Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Ад зэтгэрийг хооллодог эмгэн Нарангийн энгэрт амьдарч байна

    Хотын баруун захын оршуулгын газар болох Нарангийн энгэр рүү өгсөх зам дээр нэгэн урцархуу юм байдаг нь оршуулганд яваа хүмүүсийн нүдэнд өртдөг. Харин энэ урцын хаалгаар өнгийвөл ихээхэн аймшигтай нууц дэлгэгдэх болно. Тэнд хөө шиг хар нүүртэй, сэгсгэр үстэй навсгар ганц чавганц аж төрдөг нь гайхал төрмөөр. Хүний өөдөөс эгцэлж хардаггүй энэ хөгшин гурван жилийн өмнө хаанаас ч юм гарч ирсэн бөгөөд эсгийний навсархай зэргээр оромжорхуу юм босгосон нь энэ. Тэрбээр өлссөн үедээ шууд л урагшаа алхаад захын айлаас юм нэхээд ходоодоо цатгачихна. Тэр хавийнхан түүнээс айна гэж жигтэйхэн. Нэрээ ч бараг мартчихаад хавь ойрынхондоо “Хар эмгэн” хэмээн нэршсэн энэ хүнийг чөтгөр, шулам хооллож, тэдэнтэйгээ байнга харьцаатай байдаг гэсэн сураг чих дэлссэн тул би уулзаж ярилцахаар зорьсон байдаг гэсэн сураг чих дэлссэн тул би уулзаж ярилцахаар зорьсон юм. Биднйг оромжинд нь явж ороход улаан нүдтэй хар муур цээжээ хүржигнүүлэн угтав. Хойд хаяагаар мөнөөх эмгэн бөгшүүлэн ханиалгаж хэвтсэнээ “Ямар хижигнүүд юугаа хийж яваа юм бэ” хэмээн ундууцсан юм. Тэгэхэд нь авч явсан хэвийн боов, махаа өгөхөд ихэд гайхаж сайхан зантай болоод ирлээ. Ингээд адал явдлын эрэлчид бид ярилцлагаа эхэлсэн юм.

    – Эмээ та өөрийгөө танилцуулаач? 

    – Би Нийслэл хүрээний унаган хүүхэд. Одоо ч насаа мартаж дээ. Миний нэрийг уг нь Цанжид гэдэг байсан юм. Одоо ч муусайн шээснүүд Хар эмгэн л гэдэг юм шиг байна лээ. Би тэднийг тоодог ч үгүй.

    – Таньд үр хүүхэд, ах дүү гэж байхгүй юм уу? 

    – Би эхээс ганцаараа. Ээж маань Амгаланд амьдарч байгаад Ли овогт луухантай амьдран намайг төрүүлсэн гэдэг. Аав маань дархан хийдэг байсан учраас мөнгөн усанд хордож үхсэн. Ээж ч гэсэн намайг багад өнгөрсөн. Тэгээд л би хог дээр гарчихсан даа. Багадаа Даландавхарын шарилын идээнээс идэж хүн болсон. Одоог хүртэл энэ замаараа явж байх шив. Даландавхарт хүн оршуулах нь цөөрсөн учраас Нарангийн энгэрт ирж овоохойгоо босгоод хэдэн жил болж байна.

    – Та айдаггүй юм уу? 

    – Элэнцгээс нь айх юм бэ

    – Таныг энд буг чөтгөр, сүнстэй харьцдаг гэж сонссон үнэн үү? 

    – Би хар багаасаа л харьцдаг байсан юм. Надад тэд сайн байдаг юм. /буг, чөтгөр, сүнс/ Яагаад гэвэл би хар багаасаа л тэднийхээ дунд амьдарсаар ирсэн. Амьд хүмүүс намайг ерөөсөө хүн гэж үздэггүй. Аа бая…

    – Та юу хэлэх гээв?

    – Дээр үед намайг нэг удаа Батсүмбэрийн асрамжийн газар аваачсан юм. Гэтэл та нарын яриад байгаа тэр буг чөтгөр, сүнснүүд чинь намайг дуудаад байхаар нь би оргоод ирсэн.

    – Яаж дуудсан хэрэг вэ? 

    – Шөнө унтаж байхад цонхоор орж ирчихээд “Цанжидаа хүрээд ир. Бид өлсөөд байна” гэдэг байлаа. Тэгээд би тэднийг өрөвдөөд хүрээд ирсэн.

    – Буг чөтгөр бас хоол иддэг юм уу? 

    – Та нар мэдэхгүй л дээ. Миний нүдэнд тэд яг л нэг хүн шиг харагддаг юм. Бие нь хий хоосон байдаг учраас бид нар шиг хоол идэж чаддаггүй юм. Тиймээс үнэрээр хооллодог.

    – Үүнийгээ жаахан тодруулаач? 

    – Үнэрээр гэж би хэлсэн шүү дээ. Арвайн гурил, боов, зүгээр гурил байсан ч болно. Түүнийг ил гал дээр шатаадаг юм. Тэр үнэрээр нь хооллож чадна шүү дээ. /тачигнатал инээв./

    – Та тэднийг үнэрээр хооллодог гэдгийг яаж мэдсэн юм бэ? 

    – Би хар багаасаа л Даландавхарт ирсэн гэж хэлсэн шүү дээ. Тэр үеэс л би тэд нартай харьцах болсон юм. Тэд надад хандаж “Чи биднийг хооллож бай. Бид яах ч үгүй” гэж хэлсэн.

    – Яг хэзээ хоолондоо ордог вэ? 

    – үүр цайхаас өмнөхөн үнэгэн харанхуйгаар миний энэ оромжинд цуглардаг. Би ч яахав айлуудаас авсан жаахан юм аа галын цог дээр шатаачихаад л болоод явчихдаг. Маш амархан цаддаг юм./инээв/

    – Ер нь чөтгөр шулам гэж байдаг юм уу? Та сүнстэй л харьцдаг биз? 

    – Сүнс чинь л чөтгөр болдог юм. Зарим нэг хүний сүнс чөтгөр болдоггүй. өлсөх ч үгүй чимээгүй байсаар байгаад л нэг тийшээ яваад алга болчихдог. Төрлөө олоогүй нүгэлт хүний сүнс л чөтгөр болж байгаа юм. Тиймээс би дандаа л чөтгөр, шуламтай харьцдаг. Тэд надад ямар ч гэм хийдэггүй. Би өөрөө ч гэсэн ер нь шалмас болчихсон шүү дээ.

    – Чөтгөр, шулам ямар дүр төрхтэй байдаг тухай яриач? 

    – Олон янз. Тэд хувирдаг юм. Нэг өдөр сайхан хүүхэн байж байснаа тэр дороо л над шиг эмгэн болчихож байгаа юм. Эрчүүд нь чөтгөр болдог. Тэд шөнө бүр чуулаад хаашаа юм явчихаад үүр цайхаас өмнө ирдэг.

    – Яаж чуулдаг юм бэ? 

    – Тэд хаана юу болж байгааг, хэн нүгэл үйлдэж буруу юм хийж байгааг сайн мэддэг. Тэгээд ч нүгэл үйлдсэн хүнийг л чөтгөр айлгаж, биед нь шингэдэг юм. Түүнээс биш сайхан сэтгэлтэй хүнд хэзээ ч ойртдоггүй. Ад зэтгэрээс тэд айдаг юм.

    – Та сайхан хүүхний дүртэй шулмас байдаг гэсэн. Тэдэнтэй тааралдвал яаж таних вэ? 

    – Уруул дээрх ховил нь байдаггүй. /хүн/ Нүдээ огтхон ч цавчдаггүй, яг л үхсэн хүн шиг гөлгөр царайтай. Бас хөмсөг байхгүй. Тэгээд соёотой байдаг. Тэгээд ч тэд нар та нартай тааралдах юм уу даа. Мөн ард үлдэгсэд нь хойноос нь буян үйлдэхгүй бол байнга эргэж тойрч зовоож байдаг. Лам нар ирж лүүжин тавьсан үед шарил чөтгөр болох нь ховор.

    – Ад зэтгэрүүд хоорондоо муудалцдаг уу? 

    – Муудалцдаг юм билээ.

    – Яаж муудалцдаг хэрэг вэ? 

    – Биегүй юм чинь зодолдож чадахгүй. Тиймээс гүйдэлтэй газраасаа хөөнө. Энэ талаар ер нь би сайн мэдэхгүй байна.

    – өдөрт хаана орогнодог хэрэг вэ? 

    – Сайн мэдэхгүй байна. Шарил руугаа л шингэн ордог байх. Би зөвхөн тэдний үгийг л сонсохоос биштэр үед нь яагаад ч юм миний дуу ерөөсөө гардаггүй.

    – Оршуулгын газраас өөр газарт ер нь буг чөтгөр гэж бий юу? 

    – Байлгүй яахав. Батсүмбэрийн асрамжийн газарт хүртэл байж л байдаг юм билээ.

    – Уучлаарай танаас нэг зүйл асууя. Та нас бараад ямар төрлийг олох бол? 

    – Хамгийн аймшигтай шулам болох байх.

    – Яагаад? 

    – Би чинь эндхийн амьд чөтгөр шүү дээ.

    Edited by ShiNoBi

    • Таалагдлаа 1
    • Ууртай байна 1
    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×