олон янз ч юм билүү? Зарим судлаач нисдэг тавагны загвар дэлхийн техникийн хөгжлийн төвшнөөс хамаарч өөрчлөгддөг гэж дүгнэжээ. Хүмүүсийн хэдийд харсан цаг хугацаанаас ангилан ажиглахад ойролцоо хугацаанд харсан хэсэг хүмүүсийнх тавган хэлбэртэй, дараа үеийнх гурван өнцөгт дүрстэй болж хувирсан байх жишээтэй. үнэхээр харь гарагийн нисдэг таваг гэж байна уу гэдэгт баталгаатай хариулт өгөх боломжгүй юм. Гэхдээ цэрэг, цагдаагийн мэргэжилтнүүдийн цуглуулсан эдгээр баримтыг няцааж боломгүй. Учир нь Британийн зөвхөн нэг байгууллагын хэсэг хүмүүс ийм материал цуглуулаагүй энд тэндхийн янз бүрийн байгууллагынхан өөр өөр газар, өөр цаг хугацаанд харийнхныг харж байсныг баримтууд илтгэдэг.

    Олон хүн ийм дэмий зүйл бодон олж, баримтжуулан хадгална гэж баймгүй. Тэр ч атугай 2000 онд Линкольншир гүнгийн эзэмшил газрын цагдаагийн ажилтнууд нисдэг таваг харснаа видео бичлэг хийн хадгалсан байдаг. Тухайн үед эл бичлэг олон нийтэд цацагдахад харийнханд үл итгэгч хэсэг хүмүүс зохиомол бичлэг хэмээн няцааж байсан бол бусад хүмүүст учир битүүлэг хэвээр үлдсэн. Мөн тус сайтад тавигдсан материалуудын дунд 1986 онд ханхүү Чарльзийн сууж явсан онгоцны бүхээгт харийнхны илгээсэн улаан туяа бүхий дохио мэдрэгдэж байсан тухай мэдээлэл байгаа аж. үүнээс үзэхэд, харь гарагийнхан эрх мэдэлтэн, улстөрчдийг мэддэг төдийгүй судалдаг бололтой. Учир нь 1997 онд Их Британийн Дотоод хэргийн яамны сайд асан Майкл Ховардын байшин дээгүүр нисдэг таваг эргэлдсэн тухай шуугиж байсан. Уг сайтад ч энэ тухай мэдээлэл тавигджээ. Жунгинасан дуутай асар том эл хөлгийг тэр үед зургаан хүн харсан байдаг. Итгэхэд бэрх ийм олон мэдээлэл хүн төрөлхтнийг гайхшруулсаар байна. Гэхдээ олон түмний харсан эдгээр зүйлсийг эрс няцааж болохгүй. Харь гарагийнхан яагаад байж болохгүй гэж? Гэхдээ яагаад заавал Их Британийг илүүд үзээд байгаа юм бол?

    2. Амьдрах боломжтой гариг олджээ Нарны аймгийн хязгаар бүсэд нартай төстэй улаан одой одыг бүтэн тойрохдоо 37 хоногийг зарцуулдаг 581g гэх ер бусынгариг олдсон байна. Энэхүү гариг нь агаар мандалтай учир амьдрал үүсэхэд бүрэн боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж –

    Амьдралын нөхцөл бүрдсэн байж болзошгүй огторгуйн иймэрхүү биетийг эрдэмтэд нэг бус удаа илрүүлж байсан. Гэхдээ бяцхан улаан од “Gliese 581” ийг тойрон эргэдэг “581g” од нь өөрийнхөө төрөлд анхдагч болж байгаа юм.

    Америкийн одон орон судлаачдын дүгнэснээр, “581g” нь манай дэлхийгээс 20 гэрлийн жилийн алсад оршдог бөгөөд манай гаригаас даруй дөрөв дахин хүнд жинтэй гэнэ.

    Уг гариг өөрийн од “Gliese 581 “ ийг бүтэн тойроход 37 орчим хоног зарцуулдаг байна. Шинээр илэрсэн гаригийн төрх байдал нь ерөнхийдөө чулуурхаг, хадархаг аж.

    Огторгуйн биетийн гадаргуу дээр ус шингэн байдлаараа хадгалагдаж байх бүрэн боломжтойгоос гадна таталцлын хүчин мэдрэгдэж буй нь агаар мандал буйн илэрхийлэл гэнэ.

    Вашингтон хотын Карнегийн их сургууль болон Санта Круз хотын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд эл гаригийг нээсэн аж.

    Эрдэмтдийн дүрслэн өгүүлж буй эдгээр шинж чанар уг гариг дээр үнэхээр байгаа нь баталгаажвал амьдралын нөхцөлтэй бусад огторгуйн биесээс хамгийн боломжийнх нь болох юм.

    “Хүн төрөлхтөн ийм гаригийг нээх гэж хэдэн арван жилийг зарцуулсан. Амьдрал үүсэх бүрэн боломжтой дээд, доод температуртай гаригийг судлан эрсний эцэст бид оллоо. Иймэрхүү гариг хангалттай олон байж ч болох юм” гэж судлаач Пол Батлер онцолсон байна.

    Одон орончид одоогоор уг гаригийг “амьдрал үүсгэхэд бүрэн тохиромжтой” хэмээн онцлон бичиж байгаа ч энэ нь хүн төрөлхтөн шууд очоод суурьшчихна гэсэн үг бишийг ч тодотгосон байна.

    Шинэ гаригийн агаар мандал ямар химийн элементээс бүрдсэн гэдгээс авахуулаад судлан тодруулах зүйл олон. Хэрвээ агаар мандлыг хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хий бүрдүүлж байвал тус гариг дээр амьдрал бий болох боломжтой гэнэ.

    Америкийн одон орончдын шинэ нээлтийн талаар Санкт Петербург хотын их сургуулийн оддын динамик ба огторгуйн механикийн төв лабораторийн мэргэжилтэн физик математикийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн Анна Петрова “Танин мэдэхүй” сэтгүүлд тодруулга өгсөн байна.

    “Амьдрах нөхцөл бүхий гаригууд биднээс холгүйхэн оршин тогтнож буйн баталгаа улам ихэссээр байна. Энэ нь “A Message From Earth” төслийн үндсэн зорилго шүү дээ.

    Бяцхан улаан одны гаригийн систем “Gliese 581” ийг 2005 онд илрүүлж байсан. Гэтэл өдгөө энэхүү одны систем нь хүн төрөлхтнийг угтаж авах боломжтой шинж чанаруудаасаа дэлгэж байна. Зөвхөн эл систем л гэхэд асар их нөөц баялагтай.

    Саяхан нээгдсэн “581g” гаригаас гадна 581с ба 581е гэсэн кодтой “нутагшиж болохуйц” хоёр хөрш бий. Бидний харж байгаачлан Глизе 581 оддын гаригийн систем нь цаашид судалгааны томоохон объект болох нь гарцаагүй.

    Эл гариг өнөөдрийн байдлаар бусад экзогаригуудаасаа хамгийн үнэт олдвор нь болоод байна. Мөн од хоорондын сансрын нислэгийн хувьд ч чухал цэг байх нь гарцаагүй.

    Гэхдээ харь гариг дээр суурьших хүн төрөлхтний хүсэл эрмэлзэл хэдэн арван жилийн дараа бус хэдэн зуун жилийн дараа биелж ч болох юм. Учир нь 20 гэрлийн жилийн зай гэдэг хүн төрөлхтний технологийн одоогийн төвшинд төсөөлөгдөшгүй алс хязгаар.

    Бид гэрлийн хурдаар аялж нэгэнтээ сураагүй юм чинь өнөөгийн хөгжлийн байдлаар Глизе 581 гариг уруу нисэхэд багаар бодоход 240 мянган жил шаардагдана” гэсэн байна.

    10 настай охин супернова нээлээ
    Канадад 10 настай охин Тэнгэрийн заадсаас бүдэгхэн гэрэлтэх супернова олжээ. Кэтрин Грей супернова нээсэн хамгийн залуу хүн болов. Тэрбээр сонирхогчийн одон орон ажиглах дуран авайгаар авсан зургуудыг судалснаа аавдаа үзүүлжээ. Кэтрин охин 17 хэмжээст тод гэрэлтэх шинэ суперноваг өнгөрөгч ням гаригт илрүүлсэн байна. Нарнаас хэд дахин том одны сүйрлийн нөлөөгөөр супернова үүсдэг. Гэхдээ энэ нь маш ховор үзэгдэл аж. 240 орчим сая гэрлийн жилийн цаана орших суперноваг илрүүлсэн Кэтриний нээлтэд түүний эцэг одон орон сонирхогч Пол Грей тусалжээ. Нээлтийг Канадын одон орон судлалын нийгэмлэг бүртгэж авсан байна.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×