Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Царай муут

    Сүүлийн үед Оросын блогчдын дунд нэгэн сэтгэл дэнсэлгэсэн өгүүлэл тэнүүчлэх болов. Бичсэн эзэн нь тодорхойгүй учир ийм явдал болсон эсэхийг хэн ч баталж чадахгүй. Гэхдээ өнөөгийн хүмүүсийн зан авир, бодит амьдрал, чухал асуудлуудыг хөндсөнөөрөө энэ бэсрэг өгүүлэл үнэхээр үнэ цэнэтэйд тооцогдох болов уу. Эмэгтэй хүн бичсэн гэх энэхүү өгүүллийг хэрэв та орос хэлээр нь хэдийнэ уншсан бол дахиад нэг уншаад үзээрэй. Ердөө хэдхэн хормыг энэ нийтлэлийг уншихад зориулсандаа та лав харамсахгүй байх аа…

    Дэлхий ертөнцийг гоо сайхан тэр бүр авардаггүй ажээ. Ертөнцийг зөв хайрлаж чадсан тохиолдолд л бид энэ дэлхий дээр зөв амьдрах учиртай юм байна.

    “Миний амьдарч байсан байрны оршин суугчид Царай муутыг ямар эрэмдэг, муухай амьтан байсныг анддаггүй байлаа. Царай муут гэдэг нь орон гэргүй, гудамжны муур. Тэр энэ дэлхий дээр ердөө гурван зүйлд л дурладаг байсан юм. Амьд явахын төлөө тэмцэх, юу тааралдсанаа идэх, дээр нь хайрыг хүсэмжилдэг амьтан байв. Энэ цогц гурван хүсэл, мөн манай гудманд гэр оронгүй тэнүүчилж явсан зэрэг нөхцлүүд нь Царай муутын биед арилашгүй мөрийг үлдээжээ. Өөрөөр хэлбэл, гадны хүчин зүйлсийн нөлөөгөөр тэр маань өрөөсөн нүдтэй, өрөөсөн чихтэй болчихсон байлаа. Бас зүүн хөл нь нэгэн цагт бэртэж, яс нь өвөрмөц өнцөг үүсгэн эдгэсэн байсан тул муужгайн явдлыг харахаар булан тойроод явах нь уу гэх сэтгэгдэл үргэлж төрдөг байж билээ. Энэ бүхнээс гадна сүүлгүй болоод удаж байсан болохор сүүлнийх нь оронцог гэх өчүүхэн тасархай арай ядан цухуйж харагддагсан. Царай муутын толгой, бүр мөр нь хүртэл битүү шарх сорвитой байсан тул бараан саарал судалтай эр муурыг санагдуулдаг байв. Түүнийг харсан хэн бүхэнд “Пээ, яасан заваан муур вэ” гэсэн ганц л сэтгэгдэл төрдөг байлаа.

    Байрны бүх хүүхдийг түүнд ойртохыг хориглодог байв. Царай муутыг харсан томчууд шил, чулуу нүүлгэн түүнийг хөөж тууна. Байр руу орохыг завдах болгонд нь резинэн хоолойгоор ус шүршинэ. Харин байр руу орсныг нь харсан тохиолдолд гаргахгүй, хашраахын тулд саврыг нь хаалганы завсар хавчуулж тамалдаг байв.

    Хамгийн гайхалтай нь, Царай муут маань ямар ч тохиолдолд нэг л зангаараа байдаг байлаа. Ус шүршиж байгаа тамлагчийн сонирхлыг буурахаас нааш явалгүй, дуулгавартайгаар норж зогсоно. Харин хүмүүс түүн рүү элдвийн юм шидэн хөөж туухад хөлөө үрчин зогсох нь өршөөл эрж байна гэлтэй.

    Хөөрхий минь, хүүхдүүд харагдвал байдаг хурдаараа чавхдан гүйж очоод толгойгоо саврандаа үрж өөрийг нь энхрийлж өгөхийг хүсдэг байсан сан. Өр нимгэн нэгэн нь түүнийг тэвэрч авбал талархсандаа зах, товч гээд хүрч болох бүх зүйлийг нь үмхлэн хөхдөг байлаа…

    … Нэг өдөр хажуу байрны ноход Царай муут руу бөөнөөрөө улангасан дайрцгаасан юм. Гэрийн цонхоор нохдын хуцах чимээ, муужгайн тусламж хүссэн мэгшээ, нохдын эздийн “туу, туу” гэх турхирааг сонсоод би муужгайд туслахаар гэрээсээ гүйн гарав. Намайг очиход Царай муут маань маш их хазуулж цусандаа хутгалдан арай ядан амьсгалж байлаа. Цагираглан хэвтэж байхдаа тэр маань өвдсөндөө бас айсандаа дагжин чичирч байсан юм. Түүний нуруу, хөл, биеийн доод хэсэг нь авах юмгүй болжээ. Гунигт амьдрал нь төгсөх дөхөж байсан учир нулимс нь духан дээгүүр нь зам татуулан урсаж байв.

    Би Царай муутыг тэврэн гэр рүүгээ гүйлээ. Түүний цээж нь хэржигнэн, амьсгаа нь давчдаж байгаа нь надад мэдрэгдэж байсан. Тиймээс гүйж явахдаа би түүний өвчтэй газруудыг нь хөндчихгүйг хичээж явав. Хөөрхий минь бие нь өвдөж байгаа хэдий ч чихийг маань долоохыг оролдож байсан сан.

    Би нулимсандаа багтран амьсгаа ч авч чадахгүй байсан учир түр зогсоод түүнийг биендээ наан тэврэв. Царай муут миний алганд толгойгоо тавиад өрөөсөн нүдээрээ над руу харан … зөөлөн гиншив… Хөөрхий минь… бие нь ямар их өвдөж байгааг үл огоорон тэр маань надаас жаахан хайр хүссэн нь тэр байлаа. Эсвэл өөрийг нь жаахан ч атугай ойлгохыг хүссэн ч байж магад…

    … Миний амьдралд учирч байсан бодгалиуд дотроос надад хамгийн үнэнч хайраа зориулж чадсан цорын ганц амьтан нь энэ муужгай байсныг би тэр үед мэдэрч билээ. Намайг хамгийн үнэнчээр хайрласан тэр амьтан энэхэн мөчид надад ямар хөөрхөн, өхөөрдөм харагдаж байв аа… Тиймдээ ч тэр маань өөрийнх нь өвдөлтийг намдааж чадна гэсэн итгэлээр над руу харж байсан сан…

    …Царай муут маань намайг гэртээ хүрэхээс өмнө миний тэвэрт амь тавьчихсан юм. Тэр өдөр би үхсэн муужгайг өвдөг дээрээ тавин орцныхоо өмнө удаан гэгч нь сууж билээ…

    Тэр өдрөөс хойш би олон зүйлийн талаар эргэцүүлж бодсон. Тэр азгүй эрэмдэг муур цэвэр ариун сэтгэл, хязгааргүй үнэнч хайрын талаарх миний төсөөллийг орвонгоор нь өөрчилж орхисон. Үнэн шүү. Царай муут маань надад хайр гэж юу болохыг мянган ном, лекц, яриануудаас ч илүү ихийг ойлгуулж өгч билээ. Тийм учраас би түүнд үргэлж талархаж явах болно. Түүний бие нь эрэмдэг байсан ч миний сэтгэл түүнээс доргүй сэвтсэн байлаа. Одоо үнэнчээр, сэтгэлээсээ хайрлах аргад суралцах цаг маань ирж. Дотны хүндээ сэтгэл дотроо юу ч үлдээлгүй бүх хайраа зориулж байх ёстой юм байна гэдгийг ухаарлаа.

    Бидний олонх нь баян, амжилтаар дүүрэн, хүчтэй, гоо үзэмжтэй явахыг хүсдэг билээ. Харин би ганц л зүйлд тэмүүлэх болно. Бусдыг Царай муут шиг хайрлахыг л би хүснэ…”

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×