Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Наска цөл дундах нууцлаг зураг

    Өчнөөн жил оршин тогтносон боловч нууцаа дэлгээгүй өч төчнөөн газрууд манай гараг дээр байдаг. Тэдний нэг нь Наска цөл. өмнөд Америкийн нутагт орших Наска цөл дунд өнөөг хүртэл нууцаа нээгээгүй нэгэн зураг бий. Эрдэмтэд олон жилийн турш энэхүү нууцлаг зургийн учир утгыг тайлах гэж оролдоод дийлээгүй гэдэг. Цөл дундах 500 кв км хэмжээтэй газарт хүн амьтныг дүрсэлсэн элдэв зураас, геометрийн дүрсээс бүтсэн агуу том зураг энэ цагийнхныг гайхшруулсаар, сэтгэлийг нь соронзон мэт татсаар удаж байна.

    Тэндэх хамгийн том зураг нь 300 метр урттай. Тэр гайхамшгийг орчин үеийн хүмүүс ХХ зууны эхээр л анх олж мэджээ. Перугийн тэнгэрээр онгоц дүүлж эхэлсэн тэр үеэс л Наска цөлд хүмүүсийн хэзээ ч өмнө нь дуулж сонсож байгаагүй нууцлаг зураг илэрсэн байна. Yнэндээ уг зураг дээрх бүх дүрсийг ойрын зайнаас харахад тийм ч сайн ялгарахгүй. Харин дээрээс буюу онгоцоор нисч явах үед л илүү тод харагддаг бөгөөд сонин мэдрэмж төрүүлдэг гэнэ. Өнгөрсөн зун өмнөд Америкт олон улсын хамтарсан экспедици Наскагийн нууцыг тайлахаар ажилласан нь түүхэнд байгаагүй том эрэл хайгуул болжээ. Эл зургийн талаар судлаачид янз бүрийн таамаглал дэвшүүлсэн байдаг. Харин АНУ, Авсрали, Герман, Швейцарь, Перугийн эрдэмтэд цөл дундах зураг хэрхэн бий болсон талаархи таамаглалууд үнэнд ойртох эсэхийг энэ зун нэг бүрчлэн шалгаж үзжээ.

    Оддын газрын зураг уу, эсвэл хуанли уу…

    1946 онд Германы математикч, одон орон судлаач Мария Райхе Наска цөлийн эл зургийг судалжээ. Наска дахь зураг нь эрт дээр үед уг цөлд амьдарч байсан овог аймгийнхны сансар огторгуйн тухай мэдлэгийг харуулсан хэмээн Райхе үзсэн байна. Тухайлбал, тэд өөрсдийнхөө хамгийн сайн мэддэг одны орд, огторгуйн сонирхолтой биетүүдийг зурж чаддаг байж. Газарт шигдэж үлдсэн зураг, зураасны учрыг олохын тулд Райхе уг зургийг углуургаар нь тайлж мэдэхээр оролджээ. Хуанли, эсвэл оддын газрын зураг хэмээсэн түүний санааг эрдэмтэд үгүйсгэж. Швейцарийн эрдэмтэн Армин Грюаны баталснаар Райхегийн санаа нь санамсаргүй тохиолдлоос өөрцгүй гэв.

    Мөнхийн рашааны үлдэгдэл байв уу…

    Яг ийм санаа оноо бас л хүчтэй тархаж байв. Уг зураг нь хонгил, худаг, эвсэл газрын усан судалтай давхаргыг заадаг гэсэн санааг нэжгээд хүн гаргажээ. өдгөө Наска цөл нь дэлхий дээрх хамгийн ган гачигтай газрын нэг. Ийм учраас судлаачид энэ газарт тухайн үеийн овог аймгуудын усны шүтээн байсан бөгөөд тэд энэ зургийн тусламжтайгаар дурын цэгээсээ мөнхийн рашааны эх ундаргыг олох боломжтой байсан гэсэн таамаглалыг дэвшүүлсэн байна. Цөл дэх уран зургийг МЭӨ 200 МЭ 700 оны хооронд бий болсон гэж үздэг. Тухайн үед уг газар нь сэтгэл татам нутаг байжээ. Энд үржил шимтэй тал, усаар дутагдаж гачигдахын зовлонгүй, оршин суугчид байсан гэхээр дээрх таамаглал нэг л итгэл үнэмшил төрүүлэхгүй байна.

    Цэнгэлдэх хүрээлэн үү…

    Гурав дахь томоохон хувилбар нь газарт товойж үлдсэн дүрсүүд нь ямар нэг спорт, эсвэл олон нийтийн тоглоом наадгайд зориулагдсан гэж үздэг. Нэлээд судлаачид хүмүүсийн байнга л холхих, явах, гишгэх хөдөлгөөний улмаас газрын хөрсний дээд давхаргад дээрх дүрсүүд үүссэн бөгөөд тухайн үеийн асфальтан бус замд зөрөг зам, жимүүд бий болсон гэдэгт итгэдэг. Тэдний дэвшүүлсэн санааг зураглаад үзвэл их л сонин дүр төрх гарна. Тэднийхээр бол уул нутгийнхныг зугаацуулахын тулд амьтны дүрсийг санагдуулам тусгай чиглэл гаргаж гүйж, эсвэл алхуулсан болж таарах нь уу. Гэвч нарийн ажиглавал дүрснүүдийн ихэнхийнх нь дээгүүр болхи бааз зураас шугам татсан татсан байдаг аж. Радио нүүрстөрөгчийн шинжилгээгээр ийм зураас зураг бий болсноос 100 жилийн дараа хийгдсэн болохыг тогтоожээ.

    Эцсийн хувилбар энэ бол мөргөлийн газар…

    Олон жилийн турш эрдэмтдийн сэтгэлээ чилээсэн судалгаа ажил энэ зун л нааштай болжээ. өөрөөр хэлбэл, цөлд бий болсон зураг нь газрын зураг ч, хуанли ч бус, цэнгэлдэх хүрээлэн ч биш байж. “Бид жижгээс нь эхлээд том хүртэлх бүх хувилбарыг нарийвчлан нягталсан. Таамаглал бүрт дутагдал байсан. Тиймээс бид энэ дүрс нь шашны зан үйлд ашиглагдаж байсан гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэж ярьжээ. Уг санааг баталсан нэгэн олдворыг ч тэд илрүүлжээ. Олон тооны дүрсийн хажууд бага зэрэг өндөрлөг газраас эрдэмтэд модон дэвсгэрийн ул мөрийг олсон байна. Мөн тэндээс христосын үеэс өмнө өмнөд Америкт үржил шим, эд баялгийн бэлгэдэлд тооцогддог байсан далайн дунг олжээ. Энэ нь тухайн үеийнхний гол тахил байсан бололтой. Түүнчлэн эрдэмтэд Наска цөл дэх эртний хотын археологийн малтлагын үр дүнд тухайн үеийн соёл иргэншлийн дүр төрхийг сэргээн босгохыг оролджээ.

    Гайхмаар нь, эртний перучууд халуун агаараар дүүргэсэн, тэнгэрт хагас цагаас илүүгүй хөөрдөг, нэг их томгүй агаарын бөмбөлөг бүтээж чаддаг байжээ. 1709 онд Португалийн хаан ширээний төлөө өрсөлдөж байсан Бартоломеу ди Гушман гэгч Лиссабоны тэнгэрт агаарын бөмбөлгөөр аялж байсныг эргээд саная. Гушман Бразильд католик шашны сургуульд суралцсан бөгөөд түүний багш нар нь өмнөд Америкаар хөндлөн гулд хэрсэн шашны номлогчид байж. Магадгүй, тэд шавьдаа Наскагийн эртний оршин суугчид агаарын бөмбөлгөөр аялдаг байсан тухай домгийг ярьсан ч байж болох юм. Гэхдээ энэ нь таамаглал төдий зүйл. Наскад эрт дээр үед амьдарч байсан хүмүүс хүн төрөлхтний соёл иргэншилд үл тайлагдах зураг үлдээсэн шигээ агаарын бөмбөлгийн тухай бас л нэгэн оньсого үлдээсэн ч байж мэднэ.

    Манай гарагийн хамгийн гайхалтай газрууд

    1939 онд Америкийн археологич Пол Косок цөлийн дээгүүр 60 метрийн өндөрт онгоцоор нисч байхдаа уг зургийг анзаарчээ. Тэрбээр эл гайхамшигтай дүрсүүд нь эртний хүмүүсийн оддын зурхайд зориулсан ариун дагшин газар гэж үзсэн байна. Оросын алдарт физикч Леонид Ксанфомалити Наска цөлийн зургийг маш өндрөөс лазер шиг төхөөрөмжийн тусламжтайгаар хийсэн гэсэн санааг дэвшүүлжээ. Гэвч МЭӨ III зуунд хаанаас тийм лазер олдох билээ дээ? Энэ мэтээр зургийн талаархи таамаглалууд үргэлжилнэ.

    Харь гарагийнханд зориулж хэн сансрын зам бүтээв?

    1955 онд Их Британийн сонин содон үзэгдлийн судлаач Жеймс Мозель Наскагийн зураг буй газар нь эрт дээр үед харь гарагийнхны хөл дүүжилдэг газар байсан гэж үзжээ. Yнэндээ тэдний хөлгийн нисч буух талбай гэсэн үг л дээ. Түүний энэ таамаглал нэлээд түгээмэл бөгөөд өнөөг хүртэл үүнийг дэмждэг хүмүүс цөөнгүй бий. Гэвч харь гарагийнханд нисч буухад нь 500 кв км хэмжээтэй тийм том талбай ямар шаардлагатай байсан гэдэгт хэн ч үнэмшилтэй тайлбар хийж чадаагүй юм. Харь гарагийнхан хөлгөөрөө нисэхэд тийм их зай талбайд тонгочих хэрэг байгаа юм уу. Ингэж нисч буухын төлөө уг газар дээр ургамал, амьтны зураг сараачих шаардлага байсан гэж үү, зөвхөн уугуул нутгийнхныг зугаацуулахын төлөө ийм зураг зурсан гэж үү гэсэн сонин асуулт цуварна.

    Ямар ч сансрын хөлөг газардлаа гэхэд тэндэх бүх зургийг баллаж сохлох аюул гарах нь зайлшгүй. Тэгэхээр харь гарагийнхны сансрын буудал гэж барин тавин хэлэх нь бас л учир дутагдалтай байгаа биз. Харь гарагийнхан л үүнийг хийсэн гэж гүрийдэг нөхдийн хэлснээр бол эртний индианчууд техник технологийн тухай ойлголтгүй, газарт ч тийм хэцүү төвөгтэй зураг зурах ч чадваргүй байсан гэнэ. Харь гарагийнхны санаачилгаар л ийм сансрын зам бий болсон гэж үздэг энэ онолыг өнгөрсөн зууны наяад оны сүүлээр л Америкийн археологичид үгүйсгэжээ. Тэр үед модон хүрзээр “зэвсэглэсэн” багш, оюутнуудын баг Наскад зочилж, харь гарагаас өөр юм санаж сэтгэхээ байсан судлаачдын дүгнэлтэд няцаалт өгсөн байна. Тэдний судалснаар Наскагийн эртний оршин суугчид 14 хоногийн дотор ан амьтан, хүнийг дүрсэлсэн дүрсийг ядах юмгүй зурж чаддаг байсан аж. Энэ нь эртний бусад хүмүүсийн бүтээлтэй агаар нэг бөгөөд тэднээс ялгагдаж дутах зүйлгүй байсан гэнэ. Тиймээс учрыг нь олж хужрыг нь тунгааж чадаагүй зүйлээ юм л бол харь гарагийнхантай холбож тайлбарлах оролдлого Наскагийн энэхүү эрхэм шүтээний хувьд хаалттай болох нь тэр ээ.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×