Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Нууцлаг гал сөнөөгч

    Шөнө дундын үед Цэрэнпил гэнэтхэн цочоод сэрчихжээ. Ингээд тэр даруй нойр нь хулжиж элдэв юм бодогдоод эхэлсэн тул эргэж хөрвөөн хэвтэж байтал гэнэтхэн хашаан дотор нь нэр нархийсэн чимээ гараад явчихаж. Юу байдаг билээ хэмээн өндийн цонхоороо хартал бөөн гал асч байх нь тэр. “Хаврын ид хуурайшилттай үе шүү дээ. Арай асгасан үнс цогноос хийсч гал авалцаж байгаа юм биш байгаа. Бушуухан гаръя. Эртхэн унтраасан нь дээр” гэж бодон өмд гутлаа хальт углан гарч ирвэл ээ бүү үзэгд байшингийн нь баруун тал, хашаа пин, жорлон нь хүртэл улаан гал долоолгон шатаж байжээ. Яахаараа ийм юм болдог билээ хэмээн сандарсан тэрбээр гэр лүүгээ буцан орох гэснээ хажуу айлаасаа гал команд дуудъя хэмээн сэтгээд хашааныхаа хаалга руу харайтал аймгийн гал командын улаан машин аль хэдийнэ ирээд хашааны нь гадаа зогсчихсон нэг гал унтраагч шланкаар хашааны нь гаднаас ус шүршиж байжээ. Үүнийг хараад Цэрэнпил ихэд баярлан “Гал гарсан газрыг мэдээд хүрээд ирдэг овоо шүү дээ” гэж бодон гэр лүүгээ харайлгаж гэрийнхэнээ гараад ир хэмээн дуудаж тэр сацуу байшингийн нь хажууханд бариастай байсан жижиг гэрийг буулгахаар хошлон уяаг нь тайлж эхэлжээ. Гэтэл гал гэр рүү орохгүй шинжтэй харин байшинг нь тойрон ороон асч байгаа нь анзаарагдсан байна. Тиймээстэр нөгөө гал сөнөөгч рүү “Хөөе чи юундаа удаад байгаа юм бэ, наад гал чинь байшинг минь шатаагаад үнс нурам болгож гүйцлээ” гэж хашгирсанаа гэнэтхэн “Яахаараа энэ нөхөр ганцаараа ирчихээд гал унтраах гээд зогсч байдаг билээ. Уг нь гал командын машин чинь нэг биш нэлээн хэдэн хүнтэй ирдэг биш билүү” гэж гайхан бодоод мөнөөх эр лүү “Хүүе, чи хэдүүлээ ирсэн юм бэ, арай ганцаараа…” гээд үгээ тасалтал гал сөнеөгч Цэрэнпил рүү дөхеж ирээд ах дүү төрөл төрөгсөдтэйгөө уулзсан юм шиг их сайхан инээмсэглэн “Ах аа та санаа зоволтгүй ээ. Өглөө гэхэд хашаа чинь зүв зүгээр байх болно” гэчихээд эргэн гүйжээ. Үүнийг сонсоод Цэрэнпилийн уур дүрсхийгээд явчихаж. Улаан нүдэн дээр хамаг байдаг байшин сав минь шатаж байхад өглөө гэхэд зүв зүгээр байна гэдэг энэ яасан тоглоомтой нөхөр вэ гэж бодохоос уур нь асч гүйж очоод заамдаад авдаг юм бил үү гэж бодсоноо “Үгүй ер, саяын залуугийн царай төрхийг би хаана харлаа. Нэг л харсан царай байна даа” гэж бодсоор шороо атган авч улалзах гал руу цацжээ. Гэтэл байшингаас гарч ирсэн эхнэр нь түүний гарыг хумин барьж аваад “Чи чинь яаж солиороод байнаа. Гал гал гээд л дуудаад байсан. Тэр их оволзож улангасаад байгаа гал түймэр чинь тэгээд хаана байна. Бас болоогүй хүн гарч ирэхийг мэдчихээд шороо мороо цацаж маяглаад байгаа юм. Солиорно солиорно гэхэд арай дэндэнээ. Орж унт” гээд тас намжирджээ. Цэрэнпил эхнэр лүүгээ гайхан харж “Ингэхэд чи өөрөө эрүүл биз дээ хө. Хамаг хашаа, пин сав чинь шатаад дуусч байхад юу солиороод байнаа. Тэр харахгүй юу. Аймгийн гал команд хүртэл ирчихсэн ус цацаад зогсч байна” гээд үнэн голоосоо уурлажээ. Эхнэр нь Цэрэнпилийн байгаа байдалд гайхашаа барсан янзтай “За миний хань, ханиараа тоглож дууссан бол гэртээ орцгооё” хэмээн аргадсан ч нэмэр болсонгүй. Шатах нь бүү хэл, салхинд ч ганхаагүй хашаа пин рүүгээ Цэрэнпил хашгиран дайрсаар л байж. Аргаа барсан эхнэр нь “Хүүе, Цэрэнпил ээ гал командыг хэн хэзээ дуудаж, наадах чинь тэгээд хэдийд нь ирчихээд зүгээр зогсоод байгаа юм бэ? Аль хэдийнэ ирсэн юм бол асч байгаа галыг унтраачихгүй юу хийгээд байгаа хэрэг вэ?” гэж асуувал Цэрэнпил цочих шиг болсоноо “Үгүй нээрээ юу билээ. Би наадахыг чинь ердөө бодоогүй юм байна” гээд ийш тийш хармагцаа “Ирсэн ганц галын машин нь ердөө ганцхан хүнтэй шүү. Тэр нэг юм нь хашааны хаалга орчимын гал руу л ирсэн цагаасаа хойш шланк барьж гүйлээ. Өөр тийшээ ноцоод байгаа гал руу ер дөхөхгүй юм. Нэг л хачин байна даа” гэвэл авгай нь “Хашаа пин гээд өчнөөн зүйл шатаж байгаа юм бол бид хоёр луу яагаад гал цоонож төөнөхгүй байгаа юм бэ? Чи энийг анзаарахгүй байна уу?” гэж хэлээд авчээ. Цэрэнпил бүр ч эргэлзэв бололтой яах гээд байгаа нь тодорхойгүй хөдөлгөөн хийсэнээ “Нээрээ энэ чинь галын илч төөнөхийн оронд харин ч чийг даасан салхи л өмнөөс сэвэлзэж байна шүү дээ” гэжээ. Чингэтэл ч Цэрэнпилийн эхнэр хашааныхаа хаалга руу аажуухан алхаад явчихаж. Түүний нүдэнд Цэрэнпилийн хамгийн бага дүү болох Содномпил хашааны нь явган хаалганы дээгүүр тонгойчихсон даллаж байх шиг харагдсан юмсанж. Хаа байсан Багануурт амьдардаг хүн хаанаас гэнэт гараад ирэв гэж бодсон тэрбээр хашааны хаалга тайлж өгөхөөр сарвайтал Цэрэнпил гараас нь атган аваад “Галзуурав уу чи, энэ их гал руу орох нь уу?” гээд бушуухан чирэн холдсон аж. Эхнэр нь “Хүүе Цэрэнпил гуай, сэхээ орооч ээ. Төрсөн дүү чинь хаа холоос ирчихээд хашааны хаалган дээр зогсч байна шүү дээ” гэвэл Цэрэнпил “Юун дүү, хэн нь ирчихээв. Хаана байна гэнээ?” гэж эргүү царайлан асуусан байна. Эхнэр нь “Яагаав чиний дүү Содномпил. Тэр ирчихээд хашааны хаалганы гадаа зогсч байна. Сая явган хаалган дээгүүр гараараа даллан дуудлаа шүү дээ” гэж дүлий хүнд хэлж байгаа юм шиг хашгиран өгүүлтэл Цэрэнпил хариуд нь “Содном чинь нээрээ гал сөнөөгч хийдэг шүү дээ” хэмээн бархираад саваад уначихаж. Ухаан алдсан Цэрэнпилийг тэр даруй эмнэлэгт хүргэвэл тал цус харвасан нь тодорхой болжээ. Энүүхэн хооронд түүний эхнэр сандарч бачимдаад хаалганы гадаа зогсч байсан нөгөө дүүг нь ч мартаж орхиж. Харин маргааш нь Багануураас дүү чинь өнгөрчихлөө гэсэн эмгэнэлтэй мэдээ ирэх үед л “Нээрээ юу болоод өнгөрөв өө” хэмээн учиргүй айн сандарсан аж. Цэрэнпилийн эхнэр Цэцэгмаа өдгөө “Хорлол дуудсан тэр шөнө Цэрэнпилийг тархиа бариад ойчиход би сандарч мэгдээд хаалганы цаана зогсч байсан дүүг нь таг мартчихсан байсан. Сумын эмнэлэгт нөхрийгөө сахиж суухдаа нээрээ, түрүүн Содномпил манай гадаа зогсч байсан шүү дээ гэж хальт бодоод л өнгөрсөн. Харин маргааш нь дүү чинь гал сөнөөж яваад нас барчихлаа гэдэг мэдээ аваад Багануурт гал сөнөөж яваад нас барсан дүүгий нь сүнс тэр шөнө ахындаа сүүлчийн удаа ирж дээ гэж ойлгосон” хэмээн ярьдаг болжээ.

     

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


  • Гишүүдийн мэдээлэл

    632
    Нийт гишүүн
    654
    Топ хандалт
    moon_lover_june
    Шинэ гишүүд
    moon_lover_june
    Бүртгүүлсэн өдөр:
×