АНХААР:  Манай сайт нүүсэн ба хуучин мэдээлэлүүдээ энд шинэ мэдээтэй оруулж байгааг анхаарна уу!

,

Стивен Кингийн “Хар дарсан зүүд”


Want create site? With Free visual composer you can do it easy.

Өндөр туранхайвтар нэгэн эр өрөөнийхөө ширээн дээр ухаангүй хэвтэж байв. Түүний футболкны энгэр нил цус болжээ. Тэрхүү эрийг тойрсон шөнийн харанхуй дахь анир чимээгүйг Асар том Викториан харшийн яс модонд орогносон сарьсан багваахайн чарлах дуу л эвдэж байлаа.

        Энэхүү үзэгдэл нь алдарт Стивен Кингийн нэгэн зохиолынх нь хэсэг билээ. 35 жилийн турш өөрийн амьдралаа зөвхөн ном бичихэд зориулсан тэрээр жар  гаруй ном хэвлүүлжээ. Түүний “Кэрри”, “The Shining”, “Misery”, “The Green Mile” зэрэг бүтээлүүд нь шилдэг борлуулалттай номоор шалгарч байсан ба хэд хэдэн зохиол нь кино болон олон түмэнд хүрч байлаа.

Стивен Эдвин Кинг  нь 1947 онд Мэн мужийн Портленд хотод мэндэлжээ. Гэвч энэ гайхалтай vйл явдал болсноос хойш хоёрхон жилийн дараа Стивений аав гэр бүлээ орхин одсоноор   ядуу тарчиг, гачлант амьдрал нь эхэлсэн байна. Түүний ээж аавыг нь явснаас хойш Стивен болон түүний ах Дэвид нарыг өсгөхийн тулд хар бор ажил хийн амь зуух болов. Гэвч тэр ээжийгээ яг л аав шиг нь хэзээ нэгэн өдөр өөрсдийг нь хаяад явах байх гэж боддог байлаа. Ядуу тарчиг амьдралдаа гутарч, айдас хүйдсээр дүүрэн өдрийг өнгөрөөж, бүх л зүйлээс айна…

            Үхлийн талаарх бодлууд нь түүнийг улам айдаст автуулна. Жорлонгоос уначихвий гэх айдсаас эхлээд дүүжлүүрээс дүүжлэгдчихсэн, нүдийг нь хэрээ тоншчихсон нүүр нүдгүй цус болсноор өөрийгөө төсөөлдөг байв. Ер нь тэрээр амьдрал дээр буй бүхнээс айдаг байсан нь амьдралыг нь улам хэцүү хүнд болгож байв. Өсч томрох тусам “аймшиг”-тай улам холбогдож яг л галзуу юм шиг өдөр хоногийг өнгөрөөдөг болов. Нэгэн удаа авга эгчийнхээ гэрийн дээврийн хөндийгөөс зөгнөлт болон аймшгийн зохиолоор  дvvрэн хайрцаг олсноор түүний аймшгийн зохиол бичих эхлэл нь тавигдсан байна. Ингээд тэрээр энэ төрлийн ном ихээр унших болж, өөрөө ч бичих болсон билээ. Стивений хүүрнэл зохиол нь өдөр тутам хэрэглэгддэг, энгийн, ярианы хэлээр дүрслэгддэг бөгөөд зохиолынхоо хүрээлэн буй орчны жижиг сажиг зүйлд хүртэл анхаарлаа хандуулж хянуур ханддагаараа бусдаас онцгой байдаг билээ.

1971 оны нэгдүгээр сард Табита Спрюс гэх нэгэн бүсгүйтэй ханилж, гэр бүл болсон байна. Тэдний гэр бүл Кингийн ахлах сургуулийн багшийн цалингаар амьдралаа чүү чамай болгодог байлаа. Төлбөр тооцоогоо төлөхийн тулд угаалгын газарт ажиллаж, мөн сонин сэтгүүлд өгсөн бүтээлийн урамшуулал зэргээрээ амьдралаа болгодог байв. Гэсэн ч түүний зохиол бичих ажил нь тийм ч гайхалтай дардан байсангүйгээр барахгүй бүтээлүүдийг нь хэвлэлийн газрууд авахаас татгалздаг байлаа.

               Гэсэн хэдий ч тэр бууж өгсөнгүй. Улмаар Стивен “Кэрри” хэмээх номоо гаргаж, ихээхэн амжилт олжээ. Гэтэл энэ үед түүний ээж өөд болж, амжилтын цуурай нь сэтгэл гутралыг нь эдгээж чадсангүй. Үүнийгээ даван туулахын тулд архи, хар тамхинд донтож эхэлсэн байна. Сүүлдээ уусан үедээ хамаг уураа хүүхдүүддээ гаргадаг болж, тэднийгээ гэмтээх гэсэн хүсэл нь түүнийг шаналгах болов. Тиймээс энэ талаар ямар нэгэн зохиол бичих юм бол ийм зүйл хэзээ ч болохгүй гэж Стивен бодох болжээ. Ингээд “The shining” зохиолоо бичиж эхлэв. Энэ зохиол бол өөрийг нь алах гэж оролддог архичин эцэгтэй нэгэн бяцхан хүүгийн талаарх түүх юм. Энэ нь түүнийг архинд орсноос хойших амжилтанд хүрсэн анхны зохиол болсон юм.

              Тэрээр ” Сүүлчийн шөнийн марафон” зохиолоо бичиж байхдаа нойргүй хонож, өөрийгөө гаргуунд нь гаргаж байлаа. Нэгэн шөнө түүний хамраас цус гарч, огт тогтохгүй байв. Бичиж буй цаас болон, бичгийн машин нь дүүрэн цус болжээ. Энэ нь өөрийгөө үл тоон хэд хоног ажилласны үр дүн хэдий ч мөн архи, тамхи нөлөөлсөн нь мэдээж. Учир нь тэрээр архи уулгүй бүтээл туурвиж чадахаа больтол тийм их хамааралтай болсон байлаа. Түүний энэ хараат байдал улам өрөвдөлтэй байдалд хүргэж байв. Архи уух хүслээ хангахын тулд алкохол агуулсан ам зайлагч хүртэл уух болсон байна.

        1986 оны Америкийн шилдэг борлуулалттай номоор Стивений “Misery” зохиол шалгарсан хэдий ч удалгүй тэрээр шүүмжлэлд дарагдаж эхлэв. Түүнийг хэтэрхий хэрцгий, зэрлэг байна гэж уншигчид болон бусад хүмүүс үргэлж шүүмжлэх болов. Хэдийгээр Стивен өдөрт хамгийн ихдээ л гуравхан цагийг эрүүл өнгөрүүлдэг байсан ч энэ байдал нь түүний сэтгэхүй болон ном бичих арга барилыг нь илүү хөгжүүлж байлаа. Архи, хар тамхинд донтсон байдал, энд тэндхийн шүүмжлэл зэрэг нь түүний оргилыг ганхуулж байсан юм. Табита Кинг нэг өдөр нөхрийгөө ширээнийхөө өмнө бөөлжсөндөө хутгалдан ухаан балартан хэвтэж байгааг олжээ. Эцэст нь Табита хангалттай их тэсэж байгаагаа ухааран үүнийг нэг тийш шийдэхийг хүссэн байна. Нөхрийнхөө өрөөнөөс цагаан дарь , кокэйн, пивоны шилнүүд, ам зайлагч шингэний савнууд их хэмжээгээр олжээ. Олсон хог хаягдлаа нөхрийнхөө өмнө тавиад хувиа бодсон энэхүү байдлаа үргэлжлүүлсээр байвал түүнийг орхиж явна гэж анхааруулсан байна. Стивен тэр зүйлсийг хараад энэ байдлаа өөрчлөхгүй бол өөрийн гэр бүл, тэр ч байтугай амьдралаа алдана гэдгээ ухаарсан юм. Хэдий тийм боловч түүнд бичиж чадахаа болих вий гэх айдас төрж байлаа. Хуучин байдалдаа эргэн орохын тулд тэмцэж эхэлсэн бөгөөд түүний эхнэр ч дэргэд нь үлдсэн байна. Табита Кинг нөхөртэйгөө хамт хэцүү өдрүүдийг өнгөрүүлж, бичихэд нь тусалж, бага багаар түүний чадварыг нэмэгдүүлж байлаа. Хэдийгээр түүний бичих онгод хар тамхи, архиар удаан “тэжээгдээгүй” ч, түүний амьдралыг хар бараан зүйлсээр дүүргэж, бичих чадварыг нь үгүй хийх дөхсөн юм.

      1999 оны зургадугаар сарын 19-нд Стивен Кинг Мэний Бангор дахь зуны байшингийнхаа ойролцоо явж байхдаа ачааны том машинд мөргүүлсэн байна. Тэрээр маш хүнд бэртэл авав. Уушги нь цоорч, хөл нь маш олон хугарсан байлаа. Авсан гэмтлээ эдгээх гэж олон удаа хагалгаанд орсон ч бүр мөсөн эдгэж, эрүүл мэнд нь хэвийн байдалдаа орж чадаагүй билээ. “Харанхуйн цайз” цувралын сүүлийн номондоо ослынхоо талаар бичиж үлдээсэн байдаг байна.

      Өнөөг хүртэлх түүний амьдрал Стивен Кингийн цорын ганц хар дарсан зүүд байсан юм. Үүнийг даван туулж чадсанаар түүний хувьд хар дарсан зүүд нь эцэс болжээ.

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Мэдээг үнэлэх үү?

16 points
Upvote Downvote

Total votes: 16

Upvotes: 16

Upvotes percentage: 100.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Эхний сэтгэгдэлийг бичих...

Надад мэдэгд
avatar
wpDiscuz