Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    “Би чамд юу хэрэгтэйг мэднэ” – Стивен Кинг

    Гэнэт цочсон Элизабет социологийн сурах бичгийнхээ дээгүүр өнгийж , ногоон өнгийн элэгдсэн хүрэмтэй нэлээн доожоогүй байрын залуу эрийг олж харав. Энэ агшинд тэр залууг өмнө нь мэддэг байсан мэт нэг л танил санагдав. Тэр залуу ойролцоогоор түүнтэй ижилхэн өндөртэй, туранхай, бас санаа зовсон шинжтэй аж. Залуу хөдөлгөөнгүй зогсож байгаа ч нүүрнийх нь арьс татвагнан хөдлөнө. Үс нь хар өнгөтэй, сэгсгэр. Тэр бараан бор нүдийг нь том болгож харагдуулах зузаан хүрээтэй харааны шил зүүжээ. Шил нь халтар харагдаж байв. Үгүй ээ, Элизабет түүнийг өмнө нь хэзээ ч харж байгаагүй гэдэгтээ итгэв. “Чи мэдэж байгаа” гэж Элизабет хэлээд “Би үүнд чинь эргэлзэхгүй байна” “Чамд гүзээлзгэнэтэй мөхөөлдөс хэрэгтэй. Зөв үү?” Элизабет түүн рүү нүдээ цавчлан харав, үнэн хэрэгтээ тэр энэ үгэнд цочжээ. Тэр үнэхээр мөхөөлдөсний талаар бодож байсан билээ. Тэр Оюутны холбооны гуравдугаар давхарын номын санд улсын шалгалтандаа бэлдээд сууж байжээ. “Зөв үү?” гэж залуу хэлээд, инээмсэглэв. Элизабетад “cute буюу аятайхан” гэсэн үг тохирдог, гэвч залуучууд түүнийг залхаахад энэ үг тийм ч сайхан санагддаггүй. Залууг инээмсэглэх үед өмнө нь тэдний нэг зогсож байгааг ойлгов. Түүнд сэтгэгдэл төрүүлэхийн тулд жилийн хамгийн тохиромжгүй цаг хугацааг сонгосон хачин хувцастай тэр залууд Элизабет цагаа дэмий үрэх хэрэггүй байв. Тэр Социологийн үндэс сурах бичгийнхээ арван зургаа дахь бүлэгт хэдийн хүрсэн байлаа. “Үгүй, баярлалаа” гэж тэр хэлэв. “Алив л дээ, чи илүү удаан ном шагайвал толгой чинь өвдөх болно. Чи завсарлага авалгүй хоёр цаг суусан байна” “Чи үүнийг яаж мэдэж байгаа юм бэ?” “Би чамайг ажиглаж байсан” гэж тэр яаран хэлэв, гэвч энэ үед түүний маасайсан инээмсэглэл нь Элизабетыг бүүр үргээж орхив. Элизабетын толгой хэдийн өвдөж эхлэллээ. “Тэгэхээр чи болих хэрэгтэй” гэж Элизабет эрсхэн хэлэв. “Хүмүүс намайг ширтэхэд би дургүй” “Намайг уучлаарай” Элизабет гэр оронгүй нохдыг өрөвддөг шигээ залууг бага зэрэг өрөвдөв. Тэр элэгдсэн ногоон хүрмэндээ дарагдсан мэт үзэгдэнэ…тиймээ, тэр бас хоёр хөлөндөө ижил биш оймс өмсчээ. Нэг нь хар, нэг нь бор. Элизабет албаар инээмсэглэв. “Би шалгалттай” гэж тэр эелдгээр хэлэв. “Ойлголоо” гэж залуу хэлэв. “Зүгээр дээ” Элизабет түүний араас хэсэг хугацаанд бодлогоширон ширтлээ. Дараа нь харцаа ном руугаа чиглүүлэв, гэвч санаанд нь “гүзээлгэнэтэй мөхөөлдөс” гэсэн үг бодогдсоор байв. Түүнийг оюутны байрандаа буцаж очиход 11:15 болсон байлаа. Алис орон дээрээ хэвтээд, Нейл Даймондыг сонсонгоо “0 ийн нууц” ном уншиж байв. Алис босов. “Мэдлэгийн хүрээ маань өргөжиж байна, хонгор минь…Лиз?” “Хмм?” “Чи миний юу хэлж байгааг сонсч байна уу?” “Үгүй ээ, уучлаарай, би…” “Чи ядарсандаа үхэх гэж байгаа юм шиг л харагдаж байна” “Би өнөө орой нэг залуутай уулзсан. Маш инээдтэй” “Тийм үү, хэрэв тэр чамайг хайртай сурах бичгээс чинь хөндийрүүлж чадсан бол түүнд ямар нэг зүйл байх ёстой” “Түүний нэрийг Эдвард Жэксон Хамнер гэдэг. Өсвөр насны. Намхан. Туранхай. Тэр үсээ бараг Вашингтоны төрсөн өдрөөс хойш угаагүй юм шиг харагдаж байсан. Өө тийм. Бас хоёр өөр оймс өмсчихсөн байсан. Нэг нь хар. Нэг нь бор. Би оюутны холбооны гуравдугаар давхарт хичээлээ давтаад сууж байсан юм. Тэгтэл тэр ирээд надаас мөхөөлдөс идэх үү гэж асуусан. Би түүнд үгүй гэж хэлсэн. Гэвч түүнийг мөхөөлдөсний талаар яриснаас хойш би энэ тухай бодохоо зогсоож чадахгүй байсан. Тэгээд би бууж өгөхөөр шийдэж, хэсэг завсарлага авахаар доош буутал тэр тэнд хоёр гартаа гүзээлзгэнэтэй том мөхөөлдөс барьчихсан зогсож байсан” “Би төгсгөлийг нь сонсоод айсандаа чичрэх байхдаа” Элизабет нирхийтэл инээв. “Би үгүй гэж хэлж чадахгүй. Тэгээд тэр суугаад, өнгөрсөн жил Профессор Браннерын социологийн хичээлд сууж байсан гэж ярьсан” “Миний гайхаш хэзээ ч зогсохгүй бололтой” “Сонсооч, энэ үнэхээр гайхалтай. Чи намайг энэ курст хөлсөө урсган суралцаж байгааг мэднэ” “Тийм ээ. Чи нойрондоо хүртэл энэ тухай ярьдаг” “Миний үнэлгээ далан найм. Гэтэл би тэтгэлэгээ хадгалж үлдэхийн тулд ная авах хэрэгтэй. Энэ нь би эцсийн шалгалтад дор хаяж наян дөрөв авах шаардлагатай гэсэн үг. Эд Хамнер профессор Браннер жил бүр бараг ижилхэн шалгалт авдаг гэж хэлсэн. Эд бүх зүйлийг санаж байгаа гэсэн” “Чи тэрнийг гоц санах ойтой гэх гээд байна уу?” “Тийм ээ. Энийг хар даа”. Тэр социологийн сурах бичгээ нээгээд дүүрэн зүйл бичсэн гурван хуудас цаас гаргаж ирэв. “Энэ бол Браннерийн эцсийн шалгалтын материал гэж Эд хэлсэн” Алис тэдгээрийг харснаа “Би үүнд итгэхгүй байна” гэж эрсхэн хэлэв. “Гэхдээ…” “Үүнд битгий итгэ. Тэр бол ердөө л тагнуул” “Тэр тагнуул биш. Түүнийг тэгж битгий дууд” “За за. Тэр жижигхэн залуу чамд зөвхөн үүнийг л цээжилчих, хичээл давтах шаардлагагүй гэж арай хэлээгүй биз дээ?” “Мэдээж хэрэг үгүй” гэж Элизабет тайван биш өгүүлэв. “Хэрэв энэ жинхэнэ шалгалтын материалтай адилхан байвал чи үүнийг ёс зүйтэй явдал гэж бодох уу?”. Алис мөрөө хавчаад, номоо ахин дэлгэв. Түүний царай нь болгоомжтой төвийг сахисан харагдана. “Энэ миний хэрэг биш. Гэхдээ чи яагаад сурах бичгээ уншихгүй байгаа юм бэ…аюулгүй байдлын үүднээс?” “Мэдээж би уншина” Гэвч Элизабет Эдвард Жэксон Хамнерын өгсөн шалгалтын материалыг түлхүү судлав… Шалгалтын дараа Элизабетыг лекцийн танхимаас гарч ирэхэд Эд үүдний өрөөнд өөрт нь томдсон цэргийн элэгдсэн ногоон хүрмээ өмсчихсөн сууж байлаа. Тэр босоод Элизабет руу инээмсэглэв. “Ямаршуухан байв даа?” Элизабет түүний хацар дээр үнслээ. Элизабет ийм сэтгэл тайвширсан мэдрэмжийг урьд нь мэдэрч байснаа санахгүй байв. “Би даваад гарчихсан гэж бодож байна” “Үнэхээр үү? Гайхалтай. Бургер идэцгээх үү?” “Дуртайяа” гэж Элизабет гайхашран хэлэв. Тэр шалгалтын талаар бодсоор л байлаа. Шалгалтын материал Эдийн түүнд өгсөн материалтай ижилхэн байсан юм. Гамбургер идэцгээж байхдаа Элизабет түүнээс өөрийнхөө шалгалтуудыг хэрхэн өгсөн талаар нь асуув. “Ямар ч шалгалт өгөөгүй. Би хүндэтгэлийн онцгой эрх авсан, хэрэв хүсэхгүй бол шалгалтаа өгөх шаардлагагүй” “Тэгвэл яагаад чи энд байгаа юм бэ?” “Би чамайг шалгалтаа хэрхэн өгсөнийг чинь харах гэсэн юм, болохгүй гэж үү?” “Эд, тэгэх хэрэггүй. Энэ гайхалтай, гэвч…”. Эд түүн рүү санаа зовсон шинжтэй харав. Элизабет өмнө нь ийм харцыг харж байсан. Тэр бол хөөрхөн охин. “Эд, би маш их талархаж байна. Чи миний тэтгэлэгийг аварсан гэж би бодож байна. Гэхдээ би найз залуутай” “Жинхэнэ ёсоор уу?” гэж Эд хөөрхийлөлтэйгээр асуув. “Тийм” гэж Элизабет хариулаад “Бараг л дурласан” “Тэр залуу өөрийгөө азтай гэдгээ мэддэг болов уу? Тэр өөрийгөө хэр их азтай гэдгээ мэддэг болов уу?” “Би ч бас азтай” гэж Тони Ломбардын тухай бодонгоо Элизабет өгүүлэв. “Бет” гэж Эд гэнэт хэллээ. “Юу?”. Элизабет цочин асуув. “Хэн ч чамайг ингэж дууддаггүй, тийм үү?” “Үгүй ээ…” “Тэр залуу хүртэл?” “Үгүй”. Тони түүнийг Лиз гэж дууддаг. Заримдаа илүү дор Лиззи гэж дуудах нь бий. Эд урагш тонгойв. “Гэхдээ Бет бол чиний хамгийн дуртай нэр, тийм үү?” Элизабет өөрийн сандарлаа нуухын тулд инээв. “Ямар ч байсан хамаагүй” “Зүгээрээ, санаа зоволтгүй”. Эд маасайтал инээв. “Би чамайг Бет гэж дуудаж байя. Энэ нь илүү дээр. Одоо гамбургерээ ид” …Элизабетийн дунд курсын жилүүд дуусч, тэр Алист баяртай гэж хэлэх болжээ. Тэд бага зэрэг хөндий байцгаав. Элизабет гэмшиж байлаа. Тэр өөрийн гэм бурууг тааварлаж байв. Социологийн шалгалтын дүн гарах үед тэр бага зэрэг хөөрөв. Тэр хамгийн өндөр оноо буюу наян долоо авсан байсан юм. Элизабет нисэх онгоцны буудал дээр нислэгийн цагаа хүлээж зогсохдоо энэ бол ахархан хугацаанд их юм уншиж судлахаас нэг их илүү гараад байх ёс суртахуунгүй явдал биш гэж бодов. Богино хугацаанд их юм унших нь эцсийн эцэст жинхэнээсээ суралцаж байгаа явдал биш: цээжилсэн зүйлс шалгалт дуусмагц л мартагдаж алга болдог шүү дээ. Тэр хэтэвчнээс нь цухуйх дугтуйг хуруугаараа тэмтрэв. Түүний ахлах курсын тэтгэлэг болох хоёр мянган долларын тухай мэдэгдэл иржээ. Тони тэр хоёр энэ зун Майнигийн Бүүфбайд хамтдаа ажиллахаар болсон билээ. Бас тэр Эд Хамнерт талархаж байлаа. Энэ зун үнэхээр сайхан зун болох байхдаа. Далбаат завиар хийх аялал гээд л… Гэвч энэ бол түүний амьдрал дахь хамгийн золгүй зун байсан юм. Зургадугаар сарын турш бороо орж, шатахууны хомсдол жуулчдад зориулсан худалдаа наймааг сулруулж, Элизабетын олж буй цайны мөнгө Бүүфбайд дунд зэргийн дэн буудалд байрлахад хүрж байв. Түүнчлэн Тони гэрлэлтийн талаарх сэдвээр түүнийг яаруулах болов. Энэ санаа түүнийг баярлуулахаас илүү айлгаж байгаад Элизабет гайхаж байлаа. Ямар нэг зүйл буруу байсан юм.Тэр юу гэдгийг нь мэдэхгүй байлаа, гэхдээ ямар нэг зүйл алга болж буй мэт мэдрэмж төрнө. Хар дарсан зүүд найман сарын эхээр зүүдлэгдсэн юм. Элизабет онгорхой булшны ёроолд хөдөлж чадахгүй хэвтэнэ. Цагаан тэнгэрээс орох бороо түүний нүүрэн дээр дусална. Шар өнгийн хамгаалалтын малгай өмссөн Тони түүний дэргэд сууж байх аж. “Надтай гэрлээч, Лиз” гэж тэр түүний дээрээс ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүй өнгийн хараад хэлэв. “Надтай гэрлэ, эсвэл…”. Элизабет зөвшөөрч байна гэж хэлэхийг оролдов. Хэрэв Тони түүнийг энэ айдас төрүүлэм шавар шалбаагтай нүхнээс гаргавал тэр ямар нэг зүйл хийх болно. Гэвч Элизабет мэдээ алдсан мэт хөдөлж чадахгүй байлаа. “За яахав” гэж Тони хэлэв. “Үгүй бол…” Тэр яваад өгөв. Элизабет хөдлөхийг оролдов, гэвч чадсангүй. Дараа нь тэр бульдозерын чимээ сонсов. Хормын дараа тэр нойтон хөрсийг сэндийлсээр ойртон ирж буй аварга том бульдозерыг олж харлаа. Тонигийн өршөөлгүй царай онгорхой бүхээгнээс цухуйж үзэгдэнэ. Тэр түүнийг амьдаар нь оршуулахаар ирж явна. Элизабет хөдөлж ч чадахгүй, бас дуугарч ч чадахгүй зөвхөн харж чадаж байлаа. Шороо нүхрүү бага багаар унаж эхлэхэд нэгэн танил хоолой хашгирах сонстов. “Зайл! Түүнийг одоохон орхи! Зайл!” Тони бульдозероос бүдчин гараад, гүйгээд явчихав. Элизабетэд тайвширсан мэдрэмж төрөв. Тэр хашгирав. Гэтэл түүний аврагч булшны ирмэг дээр яг л сүмийн дуганч шиг зогсож байлаа. Энэ бол ногоон өнгийн элэгдсэн хүрэмтэй, өрвийсөн үстэй Эд Хамнер байсан юм. Тэр түүн рүү гараа сунгав. “Босоорой” гэж тэр зөөлхөн хэлэв. “Би чамд юу хэрэгтэйг мэддэг. Алив босоорой. Бет” Элизабет босов. Тэр тайвширсандаа болоод мэгшин уйллаа. Тэр түүнд баярласнаа хэлэх гэж оролдов. Эд зөөлхөн инээмсэглээд толгой дохив. Элизабет Эдийн гараас атгаад доош харав. Дараа нь тэр ахин дээш хартал эргэлдсэн улаан нүдтэй, хурц шүдээ зуун шүлсээ савируулж буй чонын аварга саврыг атгасан байлаа… Элизабет орон дээрээ өндийн суугаад гэнэт сэрэв. Түүний унтлагын хувцас хөлсөнд нь нэвт норж, бүх бие нь чичрэх аж. Дараа нь тэр бүлээн шүршүүрт орж, нэг аяга сүү уугаад тайшрахыг оролдов. Тэр гэрлээ асаалттай унтлаа. Нэг долоо хоногийн дараа Тони нас барсан юм. Элизабет Тониг байх гэж найдан хаалгаа онгойлготол Тонигийн хамтран ажиллагч Денни Килмерийг олж харав. Денни бол хөгжилтэй залуу, Элизабет Тони хоёр Денни болон түүний найз охинтой нь хамтдаа цагийг өнгөрүүлдэг байсан билээ. Хоёр давхарын сууцны үүдний хаалганы өмнө зогсож буй Денни бодлогоширсон бас өвчин туссан мэт харагдана. “Денни?” гэж Элизабет хэлэв. “Юу болоо вэ?” “Лиз” гэж тэр хэлэв. “Лиз, чи сэтгэлээ барих хэрэгтэй. Чи…Ээ бурхан минь!” Тэр хаалганы тотгыг чангаар цохив. Элизабет түүнийг уйлж байгааг нь харлаа. “Денни, энэ Тонитой холбоотой юу? Ямар нэг зүйл болоо юу?” “Тони үхчихсэн” гэж Денни хэлэв. “Тэр…” Гэвч тэр ганцаараа ярьж байлаа. Элизабет хэдийн ухаан алдаад уначихсан байв. Дараагийн долоо хоног зүүдэлж буй мэт л өнгөрөв. Денни шар айраг уунгаа Харбор дэн буудалд түүнд ярьж өгсөн түүх, бас сонинд гарсан гунигтай товчхон мэдээнээс тэр бүхнийг олж мэдэв. Тэд 16 дахь зам дээр усны хоолой засварлаж байжээ. Нэг жаалын жолоодож байсан улаан өнгийн Фиат машин толгодын зүгээс уруудаад ирж байв. Тони түүн рүү дохисон боловч, жаалхүү хурдаа хассангүй. Тони ачааны машины дэргэд зогсож байсан бөгөөд хойшоо ухрах газар байсангүй. Фиат машинтай жаал толгойдоо шарх авч, гар нь хугарчээ. Тэр цочролд орсон бөгөөд цоо эрүүл байжээ. Цагдаа нар хэт их халснаас болж тоормосны шугам хайлж хэд хэдэн цоорхой гарсныг олж илрүүлсэн байна. Хүүгийн жолооны зэрэглэл A 1 байсан бөгөөд тэр зогсох ямар ч боломжгүй байжээ.Тони маш ховорхон тохиолддог автомашины гэмтлийн хохирогч болжээ. Элизабетын цочрол, гуниг гутрал гэмшсэн сэтгэлээр солигдов. Хувь заяа түүний Тонигийн талаар хийх ёстой байсан шийдвэрийг хийгээд өгчээ. Тэр сэтгэлдээ нууцхан баярлаж эхлэв. Учир нь тэр Тонитой гэрлэхийг хүсдэггүй байсан…тэр нэг шөнийн зүүднээс хойш… Тэр гэртээ харихын өмнөх өдөр сэтгэлээ барьж чадалгүй уйлж эхлэв. Тэр хадан цохион дээр сууж байлаа. Уй гашуу эргэн иржээ. Тэр гэдсээ базалтал, толгойгоо өвдтөл уйлав. Уй гашуу алга болоход тэр илүү зүйлийг мэдэрсэнгүй, эцэст нь тэр өөрийгөө туйлдаж ядарсан, бас хоосорсон мэт мэдрэв. Энэ бүхэн Эд Хамнер “Бет?” гэж хэлэхэд болсон юм. Элизабет цочин эргэн тойрноо харав, түүнд зүүдэнд нь байсан архирч буй чоныг харах байх гэсэн айдас төрөв. Гэвч энэ нь элэгдсэн хүрэм, цэнхэр жинсээ өмсөөгүй бас наранд борлосон, өөрийгөө хамгаалж чадахгүй мэт төрхтэй харагдах Эд Хамнер байсан юм. Тэр ясархаг өвдөгнөөс нь дээгүүр татах богино улаан шорт, далайн сэвшээ салхинд намирах далбаа мэт туранхай цээжинд нь томдсон цагаан өнгийн богино цамц өмсч, эрзээнэн бүс зүүжээ. Тэр инээмсэглээгүй байсан бөгөөд нүдний шилэн дээр нь тусах нарны туяа нүдийг нь харах боломж олгохгүй байв. “Эд?” гэж Элизабет итгэлгүй хэлэв. “Энэ үнэхээр чи гэж үү?” “Тиймээ, би байна” “Яаж…” “Би Сковхеганы Лэйквүүд театрт ажиллаж байгаа. Би чиний өрөөний хамтрагчтай уулзсан…Алис, энэ түүний нэр мөн үү?” “Тийм” “Тэр надад юу тохиолдсоныг хэлсэн. Би тэгээд хүрээд ирлээ. Хөөрхий Бет минь”. Тэр толгойгоо бага зэрэг хөдөлгөхөд нарны туяа түүний нүдний шилнээс холдож, Элизабет нүднээс нь ямар ч чоно, араатны шинж тэмдэг олж харсангүй, зөвхөн дулаахан хайр энэрэлийг олж харав. Элизабет ахиад уйлж эхлэхэд Эд түүнийг тэвэрлээ. Тэд 25 милийн зайд орших Вотервиллийн “Чимээгүй эмэгтэй” д оройн хоол идэхээр болов. Магадгүй Элизабетэд тэндээс холдох нь дээр байсан байх. Тэд Эдийн шинэ машин болох Корветтод сууцгаав. Элизабетын хүсч байснаар Эд замдаа юу ч ярилгүй, машинаа чадварлагаар жолоодож байлаа. Элизабет ярихыг бас хэн нэгэн түүнийг тайвшруулахыг оролдоосой гэж хүсэхгүй байсан юм. Эд энэ бүхнийг нь мэдэж байх шиг санагдав, тэр хүлээн авагчаа асааж намуухан хөгжим дээр тавив. Бас тэр Элизабетыг хэлээгүй байхад далайн хоол захиалав. Элизабет өөрийгөө өлсөөгүй гэж бодож байсан ч хоол ирэх үед ямар их өлссөн болохоо ойлгов. Элизабет хоосолсон тавгаа хараад санаа зовсон шинжтэй инээмсэглэлээ. Эд тамхи татангаа түүнийг ажиглан харах аж. “Уй гашууд автсан үедээ залуу эмэгтэйчүүд маш их иддэг” гэж Элизабет хэлэв. “Чи намайг аймаар харагдаж байна гэж бодож байгаа байхдаа” “Үгүй дээ” гэж Эд хэлэв. “Чи хүч тамираа буцааж олж авах хэрэгтэй. Чи яг л өвдсөн мэт байгаа” “Тийм ээ” “Одоо дахин сэргэх цаг болсон, Бет” “Тийм гэж үү?” “Тийм ээ” гэж Эд хэлэв. “Надад хэлээч. Өөрийнхөө төлөвлөгөөний талаар?” “Би маргааш гэр лүүгээ явна. Харин дараа нь…би мэдэхгүй байна” “Чи сургуульдаа явна биз дээ?” “Би сайн мэдэхгүй байна. Энэ бүх явдлын дараа сургуульд явах нь ялихгүй зүйл мэт санагдах боллоо. Миний бүх зорилго энэ бүхэнтэй хамт алга болчихсон юм шиг л санагдаж байна” “Зорилго мөрөөдөл чинь эргээд ирнээ. Одоохондоо үүнд итгэх нь чамд хэцүү л байгаа байх. Гэхдээ энэ үнэн шүү. Зургаан долоо хоногийн турш хүлээ, тэгээд хар. Чи өөр илүү зүйл хийх шаардлагагүй ” “Энэ үнэн байх. Гэхдээ…Би тамхи татаж болох уу?” “Бололгүй яахав. Гэхдээ энэ тамхи гаатай” Элизабет нэгийг авав. “Чи намайг гаатай тамхинд дургүй гэдгийг яаж мэдсэн юм бэ?” Эд мөрөө хавчив. “Зүгээр л чи дургүй юм шиг харагдсан. Би таасан юм” Элизабет инээмсэглэв. “Чи маш инээдтэй гэдгээ мэдэх үү?” Эд төвийг сахисан байдалтай инээмсэглэв. “Би хэн нэгнийг харахыг хүсэхгүй гэж бодож байсан. Гэхдээ чамайг ирэхэд би их баярласан, Эд” “Заримдаа чамтай ямар ч холбоогүй хүнтэй хамт байх нь аятайхан санагддаг” “Тийм ээ”. Элизабет хэсэг дуугаа хураав. “Чи хэн юм бэ, Эд? Чи үнэндээ хэн юм бэ?”. Элизабетэд гэнэт энэ тухай мэдэх нь чухал мэт санагдав. Эд мөрөө хавчлаа. “Онц гойд юм байхгүй. Гартаа ном бариад сургуулийн эргэн тойронд явж байдаг хөгийн харагддаг залуусын л нэг” “Эд, чи хөгийн харагддаггүй” “Үгүй ээ, би тэгж харагддаг” гэж Эд хэлээд инээмсэглэв. “Ахлах сургуулийн батганы асуудлаас хэзээ ч ангижирч үзээгүй, залуусын клубт хэзээ ч явж байгаагүй, олон нийтийн дунд хэзээ ч тодорч байгаагүй ердөө л гайгүй сурдаг нуугдмал залуу. Дараа хавар сургууль дээр том корпорацийн ярилцлага болно. Би магадгүй тэнд элсэж Эд Хамнер үүрд үзэгдэхээ болино” “Энэ маш ичгүүртэй байх болно”. Элизабет аяархан хэлэв. Эд гашуунаар инээмсэглэлээ. “Хамаатан садныхаа талаар яриач?” гэж Элизабет асуув. “Чи хаана амьдардаг? Юу хийх дуртай гээд л?” “Дараа нь” гэж Эд хэлэв. “Би чамайг хүргэж өгөхийг хүсч байна. Чи маргааш маш урт нислэгтэй” Орой нь Элизабет Тонигийн үхлийн дараа анх удаа сэтгэлээ шаналгалгүй амрахаар хэвтлээ. Тэр унтах нь амархан гэж бодож байсан ч тийм байсангүй. Асуултууд толгойд нь эргэлдэнэ. Алис надад хэлсэн…хөөрхий Бет Гэхдээ Алис Сковхеганаас наян милийн зайд Киттерийн зусланд амарч байгаа шүү дээ. Тэр тоглолттой тохиолдолд л Лайквүүдэд байх ёстой. Корветт, энэ жилийн загвар. Маш үнэтэй. Лайквүүд театрын арын албанд ажиллаж олсон мөнгө үүнийг авч дийлэхгүй. Түүний эцэг эх нь баян юм болов уу? Тэр түүний захиалах байсан хоолыг захиалсан. Бас гаатай тамхи. Үнсүүлэхийг хүсэх үед нь Эд түүнийг үнссэн. Бас –Чи маргааш урт нислэгтэй гэж хэлсэн. Түүнд хэлсэн учраас тэр түүнийг гэр лүүгээ явна гэдгийг мэдэж байсан. Гэхдээ тэр онгоцоор явна гэдгийг нь яаж мэдсэн юм бол? Энэ бүхэн Элизабетын санааг зовоож байв. Бас тэр Эд Хамнертай дотносох харилцааныхаа талд нь явж байгаадаа санаа нь зовов. Би чамд юу хэрэгтэйг мэднэ. Дээрх үгс түүнийг унтах үед нь сонстов. Эд нисэх онгоцны буудал дээр түүнийг харахаар ирсэнгүй. Онгоц хүлээж зогсохдоо Элизабет сэтгэл нь гонсойж байгаагаа анзаарав. Тэр яг л мансууруулах бодист донтсон хүн шиг нэг хүнээс хэт их хамааралтай болж эхэлж байлаа. Тэр тайван байхыг хичээв.“Элизабет Роган” гэсэн дуу гарав. “Тантай хүн утсаар холбогдсон байна” Тэр утасны бүхээг рүү яаран очив. Утасны цаанаас Эдийн хоолой сонстов. “Бет?” “Эд! Чамайг сонсоход сайхан байна” “Би чамтай уулзах уу?” Тэр инээв. “Гэхдээ би чамд хэрэг болохгүй. Чи бол маш зоригтой охин. Бас үзэсгэлэнтэй. Чи нислэгийг өөрөө давж гарна. Би чамтай сургууль дээр уулзах болов уу?” “Тиймээ…Би тэгж бодож байна” “Сайн байна”. Хэсэг чимээгүй байснаа Эд дуугарлаа. “Би чамд хайртай. Би чамайг анх хараад л хайртай болсон” Элизабетын хэл гацав. Тэр ярьж чадахгүй байлаа. Маш олон бодол түүний ухаан санаанд эргэлдэнэ. Эд ахиад намуухнаар инээв. “Хэрэггүй дээ, юу ч битгий хэл. Гэхдээ одоохондоо. Би чамтай уулзана. Цаг хугацаа зөндөө байна. Сайн яваарай, Бет. Дараа уулзъя ” Эд утсаа тавихад Элизабет гартаа утсаа барьсан хэвээр байлаа. Эмх замбараагүй олон бодол, асуултууд толгойд нь эргэлдэнэ.  

    9 р сар Мэдээж тэрээр буцаад Алистай 1 р курсээсээ хамт амьдарсан шигээ амьдарцгааж эхэллээ. Тэд хоорондоо ерөнхийдөө таарч тохироод байж болдог байсан хэдий ч сонирхол болон хувь хүнийхээ хувьд ялгаатай хүмүүс ажээ. Алис Элизабетийг бодвол хичээлдээ сайн, химийн мэргэжлээр суралцдаг нэгэн бол харил Элизабет илүү нийгэм талдаа, төдийлөн номтой зууралдаад байдаггүй бөгөөд мэргэжлийн хичээлийн хажуугаар математик үздэг. Энэ зунаас тэр 2 н хооронд үл ялиг хүйтэн харицаа үүсээд байдаг болсон хэдий ч урьдых шигээ таарамжтай хэвээрээ болоод л байв. Зун болоод өнгөрсөн явдал яг л зүүд шиг санагдаж эхэлсэн ба хамгийн инээдтэй нь Тони зүгээр л их сургуульд таньдаг байсан хөвгүүн шиг л санагдах болжээ. Болсон явдал болон Тониг бодох бүрд тэр маш их санаж шаналж байсан ба Алисийг тэр талаар асуух тоолонд няцаан сэтгэлээ нууцалж байсан хэдий ч цаанаа зүгээр нэг ил шархны өвдөлт биш бүр гүн хууч сэтгэл санааны гүн шарх болон үлдсэн байлаа. Хамгийн сэтгэл зовниулж байсан зүйл нь Эд Хамнерийн гайхмаар дуудлага байлаа. 1 долоо хоног, 2 долоо хоног маш хурдан өнгөрч аль хэдийн 10 р сар гарчихлаа. Элизабет сургуулиасаа оюутны бүртгэл авч түүний нэрийг хайсан хэдий ч нэрнийх нь ард зөвхөн Милл гудамж л гэсэн мэдээлэл байх ба тэрхүү Милл гудамж нь мааш урт гудамж ажээ.Тиймээс тэрээр хүлээхээр шийдэж болзоонд урьсан хэмбэгуайд ч татгалзаж гомдоож байсан нь зургаан 7 хоногийн турш химийн хичээлдээ бэлдэж орой болгоныг шахуу номын санд өнгөрөөж байсан Алисийн нүдийг орой дээр нь гарган гайхуулж байсан хэдий ч тэрээр чимээгүй өнгөрөөж байлаа. Элизабет өрөөнийхөө хамтрагч нь хэн нэгнээс урт цагаан дугтуйтай зүйл долоо хоногт 1, хааяа 2 г хүлээн аваад байгааг анзаарсан хэдий ч төдийлөн тоосонгүй. Гэвч тэрхүү дугтуйн дээр буцах хаяг байхгүй байгааг гэнэт олоод харчихаж.  

    Өрөөний холбооны систем дүнгэнэн дуугарах үед Алис хичээлээ хийгээд сууж байв. “Лиз, очоорой. Магадгүй чамтай холбоотой байх”. Элизабет холбооны систем рүү очив. “Сонсож байна” “Нэг залуу үүдэн дээр ирээд байна, Лиз”

     

    Ээ бурхан минь.

    “Хэн байдаг билээ?” гэж тэр уурлан асуув. Гэнэт тархиар нь хатган өвдлөө. Холбооны системийн охин инээн “Түүний нэрийг Эдвард Жэксон Хамнер гэж байна. Өсвөр насны залуу”. Охины хоолойгоо намсгаад “Түүний оймс нь ижил буруу юм байна” гэж шивнэв. Элизабет халаадны товчоо яаран тайлж эхлэв. “Ээ бурхан минь” “Түүнд намайг одоохон буугаад очлоо гэж хэл. Үгүй ээ, түүнд нэг минутын дараа намайг очно гэж хэл. Үгүй ээ, хоёр минут” “Ойлголоо” гэж охин эргэлзсэн шинжтэй дуугарав. “Битгий л цус харвачихаарай даа” Элизабет хувцасны шүүгээгээ онгойлгож богино жинсэн юбкагаа олж өмсөв. Үсэнд нь пигүүж зүүлттэй байгааг гэнэт анзаараад дуу алдав. Элизабет тэдгээрийг мулт татаж эхэллээ. Алис юу ч ярилгүй энэ бүхнийг тайван ажиглан харж байлаа. Гэвч Элизабетыг гарсны дараа Алис хаалганы зүг ямар нэг зүйлийн учрыг олох гэсэн мэт удаанаар ширтэн харсаар хоцров. Эд хуучинтайгаа яг адилхан харагдаж байв. Тэр өөрт нь хоёр дахин томдсон мэт харагдах ногоон өнгийн элэгдсэн хүрмээ өмсчээ. Нүдний шилнийхээ нэг талын хугарсан тогтоогчийг цахилгаан утасны лентээр холбож наажээ. Бас нэг нь ногоон, нөгөө нь бор өнгийн хоёр өөр оймс өмссөн байв. Элизабет Эдийг хараад түүнд дурласан болохоо ойлгов. “Чи яагаад над руу өмнө нь утасдсангүй вэ?” гэж Элизабет асуув. Эд хүрэмнийхээ халаасанд гараа шургуулаад, ичсэн шинжтэй инээмсэглэнэ. “Би чамд өөр залуустай болзох цаг өгөх хэрэгтэй гэж бодсон юм. Өөр залуустай болз. Бас чи юу хүсч байгаагаа ойлгохыг хичээ” “Би юу хүсч байгаагаа мэднэ гэж бодож байна” “Сайн байна. Тэгвэл чи кинонд явахыг хүсч байна уу?” “Бололгүй яахав” гэж Элизабет хэлэв. Энэ явдал болсноос хойш өдөр хоногууд урсан өнгөрч, энэ хугацаанд Элизабет өөр хэнтэй ч уулзсангүй. Тэр өөрт нь юу хэрэгтэй байсныг сайтар ойлгосон мэт санагдах аж. Тэдний хүсэл сонирхол гайхалтай нийлж байв. Тони “Загалмайлсан эцэг” мэтийн кинод дуртай байсан бол Эд тиймэрхүү төрлийн биш хөнгөн инээдмийн кинонд илүү дуртай юм шиг Элизабетэд санагдав. Эд нэг орой Элизабетыг цирк рүү дагуулж явсан бөгөөд тэд тэнд маш гайхалтай хөгжилтэй цаг хугацааг өнгөрөөцгөөв. Бас тэд хамтдаа бүжгэнд явцгаах үед Эд өөртэй нь адилхан хуучны бүжгэнд илүү сайн болохыг Элизабет ойлгов. Хамгийн чухал нь түүний хүслийг Эд харгалзан үздэг нь гайхалтай. Тэр түүнийг хүчилж, бас яаруулдаггүй, Элизабет өмнө нь учирч байсан залуусын хэнээс нь ч ийм мэдрэмжийг авч байгаагүй билээ. Тэд болзооныхоо эхний өдрийн үдэш үнсэлтээр “эхэлж”, арав дахь өдрийн үдэш нь найз нараасаа түр зээлдсэн сууцанд “төгсгөл” болдог сексийн тогтсон хуваарьтай мэт байдаг байсан. Милл гудамжин дахь сууц зөвхөн Эдийнх байсан юм. Тэд үргэлж тийшээ очицгоох болсон бөгөөд тэнд Элизабет өөрийгөө Дон Жуаны хайрын өргөөнд байгаа мэт мэдэрдэг байв. Эд хэзээ ч яаруулдаггүй. Тэр зөвхөн түүний хүслийг харгалздаг, түүний юу хүсч байгааг мэдэрдэг. Бүх зүйл үргэлжилсээр л байлаа. Сургуулийн улирлын амлалт эхлэх үед Алис ямар нэг зүйлд санаа зовсон мэт харагдах боллоо. Хэд хэдэн удаа Элизабет Эдтэй хоол идэхээр явахын өмнөхөн өрөөний хамтрагч нь ширээн дээрх бор цаасан дугтуйг хөмсөг зангидан ширтэж байхыг олж харжээ. Элизабет нэг удаа энэ талаар бараг асуухаа дөхсөн боловч ингэх хэрэггүй юм байна гэж шийдэв. Магадгүй ямар нэг шинэ төсөл төлөвлөгөө л биз… Эд түүнийг дотуур байранд нь хүргэж өгөх үед гадаа цас лавсан орж байлаа. “Маргааш?” гэж Эд асуув. “Манайд очицгоох уу?” “Болох л юм. Би попкорн аваад очьё” “Гайхалтай” гэж Эд хэлээд түүнийг үнсэв. “Би чамд хайртай, Бет” “Би ч бас чамд хайртай” “Сайхан нойрсоорой, хонгор минь” “Чи ч бас” Тэр Алисыг сэрээхгүйн тулд өрөөнд чимээгүй алхалсаар орж иртэл Алис сэрүүн байснаар барахгүй ширээний ард сууж байлаа. “Алис, чи зүгээр үү?” “Би чамтай ярих хэрэгтэй байна, Лиз. Эдийн талаар” “Түүний талаар юу ярих гэсэн юм?” Алис маш болгоомжтойгоор хэлэв. “Намайг ярьж дууссаны дараа бид найзууд байхаа болих байх гэж санаж зовж байна. Миний яриаг битгий таслаарай. Би чамайг анхааралтай сонсоосой гэж хүсэх байна ”

      Элизабетын уур хүрэв. “Чи Эдийг мөрдөөд байгаа юм уу?” Алис зөвхөн түүний зүг ширтэх аж. “Чи бидэнд атаархаа юу?” “Үгүй дээ. Хэрэв би чамд бас чиний болзоонуудад атаархдаг байсан бол энэ өрөөнөөс хоёр жилийн өмнө л нүүчихсэн байх байсан” Элизабет түүний зүг айсан шинжтэй харлаа. Алис үнэн хэлж байгааг тэр ойлгов. Гэнэт сэтгэл нь түгшиж эхэллээ. “Эд Хамнерын талаар хоёр зүйл миний сэтгэлийг зовоож байна” гэж Алис хэлэв. “Нэгдүгээрт, чи Тонигийн үхлийн талаар надад бичсэн захиандаа намайг Лейквүүд театрт Эдтэй тааралдсан нь азтай хэрэг болсон гэж бичсэн байсан. Тэр шууд л Бүүфбайд очиж, чамд тусалсан гэсэн. Гэвч би Эдийг хэзээ ч хараагүй. Бас би өнгөрсөн зун Лейквүүд театрын ойролцоо байгаагүй” “Гэхдээ” “Тэр яаж Тонигийн үхлийн талаар мэдсэн юм бол? Надад ямар ч таамаг алга. Гэхдээ тэр энэ тухай надаас сонсоогүй гэдгийг л мэдэж байна. Нөгөө нэг зүйл нь гэвэл түүний эрхэлдэг бизнес. Бурхан минь, Лиз, тэр ямар оймс өмссөн болохоо ч санаж чаддаггүй биз дээ! ” “Энэ чинь ямар ч хамаагүй зүйл” гэж Лиз шийдэмгий хэлэв. “Эд Хамнер өнгөрсөн зун Лас Вегаст байсан” гэж Алис аяархан өгүүлэв. “Тэр долоон сарын дундуур буцаж ирээд Пемакүүдийн зочид буудалд өрөө захиалсан. Энэ бол Бүүфбайтай маш ойрхон газар. Тэр чамд хэрэг болох цагаа хүлээж байсан” “Энэ чинь тэнэг хэрэг! Тэгээд ч чи Эдийг Лас Вегаст байсныг яаж мэдэж байгаа юм бэ?” “Би хичээл эхлэхээс өмнөхөн Ширли Антониотой уулзсан юм. Тэр Лас Вегаст тоглоомын газрын эсрэг талд байрлах Пайн ресторанд ажилладаг. Тэр хэлэхдээ Эд Хамнер шиг харагддаг хэн нэгнийг өмнө нь харж байгаагүй гэсэн. Эд чамд зарим зүйлсийг худлаа ярьсан. Би аав дээрээ очиж энэ тухай хэлэхэд тэр надад зөвлөгөө өгсөн” “Ямар?” гэж Элизабет эргэлзсэн шинжтэй асуув. “Хувийн мөрдөгч хөлсөл гэсэн” Элизабет шийдэмгий хэвээрээ байв. “Гүйцээ, Алис, ахиад ярих хэрэггүй”. Автобусанд суугаад Эдийн гэрт очиж, өнөө оройг тэнд өнгөрүүлье. Тэгээд энэ тухай өөрөөс нь асууна. Тэгээд л болоо… “Чи энэ тухай мэдэх хэрэгтэй” гэж Алис хэлэв. “Дараа нь чи шийдвэрээ гаргаарай” “Би түүнийг сайхан сэтгэлтэй, сайн залуу гэдгээс өөр зүйл мэдэх шаардлагагүй гэж бодож байна” “Дурлал сохор байдаг юм” гэж Алис гашуунаар хэлэв. “Магадгүй би чамд бага зэрэг хайртай байх, Лиз. Чи өмнө нь энэ талаар бодож байсан уу? ” Элизабет Алисыг удаанаар ширтэв. “Хэрэв тийм бол чи үүнийгээ маш инээдтэй аргаар илэрхийлж байна” гэж тэр хэлэв. “Үргэлжлүүл. Магадгүй чиний зөв байх” “Чи Эдийг өмнө нь мэддэг байсан” гэж Алис аяархан хэлэв. “Би… юу гэнээ?” “Коннектикут, Бриджпорт, 119 р гудамж” Элизабет маш их гайхав. Тэр эцэг эхтэйгээ хамт Бриджпортод зургаан жилийн турш амьдарсан билээ. Түүнийг хоёрдугаар ангиа төгссөний дараа жил тэд Бриджпортод нүүж ирцгээсэн бөгөөд 119 р гудамжинд амьдардаг байжээ. “Чи түүнийг санаж байна уу?” “Үгүй ээ, мэдээж үгүй!”. Гэхдээ тэр Эдтэй анх уулзах үед түүнийг өмнө нь мэддэг байсан мэт мэдрэмж төрсөнөө эргэн саналаа. “Үзэсгэлэнтэй хүмүүс царай муутайчуудыг хэзээ ч санадаггүй гэж би боддог юм. Чи түүнтэй нэгдүгээр ангид хамт байсан. Лиз. Магадгүй тэр өрөөний хамгийн ард суугаад чамайг ширтдэг байсан байх. Эсвэл тоглоомын талбай дээр. Нүдний шилтэй бяцхан жаалхүү, чи түүнийг санаж чадахгүй байх нь аргагүй, харин тэр чамайг санаж байгаа гэдэгт би мөрийцсөн ч болох байна” “Өөр зүйл байна уу?” гэж Элизабет асуув. “Мөрдөгч энэ тухай олж мэдсэн. Тэр олон хүнтэй уулзаж ярилцсан. Харин дараа нь түүний олж авсан мэдээллүүд дотор ойлгож боломгүй зарим зүйлс байсан. Зарим нь айдас төрүүлэм ” “Энэ чинь харин сонирхол татаж эхэлж байна шүү” гэж Элизабет ёсорхогоор хэлэв. “Эд Хамнерын аав мөрийтөй тоглоомын хорхойтон байжээ. Тэр Нью Йоркийн нэгэн зар сурталчилгааны агентлагт ажиллаж байгаад дараа нь Бриджпортод нүүж ирсэн байна. Мөрдөгч түүнийг покертой холбоотой маш их мөнгөний асуудалд орсон байсан гэж хэлсэн. Эдийн аав Бриджпортод ирээд ахиад л асуудалд орсон. Энэ нь бас л мөрийтэй тоглоомтой холбоотой байсан бөгөөд тэр маш их хэмжээний өрөнд орсон. Тэр мөн энэ үеэр хөл гараа хугалсан нь жирийн осол биш энэ хэрэгтэй холбоотой байсан байж магадгүй мөрдөгч хэлсэн. “Тэр 1961 онд Лос Анжелест ажиллах болсон байна. Энэ нь Лас Вегастай тун ойрхон байсан тул тэр тэнд амралтын өдрүүдээ мөрийтэй тоглож өнгөрүүлэх болжээ. Тэгээд хожигдож эхэлсэн…Харин дараа нь тэр өөрийнхөө хүүг авчирч тоглох болсон бөгөөд гайхалтайгаар хожиж эхэлсэн…” “Чи бүгдийг санаанаасаа зохиогоо юу?” Алис түүний өмнө бор цаастай дугтуйг тавив. “Энд бүх зүйл байгаа, Лиз. Эдгээрийн зарим нь шүүхэд бүртгэгдээгүй. Гэхдээ мөрдөгч түүнд энэ талаар ярьсан ганц ч хүнд худлаа хэлэх шалтгаан байгаагүй гэж хэлсэн. Эдийн аав хүүгээ “азтай увидастан” гэж нэрлэдэг байжээ. Хэдий казинод жаахан хүү дагуулж ирэх нь хууль бус явдал байсан боловч хэн ч эсэргүүцдэггүй байсан. Түүний аав маш их мөнгө хожих болсон. Дараа нь тэр зөвхөн рулет, ред блэк л тоглох болжээ. Жилийн эцсээр хүү бүх казиног хоосолж гүйцсэн байв. Харин аав нь шинэ төрлийн мөрийтөй тоглоомонд оролцох болсон. “Ямар?” “Хувьцааны зах зээл. Хамнерынхан 1961 оны дундуур Лос Анжелест нүүж ирцгээх үед тэд сарын ерэн долларын түрээстэй байранд амьдарч, ноён Хамнер 52 оны Чевролет унадаг байсан. 1962 оны эцсээр буюу ердөө арван зургаан сарын дараа ноён Хамнер ажлаа орхиж, тэд Сан Жосе дахь өөрсдийн хувийн байшинд амьдрах болсон. Ноён Хамнер шинэ загварын Тундербёрд, харин хатагтай Хамнер Волксваген унах болсон. Чи ойлгож байна уу, Невадагийн казинод жаахан хүү байх нь хууль бус явдал.Гэвч хэн ч хувьцаануудыг түүнээс буцааж авч чадаагүй” “Чи Эдийг гэж хэлэх гээд байна уу…Алис, чи галзуурчихаж!” “Тэр магадгүй аавд нь юу хэрэгтэйг мэддэг байсан байх” Би чамд юу хэрэгтэйг мэднэ Дээрх үгс Элизабетын чихэнд сонстох шиг болоход түүний дотор жихүүцэв. “Хатагтай Хамнер дараагийн зургаан жилийг сэтгэл мэдрэлийн эмнэлэг дамжиж өнгөрүүлсэн. Тэр сэтгэцийн өөрчлөлтөд орсон бөгөөд хүүгээ ад чөтгөрийн хамсаатан гэж хэлдэг байжээ. 1964 онд тэр хүүгээ хайчаар гэмтээсэн. Түүнийг алахыг оролдсон. Тэр…Лиз? Лиз, энэ ямар учиртай юм бол?” “Сорви” гэж Элизабет аман дотроо бувтнав. “Бид сарын өмнө сургуулийн бассейн руу сэлэхээр явцгаасан юм. Түүний мөрөн дээр нь маш гүн, хонхойсон сорви байсан…энд”. Тэр цээжнийхээ дээхэн хэсэгт гараараа заав. “Тэр хэлэхдээ…”. Элизабетын бөөлжис цутгахад тэр цааш үргэлжлүүлж ярилгүй хэсэг хугацаанд дотор нь зүгээр болохыг хүлээлээ. “Тэр жаахан байхдаа хашааны гадсанд гэмтээсэн гэж хэлсэн” “Би яриагаа үргэлжлүүлэх үү?” “Бүгдийг нь ярь”  

    “Түүний ээж 1968 онд Сан Воллейгийн сэтгэл мэдрэлийн эмнэлэгээс гарсан. Хамнерын гэр бүлийн гурав салхинд гарахаар явцгаасан бөгөөд тэд Рутийн 101 р зам дээр хээрийн хоол идэхээр түр зогсоцгоожээ. Хүүг түлээ цуглуулж байх үед аав ээж хоёр нь машинтайгаа далайн дэргэдэх хадан хавцлын ирмэгээс унацгаасан байна. Энэ үед ээж нь машиныг жолоодож байсан бөгөөд магадгүй Эдийг дайрах оролдлого хийж байгаад ийм зүйл болжээ. Энэ үед тэр арван наймтай байсан. Эд тэр жилдээ зүүн зүгт ирж, хагас жилийн дараа энэ сургуульд элссэн. Миний ярих зүйл ингээд дуусч байна” “Шүүгээн дэхь араг яснуудын тухай ярихгүй юм уу? ” “Лиз энэ чамд хангалтгүй байна гэж үү?” Элизабет босч зогсов. “Эд гэр бүлийнхээ тухай дурсахыг хүсдэггүй байсанд нь гайхаад байх юм алга. Харин чи дэмий зүйл ухаж төнхөөд байгаа юм биш үү? ” “Чи ухаанаа алдсан байна” гэж Алис хэлэх үед Элизабет цуваа өмсөж байлаа. “Чи түүн дээр очих гэж байна, тийм үү?” “Тийм ээ” “Учир нь чи түүнд хайртай” “Тийм ээ” Алис Элизабетын араас очиж гарыг нь шүүрч авав. “Чи бодоод үзээч! Эд Хамнер бидний зөвхөн мөрөөдөж л чадах зүйлсийг хийж чаддаг. Тэр аавыгаа рулетын бооцоонд ялуулж, бас хувьцааны зах зээлд амжилттай тоглуулж чадсан. Магадгүй тэр оюун санааны ховсдогч эсвэл далдыг харагч байх. Би мэдэхгүй байна. Лиз тэр чамайг өөртөө албаар дурлуулсан гэж санагдахгүй байна уу?” Лиз түүн рүү удаанаар эргэж харав. “Би амьдралдаа хэзээ ч ийм хөгийн юм сонсч байсангүй” “Энэ хөгийн байна гэж үү? Тэр аавдаа рулетын самбар дахь зөв тоог зааж өгдөг байсантайгаа яг адилхан аргаар чамд социологийн тестийг хэлж өгсөн! Тэр хэзээ ч социологийн курст явж байгаагүй! Би шалгасан. Тэр үүнийг зөвхөн чиний анхаарлыг татахын тулд л хийсэн!” “Боль!” гэж Лиз хашгирав. Тэр гараараа чихээ дарлаа. “Тэр тестийг мэдэж байсан, Тонигийн үхлийн талаар бас чамайг гэр лүүгээ онгоцоор явна гэдгийг ч мэдэж байсан! Тэр өнгөрсөн аравдугаар сард чиний амьдралд нэвтэрч орох тулд ямар ид шидийн арга хэрэглэхээ мэдэж байсан” Элизабет Алисаас гараа татаж аваад, хаалга онгойлгов. “Гуйя” гэж Алис хэлэв. “Гуйя, Лиз, намайг сонсооч. Би түүнийг хэрхэн энэ бүхнийг хийгээд байгааг мэдэхгүй байна. Тэр чамд ямар нэгэн хор хөнөөлтэй зүйл хийж магадгүй, гэхдээ тэр үүнийг хэдийн хийсэн. Тэр чиний хүсдэг, чамд хэрэгтэй зүйлүүдийг чинь мэдэх замаар чамайг өөртөө дурлуулсан. Энэ хайр биш. Энэ бол хүчээр хийсэн явдал! ” Элизабет хаалга саван гарч, шатаар доош уруудлаа. Тэр хот руу явах сүүлчийн автобусанд суув. Гадаа цас улам хүчтэй лавсан орж, автобус цасан хунгар дундуур гэмтсэн цох хорхой шиг сажлан явна. Элизабет зургаа долоон зорчигчтой автобусны хамгийн арын суудалд суугаад явж байлаа. Оюун санаанд нь олон бодол эргэлдэнэ. Гаатай тамхи. Хувьцааны арилжаа. Ээжийнх нь богино нэрийг Диди гэж мэдэж байсан явдал. Ангийн хамгийн арын суудалд суугаад бяцхан хөгжилтэй охиныг цоо ширтэх жаалхүү. Би чамд юу хэрэгтэйг мэднэ. Үгүй. Үгүй. Үгүй. Би түүнд хайртай! Тэр үнэхээр Эдэд хайртай гэж үү? Эсвэл тэр ердөө л түүнийг дуртай кинонд нь дагуулж явж, хүссэн зүйлийг нь захиалдаг, явахыг хүсээгүй газар руу нь явдаггүй, хийхийг хүсээгүй зүйлийг нь хийдэггүй хэн нэгэнтэй хамт байгаадаа сэтгэл хангалуун байдаг юм болов уу? Хэрэв Эдэд түүний хүсч байгаа зүйлийг харуулдаг далдыг харагч толь байдаг бол яахав? Тэр үргэлж л зөв бэлгээ сонгож түүнд бэлэглэдэг. Гадаа гэнэт бороо орсон үед үс хатаагч хэрэг болоход нь хэн түүнд үүнийг авчирч өгдөг билээ? Мэдээж, Эд Хамнер. Тиймээ, Лизэд энэ бүхэн таалагддаг. Энэ хайр биш. Энэ бол хүчээр хийсэн явдал! Элизабет Милл гудамжны булангаар алхаж явахад өөдөөс нь салхи үлээж байлаа. Автобус тачигнан дуугарсаар холдов. Автобусны арын гэрэл цастай үдшийг хэсэгхэн хором гэрэлтүүлээд алга боллоо. Тэр амьдралдаа хэзээ ч өөрийгөө ингэж ганцаардаж байгаагаа мэдэрч үзээгүй билээ. Эд гэртээ алга байлаа. Элизабет хаалгыг тогшиж таван минутын турш зогссон боловч хариу өгсөнгүй. Эд түүнтэй хамт байхгүй байх үедээ юу хийдэг талаар ямар ч төсөөлөл түүнд байсангүй. Магадгүй тэр покер тоглоомон дахь мөрийгөө нэмээд сууж байгаа биз. Гэнэт тэр нэг зүйлийг санаж хаалганы тотгон дээрээс илүү түлхүүрийг авахаар өлмий дээрээ зогсов. Эд түлхүүрээ тэнд хадгалдгийг тэр мэддэг байв. Тэр хуруугаараа хаалганы дээд талын тотгыг тэмтэртэл коридорын шалан дээр түлхүүр жингэнэн унах дууг сонслоо. Элизабет түлхүүрийг аваад, хаалгыг онгойлгов. Сууц нь Эдээс ялгаатай харагддаг, маш сайхан загвартай, яг жүжгийн тайз шиг. Өөрийнхөө гадаад төрхөнд бага анхаардаг Эд сууцныхаа харагдах үзэмж, цэвэр цэмцгэр байдалд анхаарал тавьдаг нь Элизабетыг баярлуулдаг байсан. Бараг л тэр өөртөө биш Элизабетэд зориулж сууцаа тохижуулсан юм шиг. Тэд зурагт үзэх үедээ сууцгаадаг сандал Элизабетэд маш их таалагддаг. Тийм ч хатуу биш, бас тийм ч зөөлөн биш. Яг таарсан. Түүний сонирхол үргэлж л Эдийнхтэй нийцдэг байсан. Зочдын өрөөнд хоёр хаалга байдаг. Нэг нь гал тогооны өрөө рүү ордог бол нөгөө нь унтлагын өрөө рүү. Элизабет унтлагын өрөө рүү ороод ор луу ширтэв. Ор тийм ч хатуу биш, бас тийм ч зөөлөн биш, яг таарсан. Гэтэл нэгэн нуугдмал хоолой инээн хэлэх сонстов. Энэ бараг л төгс биш гэж үү?Элизабет номын шүүгээнд дөхөж очоод, номнуудын гарчгийг гүйлгэн харав. Нэг ном түүний анхаарлыг татахад, тэр номыг шүүрэн авлаа. Тавиад оны бүжгийн хэв маяг Уг ном дэлгээтэй байсан бөгөөд “Строл бүжиг” гэсэн гарчгийг улаан тосон харандаагаар дугуйлан зурж, дэргэд нь БЕТ гэж том үсгээр бичсэн байлаа… Би одоо эндээс явах хэрэгтэй гэж Элизабет өөртөө хэлэв. Хэрэв Эд одоо буцаад ирэх юм бол би түүний царайг ахиж харж чадахгүй болно, тэгээд Алис ялна. Гэвч Элизабет зогссонгүй. Элизабет шүүгээнд ойртон очиж, хаалгыг нь татав. Шүүгээний хаалга цоожлогдсон байлаа. Элизабет ахин өлмий дээрээ зогсож, шүүгээний дээд талыг тэмтрэн нэг түлхүүр оллоо. Тэр түлхүүрийг авах үед толгой дотор нь нэгэн хоолой сонстох шиг болов. Битгий үүнийг хий Тэр “Цэнхэр сахалт” үлгэрийн талаар бодов. Цэнхэр сахалтын эхнэр буруу хаалга онгойлгосон болохоо дараа нь ойлгодог. Гэвч тэр үүнийг үргэлжлүүлж хийхгүй бол учрыг нь олж чадахгүй. Элизабет шүүгээний хаалгыг онгойлгов.


    Тэгээд тэр энэ бүх хугацааны турш дахь жинхэнэ Эд Хамнерын хачин жигтэй нууцыг олж мэдсэн юм. Шүүгээ элдэв замбараагүй зүйлсээр дүүрсэн байлаа. Хувцасны эмжээрнүүд, эвдэрхий теннисний цохиур, хуучирч урагдсан теннисний гутал, санд мэнд тараан тавьсан хуучин шалгалтын материал болон илтгэлүүд, уутнаасаа асгарсан Боркамын гаансан тамхи гээд л. Элэгдсэн ногоон хүрмээ шүүгээний мухарт хаяжээ. Элизабет нэг ном авч, гарчгийг нь тогтоон харав. Алтан гишүү. Бусад номнууд нь…Эртний ёслол, Орчин үеийн нууцууд, Гайтигийн илбэ. Хамгийн сүүлчийнх нь арьсан хавтастай, байнга гараараа хүрснээс гарчиг нь элэгдэж бүдгэрсэн, муудсан загас шиг үнэртэх нэг ном байлаа . Үхлийн ёслол.Элизабет уг номыг санаадгүй нээж хараад, уулга алдан номыг хойш шидэв. Элизабет тайван байхыг хичээж, элэгдсэн ногоон хүрмийг сөхөхөд нэг зүйл доор нь байхыг олж харав. Жижигхэн төмрөн хайрцаг… Элизабет хайрцгийг гартаа авч сэгсэрэхэд дотор нь ямар нэг зүйл шажигнан дуугарах сонстов. Энэ хайрцганд тэр магадгүй өөрийн үнэт зүйлсээ хадгалдаг байх. Хайрцагны ёроолд товгор үсгээр “Бриджпортын чихрийн үйлдвэр” гэж бичигдсэн байлаа. Элизабет хайрцгийг онгойлгов. Хайрцагны дээд талд нэг хүүхэлдэй байлаа. Элизабеттай адилхан хүүхэлдэй. Элизабет хүүхэлдэйг олж хараад, дагжин чичирж эхлэв. Хүүхэлдэйг түүний хоёр юмуу гурван сарын өмнө гээж алга болгосон улаан өнгийн нилон хүзүүний ороолтны өөдсөөр хувцаслажээ. Тэр үед тэр Эдтэй кинонд явсан…Хүүхэлдэйний гарыг гаанс цэвэрлэгчээр хийж, цэнхэр хөвд шиг харагдах бөс даавуугаар ороожээ. Магадгүй булшны хөвд байх… Хүүхэлдэйний толгой дээрх үс нэг л өөр харагдав. Хүүхэлдэйний ягаан өнгийн баллууран толгой дээр хонгор шаргал өнгийн зөөлхөн үс тогтоосон байлаа. Түүний өөрийнх нь үс элсэн шаргал өнгөтэй, бас үүнээс бүдүүн ширхэгтэй билээ. Энэ чинь түүний жижигхэн охин байх үеийнх нь үс байна шүү дээ.Элизабетын хоолойд нэг зүйл тээглэх шиг боллоо. Олон жилийн өмнө нэг жаалхүү түүний ардуур сэмхэн эргэлдэж, гартаа барьсан жижиг хайчаар үснээс нь хайчилж авч байгаа дүр зураг түүнд дүрслэгдэв. Элизабет хүүхэлдэйг хажуу тийш тавьж, хайрцаг руу ахин харлаа. Тэнд дээр нь улаан өнгийн бэхээр хачин жигтэй зургаан талт дүрс зурсан покерын цэнхэр хясаа байв. Бас ноён болон хатагтай Хамнер нарын үхлийн талаар эмгэнэл бичсэн хуучин сонингийн тасархай байв. Тэдний гэрэл зурган дээрх инээмсэглэсэн царай дээр хар өнгийн бэхээр нөгөө зургаан талт дүрсийг зуржээ. Бас ахиад нэг нь эрэгтэй, нэг нь эмэгтэй хоёр хүүхэлдэй… Тэдний царай сонингийн гэрэл зурган дээрх царайтай гарцаагүй адилхан байлаа. Элизабет хайрцаг доторхийг чичирсэн хуруугаараа ахин тэмтэрч үзлээ. Гэтэл нэг зүйл дуугарах чимээ түүнийг айлгав. Энэ бол эрэгтэй хүүхдүүд дэлгүүрээс худалдаж авч цуглуулдаг машины тоглоомон загвар байлаа. Уг загвар улаан өнгөтэй Фиат машиных байв. Тоглоомон машины урд талд тогтоосон даавууны өөдөс Тонигийн цамцтай адилхан харагдана. Элизабет тоглоомон машиныг эргүүлж хартал, хэн нэгэн нь машины доод хэсгийг эвдэж, хэдэн хэсэг болгожээ. “Тэгэхээр чи үүнийг олжээ, хүний тусыг үл мэдэгч гичий минь” Элизабет хашгираад тоглоомон машин болон хайрцгийг газар унагав. Эдийн “бохир үнэт зүйлс” шалаар нэг тарлаа. Эд үүдэн дээр зогсоод түүнийг ширтэж байв. Элизабет хэзээ ч хэн нэгнийг ингэж үзэн ядсан харцаар харж байгаагүй билээ. Элизабет Эд рүү хараад “Чи Тониг алсан” гэж хэлэв. Эд маасайтал инээв. “Чи үүнийг баталж чадна гэж бодож байна уу?” “Энэ хамаагүй” гэж Элизабет гайхмаар тайван хоолойгоор өгүүлэв. “Би бүгдийг мэдсэн. Би чамайг ахиж харахыг хүсэхгүй байна. Хэзээ ч…” Эдийн царай хачин жигтэй муруйв. “Чи надад талархах хэрэгтэй. Би чиний хүссэн болгоныг чинь өгдөг байсан. Өөр залуусын хийж үл чадах зүйлс. Үүний хүлээн зөвшөөр. Би чамайг төгс аз жаргалтай болгосон” “Чи Тониг алсан!” Элизабет түүн рүү хашгиран хэллээ. Эд өрөөнд алхаж орлоо. “Тиймээ, би үүнийг чиний төлөө хийсэн. Харин чи Бет? Чи хайр гэж юу байдгийг мэдэхгүй. Би чамайг анх хараад л дурласан, арван долоон жилийн өмнөөс. Тони чамд ингэж хэлж байсан гэж үү? Чи маш үзэсгэлэнтэй. Чамд хэзээ ч юу хүсч байгаагаа, юу хэрэгтэй байгаагаа, бас ганцаардал гэж юу болох талаар бодох шаардлага байгаагүй. Чамд энэ бүхнийг хайх шаардлага байгаагүй. Чамд хэрэгтэй зүйлс өөрсдөө л ирдэг. Гэтэл би хэзээ ч хүссэн зүйлээ авч чадаж байгаагүй. Намайг хичээгээгүй гэж чи бодож байна уу? Би аавдаа тусалдаг байсан. Тэр зөвхөн илүү их мөнгө л хүсдэг байсан. Би түүнийг баян болгохоос өмнө тэр хэзээ ч намайг үнсэж, бас тэвэрч байгаагүй. Миний ээж ч бас адилхан. Би түүнд гэрлэлтийг нь буцааж өгсөн, гэтэл түүнд энэ хангалттай байгаагүй. Тэр намайг үзэн ядсан! Тэр надад ойртдог ч үгүй байсан! Тэр намайг хэвийн бус гэдэг байсан! Би түүнд сайхан зүйлсийг өгөхийг оролдсон гэвч…Бет, үүнийг битгий хий! Битгий!…” Элизабет шалан дээр хэвтэх өөртэй нь адилхан хүүхэлдэй рүү алхаж очоод, гутлын өсгийгөөрөө дээрээс нь дэвслэв. Одоо тэр Эдээс айхгүй. Тэр бол ердөө л залуу эрийн биеэн доторх жижигхэн жаалхүү. “Одоо чи надад ямар нэг зүйл хийж чадна гэж би бодохгүй байна, Эд” гэж Элизабет хэлэв. “Би буруу ярьж байна уу?” Эд цаашаа эргэж харав. “Үргэлжлүүл” гэж тэр сул дорой хоолойгоор хэлэв. “Тэгэхдээ миний хайрцгийг зүгээр орхи” “Би хайрцгийг үлдээнэ. Гэхдээ хайрцаг дотор байсан зүйлсийг бол үгүй”. Элизабет Эдийн хажуугаар алхаж гарав. Эдийн мөр татганан хөдөлж байв. Магадгүй тэр Элизабетыг шүүрэн авахыг хүсэж байсан байх. Гэвч тэр тэгсэнгүй. Элизабет шатаар уруудан хоёр давхарт хүрэх үед Эд шатны дээрээс өнгийн түүний араас чанга дуугаар хашгирав. “Чи надаас хойш ямар ч залуутай сэтгэл хангалуун байж чадахгүй! Тэд чиний хүсч байгаа зүйлийг өгч чадахгүй болоход чи намайг хүсэх болно!” Элизабет шатаар уруудсаар, эцэст нь гадаа гарав. Гадаа хүйтэн байлаа. Сургууль хүртэл хоёр миль алхах шаардлагатай байсан ч тэр үүнд ер санаа зовсонгүй. Тэр алхахыг бас хүйтэн цасыг хүсч байлаа. Цас түүнийг угааж цэвэрлэхийг тэр хүсч байв. Хачирхалтай нь тэр Эдийг дотроо өрөвдөж байлаа. Хүмүүсийг тоглоомон цэрэг шиг байлгаж, барьж байхыг хүсдэг жаалхүү. Хэрэв тэд түүнд захирагдахаа больвол тэр тэднийг нухчин дардаг. Бүх зүйл Эдийн буруу биш, бас түүнээс өөрөөс нь шалтгаалсан бол яахав? Тэр Алисыг эсэргүүцэж байснаа эргэн санав. Тэд чиний хүсч байгаа зүйлийг өгч чадахгүй болоход чи намайг хүсэх болно!…Би чамд юу хэрэгтэйг мэднэ. Элизабет үнэхээр өөртөө юу хэрэгтэйг жаахан ч гэсэн мэддэг гэж үү? Гуйя, Бурхан минь, үгүй. Элизабет сургууль хот хоёрын хоорон дахь гүүрэн дээр зогсоод Эд Хамнерын илбэ шидийн зүйлсийг хэсэг хэсгээр нь гүүрнээс шидэв. Хамгийн сүүлд улаан өнгийн тоглоомон Фиат машин хунгарласан цасанд шигдэн унаж, нүдэнд нь харагдахгүй болоход Элизабет цааш үргэлжлүүлэн алхлаа.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×