Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Вольф Мессинг – Ховс гэж юу вэ?

    Эртний Мисир орны тайлгач нар шүтлэгийн үйлдэлдээ ховс хэрэглэж байсан нь олдвор папирусаас нь мэдэгддэг. Тэр цагаас эхлээд л бүр ХIX зууныг хүртэл ховсыг янз бүрийн шашны зүтгэлтнүүд л хэрэглэж байжээ. Ховсонд ямар нэгэн үл ойлгогдох, далд нууц юм байгаад байж. Тэгээд түүнийг овсгоотой хэрэглэснээр далдын хүчинд шүтэх нь улам батждаг байж. Ховс нь тун олон хэлбэртэй. Бөө онгодоо дуудаж цамнах нь нэг төрлийн өөртөө ховс хийх үйлдэл юм. Удган зайран нар онгодоо дуудсан хойно “шившиж эдгээх” нь энэхүү ховсын үр дүн юм. XVIII зууны сүүлийн хагаст аж төрж байсан нэрт Месмерийн өнөөх цуут “соронзонт” флюид цацруулах гэгч мөн л ховс. Ховсддог хүний нөлөө, тэр ч байтугай тийм хүний гар хүрсэн эд хүртэл эдгэрүүлэх нөлөө үзүүлдэг.

    inx960x640.jpg.a593d06b747473ba091abeb06b2e144c.jpg

    Вольф мессинг

    Өнөөх Месмерийн өөрийнх нь заавраар бүтээсэн “соронзонт хуурцаг” хэмээгч металл саваатай бөмбөр шиг юм Лион хотын музейд одоо хадгалагдаж байгаа билээ. Өвчтөнгүүд энэ саваанаас нь өөр саваагаар хүрч өөрийнхөө илүүдэл “Илүүдэл амин флюид” гээчийг тэдэнд дамжуулдаг юмсанж. Зарим өвчтөн Месмерийн эзгүйд ч хуурцгийн саваанд хүрээд эдгэрдэг байж.
    Бас л ховс.
    Гүн сүсэгтэн хүн “Бурхан минь намайгаа өршөө” гэх мэтийн маанийн үгийг давтан уншсаар байгаад өөрөө ховсонд автдаг. Үүнийг хэдэн зуу, хэдэн мянган удаа уншаад ирэхээрээ аяндаа гипнозод автдаг байна. Үүндээр нь басхүү бурхан тахилынхаа өмнө өдий төдий мөргөж залбирах үйл нэмэр өгдөг. Орчин үеийн шинжлэх ухаан ховсыг гурван үед хуваадаг.

    Эхний шат: Нойрмог байдал:

    Энэ шатнаа байгаа хүн тухалж тайвшрахыг хичээх, бүх бие нь хүндрэн улбайх, зовхио даахгүй байгаа мэт болно. Чухамхүү энэ үед л сүм хийдийн уншлага мөргөлийн жигд хэмнэлт үйлдэл нь сүсэгтэн мөргөлчдөд нөлөө үзүүлдэг.
    Би сүм дуганд орж мөргөлчдийг ажиж явахдаа энд тэнд чулуун дээр цөмцийж суугаад, эсвэл багана, сахиусанд мөргөн духаараа наалдаад, хэдэн цаг, мөчөөр хөшиж, биеийн эвгүй байрлалд эцэж ядрах юмгүй байсаар байгааг нь үзээд эдгээр хүмүүс лавтайяа

    Ховсын хоёрдугаар шатанд: (гипотакси) орсон байна даа гэж санадаг юм. Энэ шатанд орсон хүний бие зуурмагаар бүтсэн юм шиг болж ямар хэлбэрт оруулж хөшөөнө тэр хэвээрээ тогтдог юм. Ердийн цагт бол байхын аргагүй гажууд байрлалд мөч биеийг оруулж орхиход элдэв зүдэргээгүй байсаар байдаг юм.

    Ховсын гуравдахь шат нь сомнамбулизм.
    Энэ шатанд орсон хүн бол засалчийн дуунаас өөр юм мэдрэхээ больж гадаад орчноос гүйцэд салж тусгаарлагддаг. Ховсдсон үед тухайн хүний бие сэтгэлийг үгээр захирах хүчирхэг хэрэгсэл засалч буюу ховсдогчийн гарт орж ирдэг. Уул хүн өөрөө хэзээ ч бараг тийм боломж чадахааргүй тийм ноцтой захирах хүчийг ховсдогчийн үг хэл бий болгоно. Асаасан янжуураар гарыг нь хайрч байхад халахгүй болгож чаддаг хүн олон уу? Польшийн циркт ийм үзүүлбэр хийж байхыг би маш олон харсан. Эсвэл ердийн савааны үзүүр хүргэчихээд таныг халуун төмрөөр хайрчихлаа гээд үз. Ховсдуулсан үед нь ингэж хэлээд хүйтэн төмрөөр хайрахад гар дээр нь түлэгдэлт үүсдэг билээ. Ховсдуулсан архичинд архи жигшүүлэх захирамж өгч байх аж. Энэ үед нь түүний ходоодыг рентген багажаар би харсан. Тэгэхэд ходоодонд нь юу ч үгүй байхад дотроо байгаа хорт шингэнийг гаргаж хаях гэсэн мэтээр ямар ч эргэлзээгүйгээр агшиж бөөлжүүлж байлаа. Гэтэл жирийн үед өөрсдөө ингээд ходоодоо агшаах гээд үз дээ.

    Ховсдуулсан хүнд
    Таны өмнө хөлдүү мөстэй зайрмагтсан ус тавиастай байна. Гараа дүрээрэй.
    Гар чинь тэсэхийн аргагүй даарах болно…
    Хэдийгээр ус нь нэмэх 45 хэмийн халуун ус байсан ч гар нь бүрзийж дааран, цусны судаснууд нь агшиж ирдэг. Үүнийг элдэв багажийн заалтууд эргэлзээгүй нотолж үзүүлдэг… Ингэж гарынхаа судсыг агшаах захирамж өгөөд үз дээ. Эсвэл тэлэх гээд үз… Ховсдуулсан хүмүүс тун олонхдоо алсаас мэдрэх чадвар нь эрс сайжирдаг.
    Ховсдуулсан хүний тархинд нь гипнозч засалчийн тархинаас шууд холбоо тогтдог. Ийм туршилтыг янз бүрийн орны ховсдогчид янз бүрийн үед нэг бус удаа хийж байсан. Чухамдаа энэ үзэгдлээс л телепат далдыг мэдэх гэгчийг анх удаа мэдэрсэн хэрэг. Гипнозын үзэгдлийг ерөнхийд нь тайлбарласан гэж үздэг. Үүнийг хүний тархины бөмбөлгийн гадаргууг их бага хэмжээгээр сааталд оруулахад хэргийн учир оршино гэж тайлбарладаг билээ. Тархины гадаргууг хэсэгчлэн буюу эсвэл бүхэлд нь ердийн ба зохиомол байдлаар сааталд оруулж болдог байна. Зарим хүн хэт айж цочиж хэлгүй болчихдог.Ингэсэн хүн ганц үг хэлж чадахаа больдог. Хэдийгээр өөрөө одоо айх зовох юм ер байхгүй гэж мэдээд байгаа хэрнээ хэл ам нь өөрт захирагдахгүй мэдээгүй болчихоод үг хэлж чаддаггүй. Тархины чухамхүү үг хэлийг захиран удирдах тэр хэсэгт л саатал үүссэн байна. Үүнийг өөр нэгэн цочроолтоор л үгүй болгож болно. Ийм хүчирхэг цочроолтыг ховсдогч л өгч чадна. Үүнийг ашиглан хүнийг эмчлэх, эдгэрүүлэх ажлыг олон улс оронд хийдэг юм.
    Гэхдээ ховс нь бас л бага судлагдсан байгаа юм. Ховсний олон төрөл хэлбэрийг зөвхөн тархины гадаргуугын саатлын нөлөө гэдэг энгийн тайлбараар аргацааж болохгүй. Миний авьяас чадвар анх ховсдох чадвараа олж нээснээс эхтэй… Хамгийн анх жаахан хүүхэд байхдаа Берлин орох хурдан галт тэрэгний тасалбар шалгагчийг хэрхсэнээ дурссаныг санаж байгаа биздээ.
    Энэ тухайд телепат үзэгдэл, далдыг мэдэх гэгч огт байхгүй шүү дээ. Энэ бол ховс, захирамж итгүүлэг юм. Би тасалбаргүй байсан болохоор цаасны тасархайг тасалбар шалгагчид суудлын галт тэрэгний тасалбар мөн гээд итгүүлчихсэн хэрэг.
    Бас нэг удаа маш чандлан харгалздаг албаны өрөөнд нэвтрэх үнэмлэхгүйгээр орсон гэж дурссан даа. Иймэрхүү юм бас нэг удаа болсон юм. Нэг их том албаны хүнтэй уулзаж ярилцах учрал тохиолдсон юм. Ярилцаж дууссаны дараа өнөөх хүн ер нь шогчлоод хэлчихсэн болов уу… ингэлээ л дээ:
    Эрхэм Мессинг гуай Та эндээс гарч чадах уу?
    Би танд нэвтрэх үнэмлэхийг чинь эргүүлж өгөхгүй байя л даа гэхэд миний хорхой хөдлөөд ирлээ.
    Энэ цаасны өөдөсгүйгээр үү? Та дурсгал болгож ав л даа. гэхэд өнөөх хүн
    Тэгвэл байзаарай. Би харуулд урьдчилан анхааруулж тушаал өгөөдхөе. Та дургүйцэхгүй биз дээ?
    Хичнээн бол төчнөөн тушаагтун гэж би хэллээ.
    Өнөөх хүн харуулын албаны дарга луу залгаж Мессингийг миний гарын үсэг, нэвтрэх бичиггүйгээр гаргаж болохгүй гэж тушаав. Бас миний араас нарийн бичгийн дарга бүсгүйгээ дагалдуулан харгалзуулж, аливаа үйлдэл хийхэд саад бололгүйгээр арван алхмын хойно дагалдаж явах тушаал өглөө. Хоёр минутын дараа гадаа гарчихаад саяын яриа болж байсан гурван давхрын өрөөний цонх өөд хартал, өнөөх албаны хүнийхээ ажиглаж байгааг мэдэнгүүт гараараа дохиж билээ. Өнөөх хүн гуай түс хийтэл хөхрөх шиг санагдаж билээ.
    Бас улсын банкнаас мөнгө авсан гэдгийг санаж байна уу?
    Энд өгүүлсэн жишээнүүд нь ховсын нөлөөгөөр аливаа төгс журамт хүн элдэв муу муухай xэрэг хийж чаддаггүй, өөрийнхөө ёс суртахуун, мөс, хүнлэг сэтгэлд харш үйлдэл хийдэггүй гэдэг баримтлалыг нэг их эргэлзээтэй болгоод байхгүй биз ээ. Ховсдуулсан хүнд буу цэнэглэж өгөөд /мэдээжээр сумгүй буу/ гудамжаар яваа хүнийг бууд гэж захирамж өгөхөд чадахгүй байсан гэж хаанаас ч билээ уншсан л юм байна.Тэгвэл ховсдуулсан хүнд гудамжинд яваа хүн биш, харин цэнгээнт тоглоомын газар буй хөдөлгөөнт бай буудаж байна гэсэн захирамж өгч болно шүү дээ…
    Мэдээжээр би тэрхүү тасалбар шалгагчид ерөөсөө тасалбаргүй хүнийг суулгаад явах, өөрөөр хэлбэл ажил мэргэжлийнх нь зарчмын эсрэг захирамж өгч чадахгүй байж таараа.
    Харин энэ цаасны тасархай бол миний тасалбар мөн гэж захирамж өгч болдог юм байна.
    Ийм захирамж бол мэргэжлийнх нь үүрэгтэй зөрчилдөхгүй юм л даа. Яг л үүн шиг тэрхүү албан газрын харуулд би захирамж өгөөд гадны хүнийг тухайлбал Мессингийг нэвтрэх бичиггүйгээр оруулах, гаргах болгож үүргээ зөрчих болгож чадахгүй л дээ. Харин би тэдэнд дөт дөхөм, өдөр бүр орж гарч байдаг нэг том дарга нь болж болно оо доо. Тэд нар даргаа юу гэж л шалгаагаад нэвтрэх бичиг энэ тэр гээд байх аж. Үндсэн үүрэг нь тэрнийг л чөлөөтэй оруулж гаргаж байх явдал байж таараа. Харамсалтай нь ховсдох чадвартай хүн болгон ёс суртахууны хувьд зарчимч байдаг биш ээ. Европын нэгэн оронд тухайн үедээ нэлээд шуугиан болж байсан нэгэн түүхийг дурдья л даа. Энэ бол нэлээдгүй гарч байдаг банк дээрэмдэх ажил л даа. Банкний төмөр авдар байдаг өрөө нь газар доор байрладаг байж. Түүнд нэвтрэх цорын ганц үүд нь харуулын байран дундуур дамждаг юм гэнэ. Энд нь өнжин хонон харуул сахиастай байдаг гэнэ. Харуулд гараагүй хамгаалагчид нь тэрхэн зууртаа амарцгааж байдаг юм байж. Нэг орой банк хаасны дараа мөнгөний нярав нар авдраа лацдаж жин тан болгоод л тарцгааж. Ингэж хааснаас хойш энд нэвтэрсэн цорын ганц хүн нь шал зүлгэдэг, давжаа өвгөн байж. Өвгөн эхлээд харуулын байрыг, дараа нь мөнгөний авдрын өрөөг зүлгэж дуусчихаад заншсанаараа өөрийн зүлгүүрийн тосны хайрцган дээрээ суучихаад тамхиа уугиулж байгаад л яваад өгч. Өглөө нь мөнгөний авдрууд задгай хоосон байх нь тэр. Шал зүлгэдэг өвгөнийг хардах санаа ер төрсөнгүй.
    Гагцхүү мань өвгөн нууцаар хил давах гэж байгаад баригдаж. Харин тэр өөрөө дээрэмчин биш шүү. Зөвхөн л уул хэргээс хоёр хоногийн өмнө өвгөн дээр нэг залуу ирж ихээхэн мөнгө амлаад, та сэмхэн хил давбал өгнө гэжээ. Өвгөн тэгье гэж. Тэгээд хоёр хоног дараалан тэр мөнгөний авдар байгаа өрөөний шалыг зүлгэсэн юмсанж. Тэгээд эхний өдөр нь орчноо судлах, байдлыг тандах ажил хийж байгаад өнөөх олон хамгаалагчдын дунд л байгаад байж. Хажуугаар нь ч харуулынхан ч байж, тэгсэн хэрнээ л явуулаад байж. Хожим магадлахад тэр хүн өвгөнтэй огт төсгүй байсан боловч цөмөөрөө л өвгөнийг байна гэж санацгаагаад байж л дээ.
    Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
    Үүнийг би дээр өгүүлсэн түргэн зуурын захирамж өгөх аргаар л тайлбарлах гэж байна. Муу сэтгэлтэн, гэмт хэрэгтэн боловч ховсыг өөрийн зорилгодоо ашиглаж болж байна биш үү?
    Тэр этгээд мөнгөтэй төмөр авдар руу гадны хүн оруулж болно гэж харуулд итгүүлэн үнэмшүүлж чадахгүй. Энэ нь харуулынхны үүрэгтэй харшилна гэдэгт би дахин бас итгэж билээ. Харин та нарын өмнө танайхны ямагт харж л байдаг танил хүн, энэ өрөөнд орох эрхтэй хүн байна гэж итгүүлэхэд хялбар байгаа л даа. Тэгээд ч дээрэмчин ингэж хялбархан амжуулсан хэрэг. Бас “шүд шивших” гэгч юм байдаг даа. Энэ бол Польш, Беларусын ер нь нийт оросын тосгодод эрт цагаас, одоо ч гэсэн ер шүдний эмчгүй байснаас л үүссэн зүйл байх. Харин шүдийг эмнэхдээ шившдэг л байжээ. Домч эмгэн юм уу эр ирээд л ямар нэгэн юм шивнээд л бие нь мурилзаж элдэвлэж байгаад л байгаад шүднийх нь өвчнийг нь намдаачихна. Ингээд л гүйцээ. Үнэндээ бол шүд өвчнөө мэдрэхээ больж байгаа нь л тэр. Гайхмаар байгаа биз. Энүүнд ид шид гайхамшиг ер байхгүй. Аливаа далдын хар, цагаан хүч оролцдог юм биш. Ердөө л ховсын нэг хэлбэр. Би өөрөө ямар ч цуут домч нараас дутахгүйгээр шүд домнож, толгойн өвчин арилгаж чаддаг болохоороо энэ тухай ингэж итгэлтэйгээр хэлж байгаа юм. Тэгэхдээ харин элдэв шившлэг, шивнээ байхгүй шүү. Тийм юм хэрэггүй. Би шүд нь өвдсөн хүний өөдөөс хараад л өөрийнхөө огт эрүүл шүд, эрүү буйлаа бодоод л болдог юм. Энэ зууртаа өнөөх хүнтэй өвчин зовиурынх нь талаар ярилцана. Тэгээд л шүд нь өвдөхөө болино. Үүнийг хийхэд энэ догол мөрийг унших хугацаа л хангалттай… Мөн энэ аргаар толгойн өвчнийг анагаана. Дундад Азийн домч табиб гэгч нар могойд хатгуулсан хүнийг ингэж л эдгээдэг байх. Би өөрөө үзээгүй болохоор л байх гэж байна. Харин шүд юм уу толгойгоо өвдөхөөр надад ч юм уу домчид очих хэрэггүй. Би өвдөлтийг нь арилгаж орхиод таныг гарцаагүй эмнэлэгт очих байсныг нь болиулчихаж магадгүй. Домч бол өвдөлтийг л мэдэгдэхгүй болгодог. Эмч бол өвчнийг ул мөргүй анагаадаг. Өвдөлт гэдэг чухал зүйл шүү, биед чинь ямар нэгэн юм болохоо болиод байгааг мэдүүлдэг эд. Ховсыг би сэтгэхүйн өвчтэй хүнд хэрэглэж байснаа дурьдваас буруудахгүй биз. Үүнийг би тэртээ эрт ховсын мөн чанарын талаар юу ч мэдэхгүй, шинжлэх ухааны зөвлөмж энэ тэрийг үзээгүй байхдаа ердөө л хар зөнгөөрөө хийж байсан юм л даа.
    Дээр үед болсон явдал:
    Польшийн нэг гүнтэн өвчилж ойр дотныхондоо таагүй хачин өвчин тусаж гэнэ. Тэр гүнтэн өөрийнхөө толгойд шувуу үүрлээд, тагтаа өндөглөчихсөн гэж үглээд дийлдэхээ больж. Ерийн тагтаа л гэнэ л дээ. Солиорлын нэгэн хэлбэр… Эмчид очиж гэнэ. Гүнтэн ааш муутай, эмчлүүлэхгүй гээд зүтгэчихэж. Цаадуул нь гүнтэнг элдвээр ятгаж мэхлээд толгойд нь хагалгаа хийж, тархийг нь 2 хуваах гэж байгаа мэт санагдаад болохгүй байж гэнэ.Тэгээд надад иржээ.
    Би түүнд элдэв сөрөг юм ярьсангүй. Яалаа гэж толгой дотор шувуу үүрлэх вэ? энэ тэр гэсэнгүй. Эхлээд л үзэхээр очихдоо гурван хөлтэй гялалзсан урт дуран шиг эрэг шураг тоногтой юм авч очоод л дэргэд нь зоож толгойг нь дурандаад
    – За тийм байна даа. Гүнтэн минь одоо яана. Таны тархин дотор шувуу үүрлэчихэж. Зөндөө олон тагтаа байна. Өндөглөөд үржээд… Бүр бүхэл бүтэн сүрэг болсон байна гэлээ.
    – Би үүнд огт эргэлзэхгүй байгаа юм аа. Бүр тэгээд байгаа юм. Бүр нэг удаа үүр лүү нь муур гэтэж очоод тагтаануудыг үргээж сүйд хийсэн гээч. Цаадуул нь далавчаа дэвээд пид пад хийлгээд ер амар заяа үзүүлэхгүй байгаа гээч. Тархи дэлбэрчих гээд … гэж байна.
    – Би таны гавал доторх ер бусын зочдыг зайлуулж бүр нэгмөсөн явуулж өгч чадна аа.
    – Аштай юу. Гялайж дээ. Ачийг чинь мартахгүй.
    Бид дахин дурандаж”тагтааны тооллого” явуулж яаж хөөх аргаа боловсруулж хэлчихээд харив.
    Маргааш өглөө нь эрт гүн над руу хүн явуулж “Тагтааны өндөгнүүд хагараад ангаахай дэгдээхэй гаргачихсан шүү” гэж байна. Дахиад л дурандлаа. /Дуран маань шилгүй шүү дээ/ Ангаахай нэмэгдсэнийг нотлов. Нөгөөдөр нь гүн гуайн гавлыг тагтаанаас бүр мөсөн цэвэрлэх ажил хийхээр товлоод буцлаа. Гэрийнхэнтэй нь зөвшиж цэцэрлэгийнх нь хашаанд гурван туслахдаа амьд тагтаа бариулаад суулгачихлаа. Өвчтөнөө нүдийг нь боочихоод хөтөлж гадаа гарав. Миний дохиогоор нэг туслах маань тагтааг тавиадахлаа.
    Би гүнтний улаан нүүрэндээр нь хий буудчихаад түрүүнд нь алаад бэлдчихсэн байсан тагтаагаа өврөөсөө гаргаж гарт нь бариулав. За энэ нэг нь. Агаарт нисэнгүүт нь алаагүй бол нисэж явчихаад буцаад үүрлэчихэж магадгүй шүү. Одоо тэгнэ байхаа та нар. Буудаад алчихлаа. Дахиад 2 удаа буудав. Дараа нь буун дуунаас үргэсэн тагтаанууд аяндаа гарч зугтаагаад өнөөх ангаахай нь үхээд алуулаад дуусах нь тэр гэлээ. Тэгээд гүнгийн нүдний боолтыг нь авч тэр миний харан байтал сүглэгэр том модны ёроолд нүх ухаж хөөрхий шувуудын үхдлийг өөрийн гараар булав.
    Хэдэн жилийн хойно нь гүнг бүрэн эдгэрсэн гэж санаад нэг дотно танил нь нууцыг задалж өөрт нь ярихыг хүртэл гүнтний гавал шувуугүй цэвэр сайхан байсан билээ. Үнэн учрыг дуулангуутаа тэр гүн орь дуу тавьж толгойгоо барьж авсан гэнэ лээ. Тэр мөчөөс эхлээд гавал дотор нь тагтааны жигүүр пажигнаж байх болсон аж. Тэгээд насан өөд болтлоо тагтаатайгаа дууссан. Түүнийг дахиад тагтаанаас нь салгаж авна гэж байхгүй байхдаа гэж санадаг юм.
    Энэ жишээг юу гэх вэ?
    Энэ бол ховс. Итгүүлэг. Би ердөө л тэр хүний ухамсрын зохих түвшинд нийцүүлэн өөрийнх нь мэддэг ойлгодог тэр түвшинд чадвараа тааруулж өвчнийг нь арилгаж өгсөн. Угтаа бол хөөрхийг өвчингүй эрүүл гэж итгүүлж өгсөн юм. Тэр надад итгэсэн. Өөд болтлоо эрүүл яваад байж болох л байсан. Би бас ховсдож архи тамхи, аливаа мансуурах донгоос хүнийг хагацуулж чадна. Харин намайг дандаа үүнийг хийдэг гэж санаад над руу цувчихаж болохгүй. Эмчилгээ эрхэлдэггүй шүү дээ. Архинаас гаргах сэтгэлийн тэнхээ хүрэхгүй байгаа бол эмчид хандаарай. Цаадуулд чинь хамгийн архаг архичныг ч эдгээчих үй түмэн шалгаад туршаад үзчихсэн олон сайн эм бий… Харин тамхиа хая гэж байгаа бол зүгээр л хаячих. Тэгээд л гүйцээ. Хамаг сэтгэлээ хөвчлөөд амандаа ганц ч янжуур зуулгүй ганц жил болж ччадахгүй хүн ертөнцөд байдаг гэж би лав үнэмшихгүй. Ингэсэн хойно та дахин тамхи татсан ч ер сайхан санагдахгүй. Ердөө л тамхинд дасахгүй байвал л болоо шүү дээ. Архи тамхинаас бол би ойр дотны хүмүүстээ л тохиолдлын маягаар л гаргаж байсан хэрэг. Хүнийг архинаас гаргах захирамж өгч эмнэхдээ өөрөө бүтэн сараар спиртийн үнэр ч авч чаддаггүй юм. Тэрхүү жигшүүлэг нь эхлээд намайг бүр эзэмдчихээд зовоодог. Тэгсэн хойно нь түүнийг би нөгөө хүнд дамжуулдаг юм. Тэгээд жигшүүлэг хийх хугацаа дууссан хойно л өөрөө сая дарс амсаж болохоор болдог. Харин надаар эмчлүүлсэн он жилээр тэсдэг билээ. Энэ нь бол өөрөөс нь хамаарна шүү дээ.
    Би тамхи их татна аа. Бас хүнийг тамхинаас гаргах жигшүүлэг хийхээрээ өөрөө тамхины утаа үнэрлэнгүүт чичирч салганаад сүйл болно. Тэгснээ эмчилгээ хугацаа дуусахаар нь дахиад л өөрөө манаруулж өгнө дөө. Ховсын тухай ингээд өндөрлөе. Гэхдээ дээр өгүүлсэн ярьснаа дахин хэлмээр байна. Ховс гэдэг бол тун гайхалтай атлаа бага судлагдсан салбар юм. Гэхдээ судлахад маш гайхамшигт бололцоог нээж өгөх салбар юм. Энд би өөрт хамаагүй нэг салбарыг жишээ татсугай. Хэдэн жилийн өмнө тэр үед огт дуулаагүй байсан гипнопеди гэгч үг хэвлэл дээр тааралдах болсон билээ. Энэ нэрээр ховсын нэгэн өвөрмөц төрлийг ашиглан нойрондоо ном сурах аргыг хэлдэг болжээ. Энэ тун хялбар зүйл. Ухаандаа та англи хэлийг сурах хэрэг гарж л дээ. Ер нь бол хэл сурна гэдэг тун ярвигтай, ялангуяа томчуудад бол бүр ч төвөгтэй гэдгийг хэн хүнгүй мэдэх билээ. Хамгийн бэрх нь үг тогтоох буюу цээжлэх. Харин гипнопеди гэдэг арга нь энэ бэрх асуудлыг хөнгөлж өгдөг. Үг цээжлэх тамын ажлыг нойрон дундаа амжуулдаг болно. Хэл сурч байгаа хүнийг нойрсуулж унтаа байхад нь дуу хураагчаар цээжлэх ёстой үгийг нь намуухан хэлээд давтаад байна. Хэдэнтээ давтан хэлж өгнө. Хүн харин нам унтаад л байна. Тэр ч байтугай зүүдлэх ч үгүй. Харин өглөө нь сэрээд санахад өнөөх цээжилбэл зохих үгийг цөмийг мэддэг болчихсондоо өөрөө ч гайхдаг.
    Өнөөгийн байдлаар нэг шөнө хийх хичээлийн үгийн тоо 30 40 байх ёстой гэж нэг юмнаас уншсан боловч гипнопедийн мэргэжилтнүүд нэг шөнөдөө 300 үг цээжлэх нь ер нь боломжийн хэмжээ гэж үздэг аж. Аливаа харь хэл сурч байгаа хүнд 300 үг цээжлэнэ гэдэг том асуудал шүү дээ. тэгвэл дээрх аргаар 1 шөнө л сурч болох байна.
    Гипнопеди гэгч юу вэ?
    Бас л ховсын нэг муухан судлагдсан төрөл гэж би баттай бодож сууна…

     

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×