Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Вольф Мессинг

    SS2321803.jpg.315709ac5791e7db1259026fce011be1.jpg

    Вольф Мессинг

    Тэрбээр бүр 1937 онд фашизм хэзээ ялагдаж, Гитлер хэрхэн амиа хорлох он сарыг яг таг хэлж байлаа. Мөн Таганскийн шоронгоос ямар ч нэвтрэх бичиггүй хэрнээ саадгүй гарч, Төв банкнаас хов хоосон цаас үзүүлээд л 100 мянган рубль авч байсан нэгэн юм. Вольф Мессинг өнгөрсөн зууны эхэн үед төрж, аугаа их “дарангуйлагчдын эринийг” туулаад атом, сансрын зуунд бас амьдарч байсан хүн билээ. Вольф нь дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд түүнийг өдөөгсдийн дотор байж, хоёрдугаар дайн эхлэхэд анх гал дүрэлзсэн газар нь амьдарч байлаа. Харин ялалтын баярыг нь ялалт байгуулсан орны нутагт угтсан. Тэр дэлхийн бараг бух орны нийслэлээр ёслол төгөлдөр аялсныхаа дараа төрөлх Варшавдаа ирлээ. Мөн энэхүү агуу их үзмэрчтэй уулзахыг ерөнхийлөгч, банкны эзэн, алан хядагчид, галзуучууд, мянга мянган энгийн иргэд эцсийн найдлага болгон хүсдэг байсан.

    Аймшигт хэмээн нэрлэж болох 1937 он гараад байв. Германы цэргийн машин улам эрч хүчтэй эргэх болж, Рейныг эзлэн, Австри, Чехословакийг эрхэндээ оруулах аюул нөмөрч эхэллээ. Харин энэ үед ЗХУ д өөрсдийгөө хядах цуст махны машин мөн л хүчээ аван эргэж байсан юм. Тэд зайлшгүй дайны босгон дээр армийнхаа шилдэг дарга нарыг устгаж, Сталины элч, худалдааны төлөөлөгч Канделаки Берлинд Гитлерийн сайд Шахттай нууц хэлэлцээр хийж байлаа. Энэ үед хоёр дарангуйлагч Европыг хэрхэн хувааж авах талаар эхнийхээ тохиролцоог хийж байсан юм.

    Тэр зун Варшавынхны сэтгэлд ямар бодол эргэлдэж ассаныг таахад тун амархан байв. Нэгэнтээ төв театрыг нь хүмүүс пиг дүүртэл суун “Дайн гарах уу? Тэр Польшийн хувь заяаг хэлэх болов уу? Гитлер хаашаа довтлох бол? Сталин ямар арга хэмжээ авах вэ?” гэсэн асуултад хариу хүсч, олон арван хүн гудамжинд зогсон хүлээж байлаа.

    Энэ өдөр Мессинг танхимыг тун онцгой мэдэрч байлаа. Тэрбээр бусдын бодлыг таах юм уу, эсвэл хэн нэгний нуусан тамхины хайрцгийг олох зэрэг үзүүлбэр заншил мэт болсон өнөөдөр хэнд ч таалагдахгүй гэдгийг мэдрэв.

    Тэр хүмүүст ойртон ирж байгаа гай гамшгийн талаар хэзээ ч ярьдаггүй нэгэн. Гэвч зааланд суух хүмүүсийг хараад л түүнээс юу хүсч байгааг шууд мэдрээд эхэлдэг ажээ.

    Тэд үлдсэн жаахан ч гэсэн хугацааг амар тайван амьдраг хэмээн бодохдоо гал дөлөнд автсан хот тосгодыг хардаг ч хэлдэггүй байв. Мөн дайн гарцаагүй гарна гэдгийг сайн мэддэг байсан юм.

    “Польш германчуудад эзлэгдэнэ. Гэхдээ үүнийхээ дараа Гитлер яах нь тодорхойгүй байна. Тэр дорно уу, эсвэл өрнө зүг рүү дайтах уу гэдгээ шийдээгүй байна. Хэрвээ Гитлер ЗХУ д довтлох юм бол Герман бут цохигдоно” хэмээгээд духаараа нэг бурзайх хөлсийг арчсанаа, “1945 он бол Гитлер болон түүний дэглэм устах жил байна” хэмээн бараг нэг амьсгаагаар хэллээ.

    Маргааш нь түүний ийнхүү таамаглан хэлснийг Польшийн бараг бүх сонин нийтэлсэн байв. үүнийг нь гадаадын хэвлэлүүд тун ч овжноор шүүрэн авч дамжуулан нийтэлсэн бөгөөд гагцхүү Зөвлөлтийн сонин, сэтгүүлүүд л ганц ч үг дуугарсангүй.

    Ингэх шалтгаан Зөвлөлтийнхөнд байсан. Нэгдүгээрт аливаа илбэ, зурхай, үзмэр зурлагад итгэх ёсгүй байв. Хоёрдугаарт Рейхын удирдагчийн талаар тун илэн далангүй дуугарсан байсан тул энэ удаа дуугүй суусан нь дээр гэж үзжээ. Тэр үед Геббельс, Герингийг яаж л бол яаж шоглон зурж болдог байсан бөгөөд харин Гитлерийг огт оролддоггүй байсан билээ. Ерөнхийдөө Литвинов өрнөдийн ардчилалтай хамтын аюулгүй байдлын талаар ярилцаж байсан тэр үед Дотоод явдлын яамны ардын комиссариатын газрынхан гестапотай тун муугүй харьцаа тогтоосон юм.

    Харин энэ завсар уг сонинуудын хайчилбарууд тэртэй тэргүй нэлээд зузаан болоод байсан Мессингийн хавтас хэрэгт бөөнөөрөө үдэгдэж Рейнхард Гейдрихийн аюулаас хамгаалах албаны архивт ороод байв.

    300px-Jozef_Pilsudski1.jpg.4050bd36cefcb95196be55b58d9b31e4.jpg

    Юзеф Пильсудский


    Мессинг энэхүү шуугиан тарьсан зөгнөлөө хэлэхээс нэлээд хэдэн жилийн өмнө “Польш үндэстнүүдийн эцэг” гэгддэг байсан Юзеф Пильсудскийтэй хоёр ч удаа уулзаж байжээ. Тэрбээр анх 1924 онд дээдсийн хүрээнийхний нэгэн хүлээн авалт дээр уригдан очихдоо анх Пильсудскийтэй нүүр учирсан бөгөөд нуусан тамхины хайрцаг зэргииг олж алга ташилтаар шагнуулахын хамт тун ойртон танилцсан байна. Хожим Пильсудский түүнийг албан өрөөндөө хүлээн аваад тун хэвийн гэмээр хүсэлт тавьсан агаад энэ талаар Мессинг дурсах тун дургүй. Хожим Зөвлөлтийн ногоон малгайтнууд түүнд Пильсудский ямар хүсэлт тавьж байсан талаар эрүүдэн асууж байжээ.

    Ингэхэд хүний оюундаа бодсоныг тааж, урьдчилан мэддэг зөнчид түүнд хэзээ бий болов оо гэсэн асуулт зүй ёсоор тавигддаг юм. Тэрбээр өөрийнхөө энэхүү үзэж хардаг чадварыг бүр дэлхийн нэгдүгээр дайны өмнөхөн мэдсэн аж. Варшавын дэргэдэх Гора Калевария хэмээх еврейн суурингаас гаралтай хувцас муу, өлсгөлөн жаал аз жаргал гэгчийг энэхүү уудам хорвоогоос олж үзэхээр алсын аянд гарчээ. Ингээд эхний таарсан буудал дээрээс нэгэн вагонд суун таг унтаад сэртэл кайзер Вильгельмийн цуст дайнд бэлтгэж асан Герман орохоор явж байжээ. Познань орохын өмнөхөн тасалбар шалгалаа. Мессинг галт тэрэгний лангуурхуу юмны ард нуугдан сууж байтал шалгагч дөхөж ирээд тасалбараа шалгуулахыг тушаав. Айж сандарсан тэрбээр шалан дээр сандлын хажууд хэвтэж байсан сонины тасархайг шүүрч аван түүний зүг сарвайж, аман дотроо энэ цаас тасалбар болон түүнд харагдаасай хэмээн залбирч суужээ. Гэтэл уг цаасыг авсан шалгагч хэсэг тойруулж харснаа цоолдог багажиндаа хийн дарснаа, “чи тасалбартай байж юунд лангууны ард нуугдсан юм бэ. Тэнд суудал байна шүү дээ. Одоо хоёрхон цаг давхиад Берлин орно” гэсэн үг сонсох нь тэр.

    Бяцхан Вольф ийнхүү сая л Герман руу явж байгааг мэдлээ. Энд ирээд өлсөж, ядрахын туйлыг үзэж, нэгэнтээ ухаан алдан унаад эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд харин азаар ирээдүйд түүний онцгой чадварыг нээсэн сэтгэл судлаач, профессор Абелийн гар дээр очсон байна. Түүний ийнхүү аливаа зүйлийг гайхалтай таах чанарыг концерт дэглээч Цельмейстер, Вангерпардены варьете, Бушийн циркт үзүүлэн нөгөө муу ядуу Мессинг мөнгөтэй, нэртэй төртэй нэгэн боллоо.

    Ийнхүү алдар хүндийн шатаар цааш авирах ажилд нь дайн саад болсон юм. Тэр үед Мессинг дөнгөж 15 нас хүрээд байлаа. Тэрбээр хожим дэлхийн шинжлэх ухааны сорууд болох Альберт Эйнштейн, Зигмунд Фрейд нартай уулзаж, бараг бүх тивээр аялан тоглолт хийсэн юм. Гэхдээ эдгээрээс хамгийн онцолмоор уулзалт нь Гитлерийн үзмэрч асан Эрик Ян Ганнусентэй танилцсан явдал байв. Тэрбээр эхлээд зориуд бэлтгэсэн хүн дээр ажиллан алга ташилтаар биеэ халаасныхаа дараа ховсдох үзүүлбэрээ жинхэнээр хийдэг байжээ. Харин Мессинг хожим түүнийг Гитлерийн үзмэрч болно гэдгийг мэдэж байсан эсэхийг таахын арга өнөөдөр үгүй билээ.

    Польш нууц гэрээний дагуу германчуудад эзлэгдлээ. Мессинг нэгэн махны худалдагчийн байрны хонгилд нуугдав. СД ийн нууц туршуулууд түүнийг газар сайгүй хайн барьж өгсөн хүнийг 200 мянган рейхсмаркаар шагнана гэсэн зар тараалаа. Мөн түүний төрөл төрөгсдийг баривчлан авч аль эрт Майданекийн бөөнөөр хорих лагерь руу илгээсэн байв.

    Мессинг нэгэнтээ цэвэр агаар амьсгалахаар гадагшаа гартал тас хар дүрэмт хувцас бүхий офицертэй улаан халз тулгарч орхижээ. Чи юу хийдэг хүн байна хэмээн түүний урт үснээс татан асуулаа Зураач хэмээн Мессинг хэлтэл офицер, “Чи битгий худлаа яриад бай” хэмээн заналтайхан өгүүлэх зуураа энгэрийнхээ халааснаас дөрөв нугалсан цаас гарган дэлгэж харснаа, Чи нөгөө фюрерийн үхэх өдрийг хэлсэн новш мөн шив дээ гээд улаан нүүр рүү нь ганц цохин унагажээ. Мессинг ч булга үсэрсэн шүднүүдээ цустай шүлсний хамт гадагш нь нулимлаа.

    Мессингийг цагдаагийн хэсэг дээр аваачин нэг өрөөнд оруулаад түгжиж орхив. Вольф бүх л ухаан санаагаа төвлөрүүлэн ховсдоод харуулуудыг өөр дээрээ ээлж дараалуулан авчирлаа. Ингээд тэднийг өөрийн мэдэлгүй тонгойх үед нь аажимхан босоод хаалгыг нь онгойлгон гарчээ.

    Түүнийг хэсэг хүн хил давуулж өгөв. өөрөөр хэлбэл, нэг муу завирхуу юмаар Буг голыг гатлуулсан юм. Харин аравдугаар сарын тэрхүү жихүүн өдөр фашизмаас зугатаасан мянга мянган дүрвэгч ах дүү Зөвлөлтийн улаан туган доор орсноор авралынхаа одтой золгож байна уу, үгүй юу гэдгийг Вольф мэдсэн болов уу гэсэн асуулт зүй ёсоор гардаг.

    Ногоон малгайтнууд түүнийг тун ч ширүүн байцаалаа. Тэрбээр хүний “Бодлыг таадаг” мэргэжилтэй хэмээн үнэнээ хэлэв. Энэ үгийг сонсоод уурлах нэгэн ч байх, инээх нэгэн ч тааралдах. Гэвч бүгд л, “За тэгвэл би юу бодож байна” хэмээн асууна. Ингээд яг таг хариулт авсныхаа дараа тавлаж зогссон хүний уруул дээрээс инээмсэглэл нь хоромхон зуур арилж, уурлаж байсан нэгний царайд айдас хүйдэс тодорч байв. Түүнийг маш хурдан буцааж түгжээд л дарга нартаа илтгэхээр харайлдана. Ингээд л түүнийг дэслэгчээс хурандаагаа хүртэл дамжуулан шалгах агаад Мессинг хэмээх эрийг хэн нь ч анзаарахгүй байлаа. Харин түүний ер бусын яриаг сонсоод Германы тагнуул гэдэгт улам бүр итгэсээр байв. Гэвч Германтай холбоотон хэвээр байсан болохоор богино хугацаанд цааш нь харуулчихсангүй. Мөн энэ завсар өөрийнхөө гайхамшигт чадварыг үзүүлсээр эцэстээ Беларусын Коммунист Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Пономаренкотой уулзжээ.

    Пономаренкогийн дэргэд ДЯЯ ны ардын комиссар дуугүйхэн байв. Энэ хүн намайг буудах гээд байгаа юм хэмээн Пономаренкогийн буу дув дуугүй сууж байсан комиссар луу Мессинг заагаад, харин та төв Хорооны хамгийн том дарга болох хүсэлтэй юм байна гэлээ. Энэ тухай илтгэл хоромхон зуур Москвад хүрч янз бүрийн зүйл урьдчилан тааж, хэлэлгүйгээр даруухан хөтөлбөр гарган нийтийн өмнө энэхүү авьяасаа үзүүлж байхыг зөвшөөрөв. Тэрбээр ийнхүү Булгаковын нэгэн нэрт романд гардгийн адил эцэст нь бүх зүйлээ нийтэд тодорхой болгодог “Ид шидийн” үзүүлбэр хийх зөвшөөрөлтэй болжээ.

    Мессингийг нэгэнтээ Гомельд аялан тоглолт хийж байтал цэнхэр малгай бүхий хоёр цэргийн хүн шууд л гудамжнаас баривчилж үл таних газар аваачлаа. Түүнийг зуслангийн болов уу гэмээр байранд аваачин нэг өрөөнд түр суулгатал гаднаас гэнэт Сталин ороод иржээ.

    Мессинг түүнийг шууд таньж айж, балмагдсандаа өөрийн эрхгүй босоод зогсчихсон байв. Сталины араас Калинин үл ялиг хазганан алхсаар орж ирлээ. Мессинг их удирдагчийн өмнөөс арай чүү “сайн байна уу?” хэмээн дуугарав. Мөн би таныг гар дээрээ өргөж явсан гэлээ.

    Юун гар дээрээ өргөх хэмээн Сталиныг асуувал: Майн баяраар барьж явсан гэхэд хажуунаас нь Калинин, Зургийг тань, зургийг тань хэмээн” Бүх холбоотын ахмад” Калинин нуг нуг инээн хэллээ.

    Аугаа их Сталин Польшийн талаар тун их сонирхон асууж байв. Тэрбээр аль эрт талийгаач болсон Пильсудский, Лондон дахь Засгийн газартай нь холбоо бүхий лидерүүдийн талаар асуув. Ингээд бүтэн хоёр цаг ярилцсаныхаа дараа “Мессинг, та ч тун их зантай нөхөр юм даа” хэмээн Иосиф Виссарионович хэллээ.

    c5e41b93cef5.jpg.b295cb4c645fd6f2e25a7334d2cc2bdf.jpg

    Михаил Калинин

    Хэрвээ яг цаг тухайд нь Калинин тун овжин загнаж тэр хоёрын бие биенээ сонжсон яриаг зогсоогоогүй бол агуу их үзмэрчийн хувь заяа хаашаа эргэх байсныг таахын аргагүй нөхцөл бүрдэх шахсан гэлцэх нь бий. Учир нь үзмэрч маань, “Би зальтай бус харин та л айхтар хүн байна” гэж шууд хэлсэн ажээ.

    Гэхдээ үүний дараа Сталин маягийн шалгалт Мессинг дээр шил Шилээ даран буув. Эхлээд цав цагаан хуудас цаасаар Улсын банкнаас 100 мянган рубль авахыг тушаалаа. Дараа нь төмөр замын галт тэргэнд тасалбар шалгагчид мөн л цагаан цаас үзүүлэхийг хүсч, түүний тушаалыг биелүүлснээр жирийн нэг тасалбар шалгаж явсан бүсгүй ухаан алдаж унасан хэрэг гарсан юм.

    Дараа нь Бериягийн шалгалт эхлэв. Мессингийн ховсдох чадварыг шалгахаар Бутырийн шорон руу илгээн хорьж, харин тэндээс олон арван харуул манааг нь ямар ч бичиг баримтгүйгээр даван түүний өрөөнд орж ирэх ёстой байжээ. Энэ сорилтын талаар Мессинг ярих тун дургүй байдаг. Харин нэг харуулаас нөгөө харуул хүртэл Бериягийн дүрд орохыг өөрийнхөө сэтгэхүйд асар их хүчээр тушаадаг байсан тухайгаа ярьжээ.

    Ямартай ч тэр үед Мессингийг харсан харуулууд тов хийтэл ёслоод л өнгөрч байсан тухай дурсацгаадаг билээ. Тэр өөрийн амьдралдаа үлгэр домгийн баатар ч бүтээж чадаагүй үйлсийг гүйцэтгэж байсан нэгэн. Мөн Гестапогийн шоронгоос гарахад л асар их хүч, энерги зарцуулсан тухайгаа амьдралынхаа сүүлчийн мөчид дурссан нь бий.

    Улс орны удирдагчидтай уулзаж учирч байсан талаар тэр дурсах дургүй. Харин дайн бараг шувтарч байх үед түүнийг Сталин дуудаж, Гитлер хаана байгааг асуусан тухай баримт бий. үзмэрч тэр үед Гитлер амь үрэгджээ хэмээн тун ч итгэлтэйгээр хэлсэн гэдэг.

    1945 оны тавдугаар сарын эхний долоо хоногийн сүүлээр Мессингд гэнэт Засгийн газрын хаяг бүхий цахилгаан утас иржээ. Тэнд дайн дуусах хугацааг тун нарийн тааж хэлсэнд генералиссимус талархал илэрхийлсэн байв. Ингэхэд дайн дуусах он сарыг Мессинг тэртээ 1937 онд Варшавт байхдаа хэлсэн билээ.

    266166_html_467b192c.jpg.2f7731785ed2b0e071122fa4ebc8630d.jpg

    Григорий Федорович Пономаренко

    Мессингийн төрсөн өдрийн баярт Төв Хорооны гишүүн болчихоод байсан Пономаренко уригдан иржээ. Зочид түүнээс хэзээ, хаана, ямар тохиолоор Мессингтэй танилцсаныг асуув. Мессингч Пономаренко гуай өөрөө ярьсан нь дээр гэлээ.

    43eecc27e230f1741225047bdcb601bc.jpg.338655ffa074df29b889348f9c1c94c4.jpg

    Илья Эренбург

    Пономаренког яриагаа дуусгасны дараа Эренбург түүнд дөхөж очин, “Яг тийм юм болсон хэрэг үү” хэмээн асуухад тэрбээр толгой дохин хундагаа өргөснөө гэнэт нэгийг санав бололтой тэргүүнээ сэгсрэнгээ нэлээд сандарсан маягтайгаар, “түүнийг буудаж хороох бодол хэнд ч байгаагүй нь мэдээж юм. үүнийг та нар сайн ойлгож байгаа биз… За, за ингээд түүнд урт удаан наслахыг ерөөе” гэлээ. Танхимд ирсэн зочид нирхийн нэгэн зэрэг ер бусын удаанаар инээн, бүгд барьсан хундагатайгаа ёроолыг нь гартал хөнтөрцгөөлөө.

    Энэ үед Кремльд Сталины шарилыг занданшуулах ажил ид дундаа орж байв.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×