Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Амиа егүүтгэхийн талаарх бодит байдал болон таамаг

    Өдөр бүр манай гариг дээр хэдэн мянган хүн амьдралыг сайн дураараа орхин явдаг. Сэтгэл зүйчид тэдний энэ алхамыг депрессэд орсон гэж дүгнэж байхад хамаатан садан, найз нөхөд нь шалтгааныг нь ойр зуурын асуудлаас нь эрж, тодорхой зарим хүмүүсийг хөөрхий талийгаачийг амиа хорлоход хүргэлээ гэж буруутгадаг.

    Ямар ч байсан хүмүүс өвчин, золгүй явдлаар үхэхээсээ илүү амиа хорлож амьдралыг орхин явах нь элбэг байдаг ажээ. Бодит байдал ийм юм. Хүн анх хэзээ амиа егүүтгэсэн нь тодорхой бус боловч антропологчдын судалгаагаар хүн төрөлхтөн нэлээд эрт дээр үед амиа хорлож сурсан нь илэрсэн байна. Зарим нийгэм, омогт амиа хорлохыг «хувийн асуудал» гэж үздэг байсан бол нөгөө хэсэг нь энэ үйлдэлтэй холбогдуулан өчнөөн төчнөөн ёс заншил дүрэм журам зохиосон байхад өөр бусад нь үүнийг хатуу хориглож, оролдсон болгоныг хэрцгийгээр шийтгэдэг байжээ. Гэхдээ ямар ч хэлбэрээр хамаагүй амиа хорлох явдал аль ч соёл иргэншилд байсан юм. Эрт дээр үед амьдралын нөхцөл хүнд байлаа. Хэн нэгнийгээ золионд гаргах явдал тохиолддог байж. Өлсгөлөн нүүрлэсэн үед овог, аймгууд өвчтэй, дорой нэгнээрээ өргөл өргөчихдөг байсан гэдэг. Нөгөө хэд нь ч хэцүү үеийг мэдрээд сайн дураар амиа егүүтгэдэг байсан. Эскимосуудын хөгшчүүл л гэхэд тундр руу явж хөлдөж үхдэг байсан бол Японд дээр үед хөгшчүүл нь хүүхдүүдээсээ ууланд аваачиж хаяхыг хүсдэг байж. Вестготуудын хөгшчүүл «өвөг дээдсийн хад» гэгч хясаанд гарч, доош үсрэн амиа егүүтгэдэг байлаа. Эртний Грекэд хорвоог сайн дураар орхихыг хүссэн иргэдэд үүнийг нь зөвшөөрөх хэдхэн тохиолдол байсан гэдэг. Yхэх ял заагдсан хүн л амиа хорлох эрхтэй байсан. Эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр энэ үйлдлийг хийсэн этгээдийг Афин, Фивд гарыг нь огтолж, тусад нь оршуулдаг байжээ. Грекийн томоохон хотуудад цикут хэмээх хурдан үйлчилдэг, хүчтэй хор хадгалдаг байсан бөгөөд хуульд зааснаар, «цаашид амьдрахыг үл хүсэгч этгээд удирдагчид шалтгаанаа хэлж зөвшөөрөл авдаг» байжээ. Ромын хуульд үндэслэлтэй шалтгаангүйгээр амиа хорлогчийг ихэд буруутгаж, «өөрийгөө хайрлаагүй хүн бусдыг ч хайрлахгүй» гэж үздэг байв. Эртний Карфагенд эмэгтэй хүн амиа хорлохыг цээрлэж, үхснийх нь дараа нүцгэн биеийг нь нийтэд харуулна гэж сүрдүүлдэг байсан гэдэг. Еврейчүүд ч амиа хорлолтыг сайшааж байсангүй. Загалмайтны шашин дэлгэрснээр сүм хийд амиа хорлогчдод жинхэнэ «дайн» зарлаж, Английн ХI Эдуард хааны үед ийм үйлдэл хийгч этгээдийг дээрэмчин, хулгайчтай зүйрлэж байв. Данид амиа егүүтгэсэн этгээдийн цогцсыг хаалгаар бус цонхоор гаргаж, сүнс нь тамын галд мөнхөд шатахыг бэлгэдэн түүдэгт өргөж байжээ. Бордод амиа хорлогчийг хөлнөөс нь дүүжлэн нийтэд харуулж, Аббервильд доош нь харуулан гудамжаар чирч бусдыг жигшээдэг байсан аж. ХIII зуунд Ариун Людовикийн хаанчлалын үед хорвоог сайн дураар орхисон этгээд тайж гаралтай байсан бол түүний овгийн сүлдийг хугалж, цайзыг нь нурааж, хөрөнгийг нь улсын санд хураадаг байсан гэнэ. Энэхүү хориотой үйл хийгчийг замын уулзвар дээр оршуулж, сүнс нь тэнгэр дээр тайвшралыг эс олдог тул газарт бууж амьд хүмүүсийг айлгадаг гэж итгэдэг байсны улмаас зүрхэнд нь модон хадаас зоодог байв. Оросод ч Европоос онц ялгагдах зүйлгүй байлаа. I Петр хааны хуульд «Хэрэв хэн нэгэн этгээд өөрийгөө егүүтгэвээс бусад нь ийм замбараагүй явдал гаргахаас сэргийлэн цогцсыг нь мориноос уяж гудамжаар чирэн нийтэд үзүүлвээс зохино» хэмээн заажээ. Эрх баригчдын зүгээс ийм хатуу шийтгэл оноодог байсан энэ үед амиа хорлогчдын тоо эрс багассан нь мэдээж.

    Гэвч цагийн аяст хорвоог сайн дураар орхигчийг хуулиар шийтгэх явдал цөөрсөн юм. Анх Франц улс агуу хувьсгалынхаа үеэр энэ алхмыг хийсэн байна. Харин Америкт бүр 1881 онд Нью Йорк мужийн зөвлөл амиа хорлох гээд бүтэлгүйтсэн этгээдэд 20 жил хорих ял ногдуулдаг байжээ. Энэ асуудалд хахир, чанга англичууд л хамгийн хатуу ханддаг байлаа. Английн хуулийн дагуу, амиа хорлох гээд бүтэлгүйтвэл эхэлсэн ажлыг нь эрх баригчид нь гүйцээж өгдөг байж. Зөвхөн 1961 онд л Их Британид амиа хорлохыг эрүүгийн гэмт хэрэг гэж тооцохоо больсон юм. Харин одоо үед нөхцөл байдал ямар байгаа вэ? Тайвшрах юм огт үгүй дүр зураг үүсэж байна гэж хэлэхэд болно. Дэлхийн эрүүл мэнд хамгаалах байгууллагын гаргасан судалгаагаар, манай гариг дээр жил бүр 500 мянга орчим хүн амиа хорлодог болох нь тодорхой болжээ. Гэвч нийгэм судлаачдын үзэж буйгаар, энэ баримт бодит байдлаас 2 4 дахин зөрдөг байна. Учир нь ил тод амиа хорлосон явдал л дээрх судалгаанд багтсан ажээ. Мөн амиа егүүтгэх оролдлого дээрх тооноос 7 10 дахин их гэнэ. Гэхдээ хамгийн аймшигтай нь сүүлийн 10 жилд амиа хорлолт залуучуудын дунд гурав дахин ихэссэнд байгаа юм. өсвөр насны 20 хүүхэд тутмын нэг нь хорвоог орхихыг оролддог байна. Гол шалтгаан нь амжилтгүй сурлага, гэр бүл, үеийнхэнтэйгээ сөргөлдсөн, ирээдүйгээс айсан, ганцаардалт. Харин эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс дөрөв дахин их амиа хорлодог бол эмэгтэйчүүд тэднээс дөрөв дахин их ийм үйлдэл хийхээр оролддог ч бүтэлгүйтдэг гэнэ. Эмэгтэй хүмүүс үхснийхээ дараа ямар харагдах бол гэж илүү их боддог тул арай аятайхан үхэх арга сонгодог нь дээрх үр дүнд хүргэдэг гэж тайлбарлажээ. Цаг хугацааны хувьд амиа хорлогчид зун, хавар хорвоог орхихыг илүүд үздэг байна.

    Амиа хорлолтын шалтгааныг депресс гэж үздэг. Харин хамгийн хэцүү үе бол өглөө, өдөр хоёр. Статистикаас үзвэл, ганц бие юм уу салсан хүмүүс гэрлэсэн хүмүүсээс илүү их амиа егүүтгэдэг байна. Хорвоог орхих 83 арга байгаагаас ихэнх нь өөрийгөө боомилохыг, арай цөөн хэсэг нь хордуулахыг сонгодог ажээ. Ийм үйлдэл хийгсдийн 50 хувь нь үхэхийнхээ өмнө захидал бичдэг байна. Гайхалтай нь, амиа хорлогчдын тоо, амьдралын түвшин хоёр хоорондоо холбоогүй байдаг ажээ. Жишээлбэл, Европт хөгжсөн, чинээлгээрээ дээгүүр ордог Швед улс олон жилийн турш амиа хорлох тохиолдлоороо тэргүүн байруудад явдаг билээ. Ер нь амиа хорлохын талаар худал үнэн таамаг их байдаг.

    Жишээлбэл, нэгд, сэтгэцийн гажигтай хүмүүс амиа хорлодог гэдэг ч тэдний 80 85 хувь нь эрүүл байсныг судалгаа тогтоосон.

    Хоёрт, амиа хорлохыг зогсоох аргагүй гэж үздэг ч энэхүү хямралт үе нь түр зуурынх байдаг аж. Энэ үед л уг хүнд сэтгэлийн дэмжлэг тусламж үзүүлбэл тэрбээр санаархлаасаа татгалздаг байна.

    Гуравт, үхэхээсээ өмнө хүн энэ тухайгаа мэдэгддэг ч бусад нь тоглоом гэж ойлгодог. Yнэхээр амиа хорлогч хийх үйлдлийнхээ тухай орчин тойрныхондоо мэдэгддэг ажээ.

    Дөрөвт, амиа егүүтгэх санаа гэнэт төрдөг гэдэг ч судалгааны дүнд заримдаа энэ үйлдэлдээ хэдэн долоо хоног, сараар бэлддэг нь тодорхой болжээ.

    Тавд, бүтээгүй оролдлогыг дахин давтахгүй. Yнэндээ нэг бодсон бол дахиж хийх магадлал, ялангуяа эхний хоёр сар өндөр байдаг.

    Зургаад, хэвлэл мэдээллээр хэн яагаад амиа хорлосныг бичдэг нь ийм тохиолдол багасахад нөлөөлдөг. Гэвч энэ худлаа, хүн бүрт өөрийнх нь асуудал илүү хэцүү санагддаг.

    Долоод, ачаалал ихтэй бол амиа егүүтгэдэггүй гэдэг ч худал.

    Наймд, архи уувал санаархлаасаа буцдаг гэдэг ч үнэндээ түүний нөлөөнд түгшүүр ихсэж, хямрал хурцдаж хорвоог орхих санааг нь сэдрээдэг.

    Есд, үл мэдэх зүйлийн өмнөх айдсаа дарж, нөгөө ертөнцийг зорих чадвартай хүмүүс л сайн дураар амьдралаа орхидог гэдэг. Гэвч асуудлаас шантарсан дорой хүмүүс амиа хоролдог шүү дээ.

    Зохиолч М.А.Булгаковын «Театрын роман» хэмээх бүтээлд нь нэгэн гайхамшигтай сайхан хэсэг байдаг. Зохиолын гол баатар амиа егүүтгэхээр шийдэж байх үед түүний толгойд «Ингэхэд надаас хойш хөгшин муурыг минь хэн тэжээх билээ?» гэсэн энгийн бодол түүний санаархлыг зогсоодог юм. Хэзээ ч юм хог дээрээс авчирсан золгүй амьтан эзнийгээ «аварсан» аж. Ийм бяцхан зүйл л хүнд амьдрах итгэл, шаардлага өгч чадна. Таны амьдрал сайн, муу ямар ч байж болно. Гэвч энэ чухал биш. Гол нь таны амьдрал бол танд байгаа цорын ганц зүйл. Түүний төлөө та л тэмцэх ёстой. Амиа егүүтгэх нь асуудлыг шийдэх зөв зам биш. Таны урд маш урт амьдралын харгуй бий.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×